2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05101

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 12 192/ШШ2025/05101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Х овогт Зийн А /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** байр, Эн Эм товер, 17 давхар хаягт байрлах Т ББСБ ХХК /рд:6710891/-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урамшуулал 3,669,156.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сувд-Үжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзул, гэрч Б.Хишигдарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч З.А нь 2024 оны 01 сарын 15-ны өдөр Т ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албанд зээл төлүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд анх ажилд орсон. Үүнээс хойш 3 сарын дараа 2024 оны 04 сарын 16-ны өдөр үндсэн ажилтан болж томилогдсон. Нэхэмжлэгч нь Т ББСБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа ажлын гүйцэтгэл, ур чадварын хувьд хамт олон дундаа нэр хүндтэй, гүйцэтгэл нь байнга 100 хувь үнэлэгддэг, ажлын үр бүтээмж нь ямар ч өөлөх зүйлгүй, шилдэг ажилтан байсан. Энэ тухай эвлэрүүлэн зуучлал, гурван талт хороон дээр маргаж байх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ц ирж хэлж байсан. Ажиллах байх хугацаандаа буюу 2024 оны 05 сарын 19-ний өдөр 8 цаг ажил тасалсан гэсэн зөрчлийг анх удаа гаргасан. Энэ зөрчилдөө 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хаалттай сануулах сахилгын шийтгэлийг тушаалаар ажил олгогч ногдуулсан. Үүнд нэхэмжлэгч талаас ямар нэгэн маргасан асуудал байхгүй. Ингээд анх удаа сахилгын шийтгэл авсан боловч ажлаа хэвийн үргэлжлүүлээд, ажиллаж байсан. Ингэж ажиллахдаа өөр ямар нэгэн байдлаар зөрчил, дутагдал гаргаагүй. Тухайн хамт олныхоо дунд зарлагдаж байсан тэмцээн уралдаанд оролцож, багаараа түрүүлж байсан талаарх хавтаст хэрэгт дурдагдсан байдаг. 2024 оны 11 сарын 27-ны өдөр ажлаас 3 цаг хоцорсон зөрчил гаргасан. З.А гийн хувьд 3 цаг хоцорсон гэдэг үйл баримтад бол маргаагүй. Уг 3 цаг хоцорсон зөрчилд ажил олгогчийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар хаалттай сануулах сахилгын шийтгэлийг мөн адил тушаалаар ногдуулсан. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш З.А д ямар нэгэн зөрчил, дутагдал гаргасан зүйл байхгүй. Шинээр сахилгын зөрчил гаргасан үйлдэл байгаагүй боловч 12 сарын 19-ний өдөр ажил олгогчийн төлөөлөл болох түүний албаны дарга О.Э дарга дуудаж уулзахад түүний хажууд хүний нөөцийн мэргэжилтэн Б.Х хамт байлцсан. З.А ахыг дуудаж уулзаад, дараах байдлаар тулгалтыг үзүүлсэн. Та 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 цаг ажлаас хоцорсон байна гээд хаалттай сануулга сануулж байгаа талаараа хэлж, зөрчил бүртгэх тухай хуудсыг танилцуулсан ба нэхэмжлэгч гарын үсэг зураад явсан. Гэхдээ тус уулзалтын үеэр та он дуустал ажиллаад, урамшууллаа аваад ажлаас гаръя гэвэл хүсэлтээ өг, эсвэл дахин тушаал гаргаад таныг ажлаас хална гэдэг тулгалтыг нэхэмжлэгчид үзүүлсэн. Нэхэмжлэгч З.А энэ тулгалтад реакцилсан. Мэдээж 3 цаг хоцорсон үйлдэлдээ гэмшиж байгаа. Хэдий нэг удаа 3 цаг хоцорсон боловч өөр өдрүүдэд ийм удаан хугацаагаар хоцорсон үйлдлийг 11 сарын 27-ны өдрөөс 12 сарын 19-ний өдрийн хугацаанд гаргаагүй. Харин нэхэмжлэгч сарын сүүлээр байнгын давтамжтай хугацаанд ажлаа нөхөж, цаг хугацаанд нь амжуулахын тулд илүү цагаар ажилладаг байсан нь давтагддаг байсан. Нэхэмжлэгч З.А гийн Т ББСБ ХХК-д ажиллаж байсан цагийг дэнслээд үзэх юм бол илүү цагаар ажилласан хугацаа нь түүний тасалсан болон хоцорсон хугацаанаас нь хавь илүү гарна. Хэдийгээр 11 сарын 27-ны өдөр 3 цаг хоцорсон үйлдэлдээ хаалттай сахилгын арга хэмжээ аваад, шийтгэл ногдуулна гэдгээ ажил олгогчийн зүгээс мэдэгдчихсэн боловч дахин таныг халах тушаал гаргана, эсвэл та он дуустал ажиллаж, урамшууллаа аваад, өөрөө ажлаас гарах хүсэлтээ өг гэдэг сонголтгүй тулгалтыг үзүүлсэн. Энэ тулгалтад нэхэмжлэгч маш ихээр урам нь хугарч, сэтгэлээр унасан. Би алдаа гаргасан нь үнэн, хаалттай сахилгын шийтгэлээ авчихсан байхад яагаад өөр шийтгэл ногдуулж байгаа юм бэ. Та нар дахин дахин ийм тушаал гаргаж болдог юм уу, би бодож үзье гээд тухайн өдрийн уулзалтаас гарсан. Маргааш өглөө нь буюу 12 сарын 20-ны өглөө 10 цагийн үед шууд удирдлага болох О.Энххэрлэн дарга руугаа нэхэмжлэгч бодож үзээд, дахиж буцаад очмооргүй байсан учраас хууль бус нэг талыг барьсан шахалтыг үзүүлж, нэгэнт л ажил олгогч ажлаас гаргана л гэсэн байр суурьтай байгаа бол та нар ямар үндэслэлээр, ямар тушаал гаргана гэж надад тулгаад байгаа юм бэ, тэр тушаалаа гаргачих аа гэж мессежээр мэдэгдсэн. Ингэж хэлээд тухайн өдөр ажилдаа очихгүй болсон талаар нь шууд удирдлага болох О.Энххэрлэн дарга мэдсэн. Мөн тухайн өдөр нэхэмжлэгч 12 сарын 23-ны өдөр очиж ажил хүлээлцэнэ гэдэг тухайгаа мессежээр мэдэгдсэн байдаг. Ингээд З.А 12 сарын 23-ны өдрийн үдээс хойш 4 цагийн үед ажил дээрээ тушаалаа авъя гээд очиход нь түүнд хоёр тушаал өгсөн. Нэг нь 11 сарын 27-ны өдөр болон 05 дугаар сард хоцорсон үйлдлүүдийг нь дурдаад давтан зөрчил болсон боловч хаалттай сануулж байна гэдэг 19-ний өдрийн огноотой тушаал байгаа. Мөн хоёрдох гардуулж өгсөн тушаал нь 12 сарын 23-ны огноотой ажлаас халах тушаал байсан. Энэ ажлаас халах тушаалын үндэслэх хэсгийн 1 дүгээр хэсэгт 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8 цаг ажил тасалсан гэх үйл баримтыг дурдаж гаргасан зөрчил нь энэ болж таарч байгаа юм. Үүнээс өмнөх хугацааны зөрчлүүдэд нь зохих шийтгэлийг ногдуулсан. Гэтэл 20-ны өдөр нэхэмжлэгч ажил таслаагүй, 19-ний өдөр намай хална гээд байсан тэр тушаалаа гаргачих, би нэгдэх өдөр очиж ажлаа хүлээлцье гэж шууд удирдлагадаа мэдэгдсээр байтал З.А г ажилдаа ирэх ёстой байсан ба шууд удирдлагадаа мэдэгдэхгүйгээр ажил тасалсан гэж үзээд тус тушаалыг гаргасан нь үндэслэлгүй. Мөн уг тушаалыг гарахаас өмнө таныг 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 5 дахь өдөр 8 цаг ажил тасалсан гэж бид үзэж байна. Энэ зөрчилд тайлбар байна уу гэдэг ч юм уу урьдчилан сонсох ажиллагаанд оруулж, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тайлбар аваагүй бөгөөд тайлбар гаргах боломж, эрхээр нь хангахгүйгээр шууд тушаал гардуулж өгсөн. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчиж гарсан тушаал байгаа. Иймээс 23-ны өдрийн ажлаас халах тушаал нь нэгдүгээрт нэхэмжлэгч З.А ажил таслаагүй, Т ББСБ ХХК-ийн төлөөлөгч буюу О.Энххэрлэн даргын уулзалтын үеэр хэлээд байсан он дуустал ажиллаад урамшууллаа аваад гар эсвэл халах тушаал гаргаад таныг хална гэдэг тулгалтад орж, өөрт нь шударга бус санагдсан учраас ямар тушаалыг ямар үндэслэлээр гаргах гээд байгаа талаар ойлгоогүй тул тэр тушаалаа гаргачих аа, би хууль хяналтын байгууллагаар явна гэдэг байр суурьтай байсан учраас тушаалаа гаргачих, тэр өдөр ажилд очихгүй гэдгээ шууд удирдлагадаа мэдэгдээд явсан байхад тухайн өдөр ажил тасалсан гэж үзэж ажлаас халсан нь өөрөө үндэслэлгүй. Түүнчлэн хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах журмыг баримтлаагүй учраас тус тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч З.А г ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацаанд нь ногдох цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж, төлүүлж өгнө үү.

Мөн нэхэмжлэгч З.А нь хариуцагч байгууллагад нийт 12 сарын хугацаанд ажилласан бөгөөд 2024 он дуусахаас 7 хоногийн өмнө ажлаас халагдсан байдаг. Гэтэл ажлаас халагдах үед нь ажил олгогчоос жилийн эцсийн урамшууллыг олгоогүй. Харин 07 дугаар сарын 08-ны өдөр хагас жилийн урамшууллаа авсан. Тус компанид мөрдөгдөж байгаа урамшууллын журмын дагуу ажилтнууд хагас жилийн урамшуулал болоод жилийн эцсийн урамшууллыг тооцуулж авдаг юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тус тус заасан учраас нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоосон эсэхээс үл хамааран ажилласан хугацаандаа авах ёстой байсан урамшууллаа авах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй нь тогтоогдож байна. Иймээс ажилласан хугацаанд нь ногдох урамшууллыг нэхэмжилж байгаа. Урамшууллын журамд заасны дагуу нэхэмжлэгчид олгогдох урамшууллын хэмжээг тооцоход нийт 3,669,156.55 төгрөг гэж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ББСБ ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч З.А г 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа хувийн зохион байгуулалтгүйгээс удаа дараа ажлаас хоцрох үйлдлүүдийг гаргадаг байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа З.А г 05 сарын 19-ний өдөр тасалсан гэх тайлбарыг гаргаж байгаа боловч яг тасалсан огноо нь 06 сарын 19-ний өдөр гэдгийг залруулж хэлье. Тэгэхээр 06 сарын 19-ний өдөр 8 цаг ажил тасалсан тухай өөрөө маргаагүй гэдэг тайлбараа хэлж байна. Мөн дээрээс нь 06 сарын 19-ний өдөр бүтэн ажлын нэг өдөр буюу 8 цаг тасалсан учраас 06 сарын 24-ний өдөр хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ба дахин ийм зөрчил гаргахгүй гээд ажил тасалсан нөхцөлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дараа бол 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 цаг ажил тасалсан байдаг. Нэхэмжлэлдээ энэ ажил тасалсан хугацаагаа илүү цагаар нөхөн ажиллаж, зөрчлөө арилгасан гэж дурдсан байдаг. Гэтэл ажлын цагийн системд үзлэг хийхэд тухайн үед илүү цагаар нөхөж ажиллаж, зөрчлөө арилгасан нөхцөл байдал байхгүй, ажлын 3 цаг тасалсан талаараа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. 11 сарын 27-ны өдрөөс хойш зөрчил гаргаагүй явсан байдаг. 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3 цаг ажил тасалсан нөхцөл байдлын тухайд мэдээж тухайн үед албаны дарга нь бол ажилтантай уулзаж, ярилцсан байдаг. Энэ уулзалтаар дарга болон ажилтны хооронд энэ ажил тасалсан нөхцөлөө хүлээн зөвшөөрч, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн уулзалт болсон. Үүний дараа 12 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч дахиад 54 минут хоцорч, ажилдаа ирээгүй нь үзлэг хийсэн цагийн бүртгэлээс харагдана. Ингээд 54 минут хоцорч, зөрчил гаргасан учраас О.Энххэрлэн дарга дахин уулзаад дахин ийм зөрчил гаргахгүй гэсэн боловч 09-ний өдөр дахин ажилд хоцроод ирж байна. Ер нь бол удаа дараа хоцорч, хариуцлагагүй үйлдэл гаргасан. Сарын сүүлийн өдрүүдэд бүх ажилчид ачаалалтай, цагийн төлөвлөлт болон ашиглалт маш чухал байдаг үеэр ажил тасалсан нь удаа дараагийн зөрчил гаргаад байгаа талаар нь тухайн ажилтан руу мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн 54 минут хоцорсон уг зөрчилд нь арга хэмжээ ногдуулаагүй. Сүүлийн 11 дүгээр сарны 27-ны өдөр хоцорсон зөрчил дээр нь 12 дугаар сарын 19-ний өдөр албаны дарга нь хүний нөөц рүү мэдэгдэж, зөрчлийн талаар танилцуулахад өмнөх 06 дугаар сарын 19-ний өдрийн 8 цаг тасалснаас хойш 11 дүгээр сар гэхээр яг 6 сар дотроо хоёр дахь давтан зөрчил гаргасан учраас манай хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хүний нөөцийн шаардлагын дагуу ямар ч ажилтан байсан тухайн хүн сахилгын давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журамд зааснаар ажлаас халах үндэслэл, нөхцөл байдал үүссэн байна гэдгийг тайлбарлаад, З.А ажилтантай биечлэн уулзалт хийсэн. Тухайн уулзалтад таны гаргасан давтан зөрчил нь таныг ажлаас халах үндэслэл болж байна. Та гүйцэтгэлээсээ хамааран урамшууллаа авах боломжтой. Та ядаж урамшууллаа аваад явбал зүгээр юм биш үү гээд бас өөрөө нөхцөл байдлаа тайлбарлаж, дараагийн удаа дахин зөрчил гаргахгүй, сайн ажиллана гэх хариу тайлбарыг өгсөн бол ажил олгогч сонсоод уулзаж байгаа юм чинь арай өөр байдалтай байх байсан. Гэтэл намайг давтан зөрчил гаргалаа гэж ажлаас гарахыг тулгаж байна гэдэг байдлаар хандаж, ямар нэгэн зөвшилцөлд хүрэх бодолгүйгээр чөлөө авъя гэж хэлсэн байдаг. Үүний дагуу 12 сарын 19-ний өдөр та сайн бодоод ирээрэй гээд О.Энххэрлэн дарга үдээс хойш чөлөө олгож, ажилтан явсан. Чөлөө аваад явсан ажилтан маргааш нь буюу 12 сарын 20-ны өдөр ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байтал ажилдаа ирээгүй. Ажилтан ажилдаа ирээгүй учраас албаны дарга нь яагаад ажилдаа ирсэнгүй вэ гэж тодруулахаар мессеж бичихэд ажилтан болох З.А өөрөө халах тушаалаа гаргачих, нэгдэх өдөр очиж гарын үсэг зурна гэх хариу өгсөн. Гэвч тэр үед ажилтан ажлаас ямар нэгэн байдлаар чөлөөлөгдсөн зүйлгүй, ажил олгогч болон ажилтны харилцаа хэвийн үргэлжилж байсан. Ингээд ажилтан 12 дугаар сарын 23-ны өдөр халагдах тушаалаа ирж гардаж авсан. Тус тушаалын үндэслэл хэсэгт өмнөх хоёр сахилгын давтан зөрчил гаргасан гэдгийг нь үндэслэж, тушаалынхаа нэгдэх хэсэгт ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаа дуусаагүй байх үед ажилдаа ирэлгүй ажил тасалсан учраас гэдэг нөхцөлийг дурдаад тушаал гаргасан. Түүнээс биш 20-ны өдөр ажил тасалсан гэх үг нь яг тушаалын үндэслэл болоогүй гэдгийг харах нь зүйтэй. Тушаалын гол үндэслэл нь өмнөх хоёр сахилгын шийтгэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 80.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж тус тус заасан. Манай сахилгын зөрчлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаа баримталж гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.8 дахь хэсэгт ажлын цаг ашиглалтаас хүлээлгэх хариуцлагыг, 6.1.8.2 дахь хэсэгт ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр холбогдох ажилтанд урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлын байрандаа байгаагүй тохиолдолд ажилтныг ажил тасалсанд тооцно, 6.8.3 дахь хэсэгт ажилтны ажлын цаг ашиглалт хангалтгүй байгаа тохиолдолд холбогдох сахилгын арга хэмжээ авна гээд сард 61-150 минут хоцорсон, тасалсан бол сануулга, сард 151 минутаас 8 цаг хүртэл хоцорсон, тасалсан бол тушаалаар сануулах сахилгын шийтгэлийн тус тус ногдуулахаар заасан. Уг хөдөлмөрийн дотоод журмын 6.8.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтан 8 цаг цаг ажил тасалсан ба 61-150 минут хүртэл буюу 3 цаг ажлаа тасалсан зөрчлүүд нь давтан гаргасан зөрчилд тооцогдоно. Мө

 

 

 

өн хөдөлмөрийн гэрээнд ч хүртэл дээрх нөхцөл байдлыг тусгасан. Хамгийн сүүлийн байдлаар үндсэн ажилтан болсон хөдөлмөрийн гэрээ нь 04 сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ. Энэ гэрээний 3 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг зааж, ажилтан бол ажлын цагийг баримтална, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулна, мөн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гэж дурдаж өгсөн байгаа. Ноцтой зөрчлийн 5.1.12 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш давтан гаргасан, эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар цуцлах тухай тодорхой зааж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон Т ББСБ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу оногдуулсан. Түүнчлэн 11 сарын 19-ний өдөр зөрчил танилцуулахад чөлөө авч явсныхаа дараа 12 сарын 20-ны өдөр ажилдаа огт ирэлгүй, өөрөө ажлаа хүлээлцье, миний тушаалыг гаргачихаараа гэж хэлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй халагдсан, ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй, бид холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ажилтантай байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу гаргасан учраас хууль бус, дүрэм журам зөрчсөн зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хариуцагч нь ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран 7-12 сарын хугацаанд хагас жилийн урамшуулал тооцож авах эрхтэй гэж дурдсан байдаг. Т ББСБ ХХК нь Таван богд группийн охин компани бөгөөд толгой компани болох Таван богд холдингоос гарсан урамшууллын журмыг дагаж мөрддөг. Хариуцагч талаас хариу тайлбарт хавсаргасан баримтууд дээр Таван богд холдинг нь Т ББСБ ХХК-ийн толгой компани буюу хувьцаа эзэмшигч гэдэг нь харагдаж байгаа учраас бид группийн урамшууллын журмыг дагаж мөрддөг. Урамшууллын журмын гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг заасан байдаг ба 43.1.3 дахь хэсэгт Ажилтныг шагнаж урамшуулах гэж заасан. Үүнээс үзэхэд ажил олгогч нь ажилтнаа шагнаж урамшуулах нь түүний эрхийн асуудал юм. Тэрнээс биш заавал тэгж шагнаж, урамшуулах ёстой гэж биднийг үүрэгжүүлээгүй учраас тухайн компанийн онцлог, ажлын нөхцөл шалтгаанаас хамааран ажилтандаа урамшуулал олгож, шагнах нь байгууллагын эрхийн асуудал юм. Манай компанийн хувьд ажилтнаа урамшуулах, шагнах, тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангах, ажилтандаа урам өгөх байдлаар 90 хувиас дээш гүйцэтгэлтэй ажилласан бүх ажилчдадаа урамшуулал олгодог. Гэхдээ манай урамшууллын гол зорилго нь бол түрүүн хэлсэнчлэн тухайн ажилтныг тогтвортой ажиллах баталгаа, хариуцлагыг нь нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, компанийн орлого ашигт ажиллагаанаас нь хамааран шагнаж урамшуулах гол зорилго байдаг. Оны эцэст ажилтнууд ашигтай ажилласан эсэхийг тооцоолоод ажилчдад урамшуулал олгодог учраас наана нь ямар нэгэн байдлаар тодорхойлох боломжгүй, бид оны эцэст тайлан, ашигт ажиллагааны үндэслэлээр ийм хэмжээний ашиг гарч, үр дүнтэй ажилласан талаар тодорхойлсны үндсэнд урамшуулал олгодог. Түүнчлэн урамшууллын журмын 4.3 дахь хэсэгт дараах тохиолдолд урамшуулал тооцож олгохгүй гэдгийг мөн зохицуулчихсан байгаа. Үүнд 4.3.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээ цуцалсан эсвэл ажил олгогчийн зүгээс цаашид уг ажилтныг ажиллуулахгүй байх шийдвэр гарсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн ажилтанд урамшуулал тооцож олгохгүй гээд маш тодорхой заачихсан. Энэ журам нөхцөлийг бүх ажилтнууд мэддэг бөгөөд энэ нөхцөлийг хүний нөөцөөс З.А д тайлбарлаад, та хэрвээ ингээд гарна гэх юм бол урамшууллаа авч чадахгүй нөхцөл байдал үүснэ, тэгэхээр та урамшууллаа авах боломжтой шүү гэдэг байдлаар боломжийг нь олгож өгсөн. Учир нь ажилтан өөрөө ажлаас гарах өргөдлөө өгсөн болон ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гарсан ч тэр аль аль нөхцөлд урамшуулал тооцож олгохгүй журмаар зохицуулсан байдаг учраас ажилтныг чөлөөлсөн тушаал 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан тул журамд заасан нөхцөлөөр ажил олгогчид урамшуулал тооцож олгох үндэслэлгүй бөгөөд эрх хэмжээ байхгүй. Манай зүгээс үнийн дүн дээр маргахгүй байгаа учир нь журмаараа урамшуулал тооцох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан зүйл заалтуудыг дурдаж байна. Цалин хөлс, урамшуулал гэдэг нь ажил гүйцэтгэж байх хугацаанд нь ажилтны ажилласан цагийн дагуу болон ажлын нөхцөл байдал, ажилласан идэвх зүтгэл гэдэг байдлаар урамшууллыг тооцож олгодог. Тухайн ажилтан ажиллаж байгаа тохиолдолд цалин хөлс болон урамшууллын асуудал яригдах нь зүйтэй. Харин ажлаас гарсан нөхцөлд цалин хөлс болон урамшуулал яригдах боломжгүй. Учир нь тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажил олгогчийн зүгээс ажилтныг чөлөөлчихсөн байтал урамшуулал, олгогдох ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй гэв.

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 42-297 дугаар Хөдөлмөрийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24-42/Б-00349 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 02 сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 0150 дугаар итгэмжлэл, 2025 оны 05 сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 06 сарын 10-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, төрсний бүртгэлийн лавлагаа,

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: 2024 оны 04 сарын 26-ны өдрийн, 2025 оны 03 сарын 07-ны өдрийн, 2025 оны 03 сарын 17-ны өдрийн итгэмжлэл, 2025 оны 03 сарын 17-ны өдрийн хариу тайлбар, хуулийн этгээдийн гэрчилгээ, Т ББСБ ХХК-ийн дүрэм, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн дотоод журам, зөрчил бүртгэх хуудас, 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 24-42/Б-00347 дугаар, 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 24-42/Б-00047 дугаар, 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24-42/Б-00349 дугаар, гүйцэтгэх захирлын тушаал, 2025 оны 05 сарын 23-ны өдрийн хариу тайлбар, 2025 оны 06 сарын 12-ны өдрийн хариу тайлбар, Т ББСБ ХХК-ийн 2024 оны 12 сарын 19-ний өдрийн 24-42/Б-00347 дугаар гүйцэтгэх захирлын тушаал,

 

Шүүхийн журмаар: 2025 оны 04 сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, Т ББСБ ХХК-ийн ерөнхий захирлын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 01/А-32 дугаар Урамшууллын журам зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. З.А нь хариуцагч Т ББСБ ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урамшуулал 3,669,156.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 11 сарын 27-ны өдөр 3 цаг хоцорсон үйлдэлдээ хаалттай сахилгын арга хэмжээ аваад, шийтгэл ногдуулна гэдгээ ажил олгогчийн зүгээс мэдэгдсэн бөгөөд дахин таныг халах тушаал гаргана, эсвэл та он дуустал ажиллаж, урамшууллаа аваад, өөрөө ажлаас гарах хүсэлтээ өг гэдэг сонголтгүй тулгалтыг үзүүлсэн, 2024.06.24, 2024.12.19-ний өдөр 2 удаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн атлаа 2024.12.20-ны өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр 2024.12.23-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон эсэхээс үл хамааран ажилласан хугацаандаа авах ёстой байсан урамшуулал 3,669,156.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...хоёр удаагийн давтан зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халах үндэслэл, нөхцөл байдал үүссэн. 2024.06.24, 2024.12.19-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл 2024 оны 12 сарын 20-ны өдөр ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байтал ажилдаа ирээгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд өмнөх хоёр сахилгын давтан зөрчил гаргасан гэдгийг нь үндэслээд, тушаалынхаа нэгдэх хэсэгт ажилтан болон ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаа дуусаагүй байх үед ажилдаа ирэлгүй ажил тасалсан учраас гэдэг нөхцөлийг дурдаж тушаал гаргасан. Урамшууллын журмын 4.3.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээ цуцалсан эсвэл ажил олгогчийн зүгээс цаашид уг ажилтныг ажиллуулахгүй байх шийдвэр гарсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн ажилтанд урамшуулал тооцож олгохгүй байхаар заасан тул 3,669,156.55 төгрөгийг зөвшөөрөхгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тодорхойлов.

 

3.Нэхэмжлэгч З.А нь 2024 оны 01 сараас туршилтын хугацаагаар ажилд орж, 2024 оны 04 сараас жинхлэн Т ББСБ ХХК-д зээл төлүүлэлтийн мэргэжилтэн-ээр, сарын үндсэн цалин 2,133,333 төгрөг, нэмэгдэл цалин 1,066,667 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийн цалинтай ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан болох нь түүнтэй байгуулсан 2024 оны 04 сарын 16-ны өдрийн №42-297 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ээр тогтоогдов. /хх-2-5х/

 

З.А хөдөлмөрийн гэрээний дагуу Т ББСБ ХХК-д ажиллаж байгаад ажил олгогчийн 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24-42/Б-00349 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-8х/

 

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Т ББСБ ХХК-н Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.2.2.8 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2.21 дэх заалт, Ажилтантай байгуулсан 42-297 тоот Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6.4, 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалт, Компанийн 2024.06.24-ний өдрийн 24-42/Б-00047 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2024.12.19-ний өдрийн 24-42/Б-00347 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус үндэслэж,

1 дэх заалтаар ...З.А нь 2024 оны 12-р сарын 20-ны өдөр өөрийн шууд удирдлагаас зөвшөөрөл авалгүй 8-н цаг ажил тасалж, уг зөрчлийг өмнө удаа дараа гаргасан байх тул 2024 оны 12 сарын 23-ны өдрөөр тасалбар болгож, түүнтэй байгуулсан 42-297 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэжээ.

 

4.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байна. Ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон болох нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 25/19 дугаартай тэмдэглэлээр нотлогдов. З.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан ба ажил олгогч Т ББСБ ХХК нь З.А г ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заасныг ажил олгогч үндэслэсэн байна.

 

6.Хэрэгт Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.06.24-ний өдрийн 24-42/Б-00047 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2024.12.19-ний өдрийн 24-42/Б-00347 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд авагдсан байна. /хх-52-53х/

 

Дээрх 2024.06.24-ний өдрийн тушаалаар ...З.А нь 2024.06.19-ний өдөр шууд удирдлагад мэдэгдэж чөлөө авалгүйгээр ажлын 8 цаг тасалсан тул тушаалаар хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах..., 2024.12.19-ний өдрийн тушаалаар ...З.А нь шууд удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр 3 цаг ажил тасалсан тул тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулах гэжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх 2 удаагийн сахилгын шийтгэлийн тухайд маргаангүй, зөвшөөрч байгаа тухай тайлбарлав.

 

Харин 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24-42/Б-00349 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нэг дэх заалтад заасан ...2024 оны 12 сарын 20-ны өдөр 8 цаг ажил тасалж гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй, тухайн өдөр ажил таслаагүй, ажил олгогчоос 2024 оны 12 сарын 19-ний өдөр болсон уулзалтад ажлаас чөлөөлөх тухай тулгасан тул мөн өдөр ажилд очоогүй хэмээн маргадаг.

 

7. З.А болон зээл төлүүлэлтийн албаны дарга О.Энххэрлэн нарын харилцсан гар утасны мессеж баримтыг талуудаас ирүүлж, шүүх уг баримтад үзлэг хийн бэхжүүлсэн бөгөөд уг мессежинд 12 сарын 20-ны өдрийн 10 цаг 19 минутад О.Энххэрлэн Ugluunii mend гэхэд, З.А Халах тушаалаа гаргачих оо. Би нэг дэх өдөр юмнуудаа хүлээлгэж өгье, Олон дахин очоод байж чадахгүй болохоор 1 дэх өдөр бас тойрох хуудсаа зуруулчихмаар байна гэсэн мессежийг 10 цаг 37 минутад илгээжээ. /хх-74-79х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, мөн талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.12, Т ББСБ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2.21 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар тус тус заасан байна. /хх-2-5, 34-48х/

 

Нэхэмжлэгч З.А нь Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.06.24-ний өдрийн 24-42/Б-00047 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2024.12.19-ний өдрийн 24-42/Б-00347 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг зөвшөөрч, маргахгүй байгаа тухай дээр дурдсан бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс гаргасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.А нь 2024 оны 12 сарын 20-ны өдөр 8 цаг ажил тасалснаас үл хамааран 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн тул энэхүү үйл явдал нь ажлаас чөлөөлөх үндэслэлийг бий болгосон байх бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон, тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-49-53х/

 

Тиймээс хариуцагч Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24-42/Б-00349 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8.Нэхэмжлэгч нь ...ажилласан хугацаандаа авах ёстой байсан урамшуулал 3,669,156.55 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэх, 117 дугаар зүйлийн 117.3-т ажил олгогч энэ хуульд зааснаас өөр төрлийн олговрыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож болохоор заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуульд урамшууллыг хэрхэн олгох талаар тусгайлан зохицуулаагүй тул ажил олгогч Т ББСБ ХХК нь өөрийн толгой компани болох Т ХХК-ийн ерөнхий захирлын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн №01/а-32 тоот Таван богд группын Урамшууллын журам-ыг шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан 01/001 тоот Урамшууллын журам-ыг дагаж мөрддөг талаар тайлбарлаж, уг журмыг баримтаар ирүүлсэн. /хх-115-123х/

 

Урамшууллын журмын 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээ цуцалсан, эсвэл ажил олгогчийн зүгээс цаашид уг ажилтныг ажиллуулахгүй байх шийдвэр гарсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн ажилтанд урамшуулал тооцож олгохгүй хэмээн заасан байна.

 

Дээр дурдсанаар Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 24-42/Б-00349 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал үндэслэл бүхий талаар дүгнэсэн тул урамшууллын журмын 4.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.А д 3,669,156.55 төгрөгийн урамшууллыг тооцож олгох үндэслэлгүй.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч З.А гийн хариуцагч Т ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урамшуулал 3,669,156.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Т ББСБ ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урамшуулал 3,669,156.55 төгрөг гаргуулах тухай З.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ