2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05297

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 18 192/ШШ2025/05297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт оршин суух, О тайж овогт Бын Тр /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** давхар хаягт байрлах Н ГХОХХК /рд:/-д холбогдох,

 

2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Тр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2021 оны 11 сард Н ГХОХХК-тай гэрээ байгуулж, анх туршилтаар ажилд орсон ба 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс эхэлж төслийн хугацаагаар гэрээ байгуулж, жинхлэгдсэн. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан уурхайчдын болон өөрийнхөө хөдөлмөрлөх нөхцөлийг дээрдүүлэхийн төлөө 2022 оноос хойш Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.А, Уул уурхайн яамны сайд Г.Ё нарыг байх үед уулзаж, компанидаа удаа дараа ажлын нөхцөлөө дээрдүүлэхийн тулд шаардлага, хүсэлтүүдийг гаргаж байсан. Ер нь бол инфляцын түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шаардлагыг 2022 оноос хойш дуу хоолойгоо хүргэхийн тулд нэлээдгүй их хөөцөлдөж явсан. Ингээд би Үйлдвэрчний эвлэл байгуулж ажиллавал илүү үр дүнд хүрэх боломжтой юм байна гэж бодсоны үндсэнд 2022 онд үйлдвэрчний эвлэл байгуулах гэж байх явцад буюу 2022 оны 10 сард ажлаасаа халагдсан. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2024 оны 01 сарын 22-ны өдөр намайг эргэн ажилд томилуулах шийдвэр гаргасныг 2024 оны 06 сарын 06-ны өдөр Улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэр биелэгдээгүй. 2024 оны 08 сард ажилд эргүүлэн авах тушаал гарсан бөгөөд тушаал гарсантай холбогдуулан надаас шалгалт авна гэж хэлсэн. Шалгалтыг хотын оффист нэг ч удаа уурхай руу нэвтэрч үзээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам болон уурхайд ямар ажиллагаа явагддаг талаар мэдэхгүй хүмүүс шалгах гээд байсан. Эн компанийн гэрээ хийсэн журмын дагуу шинэ ажилтан авах журмыг над дээр ашиглах гээд байсан. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, би хохирсоор л байна. 2024 оны 07 дугаар сард хариуцагч Н ГХОХХК надаас гэм хорын хохиролд 100,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хариуцагч 2021 оны гэрээ дуусгавар болсон гэж 12 сард дахин ажлаас халсан. Би шүүхийн шийдвэр гарсны дараа 2024 оны 03 сард үйлдвэрчний эвлэл байгуулж, хамтын гэрээ, хэлцэл байгуулъя гэж санаачилж, Н ГХОХХК-д удаа дараа хүсэлт тавьсан боловч огт хүлээж аваагүй. Хөдөө орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хүсэлтээр очиж уулзах гэтэл Н ГХОХХК-д оруулж уулзуулахгүйгээр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг маань хааж боодог. Гишүүдийн минь толгойг эргүүлж, хуулийн зүйл заалт хэлээд айлган, сүрдүүлдэг. Монгол улсын дээд шүүхээр миний нэг сарын цалинг 3,515,262 төгрөг, нэг өдрийн цалинг 163,500 төгрөг гэж тус тус тооцсон. Өнөөдрийг хүртэл 7 сарын цалин болох 24,606,834 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Тр нь анх 2022 оны 10 сард ажлаас халагдсан. Ажлаас халагдсантай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2024 оны 01 сарын 22-ны өдөр ажилд эргүүлэн тогтоолгох шийдвэр гарсан. Энэ 2024 оны 01 сарын 22-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд огт биелэгдээгүй тухай хэлэх нь зүйтэй байх. Энэ хугацаанд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явсан боловч хариуцагч компани 2024 оны 08 сарын 02-ны өдөр ажилд авсан гэх тушаалыг шүүхийн шийдвэрт харуулж, ажилд буцаан авсан мэт дүр үзүүлсэн. Харамсалтай нь уг тушаалаар нэхэмжлэгчийг 1 өдөр, 1 минут ч ажиллуулаагүй. Ингээд бид нэхэмжлэгчийг эргүүлэн ажилд томилж, ажиллуулахгүй байгаатай холбогдуулан шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үргэлжлүүлэн нэхэмжилсэн. Хариуцагч талаас шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдэг гэтэл Улсын дээд шүүхийн тайлбар болон Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах шаардлагагүй, угаасаа хууль бус гээд үзчихсэн учраас хуучин гэрээ хүчинтэй, шууд ажиллуулах ёстой гэдэг агуулгаар шийдвэр гарсан. Миний үйлчлүүлэгчийг 2024 оны 12 сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас халсан.

Б.Тртай 2021 оны 11 дүгээр сард анх туршилтын хугацаагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт ...доор дурдсанаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэг Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.3 дахь хэсэгт зааснаас 50.1.6 дахь хэсэг хүртэл үйл явдлаар тодорхойлогдох бол 50.1.1 буюу дагалдан, 50.1.2 туршилт нь 3 хүртэлх сараар хуанлийн он, сар өдрөөр гэдгийг 50.5 дугаар зүйл дээр маш тодорхой заачихсан. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан. Өөрөөр хэлэх юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6, 50.5 болон Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус зааснаар үйл явдлаар гээд талууд тохиролцсон. Эхний гэрээг дагалдан буюу хуанлийн өдрөөр, хоёрдох гэрээг үйл явдлаар буюу Этой байгуулсан төслийн ажлын үргэлжлэх хугацаагаар хийсэн байдаг. Тэгэхээр энэ бол үйл явдал гэж ойлгох бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. 2024 оны 05 сард дахин 36 сараар энэ төсөл үргэлжилсэн буюу төсөл гэдэг үйл явдал дуусгавар болоогүй үргэлжилж байгаа санааг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт Энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Энэ зүйл заалтыг задалбал миний үйлчлүүлэгч хоёр дахь үндсэн ажилтан болдог гэрээнд хугацааг нь 50.1.6 болох төслийн санхүүжилтийн үргэлжлэх хугацаагаар байгуулсан. Уг төслийн санхүүжилтийн үргэлжлэх хугацаа нь 2021 оны 11 сарын 09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр 36 сарын хугацаагаар Э компанитай байгуулсан нь үйл явдал 36 сар үргэлжилж, 2024 оны 11 сарын 09-ний өдрийг дуустал энэ үйл явдлын дотор миний үйлчлүүлэгчтэй Хөдөлмөрийн гэрээний 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт зааснаар үндсэн гэрээ байгуулсан. Гэтэл 2024 оны 11 сарын 09-ний өдөр миний үйлчлүүлэгчийг огт ажиллуулаагүй, энэ талаар огт юу ч мэдэгдээгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сард ажлаас нь халсан байдаг. 2024 оны 11 сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр болох үед анх заасан хугацаагаар буюу 36 сараар гэрээ шууд сунгагдах ёстой. Учир нь тэр өдөр болоод тэрний өмнөх өдөр дуусгавар болох тухай огт мэдэгдээгүй. Мөн энэ төсөл маань өөрөө 2024 оны 11 сарын 09-ний өдөр битгий хэл 2024 оны 05 сарын 27-ны өдөр дахин 36 сарын хугацаагаар сунгагдсан байдаг. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт маш тодорхой хавсаргагдсан. Хугацаа дуусаагүй байхад бараг 6 сарын өмнө тэр төсөл үргэлжлээд шууд 36 сараар сунгагдсан. Одоо тус төсөл дээр 800 гаруй ажилчид ажиллаж байгаа. Тус гэрээ хэрэгт авагдсан бөгөөд гэрээний 9.1 дэх хэсэгт хугацааг нь заасан. Ингээд гэрээний хугацаа 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болоогүй учраас мэдэгдэл өгөхгүй нь ойлгомжтой боловч миний үйлчлүүлэгч түрүүн хэлсэнчлэн үйлдвэрчний эвлэл байгуулж, ажилчдын эрхийг хамгаалдаг гэдэг утгаараа ерөнхийдөө өс хонзон санасан агуулгаар явуулсан гэж ойлгодог. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт хугацааг маш тодорхой заагаад, хуульчилсан. Тодруулбал анх байгуулсан болон нэмэлт гэрээний хугацаа 2 жилээс дээш байх юм бол хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үйл явдал хугацаагүй болсон гэсэн үг. Анх байгуулсан гэдэг нь 2021 оны 11 дүгээр сард туршилтаар гэрээ байгуулсан байдаг. Хоёр дахь гэрээг он гараад, туршилт дууссаны дараагаар 2022 оны 03 сарын 01-ний өдөр нэмэлт хугацаа буюу анх байгуулсан нэмэлт гэрээнд зааснаар 50.1.6-аар буюу төслийн үргэлжлэх хугацаагаар жинхэлсэн. Ингээд энэ хоёрын нийлбэр үндсэндээ 2 жилээс дээш болсон. Би яагаад 2 жилээс дээш гэж байгаа учир нь миний үйлчлүүлэгч бол халагдсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас шүүх ажилд нь эргүүлэн тогтоосон. Шүүх эргүүлэн тогтоосон гэдэг нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болонгуут угаасаа халагдсан өдрөөс авхуулаад ажилласан гэж үзнэ. Тийм учраас хөдөлмөрийн гэрээг анх байгуулсан нэмэлт гэрээг хүчингүй болгосон тушаалыг шүүгч хүчингүй болгосон учраас гэрээ ердийн байдлаар үргэлжлээд явж байгаа гэж ойлгосон. Энэ гэрээ үргэлжлээд явж байсан тул анх байгуулсан болон нэмэлт гэрээний хугацаа нийлээд 2 жилээс дээш хуульд зааснаар хугацаагүй байгуулсанд тооцогдоно. н.М шүүгчийн гаргасан шийдвэр үндэслэх хэсгийн 4.5-д Улсын дээд шүүхийн 2010 оны зөвлөмжийн 3.7 дахь хэсгийн гурав дахь мөрд нэгэнт хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бусд тооцсон учраас гэрээ байгуулах шаардлагагүй өмнөх гэрээ хүчинтэй гэдгийг тайлбарласан. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил буюу үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг. Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 3.5-д үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг ажилтнуудын, гишүүдийнх нь зөвшөөрөлгүйгээр ажлаас халахыг хориглодог. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг Улсын дээд шүүх яг адилхан бичиж тайлбарласан. Мөн зөвлөмжийн 3.2-т ажиллуулахгүй бол ажлаас халсантай адилтгаж үзнэ гэж тайлбарласан. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, өдрөөр эсвэл жил, улирал, сараар, үйл явдлаар гэж Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан. Үүнийг Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг баримтална гэж тогтоосон. Хөдөлмөрийн хууль маань хувийн эрх зүйн дэд салбар буюу хар үгээр яривал Иргэний хуулийн охин хууль гэж ойлгогддог. Тэгэхээр Хөдөлмөрийн хуулиа эх сурвалж болгохын тулд бид Иргэний хуулийн хугацаа тоолох журам буюу тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан зайлшгүй болох үйл явдлаар тодорхойлно. Өнөөдөр тухайн зайлшгүй болох үйл явдал нь нөгөө төслийн үргэлжлэх хугацаа дуусаагүй. Иймээс дээрх байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгч Б.Трыг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч өөрийн тайлбартаа цалингийнхаа талаар дурдсан. Бид анхан шатны шүүхээр ажилгүй байсан хугацааны олговрыг үргэлжлүүлээд нэхээд явдаг, анхан болон давж заалдах шатны шүүхээс буруу бодчихсон байсан учраас дээд шүүхэд хандсан. Үүнийг дээд шүүх хүлээж авч, саяны хэлсэн тоон үзүүлэлт болох нэг сарын цалинг 3,515,262 төгрөг, нэг өдрийн цалинг 163,500 төгрөг гэж тус тус тогтоосон нь Улсын дээд шүүхийн тогтоолоор нэгэнт тогтоогдсон учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.4 дэх хэсэгт заасан дахин нотлохгүй гэдэг агуулгаар анхаарч өгнө үү. Иймд тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгоно. Мөн ажилгүй байсан хугацааны олговор, энэ хугацааны нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Траас Н ГХОХХК-д холбогдуулан 2025 оны 02 сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байна. Н ГХОХХК нь 2020 оны 03 сард үүсгэн байгуулагдсан компани ба төрийн өмчит Э компаниас 2021 оны 03 сард батлагдсан Цанхын зүүн уурхайн гэрээтэй холбогдох сонгон шалгаруулах тендерт шалгарч, тус компаниас эрх олгосны дагуу 2021 оны 11 сарын 09-ний өдөр Таван толгой ордын Цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цанхын зүүн уурхайд ажил гүйцэтгэх болсон. Хэдийгээр 11 сарын 09-ний өдөр гэрээ байгуулагдсан боловч үйл ажиллагаа албан ёсоор 11 сарын сүүлээр эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хөрс хуулалтын ажил гүйцэтгэх болсон. Энэхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсантай уялдуулан ажилтнуудтайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ ашиглах шаардлага үүссэн. Учир нь ажил олгогч өөрөө тухайн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэгэхээр ажил гүйцэтгэсэн гэрээ нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа байсан учраас энэ гэрээ хугацаатай, тус хугацаанд хийгдэх санхүүжилт, ажлын хэмжээ нь тодорхой байсан тул ажилтнуудтайгаа 50.1.6 дахь хэсэгт зааснаар буюу хийгдэх ажил, санхүүжилтийн цар хүрээ түүнтэй холбоотой гэрээ байгуулж ажиллах шаардлагатай болсон. Иймээс нэхэмжлэгчтэй 2021 нэгэн оны 11 сарын 29-ний өдөр хугацаатай гэрээ байгуулан дампын оператораар ажиллуулах байсан. Ингэж хугацаатай гэрээг байгуулахдаа туршилтын гэрээний хугацаан дээрээ ч тэр хэрвээ та туршилтын хугацааг амжилттай давсан тохиолдолд таны гэрээний хугацаа Э компанитай байгуулсан 2021/705 тоот гэрээний хугацаагаар хязгаарлагдана шүү буюу 50.1.6 дахь хэсэгт заасан хугацаатай гэрээг тантай байгуулж байгаа гэдэг тухай анх гэрээ байгуулахдаа л ярьдаг байсан. Нэхэмжлэгчтэй 11 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахад талуудын хооронд зөрчил гарсан. Ажил олгогч болон ажилтны хооронд гарсан уг зөрчил нь ажил олгогч 3 удаа сахилгын зөрчил ноогдуулсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ хэрэг маргаан нэгэнт шийдвэрлэгдсэн учраас маргаад байх шаардлагагүй. Гарсан шүүхийн шийдвэрийн үндэслэл нь нэг сахилгын зөрчил үндэслэлтэй байна. Нөгөө хоёр сахилгын зөрчил нь холбогдох журмын дагуу ноогдуулаагүй учраас хүчингүйд тооцсон агуулга бүхий шүүхийн шийдвэр 2024 оны 01 сарын 22-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсантай зэрэгцээд давж заалдах болон хяналтын шат гэж явсаар 2024 оны 07 дугаар сар болсон. 2024 оны 07 сард Улсын дээд шүүхийн тогтоолоо гардаж авсан. Ингээд томилохтой наадам болон захирлын ээлжийн амралт зэрэгцэж явсаар байгаад 2024 оны 01 сарын 02-ны өдрийн анхан шатын шүүхийн шийдвэрийг 2024 оны 08 сарын 02-ны өдөр ажил олгогч биелүүлсэн. Шийдвэрийг биелүүлэхдээ хэрэгт авагдсан байгаа 08 сарын 02-ны өдөр ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал өгсөн. Шүүхийн шийдвэрээр зохицуулагдсан бүх харилцааг биелүүлж, нэхэмжлэгчийг буцааж ажилд нь авсан. Харин тус ажилтан томилсон тушаалаар зөвхөн 01 дүгээр сарын 22-ныг хүртэл буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааных нь цалинг олгосон. Тушаалыг нь гардуулахдаа би Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг үндэслээд томилсон өдөр хүртэлх хугацааны цалинг өгье, та шүүхэд нэхэмжлэл гаргачихсан явж байгаа юм байна. Таны нэхэмжлэл дээр анхан шатын шүүх техникийн алдаа гаргаад таны нэг өдрийн цалинг буруу тогтоосон гэдэг бид нар ч өөртөө нотоллоо. Тэр нэхэмжлэлийн дагуу тодорхой шийдвэр гаргаад ирвэл 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг үндэслээд олгоно. Энэ тал дээр асуудалгүй гэж хэлсэн. Ингээд цалингийн тухай Улсын дээд шүүхийн тогтоол 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гарч, 01 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрийн техникийн алдаа залруулсан. Гэтэл ажил олгогч өмнө нь гарсан байсан шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтанд олгох ёстой мөнгөн олговрыг олгоод, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явдаг байсан. Хэрэв нэхэмжлэгч талаас ажил үүрэг гүйцэтгээгүй гэдэг тайлбар гаргаж байгаа бол 08 сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гарсны дараа ажилд нь томилох болсонтой зэрэгцээд мэдээж ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тэр шүүхийн шийдвэр болон холбогдох тогтоолыг үндэслээд ажилд нь эргүүлэн томилж болно. Түүнтэй урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээ сэргэнэ гэж үзсэн. Талууд ямар нэгэн байдлаар тохиролцоод гэрээнд өөрчлөлт оруулаагүй учраас анх байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа гэдэг шийдэлд хүрсэн. Ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эргүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нөхөн олговрыг олгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Ингээд 08 сарын 02-ны өдөр томилсонтой зэрэгцээд 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа сэргэж, та ажил үүргээ тодорхой хугацааны буюу 2 жилийн хугацаанд гүйцэтгээгүй учраас байгууллагын дүрэм журам бүх зүйлс өөрчлөгдсөн. Та дүрэм журам танилцаарай. Дүрэм журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уурхайн бүсэд ажилладаг ажилтнуудаас буюу танаас тодорхой хэмжээний шалгалт авч, үнэмлэх олгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл дампын оператор гэдэг хүмүүс М ангилалтай үнэмлэх авдаг. Тэр үүднээсээ дүрэм журмуудтайгаа танилц гэсэн боловч нэхэмжлэгч Б.Тр огт танилцаагүй. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Б.Тр нь дүрэм журамтайгаа танилцсаны дараагаар цаашаа харилцаа үргэлжлэх гээд байна шүү дээ. Дүрэм журамтайгаа огт танилцаагүй учраас та нар яагаад надаас шалгалт авдаг юм бэ, Э надаас шалгалт авна гээд Э руу хандсан байдаг. Хэрвээ дүрэм журамтайгаа танилцчихсан байсан бол Э авахаа болиод манайх авдаг болчихсон гэдгийг мэдчих боломжтой байсан. Ингээд Эгоос салбарын захирлын шинэчлэгдсэн журмаар танай компани өөрсдөө шалгалтаа авч, таны ажилд гаргах асуудлыг зохион байгуулна гэдэг хариуг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн. Үүний дараа энэ талаар огт ярихаа больчихсон. Ингээд 3 удаа та дүрэм журамтайгаа танилцаач гэх шаардлагыг тавиад, ойлголцохгүй явж байсантай зэрэгцээд түрүүн дурдсанчлан 01 сарын 22-ны өдрийн анхан шатын шүүхийн техникийн алдаатай гарсан шийдвэрийн маргаан бас давах дээд гээд явчихсан. Бид нэхэмжлэгчид 2021/705 тоот дугаартай гэрээний хугацаа 12 сарын дундуур дуусах гэж байгаа шүү буюу бидний 2021 онд байгуулсан 36 сарын хугацаатай гэрээний хугацаа 12 дугаар сарын дундуур дуусаж байна, та хийсэн ажил, төлбөр мөнгө нь энэ байна гэсэн мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэл ирсэнтэй зэрэгцээд ажил олгогч 12 дугаар сарын дундуур гэрээний хугацаа дуусахаар бид нар ажилтнуудтайгаа 50.1.6 дахь хэсэгт зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гээд түрүүн дурдсанчлан үүнийхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 11 сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. 08 сарын 02-ны өдөр томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт заасныг үндэслээд хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь сэргэчихсэн юм чинь тэр гэрээн дээр заасан байгаа 50.1.6 дахь хэсэгт зааснаар тохиролцож байгуулсан тухайн гэрээний хугацаа дуусгаж байна шүү гэх мэдэгдлийг 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн. Түүнээс биш гэнэт 11 сарын 22-ны өдөр халсан зүйл байхгүй. Тодорхой хугацаанд хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн ба 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болгосон. Тус 2021/705 тоот гэрээ хэрхэн дуусгавар болж байгаа талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тэрнээс биш хэн нэгнийг үйлдвэрчний эвлэл байгуулаад ажиллаж байна, та үйлдвэрчний эвлэлд ажиллаж болохгүй гэдэг үндэслэлээр халсан тийм асуудал үүсээгүй. Компаниас нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нь сахилгын зөрчил ногдуулаад явж байтал түүний гаргасан сахилгын зөрчил 3 болсон. 3 удаа сахилгын зөрчил ноогдуулсан нь ноцтой зөрчил ноогдуулах үйлдэл боллоо гээд ажлаас нь чөлөөлсөн. Мөн 11 сарын 22-ны өглөө хүртэл түрүүн дурдаж байсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хэдий ажилтантай ажил үүргийн гүйцэтгэх асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсан ч гэсэн ажил олгогч нөхөн олговор олгосон. Өөрөөр хэлбэл 12 сарын 22-ны өдрийг хүртэлх цалинг нь дээрх зүйл заалтаар ажил үүрэг гүйцэтгээгүй байсан ч олгосон. Түүнчлэн Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн нэг өдрийн цалингийн зөрүү нь ийм болсон шүү гэдгийг үндэслээд мөн дахиад тэр мөнгийг олгосон байгаа. Дээр дурдсан Э компанитай байгуулсан 2021/705 дугаартай хөрс хуулах, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж байгаатай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 11 сарын 22-ны өдөр мэдэгдэж, 2024 оны 12 сарын 22-ний өдрийн Б/1694 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон учраас ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацааны дагуу буюу хууль тогтоомжид нийцүүлэн түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэмж дурдахад гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага байгаагүй болохыг бас дурдах нь зүйтэй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 0074 дугаар итгэмжлэл, Н ГХОХХК-ийн 2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар, 2024 оны 08 сарын 02-ны өдрийн Б24/0914 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/07512 дугаар захирамж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 001/ХТ2025/00053 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04200 дугаар шийдвэр, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, гар бичвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 210/МА2024/00688 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 001/ХТ2024/00720 дугаар тогтоол, 2025 оны 03 сарын 27-ны өдрийн П.Дэлгэрнасанг асуусан тухай тэмдэглэл, 2025 оны 03 сарын 21-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Зогсолтгүй ажиллах хамтын хүч уурхайчдын холбооны 01 дугаар албан бичиг, 2024 оны 06 сарын 19-ний өдрийн 03 дугаар, 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 04 дугаар, 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 05 дугаар, 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 06 дугаар, 2024 оны 07 сарын 16-ны өдрийн 07 дугаар, 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 08 дугаар, 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 09 дугаар, 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 11 дугаар, 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 10 дугаар, 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 12 дугаар албан бичиг, Э ХК-ийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 01/1009 дугаар албан бичиг,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 25/144 дугаар итгэмжлэл, 2025 оны 03 сарын 14-ний өдрийн хариу тайлбар, 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 12/2167 дугаар албан бичиг, ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 01/883 дугаар албан бичиг, Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 01/2145 дугаар албан бичиг, түншлэлийн 2025 оны 01 улирлын уулын ажлын төлөвлөгөөний үзүүлэлт, 2024 оны 12 сарын 16-ны өдрийн ажлыг зогсоосон акт, ажил эхлүүлэх акт, Н ГХОХХК-ийн 2024 оны 08 сарын 02-ны өдрийн Б24/0914 дугаар тушаал, ажилтан дүрэм, журамтай танилцсан тухай баримт, шинэ ажилтны бүрдүүлэх материал, 2024 оны 08 сарын 29-ний өдрийн 24/551 дугаар албан бичиг, 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 01/1767 дугаар албан бичиг, мэдэгдэх хуудас, хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 01 сарын 17-ны өдрийн албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүний баримт, 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 25/227 дугаар албан бичиг,

 

Шүүхийн журмаар: 2025 оны 06 сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Б.Тр нь хариуцагч Н ГХОХХК-д холбогдуулан 2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан боловч ажиллах нөхцөлөөр хангаж, ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй, Э ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилж сунгагдсан байхад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох гүйцэтгэх захирлын тушаал 2024 оны 08 сарын 02-ны өдөр гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон. Ажилд эгүүлэн томилох үед албан тушаалын нэршил өөрчлөгдөөгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээ сэргэсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 22-ны өдөр дуусгавар болсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн гэж маргав.

 

3.Б.Тр нь Н ГХОХХК-тай 2021 оны 11 сарын 29-ний өдөр дампын оператор албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллаж байжээ. /хх-139-148х/

 

Ажил олгогчийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн Б22/814 дугаар тушаалаар Б.Тртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

 

Б.Тр нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Н ГХОХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 210/МА2024/0688 дугаар магадлалаар Б.Трын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 001/ШХТ2024/00720 дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар уг хөдөлмөрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байна. /хх-61-76х/

 

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/0004200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 210/МА2024/02129 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 001/ХТ2025/00053 дугаар тогтоолоор Б.Трын нэхэмжлэлтэй, Н ГХОХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэжээ. /хх-29-34х/

 

Хариуцагч Н ГХОХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх захирлын 2024 оны 08 сарын 02-ны өдрийн Б24/0914 дугаар тушаалаар Б.Трыг дампын оператор албан тушаалд эгүүлэн томилжээ. /хх-130х/

 

Нэхэмжлэгч нь Б.Трыг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан боловч нэхэмжлэгчийг ...ажлын байраар хангаж ажиллуулаагүй гэж, хариуцагчийн зүгээс ...компанийн дүрэм журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уурхайн бүсэд ажилладаг ажилтнуудаас буюу Б.Траас тодорхой хэмжээний шалгалт авч, үнэмлэх олгох шаардлагатай, дампын оператор хүмүүс М ангилалтай үнэмлэх авдаг, тиймээс дүрэм журмуудтайгаа танилц гэсэн боловч нэхэмжлэгч Б.Тр огт танилцаагүй хэмээн тайлбарладаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00425 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/0004200 дугаар шийдвэртэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөгдсөн тухайд талууд маргаагүй болно.

 

4.2024 оны 11 сарын 22-ны өдөр ажил олгогч Н ГХОХХК-иас Б.Тртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа Э ХК-тай 2021 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 21-ны өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 12 сарын 22-ны өдрөөр дуусгавар болохыг мэдэгджээ. /хх-138х/

 

             Н ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.7.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Уулын хэлтсийн дампын оператор албан тушаалтай Б.Тртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 22-ны өдөр дуусгавар болсон тул мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-4х/

 

Ажлаас чөлөөлөх өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлөлтийн тухайд талууд мөн маргаагүй, цалин хөлсийг олгосон баримт хэрэгт авагдсан байна. /хх-150-158х/

 

5.Н ГХОХХК нь Т ХХК болон Си ар найнтээн бюро ХХК нарын хамтаар Т-ээр Э ХК-тай 2021 оны 11 сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 тоот Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнд ажил гүйцэтгэгчээр оролцон, захиалагчаас зарласан Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-78-100х/

 

2024 оны 12 сарын 16-ны өдөр дээрх гэрээний талууд ажлыг зогсоох тухай акт үйлдэж, мөн өдрөө ЭТТ-2024/1171 тоот Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний ажил эхлүүлэх акт үйлдсэнээр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Э ХК, Ти эн түншлэл нарын байгуулсан ЭТТ-2024/1171 дугаар гэрээний ажил эхэлсэн байна. /хх-102-123, 126-129х/

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.6 дахь хэсэгт зааснаар санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх үед хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаа заан байгуулж болохоор хуульчилсан.

 

Б.Тр болон Н ГХОХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд гэрээний үргэлжлэх хугацааг 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1-т тодорхой заасан байх ба ажил олгогч болон Э ХК нарын хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаатайгаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасны дагуу тохиролцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг заасан ба 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор хуульчилсан.

 

Ажил олгогч Н ГХОХХК-иас ажилтан Б.Трт 2024 оны 11 сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, Э ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор 12 сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохыг мэдэгдэж, улмаар гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар дээр дурдсан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй талаар заасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох мэдэгдлийг гардуулаагүй, мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зуруулаагүй гэж тайлбарлах боловч хуулийн дээрх зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул ажилтанд мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээхгүй юм.

 

Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргаж ажилтанд гардуулсан байх тул тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт тус тус нийцсэн гэж үзнэ.

 

            7.Хариуцагч Н ГХОХХК нь Э ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан нь Б.Тртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай харилцан хамааралгүй бөгөөд гэрээ үргэлжилсэн тул хөдөлмөрийн гэрээ мөн үргэлжлэх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1-т ажил олгогч болон Э ХК нарын хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хэмээн хугацааг тогтоосон болно.

 

8.Б.Тр нь Зогсолтгүй ажиллах хамтын хүч уурхайчдын холбоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагын даргаар ажиллаж байсан талаар тайлбарлах бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хэмээн маргадаг.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно хэмээн заасан байна.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.Трыг захиргааны санаачлагаар ажлаас халаагүй, харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Трын хариуцагч Н ГХОХХК-д холбогдуулан гаргасан 2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Н ГХОХХК-д холбогдох 2024 оны 12 сарын 22-ны өдрийн Б24/1694 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Трын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ