Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01623

 

 

 

 

 

 

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01701 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч М к ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 069 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь захиалагч М к ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/20 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй Поларис апартмент 1 576 айлын орон сууцны хотхоны барилгын А, Б блокийн цонхонд усны хаялга нимгэн төмрөөр хийх ажлыг өөрийн бараа материалаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний нийт үнийн дүн 11 950 400 төгрөг, үүнээс урьдчилгаа 5 051 200 төгрөг авч, ажлаа 100 хувь гүйцэтгээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талуудад акт үйлдэж, гэрээ дүгнээд үлдэгдэл төлбөр 5 069 240 төгрөг авахаар баримт үйлдсэн. Харин тус компани барилгаа ашиглалтад оруулж бүх ажлаа дуусгасан боловч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна. Хариуцагч ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн, доголдолтой гэж маргасан ч шинжээчийн дүгнэлтээр доголдолгүй гэдэг нь тогтоогдсон. Манай зүгээс ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн тул ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 069 240 төгрөгийг М к ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/20 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу П ХХК нь Поларис апартмент-1 576 айлын орон сууцны хотхоны барилгын А, Б блокийн цонхонд усны хаялга нимгэн төмрөөр хийх ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх, М к ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээний төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Бид гэрээний нийт төлбөр 11 950 400 төгрөг төлөхөөр тохиролцож, тухайн өдөр 5 051 200 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Манай байгууллага ажил гүйцэтгэгч нарын ажлыг гүйцэтгэлийн хуудсаар хүлээн авч, гэрээ дүгнэсэн протокол үйлдэн төлбөрийг олгодог журамтай бөгөөд энэ талаар гэрээний 2.5.2-т тусгасан болно. Гэвч тус компани гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй ба гэрээний харилцааг дүгнэн гэрээ дүгнэсэн протокол үйлдээгүй болно. Улмаар бид гэрээт ажлыг өөр гүйцэтгэгчээр буюу иргэн н.Мэндсайханаар гүйцэтгүүлсэн. Иймд П ХХК-д төлбөр төлөх үндэслэлгүй. Мөн тус компанид олгосон мөнгийг бид тусад нь нэхэмжлэх болно. Иймд М к ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар М к ХХК-аас 5 069 240 төгрөг гаргуулж, П ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96 058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх хуралдаан давхцсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломж олгож, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасан. Их Хангарьд Сеюорити ХХК-ийн нэхэмжлэлтэй М к ХХК-д холбогдох иргэний хэргийн 10 цаг 30 минутын шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тус шүүх хурал 15 цагт дууссан. Шүүх хүсэлтийг харгалзан үзэлгүй, биечлэн оролцох боломж олголгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч М к ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 069 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 27/

 

Талууд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 19/90 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч П ХХК нь захиалагчийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй Поларис апартмент 1 нэртэй 576 айлын орон сууцны хотхоны барилгын А, Б блокын цонхонд усны хаялга нимгэн төмрөөр хийх ажлыг өөрийн бараа материал, зардлаар хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөд 11 950 400 төгрөг төлөх, үүнээс 5 051 200 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл 6 899 200 төгрөгнөөс барьцаа 5 хувь суутгаж 6 301 680 төгрөгийг гүйцэтгэгч ажлаа бүрэн дуусгаж захиалагчийн инженер хүлээн авсан акт, ажлын гүйцэтгэл шалгасан комиссын дүгнэлтийг үндэслэн төлөх талаар харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

 

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа төлбөр 5 051 200 төгрөг төлсөн /хх 10/ талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн дуусгаж, хариуцагч талд хүлээлгэн өгсөн эсэх мөн гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид чанарын доголдолгүй байдлаар хүлээлгэн өгсөн гэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, хэрэгт цугларсан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/364 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 72-81/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Г.Очироо /М к ХХК-ийн барилга хариуцсан захирал/, гэрч Х.Мэндсайхан /П ХХК-ийн туслах ажилтан/ нарын мэдүүлэг /хх 63-70/, хариуцагч талын хүсэлтээр томилогдсон шинжээч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын дүгнэлт /хх 93-94/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авсан, мөн ажлын үр дүн доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Поларис апартмент 1 хотхоны 384 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлтэд нэхэмжлэгч П ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон талаар тусгагдсан, гэрч Г.Очироо ...П ХХК эхний А, Б блокийн буюу 384 айлд цонхны хаялгын ажил гүйцэтгэсэн...ажлыг дутуу орхиж явсан зүйл байхгүй, харин хийсэн ажлын доголдол, чанарын асуудал байгаа... гэх мэдүүлэг, гэрч Х.Мэндсайханы ...би энэ ажлыг хувиараа хийх гэсэн боловч НӨАТ байхгүй учир эгчийн компанийн нэрээр хийсэн. Энэ гэрээг мэднэ. Компанийн ажилтны хувиар хийсэн... талаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр ...нийт 672 цонхонд 224 м.кв хаялга төмөр хийсэн..., хаялга төмрийг гүйцэтгэсэн ажилд доголдол үүсээгүй... нөхцөл байдлыг тогтоожээ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэсэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын ажлыг албан ёсоор хүлээж аваад үнийн дүнг төлөх нөхцлөөр нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлтийн дагуу хойшлуулсан байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 96 058 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ЦОГТСАЙХАН