| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03428/И |
| Дугаар | 192/ШШ2025/04618 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/04618
2025 05 29 192/ШШ2025/04618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******давхар хаягт байрлах банк ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, Э овогт Дийн О /рд:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,315,054.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Д овогтой О нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээг банктай байгуулсан бөгөөд 2024 оны 06 сарын 11-ний өдөр цахим гэрээ байгуулж, 27,940,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Уг цахим гэрээний зээлийн үүргийг зээлдэгч Д.О нь зээл эргэн төлөлтийн графикаа зөрчиж, 80 хоног хугацаа хэтрүүлсэн. банкны зүгээс эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн өдөр буюу 2025 оны 03 сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан цахим гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 24,330,018.42 төгрөгийг зээлдэгч Д.Оээс нэхэмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан нөхцөл болох ..зээлдэгч үүргээ удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж өгнө үү гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд 2025 оны 04 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш буюу 2025 оны 05 сарын 08-ны өдөр хариуцагч Д.О нь зээлээсээ 4,991,959.19 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 19,315,054.81 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 19,315,054.81 төгрөгийг хариуцагч Д.Оээс гаргуулж өгнө үү. Хариуцагч нь банкнаас зээл авсан дүн болон зээлийн үлдэгдэлд маргахгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагчийн зүгээс тайлбартаа мэдэгдэл хүргүүлээгүй гэх тайлбарыг гаргаж байна. банкны 1-90 хоногийн хугацаа хэтрэлттэй хүмүүстэй харьцдаг коллэйкшн гэх хэлтэс байдаг. Тус хэлтсийн хүмүүс нь өдөр шөнөгүй зээлийн хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нартай утсаар ярих ажлыг хийдэг. Тусгай активын хэлтэст ирсний дараагаар ч гэсэн бид зээлдэгч нартай утсаар холбогддог. Банкны зүгээс хариуцагчид огт мэдэгдээгүй зүйл биш. Хариуцагч өөрөө зээлийн гэрээний хуваарьт төлөлтөө мэдэж байгаа. Мөн банкнаас цаасаар мэдэгдээгүй ч гэсэн хариуцагчтай хангалттай хэмжээний утсаар ярьсан тэмдэглэл бүгд банкны бүртгэлд байгаа. Мөн хариуцагч өөрийн гар утсаар банкны аппликейшн рүү байнга нэвтэрч орж байгаа. Аппликейшнрүүгээ ороход л зээлийн хугацаа тэд хоног хэтэрсэн байна гээд сануулга гарч ирдгийг хариуцагч маш сайн мэдэж байгаа. Зээлийн гэрээнд зээлээ төлөхгүй бол гэрээг цуцлах талаар маш тодорхой заасан. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зөрчлөө арилгаснаа би зөрчилгүй зээлдэгч юм гээд байгаа нь үндэслэлгүй. Банкны аппликейшн бол Д.Оийн зээл, зээлийн хүүг автоматаар тооцоолж байгаа программ. Шүүхээс шийдвэр гарсны дараа тэрийг зогсоодог. Банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 03 сарын 19-ний өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүү зогссон дүнгээр бид нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл хариуцагч аппликейшн рүүгээ ороод 5 сарын 8-ны өдрөөр 5,678,952,87 төгрөгийн төлөлт хийчхээд би ялимгүй зөрчсөн гээд байгааг ойлгохгүй байна. Гэрээнд зааснаар гэрээний зөрчил үүсэж банк гэрээрээ цуцалсан. Иймд хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 19,315,054.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би банкнаас 27,940,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд өнөөдрийн байдлаар миний зээлийн үлдэгдэл 19,315,054.81 төгрөг байгаатай маргахгүй боловч 19,315,054.81 төгрөгийг шууд надаас нэхэмжилж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл бидний байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байсаар байгаа. Миний бие өнөөдрийг хүртэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэдгийг зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны үлдэгдэл гэх мэт хэрэгт гаргаж өгсөн баримтуудаараа нотолсон. банкны зүгээс 03 сарын 26-ны өдөр зээлийн цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл түүнээс хойш 05 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү зогсох ёстой байсан боловч хүүг үргэлжлүүлэн тооцож, тухайн өдрийн байдлаар нь би хүү, алданги гээд 5 сая орчим төгрөгийг бүгдийг төлсөн. Үүнээс хойш миний зээл төлөлтийн дараагийн хуваарь 05 сарын 30-ны өдөр буюу өнөөдрийн байдлаар 1 мөнгөний үлдэгдэлтэй гэж харагдаж байгаа учраас би зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэхгүй байна. Хэрвээ зээлийн гэрээ дуусгавар болсон бол тухайн дуусгавар болгосон өдрөө банкнаас надад мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэвч нэхэмжлэгч тал тэр үүргээ биелүүлээгүй. Иймээс дээрх шалтгаанууд болон зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад 19,315,054.81 төгрөгийг өнөөдөр надаас нэхэмжилсэнд санал нийлэхгүй байна. Мөн зээлийн ангилал буурсан гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргадаг боловч И-монголиа цахим системээс авсан зээлийн ангиллын лавлагаагаар зээлийн ангилал буураагүй байсан. Би гар утсаа алдаад цахибанк руугаа орж чадахгүй байсан. Би өөрийгөө ялимгүй зөрчил гаргасан гэж үзэж байна. Одоо зөрчлөө арилгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би цаашаагаа хуваарийнхаа дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна гэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны зөвшөөрлийн гэрчилгээ, 2025 оны 03 сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2024 оны 06 сарын 11-ний өдрийн Хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 6000206321 дугаар Цахим зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримт, төлбөрийн баримт, 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 01/4813 дугаар итгэмжлэл, зээлийн дансны хуулга, зээлийн дансны тодорхойлолт, дансны тодорхойлолт, дансны хуулга,
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: 2025 оны 05 сарын 09-ний өдрийн хариу тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
2.банк ХК нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,330,018.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөр төлсөн үндэслэлээр шаардлагаа багасган, 19,315,054.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2024 оны 06 сарын 11-ний өдөр 6000206321 тоот Цахим зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 80 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээг цуцалж, 19,315,054.81 төгрөгийг зээлдэгч Д.Оээс шаардана... хэмээн тодорхойлов.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...хуримтлагдсан зээлийн төлбөрийг төлж, өнөөдрийн байдлаар зээлийн зөрчилгүй болсон тул, гэрээний графикийн дагуу зээлээ төлөх хүсэлтэй. Нэхэмжлэгч зээлээ төлөхийг сануулж байгаагүй, мөн гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргав.
3.банк ХК, Д.О нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 6000206321 тоот Цахим зээлийн гэрээ-ээр зээлдэгч нь 27,940,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлж авсан байна./хх-16х/
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, мөн уг зээлийг авсан үйл баримтын тухайд, зээлийн үлдэгдэл дүнгийн хэмжээнд маргаагүй болно.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангасан байна.
Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч банк ХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн тул зээлдэгч Д.Оээс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
4.Нэхэмжлэгч шүүхэд 2025 оны 04 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч 80 хоногийн хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй тул гэрээг цуцалж, 2025 03 сарын 19-ны өдрийн байдлаар үндсэн зээл 23,193,218 төгрөг, зээлийн хүү 1,087,832,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,967.65 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 24,330,018.42 төгрөг хэмээн шаардсан.
Талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд гэрээний хүчинтэй хугацаа, гэрээ дуусгавар болох нөхцөлийн талаар заасан байх ба гэрээний 8.3.1-т зээлдэгч авч ашигласан зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг дангаар цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хураамжийг хугацаанаас нь өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тус тус шаардах эрхтэй бөгөөд гэрээг цуцалснаар болон түүнээс татгалзсанаар үүсэх аливаа асуудал, хохирлыг банк хариуцахгүй байхаар заажээ.
Хариуцагч 30 сарын хугацаанд сар бүрийн сүүлийн өдөр тогтмол 1,179,957.66 төгрөгийг төлөх эргэн төлөлтийн хуваарьтай бөгөөд тэрээр 2024 оны 06 сарын 11-ний өдөр зээлийг хүлээн авснаас хойш 2024 оны 08 сарын 30-ны өдрийн төлөлтөөс эхлэн графикийн дагуу төлөлт хийгээгүй, 2024.08.30-нд 20,884.68 төгрөг, 2024.09.15-нд 1,159,072.98 төгрөг, 2024.09.30-нд 5,727.02 төгрөг, 10 сард төлөлтгүй, 2024.11.16-нд 665,000 төгрөг, 2024.11.21-нд 306,000 төгрөг, 2024.11.22-нд 220,000 төгрөг, 2024.12.18-нд 1,152,072 төгрөг, 50,000 төгрөг, 2025.01.17-нд 1,200,000 төгрөг, 2025.02.27-нд 100,000 төгрөг, 2025.03.06-нд 50,000 төгрөг, 2025.03.10-нд 50,000 төгрөг, 2025.03.17-нд 50,000 төгрөг, 2025.03.27-нд 50,000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 100,000 төгрөг, 2025.05.07-нд 5,678,952.87 төгрөг гэх зэргээр төлж ирсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн ирүүлсэн зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна. /хх-17, 41х/
5.Хариуцагч нь 2025 оны 04 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан бөгөөд тэрээр 2025 оны 05 сарын 08-ны өдөр банкны цахим аппликейшнээр хандаж 5,678,952.87 төгрөгийг төлснөөр зээлийн зөрчилгүй болсон тул гэрээ хүчин төгөлдөр, цаашаа гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлнө гэж маргасан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч 2025 оны 05 сарын 08-ны өдөр 5,678,952.87 төгрөг төлсөн нь тухайн өдрийг хүртэл мөн хэмжээгээр зээлийн үүргийг гүйцэтгээгүй, үүргийн зөрчилтэй байсан гэж үзэх бөгөөд сар бүр төлөгдөх дүнг төлдөггүй, зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш тогтмол үүргээ зөрчин төлөлт хийж байсан болох нь дээрх зээлийн эргэн төлөлтийн дансны хуулгаар тогтоогдсон тул түүнийг төлбөр төлөх үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1-т зааснаар гэрээг цуцалж, үүрэг шаардан шүүхэд хандсан тул хариуцагч хожим буюу 2025 оны 05 сарын 08-ны өдөр төлбөр төлсөн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгч зээлийн үүргийг шаардаагүй, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэж маргадаг боловч түүний гар утасны цахим аппликейшнээр нээх бүрт зээлийн төлбөрийн зөрчилтэй талаар сануулга ирж байсан талаар талууд тайлбарладаг болохыг дурдах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 03 сарын 19-ний өдрөөр тасалбар болгож зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх ба хариуцагч харин 2025.03.27, 2025.04.10, 2025.05.18-ны өдрүүдэд нийт 5,850,000 төгрөгийг төлжээ.
Нэхэмжлэгч нь 19,315,054.81 төгрөгийн шаардлагаа үндсэн зээл 18,997,578.61 төгрөг, хүү 317,476.20 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох тул нэхэмжлэлийн анхны шаардлага 24,330,018.42 төгрөгөөс 2025 оны 03 сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны хариуцагчийн төлсөн 5,850,000 төгрөгийг хасч тооцвол 18,480,018.42 төгрөг байхаар байна.
Нэхэмжлэгчийн шаардсан 19,315,054.81 төгрөгөөс 18,480,018.42 төгрөгийг хасч тооцвол 835,036.39 төгрөгийг нэхэмжлэгч илүү шаардсан гэж үзнэ. Тиймээс илүү шаардсан 835,036.39 төгрөгийг хангахгүй орхиж, 18,480,018.42 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,600.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 18,480,018.42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 835,036.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,600.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 250,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ