Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 124/ШШ2025/0050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ........................... тоотод оршин суух, Х овогт Д-ийн У,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал,

            Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин суух, О овогт Ц-ний М нарын хооронд үүссэн Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг хууль бус зохион байгуулагдсан гэх маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, нэхэмжлэгч Д.У, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Ч.М, гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Д.У тус шүүхэд “Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг тус тус хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад Ц.М, Р.С, Д.У нар нэр дэвшсэн ба нэр дэвшигчдээс аль нь ч олонхын санал аваагүй гэж үзэн дахин санал хураалт явуулсан байна.

            2.2. Тооллогын комисс дахин санал хураалтад оролцсон 182 хүчинтэй саналын хуудаснаас Ц.М 110 санал буюу 60,1 хувь, Д.У 72 санал буюу 39,3 хувийг тус тус авч Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг дарга сонгох тухай” тогтоолоор тус багийн Засаг даргад Ц.М-ыг томилуулахаар Улаангом сумын Засаг даргад уламжилжээ. (Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)

            2.3. Улмаар, нэхэмжлэгч 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Д.У шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Миний бие 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаангом сумын багийн Засаг даргыг сонгох сонгуульд бие даан нэр дэвшсэн. Энэхүү санал хураалтад 526 сонгогч санал өгснөөс миний бие Д.У-210 санал буюу 39.9 хувь, Ц.М-173 санал буюу 28 хувь, Р.С 141 санал буюу 26.8 хувийн санал тус тус авсан. Эхний санал хураалт дуусаж сонгуулийн дүн шөнийн 00:00 цагт гарсан. Эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг санал хураалтад оролцуулахаар болж санал хураалт явуулах гэтэл сонгогчдын дийлэнх нь байхгүй, ирц хүрэхгүй болж сонгогчдын сонгох, нэр дэвшигчдийн сонгогдох эрх зөрчигдөн гэж үзээд дахин санал хураалтыг яг одоо явуулах боломжгүй гэж зарим иргэд болон миний бие санал гаргасаар байхад 20 минутын дотор ирц бүрдүүлэн гэсээр хуралдааны танхимын хаалгыг хааж сонгогчдыг оруулахгүйгээр ирц бүрдээгүй, санал хураалтыг явуулж сонгогч иргэдийн сонгох болон сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ 2 дахь санал хураалтад эхний санал хураалтад санал өгсөн сонгогчдоос дөнгөж 183 буюу 34.7 хувь нь санал хураалтад оролцсон дүн гарсан нь энэхүү санал хураалт хүчингүй болох үндэслэл болсон байдаг. Дахин санал хураалтад 183 иргэн оролцсон нь ирц хүрээгүй гэж үзэж байгаа ба дахин санал хураалтыг ихэнх иргэд мэдээгүй ба маш богино хугацаанд ирж амжихааргүй байсан ба 00.25 минутад амжиж ирсэн хүмүүсийг оруулаагүй хаалгаа хаасан. Дахин санал хураалтыг шөнийн 00.05-00.49 цагт явуулсан нь сонгуулийн санал авахаар зарласны дараагийн өдөрт шилжсэн байсан нь Аймаг, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1 дэх заалтаар санал хураалт хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Мөн багийн ИНХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа саналын хуудас тамгагүй, нэрийн жагсаалтад сонгогчдыг гарын үсэг зуруулаагүй, баталгаагүй саналын хуудсаар санал хураалт явуулсан. Хуралдааныг дэггүй, сонгуулийн эхлэх дуусах хугацааг товлож, хуралдаанд оролцогчдоор батлуулаагүй зэрэг процессын алдаа зөрчил гаргасан. Мөн багийн даргын сонгуулийг 20 минут болоод хаалга барина гэх үг өгүүлбэр хуульд огт байхгүй. Гэтэл хурлын даргаа өөрийн үзэмжээр 20 минут гэж сунгасан. Иргэд “тэгнэ, тэгэхгүй” гээд өөр өөрийнхөөрөө “энэ 20 минут гэсэн хугацаа чинь болохгүй байна” гээд маргаж байх хооронд шууд өөрөө хүч түрэн баталсан. 20 минут болоогүй 17 орчим минут болж байхад санал авах 4 дүгээр 10 жилийн хашаагаар орж ирж байсан хүмүүсийг оруулалгүй хаалгаа шууд хаасан. Манай эхнэр хүртэл хэдэн хүнтэй хаалган дээр ирж байхад хуралдаанд оролцуулаагүй” гэж маргасан.

            3.2.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаангом сумын 4 дүгээр баг 707 өрхтэй, 2431 иргэнтэй гэдэг нь баримтаар нотлогддог. 2431 иргэнээс насны ангиллаар нь тооцвол сонгуульд оролцох эрхтэй 1500 хүн байгаа юм. 183 хүний ирц, саналаар багийн даргыг сонгочихсон. Энэ нь сонгууль өгөх эрхтэй хүмүүсийн 11 хувийг эзлэхээр тоон үзүүлэлт харагддаг. Баг нь нутгийн өөрөө удирдах байгууллага. Нутгийн өөрөө удирдах байгууллагын даргыг сонгох сонгууль нь нийт сонгуулийн насны хүмүүсийн 11 хувийн саналаар шийдэгдсэн нь 4 дүгээр багийн иргэдийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж заасан.  Иргэдийн нийтийн хурлын даргаа сонгоод багийн даргын сонгууль 20 цаг 30 минутад эхлээд дараагийн өдөрт шилжсэн. Хэрхэн зохион байгуулах талаар ямар нэгэн хурлын дэг байхгүй. Хэрэгт 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор баталсан хуралдааны дэг нотлох баримтаар авагдсан. Энэ дэгийг иргэддээ танилцуулсан юм уу, энэ хуучин дэгээрээ явъя аа гэдгээ иргэд нь зөвшөөрсөн юм уу, энэ заалт бүрийг нь иргэд чинь мэдэж байсан уу. Тийм асуудал байдаггүй. Энэ дэгийн дагуу явуулъя аа гэдгийг зөвшөөрсөн, баталсан ийм зүйл байхгүй. 12 цаг өнгөрч байна, одоо яах вэ 20 минутын дараа хаалгаа цоожлоод хаалга барих уу, зөвшөөрч байна уу, зааланд байсан дийлэнх нь зөвшөөрч байна гэдэг зүйлийг баталсан нь харагдаад байгаа. Эхний санал хураалтад 524 иргэн санал өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ олонхын хэн нэгэн олонхын санал аваагүй, би саналаа өгөөд явчихсан иргэд мэдээгүй байсан. Шөнийн цагаар 20 цаг 30 минутаас эхлээд 01 цаг 40 минут буюу дараагийн өдөртөө шилжиж дууслаа гэдэг асуудал ингээд харагдаж байна. Шөнийн 01 цаг 40 минутад 15-ний өдрөөс 16-ний өдөр шилжчихсэн байхад хэн зөвшөөрөөд байгаа юм. Тэгвэл энэ өмнөх эхний санал хураалтад энэ 524 ирцтэй байсан энэ хүмүүс чинь хэрэв хэн нэгэн олонхын санал аваагүй гэх юм болбол 183 иргэн чинь тухайн одоо нийт иргэдээ, багийг төлөөлж чадахгүй байна гэж үзээд байгаа чинь эндээс харагдаад байгаа. Эхний санал хураалтад 524 хүн ирээд санал өгсөн нь хангалттай ирц байсан. Тэгвэл хэн нэгэн олонхын санал аваагүй байгаа тохиолдолд яах юм бэ. Энэ хүмүүс чинь яагаад дараагийн 2 дахь санал хураалтад оролцохгүй 12 цаг болж байхад тооллогын комиссын дүнгээ гаргачихсан байдаг. Тооллогын комиссын дүн гарахад дараагийн 2 дахь санал хураалт явуулах ийм нөхцөл үүсчхэж байгаа. Тэгвэл энэ асуудлыг ямар байдлаар яаж зохицуулах юм бэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл нь хүрээгүй, мэдээгүй, бүгд хариад амарсан байгаа тохиолдолд 20 минутын дотор шөнийн цагаар ирцээ бүрдүүлээд хаалгаа барина гэдэг асуудал яригдаж байгаа бол үүнийг хууль ёсны гэж үзэхгүй. Санал хураалт хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхгүй.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.8-д баг, хорооны иргэдийн нийтийн хурлын бүрэн эрх, нийтлэг бүрэн эрхийг хуульчилсан. 32.8.2-т “хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан. Тэгвэл энэ шинээр байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурал өөрөө 2022 оны дэгээ баримтлаад явъя. Бид шинээр дэг батлах шаардлагагүй, өмнө нь ийм дэг мөрдөгдөж байсан энэ дэгийг хүлээн зөвшөөрөөд явъя аа гэдэг агуулгаар иргэддээ мэдээллийг өгөөгүй байсан. Магадгүй 2022 онд энэ сонгуульд оролцоогүй, анх удаа 2025 онд багийн даргыг сонгох санал хураалтад оролцож байгаа иргэд 2022 онд ямар дэг батлагдсан, яасан гэдгийг хэн яаж мэдэх юм, танилцуулахгүй болбол иргэд мэдэхгүй шүү дээ. Анх удаа сонгууль өгч байгаа сонгуулийн насны иргэд 2022 оны дэгийг мэдэхгүй иргэн байсан бол ямар дэгээр тухайн тэр багийн даргыг сонгох сонгуульд оролцох ёстой байсан юм. Тийм учраас хурал маань хуралдааны дэггүй явагдсан, сонгууль хууль ёсны дагуу бол явагдаагүй байна гэж үзэж байна. Мөн энэ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.8.4-д зааснаар иргэдийн Нийтийн Хурал багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх эрхтэй болохоос биш багийн даргыг сонгох эрхгүй. Гэтэл багийн даргыг сонгосон тогтоол гаргасан. Тэгээд энэ тогтоол чинь өөрөө анхнаасаа хууль бус юм. Энэ нь хуулиар олгогдоогүй бүрэн эрхээр хэрэгжүүлээд явчихсан ийм асуудал байгаа” гэв.

3.3. Хариуцагч Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Улаангом сумын 4 дүгээр багийн ИНХ-ын дарга болон Засаг даргын сонгууль хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан Засаг даргыг сонгох сонгууль тухайн өдрийн 00 цаг өнгөрч 2 дахь санал хураалт явагдсан шалтгаан нь багийн ИНХ-ын даргыг сонгох санал хураалт 2 удаа явагдсан. Мөн иргэд их ирсэнтэй холбогдуулан санал хураалтын явц удаан явагдсан. Улмаар 00 цаг өнгөрөхөд багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дараагийн өдөрт шилжүүлэх эсэхийг миний бие иргэдээс асуухад  “нэг мөр өнөөдөртөө багтааж дуусгая, өдөржин сууж хуралдаж, санал өгсөн. Маргааш ирэх зав чөлөөгүй” гэх асуудлыг ярьж олонх нь гар өргөж шийдвэрлэсэн. Тухайн өдрийн 00:05 цагт дахин санал хураалт эхэлж, тухайн хурал 01:25 цагт дууссан. Гэвч дээр дурдсанаар дараагийн өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөөгүй гэж үзэж байна. Багийн ИНХ-ын дарга, Засаг даргыг сонгоход Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалтыг шууд хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. 526 иргэн эхний санал хураалтад оролцож, дараагийн санал хураалтад 186 иргэн оролцсон нь шөнө орой болж эхний санал хураалтад оролцсон хүмүүс явсантай холбоотой бөгөөд 186 иргэний тоо сонгуулийн ирцийг хангасан гэж үзэж дараагийн шатны санал хураалтыг дээрх иргэдийн саналыг харгалзаж явуулсан. Миний хувьд “...хүмүүсээ дуудаад аль аль тал нь хүн дуудаарай 20 минутад энэ хүмүүс бас нэг босоод тамхи татах нь татаад, агаар амьсгалах нь гаргаад аваарай” гээд баруун талын хаалгыг Д.У, Д.Б бид 3 очиж хараад хамгийн сүүлд 2 өндөр настай хүн ирээд зогссон байсныг оруулаад хаалгаа хаасан. Тэгээд хаалга барьснаас 10-аад минутын дараа хүн нь ирчихсэн байна аа оруулъя гэж Д.У надад санал тавьсныг зөвшөөрөөгүй иргэд бүгдээрээ ярилцаад 20 минутын дотор ирсэн иргэдийн түвшиндээ хурлаа явуулъя аа гээд баталчихсан учраас би арын хаалгыг нээхгүйгээр хурлаа явуулж дуусгасан. 20 минутын хугацаа өнгөрсөн байсан шүү дээ. Би өнөөдрийн хурлыг дуусгах уу, эсхүл маргааш болох уу гэж иргэдээс санал асууж байхад нэхэмжлэгч та яг миний хажууд зогсож байсан. Хаалга 20 минутын дараа барья гэхэд ч миний хажууд зогсож байсан өөрөө мэдэж байгаа байлгүй. Мөн иргэдийн Нийтийн Хурлын дэгийг Улаангом сумын Засаг даргын баталсан дэгийн дагуу удирдаж явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлаж байна.

            3.4. Гуравдагч этгээд Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Би багийн Засаг даргад нэр дэвшиж оролцсон. Тэгээд би мэдээж өөрийнхөө бас сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн. Манай баг бол сонгууль 4 удаа явагдсан. Эхлээд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгууль 2 удаа, дараа нь Засаг даргыг сонгох сонгууль 2 удаа нийт 4 удаа сонгууль явуулсан. Багийн тэр олон удаа ирсэн хүмүүс маань тэвчээртэйгээр сонгуулиа дуусгаж чадсан. Тэгээд  хамгийн сүүлд 183 иргэд багийн Засаг даргыг сонгох сонгуульд оролцсон ба би 110 хүний хүний саналаар багийн Засаг даргыг сонгох сонгуульд ялалт байгуулсан. Нэг талаас бол миний сонгогдох эрх байгаа, нөгөө талаас тэр 110 иргэний сонгосон эрх байгаа. Ер нь энэ ардчиллын зарчмаар ч гэсэн цөөнхийн эрх ашгийг хүндэлж бид нар олонхоороо асуудлыг шийддэг. Тэр утгаараа бол багийн Засаг даргыг сонгох асуудлаар бол олонхоороо шийдээд гараа өргүүлээд шийдвэрлээд явсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 4 үндэслэлд хариулт хэлье. 1 дүгээрт, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 183 хүн оролцсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д заасан ирц хүчинтэй.  Би 2025 оны 9 сард нийгмийн ажилтнаасаа мэдээллийг авахад 712 өрхтэй гэх мэдээллийг өгсөн. 2 дугаарт, дахин санал хураалтыг иргэдээс үргэлжлүүлэх үү гэж санал асуусан. Тэгэхэд “иргэд үргэлжлүүлье, одоо дахиж бид ирэх боломжгүй” гэсэн учраас үргэлжлүүлээд явуулсан. Энэ асуудлыг нэхэмжлэгч тал Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж  хэлж байна. Багийн Засаг дарга сонгох асуудлыг нэгжийнхээ хуулиар л зохицуулагдах ёстой. Нэгжийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа учраас асуудлыг яах вэ гэдгийг олонхоороо л шийдэж явсан. 3 дугаарт, иргэдийн Нийтийн Хурлын тамгыг саналын хуудас дээр дарах ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг тусгасан хуулийн заалт байсан уу гэдэг эргэлзээтэй. Тийм учраас заавал албан бланк буюу тухайн даргын гарын үсэг зурсан тохиолдолд л гарын үсэгтэй цаасан дээр дарах ёстой гэдэг ийм ойлголт байгаа. 4 дүгээрт, хуралдааны дэгийг бол анх Р.С дарга хуралдааны нээлт хийж үгээ хэлэхдээ хуралдааныхаа дэгийг танилцуулсан. Би нэхэмжлэгчийг тэр үед хүмүүс маш их ирсэн, шуугианд сонсоогүй юм болов уу гэсэн ийм бодолтой байгаа. Гэхдээ хурлын дэгээ танилцуулаад, илээр гар өргүүлээд хуралдааныхаа асуудлуудыг шийдээд явсан. Мөн хуралдааны заалны хаалга барьсан гэж маргаж байгаа боловч хуралдааны даргын зүгээс нэр дэвшигч нарт 20 минутын хугацаа өгсөн. Тэгээд нэр дэвшигчид өөрсдийнхөө хүмүүсийг утсаараа хуралдаанд оролцуулахаар дуудсан. Иргэд олон цаг танхимд суусан байсан учраас түр завсарлаж орж ирсэн. 30 минут болоод өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд хаалгаа барьж санал хураалт үргэлжилсэн. Санал хураалт эхэлсний дараа гадна хэдэн хүн ирсэн. Тэнд намайг дэмждэг ч хүмүүс ирсэн, нэхэмжлэгчийг дэмждэг ч хүн ирсэн байсан. Нэгэнт ингээд олонхоороо шийдээд явсан. Ингээд нэг ёсондоо хэн нэгний эрх ашгаас болж бусад хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Олонхоороо асуудлыг шийдсэн, олонхоороо бас 183 хүнээс 110 хүн одоо миний төлөө санал өгөөд намайг Засаг даргаар сонгосон учраас олонхынхоо саналыг бид нар хүндэтгэх ёстой. Ямар ч асуудлыг бол ингээд журмынхаа дагуу олонхоороо шийдвэрлэдэг. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.М, Р.С даргаас тамга тэмдгээ хүлээж аваад өөрөө хурлыг удирдаад явсан. Тийм учраас энэ хүний эрх мэдлийн асуудал энд хэрэгжиж байгаа. Хуралдааны дарга хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ дагуу хуралдааныг удирдаж 20 минутын хугацаа өгсөн. Түүнээс хойш 30-аад минутын хугацаанд  нэр дэвшигч нар өөрсдийн дуудах хүнээ дуудаж, ингээд иргэдийг оруулж санал хураалт эхэлсэн. Тэгээд мэдээж ирээгүй хүмүүс байсан. Дээр нь тэр гадаа ирсэн хүмүүсээс биднийг хэн алиныг нь дэмжсэн иргэд байсан. Тэдгээр иргэдийг мэдээж оруулж чадаагүй. Нөгөө талаас заал дотор байгаа хүмүүсээ бид хүндэтгэх ёстой. Ингээд 183 иргэний саналаар багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалт болж, олонхын саналаар би багийн Засаг даргын сонгуульд ялсан. Олонхынхоо саналыг би хүндэтгэж байна” гэж тайлбар гаргасан.

            3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Алтанлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс 4 үндэслэлээр тухайн сонгуулийн санал хураалтыг хууль бус явагдсан гэж үздэг. Үндэслэл тус бүр дээр няцаалт хийе. Нэгдүгээрт, ирц хүрээгүй гэдэг үндэслэлийнх нь тухайд миний үйлчлүүлэгчийн хувьд хэлсэн ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “...400-аас дээш өрхтэй багт 5 өрх тутмаас нэг төлөөлөл орж байж хүчинтэй хүчинтэйд тооцогдох”-оор хуульчилсан. 4 дүгээр баг 707 өрхтэйгөөс 5 өрх тутмын нэг гэхээр 141 иргэнээс дээш иргэн оролцсон тохиолдолд ирц хүрч байна. Гэтэл 2 дахь саналд 183 хүн санал өгсөн гэдгийг хэргийн оролцогч талуудын хэн аль нь маргадаггүй. Хоёрдугаарт, хэрэгт авагдсан гэрч Р.С-ийн мэдүүлэгт “...хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны дэгээ танилцуулж батлуулсан”, мөн гэрч Б.Ч-ийн мэдүүлэгт “...хуралдааны дэгийг цаасаар нэг бүрчлэн уншиж танилцуулсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө хуралдааны дэгийг танилцуулж хэлэлцэх асуудал ямар дарааллаар явагдах зэргийг иргэдэд тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг авагдсан, гэрч н.Н мэдүүлэг өгөхдөө “...Р.С дэгээ танилцуулж батлуулж байсан” гэх агуулгатай ийм гэрч нар ер нь бол дэгийг танилцуулсан талаар бол мэдүүлсэн байдаг. Мөн түүнээс гадна иргэдийн Нийтийн Хурал гэдэг байгууллага өөрөө их онцлогтой. Улсын Их Хурлын сонгууль болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгох сонгуулийг бодвол иргэд шууд ардчиллын зарчмаар шууд илээр мөн нууцаар ч бичгээр саналаа өгдөг. Гэхдээ энэ хуралд хэд орчим насны хүмүүс оролцдог вэ гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа. Ер нь тус хуралдаанд бол 30-аас доош насны залуучууд бол оролцдоггүй. Аль ч баг дээр олон хүн амтай хэр нь л ирц хүрдэггүй. Гэтэл харин ч 4 дүгээр багийн хуралдааны ирцийн хувьд бол өндөр ирцтэй байсан. Эхний санал хураалтаар 524 хүн санал өгсөн гэж одоо нэхэмжлэгчийн зүгээс хэлж байна 524 хүн санал өгөөд мэдээж саналаа өгөөд л тэр хүмүүс гэр лүүгээ харина. Өдөржин хуралдсан, зааланд байсан учраас хариад нэг талдаа шийдэгдэх байх гэдэг байдлаар иргэд явсан. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Ч.М-ийн хувьд харин ч 20 минутын хугацааг нэмж сунгаж хаалгаа барихгүйгээр 30 минут хүлээсэн. Аль аль талын ах дүү, найз нөхөд, сонгодог хүмүүс нь бас ирсэн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл цагтаа хаалгаа бариад хуралдааны ирцийн шаардлага хангасан чигээрээ хуралдаан үргэлжлээд явсан асуудал юм. Харин 12 цагаас өнгөрч хурал эхлүүлсэн зүйл бол байхгүй. Гуравдугаарт, шөнийн цаг болсон байхад дараагийн өдөрт шилжүүлээгүй гэдэг нь Монгол Улсын засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулиар энэ асуудлыг шийдэгдэх ёстой. Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн зорилтоос үзэхэд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлдог, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах хууль. Тийм болохоор нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болоод байгаа энэ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-ийг дурдаж байгаа нь үндэслэлгүй. Дөрөвдүгээрт, тамгагүй саналын хуудсаар санал авсан, мөн нэрсийн жагсаалт гэдэг зүйлийг л яриад байна. Нэхэмжлэгч Д.У-ийн хувьд миний сонссоноор 3 удаа багийн Засаг даргаар сонгогдсон, өнөөдрийг хүртэл Засаг даргаар ажиллаж байгаа. Гэтэл тухайн саналын хуудсанд тамга заавал байх ёстой юу, байхгүй байх ёстой юу гэдгийг яг ямар журмаар тогтоосон юм, ямар хуульд заасан үндэслэлээр тамгатай байх ёстой талаар нэхэмжлэгч тайлбарласангүй. Миний ойлголтоор бол өмнөх сонгуулийн жилүүдэд магадгүй саналын хуудаст тамга дарж баталгаажуулж байсан байж болно. Энэ нь хэлбэрийн төдий зүйл, тамгагүй ч байж болно. Иргэд нийтээрээ саналын хуудас тараагаад яг нэг иргэн, нэг саналын хуудсаар санал өгнө. Мөн ажиглагч, тэр тухайн тооллогын комиссын хүмүүс бас ажиллаж байгаа. Тийм учраас энэ тамгагүй саналын хуудсаар санал авсан гэх үндэслэл нь бас няцаагдаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаартай тогтоол гарахдаа Ц.М-ыг Засаг даргаар сонгосон гэж бичсэн байна. Нэр дэвшүүлэх гэж бичсэн байх ёстой, энэ нь бас үндэслэлгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Нэршлийн хувьд алдсан байж болно. Эдгээр хүмүүс бол мэдээж хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүмүүс биш. “Сонгосноор” гэж бичсэнээр Ц.М өнөөдөр багийн Засаг даргын ажлыг хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар Д.У гэдэг нэхэмжлэгч маань ажлаа хийж гүйцэтгээд явж байна. Улаангом сумын Засаг даргын захирамж гарсан уу, Ц.М-ыг сонгох, батламжилсан, томилсон. Тэгэхээр түүнд яг энэ сонгох гэдэг нэршлээс улбаатайгаар түүний эрх ашиг бол хөндөгдөөгүй байна аа гэдгийг бас нэмж хэлмээр байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Д.У тус шүүхэд “Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын (цаашид “Шинэ зуун” гэх) 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоол болон багийн Засаг дарга сонгох сонгуулийг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

            2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрөл болон түүнийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг ялгамжтай зохицуулжээ.

2.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхээр хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрөл (боломж)-өөс аль тохирохыг сонгон авч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ба шүүх энэхүү тодорхойлсон шаардлагын хүрээнд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээх эрх нь нэг л шаардлагын хүрээнд хамгаалагдах боломжтой байхад тэрхүү нэг маргаанд бүхий л, эсхүл хэд хэдэн төрлөөс зэрэг сонгон авч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжгүй. (Г.Банзрагч. Захиргааны процессын эрх зүй., УБ., 2019, 156 дахь тал)

            2.3. Тухайлбал, нэхэмжлэгчээс нэгэнт маргаж буй “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай” захиргааны хэрэг үүсгэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлага нь агуулгын хувьд адил бөгөөд шүүхээс энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээргүй байх тул шүүхээс “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            2.4. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлох ба ингэхдээ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтоох ёстой.

            3. Нэхэмжлэгч талаас “...хуралдааны дэггүй, санал хураалтын эхлэх, дуусах хугацааг товлож иргэдээр батлуулаагүй, дахин санал хураалтыг явуулахдаа шөнийн 00:05-00:49 цагт явуулсан нь дахин санал хураалтад эхний санал хураалтад оролцсон иргэдийн 183 иргэн буюу 34.7 хувь нь оролцсон, ...саналын хуудас тамгагүй, баталгаагүй саналын хуудсаар санал хураалт явуулсан, нэрсийн жагсаалтад сонгогчдын гарын үсэг зуруулаагүй зөрчил гаргасан, ...хуралдааны дарга 20 минутын хугацаа өгч хаалга барьсны дараа санал өгөхөөр ирсэн иргэдийг хуралдаанд оролцуулаагүй иргэдийн санал өгөх эрхийг зөрчсөн ба миний эхнэрийг хүмүүстэй хамт ирэхэд нь хуралдаанд оролцуулаагүй бөгөөд миний төлөө саналаа өгч чадаагүй” гэж маргаж байна.

            4. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга “...Засаг даргыг сонгох санал хураалт хуулийн дагуу явагдсан ба дахин санал хураалтыг үргэлжлүүлэх явуулах талаар иргэд олонхоороо шийдвэрлэсэн, ...багийн Засаг даргыг сонгоход Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй, ...багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтад 186 иргэд оролцсон нь сонгуулийн ирцийг хангасан” гэж тайлбарлав.

            5. Гуравдагч этгээдийн зүгээс “...багийн Засаг даргыг сонгох санал хураалт хуулийн дагуу зохион байгуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр багийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулагдаж, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүн сонгох, багийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулахаар шийдвэрлэж, тооллогын комисст Б.Н, Ц.Б, Д.Н, Н.О, М.Г, М.Б, Т.Б нар томилогдож, багийн Засаг даргад Ц.М, Р.С, Д.У нар нэр дэвшин өрсөлдсөн. Эхний санал хураалтад нийт 524 иргэн санал өгснөөс 1 саналын хуудсыг хүчингүйд тооцож, М.М 172 санал буюу 32,8 хувь, Р.С 141 санал буюу 26,9 хувь, Д.У 210 санал буюу 40,7 хувийн санал авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ц.М, Д.У нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулагджээ. Дахин санал хураалтад 183 иргэн оролцсоноос 1 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Ц.М 110 буюу 60,1 хувь, Д.У 72 буюу 39,3 хувийн саналыг тус тус авч, Увс аймгийн Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус багийн Засаг даргаар Ц.М-ыг сонгож, Улаангом сумын Засаг даргад уламжилсан болох нь тооллогын комиссын дүн, хурлын хуралдааны тэмдэглэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй. (Хавтаст хэргийн 18-33, 116-117 дугаар хуудас)

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин санал хураалтын саналын хуудсыг тоолоход хэн алиныг нь ч дугуйлаагүй буюу 1 ширхэг хүчингүй саналын хуудас, нэр дэвшигч Ц.М-ыг дугуйлсан 110 ширхэг саналын хуудас, нэр дэвшигч Д.У-ыг дугуйлсан 72 ширхэг саналын хуудас авагдсан байх ба энэхүү бүх саналын хуудсанд ямар нэгэн тамга, тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулалт хийгээгүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8 дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4 дэх заалтад “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалтад “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3 дахь заалтад “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус хуульчилсан.

8.1. Дээрх хуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн багийн Засаг даргад нэр дэвшигч нь иргэдийн санал хураалтаар олонхын санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж, санал хураалтын дүнгээр олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад саналыг уламжлах ба энэ дагуу Шинэ зуун багийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдийн олонхын санал авсан Ц.М-ыг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “...Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан.

9.1. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд ...доор дурдсан зарчмыг баримтална”, 12.1.6-д “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус зохицуулсан.

10.2. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл, багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг, хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг тухайн Нийтийн хурал өөрөө тогтоох агуулгыг илэрхийлж байна.

11. Ийнхүү Улаангом сумын Шинэ зуун багийн Засаг даргад гурван иргэн нэр дэвшсэн ба эхний санал хураалтад хэн нь ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ц.М, Д.У нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулагдахаар болж тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга “...дахин санал хураалтыг тухайн өдрөө үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал асуухад” тухайн хуралдаанд оролцогч иргэдийн олонх шууд үргэлжлүүлэн явуулахыг дэмжсэн гэх үйл баримт хэргийн оролцогч тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

11.1. Энэ тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцогч иргэдийн олонх нь дахин санал хураалтыг шууд үргэлжлүүлэн явуулахыг дэмжсэн ба багийн Засаг даргад нэр дэвшигч нарын хэн аль нь уг шийдвэр, үйл ажиллагаанд тухайн үед маргаагүй байх тул багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг 00:05-00:40 цаг хүртэл буюу шөнийн цагаар явуулсныг хууль зүйн хувьд буруутгах үндэслэлгүй байна.

          11.2. Өөрөөр хэлбэл, бүх шатны Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах буюу тухайн шатны иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргыг нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцаа нь бүх нийтийн сонгуульд хамаарахгүй ба зөвхөн тухайн шатны хурлын хуралдааны дэг, хуралдаанд оролцогчдын саналаар тодорхойлогдох учиртай.

            12. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заажээ.

13. Гэтэл хуралдаан даргалагчийн зүгээс “...дахин санал хураалтыг тухайн өдрөө үргэлжлүүлэх эсэх талаар хуралдаанд оролцогчдоос санал асуусан” боловч багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг явуулахдаа иргэд санал өгч эхлэх болон дуусах хугацааг нарийвчлан тогтоогоогүй атлаа хуралдааныг 20 минут завсарлага өгч дуусгаад санал авах байрны хаалгыг хааж, зөвхөн санал авах байранд байсан иргэдийн хүрээнд дахин санал хураалт явуулсан ба зааланд цугласан иргэд санал өгөх хугацаанд хуралдаанд оролцохоор ирсэн иргэдийг санал хураалтад оролцуулаагүй болох нь хэргийн оролцогч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

13.1. Энэхүү үйл баримт нь дээрх хуульд заасан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй, хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирснээр оролцогч болох буюу санал өгөх эрхийг хуралдаан завсарлах 20 минутын хугацаа дууссан гэх үндэслэлээр хязгаарласан байх тул багийн Засаг дарга сонгох дахин санал хураалт хуулийн ёсны дагуу явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

13.2. Тухайлбал, багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг зохион байгуулах явцад санал өгөх байрны хаалга барьж, иргэдэд санал өгөх хугацаанд хуралдаанд оролцохоор ирсэн иргэдийг оролцуулаагүй буюу иргэдийн санах өгөх эрхийг хязгаарласан явдал нь тухайн иргэн саналаа хэн нэгний талд өгөхөөс хамааран санал хураалтын дүнд шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэх ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.5.2, 56.5.3-т заасан урьдчилсан нөхцөл шаардлагыг хангаагүй байна.

13.3. Өөрөөр хэлбэл, багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага болохын хувьд тухайн багийн иргэд иргэдийн нийтийн хуралдаан үргэлжлэх хугацаанд хэдийд ч өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “...хуралдааны дарга 20 минутын хугацаа өгч хаалга барьсны дараа санал өгөхөөр ирсэн иргэдийг хуралдаанд оролцуулаагүй нь иргэдийн санал өгөх эрхийг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлтэй.

14. Түүнчлэн, нэхэмжлэгч Д.У-ы маргаж буй “...ямар нэгэн тамга, тэмдэггүй баталгаагүй саналын хуудсаар санал хураалт явуулсан ба нэрсийн жагсаалтад санал өгсөн иргэдээр гарын үсэг зуруулаагүй нь санал хураалт хууль бус” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

14.1. Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах санал авах үйл ажиллагааны талаарх харилцааг нарийвчлан зохицуулаагүй боловч саналын хуудас нь сонгогчдын тоонд үндэслэн тусгай нууцлал бүхий тэмдэглэл үйлдэж баталгаажуулах нь нэр дэвшигчийг сонгох санал хураалт хууль ёсны дагуу шударга явагдах үндэс юм.

14.2. Гэтэл багийн Засаг даргыг сонгох саналын хуудсанд ялгагдах ямар нэгэн тусгай тэмдэг, тэмдэглэгээ үйлдээгүй байхаас гадна санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтад тус багийн иргэн мөн эсэхийг тогтоох зорилгоор тулгалт хийхдээ иргэдийн гарын үсгийг зуруулах зэргээр нэг иргэн дахин санал өгөхөөс сэргийлэх, санал хураалтын үйл ажиллагаанд гаднын ямар нэгэн нөлөө орохоос хамгаалах зэрэг санал хураалт хуулийн дагуу шударга явагдах нөхцөлийг хангаж ажиллаагүй, нэгэнт энэ талаар нэхэмжлэгч маргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэв.

15. Иймд Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн багт бүртгэлтэй иргэдийг хуралдаан завсарлах 20 минутын хугацаанд амжиж хуралдаанд оролцоогүй нь иргэний сонгох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын санал хураалтын үр дүнд нөлөөлөх буюу нэхэмжлэгчийн багийн Засаг даргад хуулийн хүрээнд нэр дэвших, өрсөлдөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх тул Увс аймгийн Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

16. Нэгэнт маргаан бүхий акт буюу Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байх тул багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин зохион байгуулж явуулах үр дагавар үүсэхээр байна.

17. Иймээс тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин зохион байгуулахыг Увс аймгийн Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

18. Харин хуралдаан даргалагчийн зүгээс иргэдэд хуралдаан явуулах нийтлэг дэгийг танилцуулж, батлуулсан боловч дэгийг тогтоолоор албажуулаагүй. Ингэж албажуулаагүй нь багийн иргэдийн Нийтийн Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага бөгөөд хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг өөрөө тогтоох эрхтэй гэсэн зохицуулалттай харшлаагүй байх тул хуралдааны дэгийг иргэдэд танилцуулж, баталж албажуулаагүй гэх үндэслэлээр багийн Засаг дарга сонгох санал хураалт хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн нэхэмжлэл шаардлагыг хангах үндэслэл болоогүйг тэмдэглэе.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Шинэ зуун багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4 дэх хэсэг, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох тухай” 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаангом сумын “Шинэ зуун” 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ