Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 0746

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Э.Оюунтунгалаг, шүүгдэгч У.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт У О холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806000520794 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт У О, 19  оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, оёдолчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  нөхөр, 4 хүүхдийн хамт С  дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Х,

       

Холбогдсон хэргийн талаар:

           У.О нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой таксины үйлчилгээнд явж байхдаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Б.С барьцаанд үлдээсэн байсан цүнхтэй эд зүйлийг авч явж завшиж бусдад 786.250 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  У.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 27 орой 21.00 цаг өнгөрч байхад 107 дугаар байрны гадна хохирогчийг хүргэж өгсөн. Таксины мөнгө 2000 төгрөг гарсан гэж хэлсэн. Та түр хүлээж байгаарай миний мөнгө хүрэхгүй байна гэж хэлсэн. Гэртээ орчихоод ир болбол барьцаанд нь нэг зүйл үлдээчихээд яв гэж хэлсэн. Намайг эргэж харахад тортой юм бариад машинаас буусан. Тухайн үед машинд юмаа үлдээгээгүй юм байна гэж бодсон. Хохирогч аль байр руу орсон нь мэдэгдэхгүй, гарч ирэхгүй удсан. Манай охин яриад дүүгийн толгой өвдөж халуурах гээд байна ирэх болж байна уу гэхээр нь 2000 төгрөг гарсан юм чинь гэж бодоод тоогоогүй хөдөлсөн. Зам дагуу нэг залуу гараа өргөхөөр нь авсан. Тэр залуу арын суудал дээр цүнх байна гэхээр нь надад өгчих гэж аваад урд талын сандал дээрээ тавьсан. Гэртээ очоод охиныгоо авч толгойг нь бариулахаар явсан. Би хохирогчийн цүнхийг гэртээ үлдээсэн. Гэртээ оройхон ирж унтсан. Маргааш өглөө нь гадуур явж байгаад орой гэртээ ирсэн. Манай хүүхэд тэр цүнхийг ухаж I phone 6 гаргаж ирээд цэнэглэж Симээ хийж утасыг асаасан байсан. Би хүүхдээ яагаад хүний цүнх ухаж байгаа юм бэ гэж загнасан. Хүүгээсээ утсыг шүүрч авч далд хийсэн. Би хүүгээ симээ аваагүй байсаныг мэдээгүй. Хэсэг хугацаанд далд хийгээд мартсан байсан. Цагаан сарын дараа манай охин нөгөө утасны хүн ярьсан уу гэхээр нь би утсыг гаргаж ирсэн. Манай хүү наад утсанд чинь миний сим байгаа гэж хэлсэн. Би хүүдээ утсыг өгсөн. Ээжээ хүн залгаад байна гэхээр нь ээж нь мэдэхгүй найз чинь залгаж байгаа байх гэж хэлсэн. Удаагүй цагдаагийн газраас залгасан. Цагдаагийн газраас залгахад нь би утас нь байгаа маргааш эрт аваачиж өгье гэж хэлсэн. Би өөрөө цагдаагийн хэлтэст бүх зүйлийн хүлээлгэн өгсөн. Хэрэг прокурорт шилжсэн гэж хэлсэн. Хэсэг хугацаанд би байцаалт өгсөн. Цагдаад хохирогчийн цүнхийг хүлээлгэн өгсөн он сар өдрөө санахгүй байна гэв. 

    Шүүгдэгч  У.О мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна би өдөрт хоолоо залгуулахын тулд өөрийн эзэмшлийн  улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн  маркийн машинаар халтуур хийдэг юм. Ингээд тухайн өдөр халтуур хийгээд явж байтал багшийн дээдийн нүхэн гарцны орчимд нэг эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь уг эмэгтэйг аваад хаашаа явахыг асуухад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байрны нэр хэлсэн. Тэр эмэгтэй өөрөө замаа зааж өгөөд нэг байрны гадаа ирсэн мөнгөө гэхэд би ороод мөнгө аваад ирий гээд буух гэхээр нь би чи нэг юмаа үлдээгээд буугаарай гэсэн. Нөгөө эмэгтэй буугаад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад өгсөн. Дараагийн хүнээ автал суусан хүн нь таны суудал дээр цүнх байна гэхээр нь би урд суудал дээрээ тавьчихсан. Би цүнхэн дотор утас байгааг мэдээгүй. Гэртээ очоод цүнхийг онгойлгоод үзтэл утас, дээл, бүс зэрэг зүйл байсан.   Уг эд зүйлийг гэртээ байлгаж байтал манай хүүхэд утасныхаа сим картыг нөгөө утсанд хийсэн байсан. Би нөгөө эмэгтэйн эд зүйлийг ашигласан юм ерөөсөө байгаагүй. 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас намайг дуудхаар нь би эд зүйлсийг нь бүрэн бүтнээр нь авчирч өгсөн. Би олсон эд зүйлсийг цагдаагийн байгууллагад өгдөг гэдгийг мэдээгүй байсан гэжээ.  /хх-ийн 28/              

         Өсвөр насны хохирогч Б.С мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18.40 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн  байр луу явахаар  машины зогсоол буюу багшийн дээдийн нүхэн гарцны туслах зам дээрээс мөнгөлөг өнгийн  Приус маркийн машинаар хүргүүлсэн. Гэрийн гадаа ирээд мөнгөө авахаар дотогшоо гэрлүүгээ орсон. Намайг мөнгөө аваад ирий гэхэд нөгөө жолооч эмэгтэй цүнхээ үлдээ гэсэн. Би цүнхээ үлдээгээд гэрлүүгээ ороод мөнгөө аваад гараад ирсэн чинь нөгөө машин явчихсан байсан. Миний цүнхэнд Алтан шаргал өнгөтэй Ай Поне-6 гар утас энэтхэг торгон дээл, хичээлийн номууд гоёлын бүс зэрэг зүйлс байсан. Тухайн үед шөнө байсан болохоор жолооч эмэгтэйг сайн харж чадаагүй. Би утсаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Теди төв дээрээс 700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 23-25/  

          Эд мөрийн баримтыг хураан авах мөрдөгчийн санал,эд мөрийн  хураан авсан тэмдэглэл,хохирогч Б.С эд зүйлийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл / хх-н 19- 21/

          Хохиргч Б.С хууль ёсны төлөөлөгч Т.О Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гарсан хүсэлтэндээ: эд зүйлсээ бүрэн хүлээн авлаа. Бидний зүгээс гомдол саналгүй гэсэн байна. /хх-н 22/

          Гэрч У.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай гэр бүл эхээс 16-уулаа юм. О айлын 13 дахь хүүхэд. Гэртээ нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Оюунцэцэг өөрөө их хөдөлгөөнтэй учраас амьдралаа авч явдаг юм. Тухайн үед надад хэлэхдээ нэг хүүхэд цүнхээ үлдээгээд явсан ирж авах байлгүй гэж байсан. Өөр зүйл мэдэхгүй гэжээ.  / хх-н 29-31/

          Гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Ог 2000 оноос эхлэж мэдэх юм. Бид хоёрын гэр ойролцоо болохоор 18 жил үерхэж нөхөрлөж байна. О их тусч цайлган сэтгэлтэй, шударга эмэгтэй байгаа юм. Надад хэлэхдээ нэг хүүхэд цүнхээ үлдээсэн ирж авах байх гээд харж байтал хүүхэд утсанд нь симээ хийгээд цагдаа ирж шалгасан гэсэн юм ярьсан. Өөр нарийн зүйл би мэдэхгүй. О худлаа хэлж хулгай хийхгүй гэжээ. . / хх-н 32-34/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 35,41-42/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 37-38,46/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл  /хх-н 39-40,44-45/

          У.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57,61-64/

    У.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 65/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 55/ хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 50-54/ зэрэг болно.          

           У.О нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой таксины үйлчилгээнд явж байхад нь Б.С үйлчлүүлж гэрийнхээ гадаа буюу  Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 107 дугаар байрны гадаа очоод мөнгө нь хүрэхгүй байсан учраас гэртээ ороод мөнгөө аваад гараад ирье гэж хэлэхэд цүнхээ үлдээж яваарай гэж хэлээд цүнхийг нь авч үлдээд хэсэг хүлээсэнээ гарч ирээгүй байхад нь цүнхийг авч яван насанд хүрээгүй хохирогч Б.С барьцаанд үлдээсэн байсан цүнхтэй эд зүйлийг авч явж завшиж бусдад 786.250 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Өсвөр насны хохирогч Б.С мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн …Намайг мөнгөө аваад ирий гэхэд нөгөө жолооч эмэгтэй цүнхээ үлдээ гэсэн. Би цүнхээ үлдээгээд гэрлүүгээ ороод мөнгөө аваад гараад ирсэн чинь нөгөө машин явчихсан байсан. Миний цүнхэнд Алтан шаргал өнгөтэй Ай Поне-6 гар утас энэтхэг торгон дээл, хичээлийн номууд гоёлын бүс зэрэг зүйлс байсан. Тухайн үед шөнө байсан болохоор жолооч эмэгтэйг сайн харж чадаагүй. Би утсаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Теди төв дээрээс 700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг  /хх-н 23-25/  

Шүүгдэгч  У.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … эмэгтэй өөрөө замаа зааж өгөөд нэг байрны гадаа ирсэн мөнгөө гэхэд би ороод мөнгө аваад ирий гээд буух гэхээр нь би чи нэг юмаа үлдээгээд буугаарай гэсэн. Нөгөө эмэгтэй буугаад явсан. Тэгээд удаад байхаар нь би яваад өгсөн гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28/  зэрэг болно.       

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          У.О холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул У.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан  эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          У.О нь хохирогч Б.Ст эд зүйлийг хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

         У.О нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эд зүйлийг нь буцаан өгсөн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.О нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт У О эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   У.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.О нь торгох ялыг 6 сарын дотор нэг сард 75.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар У.Ог нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                               

5 . У.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.О хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй У.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  У.О  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН