Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 0640

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Б.Батхишиг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Б.Энхтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч  Х.Цэцэгхорлоо, шинжээч эмч Б.Долгормаа, техникийн шинжээч Б.Гомбосүрэн, гэрч Ж.А, Д, Д.Г шүүгдэгч С.Г   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон овогт С Г холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1803000010042  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С Г, 19 оны 3 дугаар сарын 22-ны өдөр  суманд   төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, жолооч мэргэжилтэй,  жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн   хамт  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

          1993 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Октябрийн районы шүүхийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

          1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 315 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  

        2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр   1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 315 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 6 сарын хугацаагар хорих ялаар шийтгүүлсэн , уг хорих ялаа хорих 401 дүгээр ангид биеэр эдлэж байгаад 2002 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 18 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан.

        2002 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүлйин 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хугацаагар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялыг Багануур дахь хорих ангид эдлэж байгаад 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж хорих ялыг багасгаж 5 жилийн хугацаагаар хорих ял болгож үүн дээр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож үүнээс нийт эдлэсэн 5 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хасаж үлдэх 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2008 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан , РД:

Холбогдсон хэргийн талаар:

           С.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 15.30 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцсийн буудлын замд  эзэмшилийн  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдлөгөөний аюулгүй байдлын тухай хууль түнд нийцүүлж гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул. Хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино “ гэсэн заалт, мөн дүрмийн 2.5- д заасан ¥Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож  ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг  байрнаас нь хөдөлгөхгүй байх,б/ тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар,гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ ажилтай/-дмэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эдмөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл  хүлээх, г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөн мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг, байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт,тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Аг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зорчих тээврийн нэгтгэл компанид 2010 онд жолоочоор ажилд орж одоог хүртэл 8 жил ажиллаж байна. 2017 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 14.00 цагийн үед ээлжээ авсан. Тухайн үе д очиж үдийн цайндаа орсон. Үдээс хойш 5-10 минут цайндаа ордог. Би цайнаасаа гарч ирээд Улиастайн шинэ эцсээс автобусандаа 5-6 хүн суулгаж хөдөлсөн. Хуучин эцэс орох замд явж байхад зам дагаж явж байсан явган зорчигч гэнэт хөл алдсан би толиндоо хараад зүүн тийшээ дарж зогссон. Тухайн явган зорчигч автобусны голын хаалганы урд тал буюу номерын жоохон хойно баруун мөрөөрөө шүргүүлж унасан. Тухайн үед тооромзоо зүүн тийш дарж аваараа татаж автобусаа зогсоогоод би  бууж очсон. Явган зорчигч нуруугаараа ойчиж намайг очиход дээшээ өндийж байсан. Би баруун тохойноос нь өргөж босгосон. Намайг босгоход тэр хүний халааснаас стандарт хаягтай архи унасан. Би архийг нь  халаасанд нь хийж өгөөд чи согтуу байж яагаад замын хажууд явж байгаа юм бэ, гэрээ олох уу, гэр чинь хаана вэ гэж асуусан. Тэгэхэд тэр хүн юм хэлээгүй. Дахин би гэр чинь хаана вэ гэж асуусан. жоохон явж байгаад өөрөө энд сууя гэж надад хэлсэн. Тухайн мөргүүлсэн газраас 200 метр зайнд явж байгаад чи яв яв би энд сууж үлдэе гэж хэлэхээр нь тэнд орхисон. Би чиглэлийн дагуу яваад Улиастайд ирсэн. Тухайн үед үлдээсэн газарлуугаа харахад  хүн байгаагүй  гэв.  

     Хохирогчийн в шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр 19 оны 6 дугаар сарын 21-ны өдөр төрсөн. С А гэдэг. Бид хоёр 1994 онд гэр бүл болсон. 15-22 насны 3 хүүхэдтэй. Бид хоёр гэр бүлийн баталгаагүй ч гэсэн талийгаачийг өнгөрөх хүртэл хамт амьдарч байсан. Манай хүүхдүүд эцгээрээ овоглодог. Манай нөхөр 1996 онд  замын цагдаагаар ажиллаж байсан. Тухайн газар ажиллаж байх үедээ байгууллагынхаа аварга цагдаа болсон. Ажил үүргээ чин үнэнчээр хийж гүйцэтгэж ажилдаа сайн байсан. Манай нөхөр замын цагдаа учраас нуруу нь өвддөг. Хадам ээжийн бие болон нөхрийн нуруу өвдөж Хөх хот руу эмчилгээнд явах болсон. Манай нөхөр чөлөө авч явсан. Чөлөөний хугацаа хэтрүүлэн явсан учраас 2002 онд ажлаасаа халагдсан. Үүнээс хойш гагнуур мэргэжилтэй болж хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би сувилагч мэргэжилтэй. Манай ээжийн бие өвдөөд тариа хийж өгөхөөр ээжийндээ очсон энэ үед ийм асуудал болсон. Манай нөхөр надтай уулзаж 7 хоногийн өмнө хөдөө ажилд явлаа гэж хэлсэн.  Би нөхрийгөө ажилд явсан гэж бодоод хүнээс асуухгүй хүлээж байсан. Сүүлд нь манай эгч таньдаг цагдаагаар асуулгаж олсон. Тухайн үед ийм асуудал болсон байсан. Осолд орсонг бид хэд 2 сарын дараа мэдсэн. Энэ хэрэг мөрдөн байцаалтанд шилжснээс хойш олон сар боллоо. Би энэ хүнээс янз бүрийн зүйл нэхээгүй. Оршуулгын зардал 3.940.607 төгрөгийг С.Ганбаатараас нэхэмжилж байна. Одоо бол гомдол саналгүй оршуулгын зардлаа авсан гэв.  

           Шүүгдэгч  С.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би У чиглэлд албаны  улсын дугаартай  грашийн дугаартай Деовоо маркийн ягаан алаг автобус жолоодож байсан. Дээрх автобустай уг чиглэлд 2017 оны 7 дугаар сарын 23-наас 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл ажиллах хуваарьтай байсан. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14.00 цагт ээлжээ авч уг автобусыг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. 2 бүтэн ресс хийгээд буцаад Улиастайн эцэс орчихоод хүнээ аваад хөдлөөд явж байтал 18.00 цаг өнгөрч байсан байх цаг хараагүй хуучин эцэс рүү эргэдэг тойрог өнгөрөөд баруун эргээд ертөнцийн зүгээр урагшаа чигээрээ явж байхад өөдөөс зам дагаад нэг хүн хойшоо явж байсан. Уг хүн согтуу байсан болов уу гэж бодсон. Гуйваад явж байсан. Тэгээд автобус ойртоод ирэхээр нь сигналдсан чинь миний буруу талын урд хэсгийг биеийн баруун хэсгээр шүргэсэн ба би тоормозлоод зогсоход нөгөө хүн дээшээ хараад замын хажууд унасан. Би автобуснаасаа буугаад нөгөө хүн дээр очиход ухаантай байсан. Тэр үед эсрэг урсгалд ХХК-ны цэнхэр өнгийн автобус зогсоод жолооч нь яадаг согтуу вэ гэж байсан. Нөгөө газар унасан залуу нэлээн согтуу байсан ба бие чинь гайгүй юу гэхэд өөдөөс юм хэлээгүй хараад байхаар нь сугадаад босгоход энгэрийн халааснаас нь Монгол стандарт нэртэй том шилтэй архи газар унасан. Би замын хажуу талын хашааны буланд суулгаад архыг нь өгөөд гэртээ харьж чадах уу гэхэд би жаахан суугаадхий гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд би яваад өгсөн. Тухайн хүн газарт дээшээ хараад толгой нь дагз хэсгээрээ газарт хүрсэн байдалтай хэвтэж байсан. Би яг яаж унахыг нь хараагүй. Тэгсэн чинь хажууд нь нэг эмэгтэй хашааны хаалгаараа харж байсан ба би танайд байдаг хүн үү гэж асуусан чинь тэр эмэгтэй үгүй гэж байсан. Тухайн хүн дээр очиход биед нь ил харагдах  гэмтэл шарх байгаагүй. Шалбарсан цус гарсан зүйлүүд байгаагүй. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь тэр хүн шал согтуу байсан ба өөрөө ирээд миний автобусыг мөргөсөн юм. Би сигналдахад миний урдуур орж ирсэн би бултуулаад зүүн гар тийшээ дарсан нөгөө хүн миний автобусны баруун урд хэсгийг шүргэсэн. Би автобусаа зогсоогоод нөгөө хүн дээр бууж очсон. Улиастайн эцэс дахин ороход нөгөө хүн харагдаагүй гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Талийгаач бид хоёр 1994 оноос 2017 оны 2 дугаар сар хүртэл хамт амьдарсан бөгөөд бид хоёрын дундаас 2 охин, нэг хүү бий. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй юм. 2017 оны 2 дугаар сарын сүүлээс хойш миний бие хүүхдийн хамт талийгаачаас нэг хэсэг гэр бүлийн маргааны улмаас болоод тусдаа амьдрах болсон юм. Манай хүн бол төлөв даруу, ажилсаг, зөөлөн сэтгэлтэй хүн байсан юм. 2002 онд талийгаач маань цагдаагийн байгууллагаас дутагдлаар халагдаж, түүнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болсон юм. Гэхдээ байнга хэрэглээд байдаггүй байсан. Тамхи татдаг юм. Манай нөхөр бол 1974 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Сургууль  соёлоо дүүргээд 1996 онд Цагдаагийн байгууллагын цагдаагийн курссд 45 хоног явж төгсөөд Замын цагдаагийн газрын  цагдаагийн тасагт цагдаагаар 2002 он хүртэл ажилласан. Би гомдолтой байна. Оршуулгын зардалаа авмаар байна гэжээ. /хх-ийн 64/       

          Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр өглөө 09.30 цагийн орчимд манай гэрийн зүүн урд талд байх Болор дэлгүүрээс 4 ширхэг бэлэн гоймон 1 ширхэг ундаа худалдаж аваад гэрлүүгээ орох гээд гудамжаа тойртол манай хашааны зүүн хойд өнцөгт нэг 40-50 орчим насны эрэгтэй хүн газарт тасарсан юм байдалтай хэвтэж байсан. Би харчихаад шууд гэрлүүгээ орсон. Гэрт ороод байж байтал нохой хуцаад байхаар нь буцаж гараад уг хүн дээр очоод чихийг нь үрээд сэрээтэл нөгөө хүн ухаан орсон. Тэгэхээр нь би нөгөө хүнд манайд ороод жоохон хэвтэж байгаад яваа гэж хэлээд хажуунаас нь дэмжээд босгоход тэр хүн надаас сугадаад манай хашаанд орсон. Би тэр хүнийг зуныхаа амбаарт оруулж гутал, өмд хоёрыг нь тайлаад хэвтүүлсэн. Тэгээд би гэрлүүгээ ороод зурагт үзсэн. Тэрнээс хойш 1 цаг 30 минут орчим болоод  босгоод явуулья гэж бодоод амбаарт ороод босгох гэтэл босохгүй нас барчихсан байсан. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан. Би уг нь эхлээд 103 дуудсан юм гэтэл нас барсан хүн дээр очихгүй цагдаад дууд гэсэн болохоор цагдаа дуудсан юм. Би уг хүнийг гудамжинд хэвтэж байсан болохоор зуныхаа амбаарт оруулаад ухаан нь орохоор гаргаад явуулья гэж л бодсон юм.  Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Би ер нь бол гэртээ төрсөн дүү З, хүү Б нарын хамт амьдардаг юм. Манай дүү З одоогоор надтай байхгүй байгаа. Учир нь тэр хотод ээжийг харж байгаа юм. Би уг хүнийг огт танихгүй юм байлаа. Би тухайн өдрийн өглөө архи уусан байсан. Би өчигдөр орой гэрийн зүүн талын Миний маркет дэлгүүр орж хүнсний зүйл авахдаа зүс таних дэлгүүрийн худалдагч залууд нэг хүн гэрт оруулсан чинь нас барчихлаа гэж ярихад нөгөө автобусанд мөргүүлсэн хүн мөн үү гэж хэлсэн. Би тэрийг нь мэдэхгүй болохоор юм хэлээгүй. Мөн манай гудамжны баруун мухарт байдаг Билгээ гэдэг эмэгтэй тэр хүнийг манай хашааны гадаа хэвтэж байхыг харсан гэсэн гэжээ. / хх-н 115- 120/        

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 16-20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 26-35/

          Талийгаач 45-50 орчим насны эрэгтэй хүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 38-42/

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 48/

         2017.8.19-ний өдрийн 17.09 минут 59 секундээс 2017.8.19-ний өдрийн 17.19.56 секундын хоорондох буюу 9 минут 57 секунд үргэлжлэх бичлэг бичигдсэн байна. Камерын бичлэгийг нэг бүрчлэн үзэхэд 2017.8.19-ний өдөр 17 цаг 15 минут 37 секундээс 2017.8.19-ний өдөр 17 цаг 16 минут 27 секундын хооронд  гэрч Б.Л, Д.З нар нь архи болон тамхи худалдаж аваад гарч байгаа нь бичигдсэн байна. Өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг 09.00 минутад дуусгаж уг флашийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргахаар болов гэжээ.

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: хар улаан өнгийн Sandisk  нэртэй 4GB  бүхий багтаамжтай флааш нэг ширхэг, цагаан өнгийн СД ямар нэгэн бичиггүй ба 10-42 УНЕ улсын дугаартай автобусны камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ. /хх-н 49/

          Талийгаач С овогт А өмсөж явсан хувцаснуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: 10 нэр төрлийн хувцасыг Д.Ц хүлээлгэн өгсөн байна./хх-н 50/

          Эрэн сурвалжлах тухай замын цагдаагийн албаны албан тоот:  / хх-н 51-60/

          Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд: С.А эхнэр Д.Ц тогтоож мэдүүлэг авсан байна /хх-н 61-64/

         Талийгаач С.А нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо  тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг гэдгийг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 68/

          Оршуулгын зардалын талаарх баримтууд /хх-н 74-89/

          С.А хувийн баримтууд /хх-н 70-73, 90-91/ зөрчлийн талаарх баримтууд /хх-н 98-108/

           С.А нас барсаны гэрчилгээ: авто ослоор нас барсан тул гэрчилгээ олгов гэжээ. /хх-н 92/

           Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н хуулийн зөвлөх Ц.Б иргэний хариуцагчаар тогтоосон байна. /хх-н 110-113/

           Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2009 онд анх С.Г танилцаж, 2010 оны 5 дугаар сард нэг гэрт орж үүнээс хойш хамтран амьдарч байгаа юм. Бид хоёрын дундаас хүүхэдгүй, бид гэрлэлтийн баталгаагүй юм. 2010 оны 2 дугаар сард С.Г нь ажилд орсон. Харин би 2010 оны 10 дугаар сард ажилд орсон юм. Бид хоёр 2010 оноос хойш л энэ зорчигч тээврийн нэгтгэлд ажиллаж байна. С.Г ажилдаа сайн, ажилсаг хүн байгаа юм. Архи хааяа л уудаг. Ажил төрөлдөө их сайн хүн байгаа юм гэжээ.  / хх-н 121/

          Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 15-17 цагийн хооронд Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг Б тоот хаягтай хүнсний дэлгүүрээ ажиллуулаад сууж байтал гаднаас зүс таних Л нэг хүний хамт орж ирээд 0.75 граммын Хандгай нэртэй нэг шил архи худалдаж аваад гарахдаа сая нэг автобус  хүн шүргэчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана тэр автобус хүн шүргээд явсан юм бол гэхэд цонх руу заагаад энд гэж хэлчихээд Л хамт явж байсан хүнийхээ хамт гараад явсан. Би дэлгүүрээс гараад хартал автобус харагдаагүй гэжээ. /хх-н 125/

          Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөө 09.41 цагийн үед ээждээ тариа хийх гээд явж байх үед гудамжны айлын Г гэрийнхээ хойд талын хашааг нүдээд зогсож байсан. Намайг хараад утсаа өгчих манай хашаанд хүн нас барчихлаа дуудлага өгөх гэсэн юм гэж хэлэхээр нь би утсаараа яриулсан. Надад хэлэхдээ манай хашаанд танихгүй хүн орж ирээд өнгөрчихлөө гэж хэлсэн. Гр бол архи уудаг авгай хүүхэд нь нас барчихсан юм гэсэн. Хүнд гэм хоргүй л санагддаг юм. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй гэжээ.  /хх-н 128-129/

          Гэрч Д Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 8.20 цагаас оройны 21.30 цаг хүртэл -ний эзэмшлийн цагаан цэнхэр өнгийн Хьюндай 540 маркийн  УНЕ улсын дугаартай автобусыг жолоодон , гам гүүрийн авто бааз” гэсэн чиглэлд ажилласан. Энэ өдөр 15.00 цаг өнгөрч байх үед автобусаа жолоодоод хуучин эцсээс шинэ эцэс рүү орох гэж явах замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байтал ойролцоогоор 200-300 метрийн зайнд замыхаа баруун талд нэг эрэгтэй хүн гуйвсан байдалтай урдаасаа хойшоогоо чиглэлтэй алхаж байгаа харагдсан. Тэгтэл 3-н замын уулзвараас баруун гар тийшээгээ эргэж орж ирсэн цагаан улаан өнгийн Daewoo маркийн улсын дугаарыг нь анзаараагүй автобус нь тэр согтуу хүнийг автобусныхаа баруун талаар буюу хойд хаалга хавьцаагаараа шүргэсэн. Тэгтэл нөгөө хүн автобусны баруун талд дээшээгээ хараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би нөгөө автобус руу тулж зогсоод түргэн тусламж дуудаарай, согтуу хүн гай болно шүү гэж хэлчихээд яваад өгсөн юм. Ингээд би Шинэ эцэс дээр зорчигч нараа буулгачихаад буцаад дайраад өнгөрөх үед замын урд талд хашааны буланд нөгөө согтуу хүн ганцаараа  сууж байгаа харагдсан. Ойр орчимд нь ямар нэгэн хүн харагдаагүй. Миний жолоодож явсан автобус зүүн гар талдаа жолооны хүрдтэй. Тухайн үед би цонхоороо хэлчихээд л явчихсан. Уг автобусны жолоочийг би танихгүй юм байлаа. Би жолоочид түргэн, цагдаа дууд гэж хэлээд л явсан Би өөрөө дуудаагүй гэжээ.  /хх-н 136/

          Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 11.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг 5 дугаар хэсгийн Баатархайрханы  тоот гэрээсээ ганцаараа гараад хөрш айл болох Г ахынд орсон. Г ах гэртээ ганцаараа байсан. Бид хоёр зурагт үзээд сууж байтал Г ахын дүү З гаднаас архи үнэртүүлчихсэн нэг шил архи аваад орж ирсэн. Бид 3 уг архийг нь хувааж уусан. Тэгээд дахиад уух уу гэхэд тэр хоёр тэгий гэсэн. Тэгээд З бид хоёр гарсан. З бид хоёр уулзварын буланд байдаг Мини маркетийн хүнсний дэлгүүр орох гээд алхаад явж байтал зам дээр хоёр  автобус зөрөөд зогсчихсон, нэг эрэгтэй хүн замынхаа баруун талд хэвтчихсэн байсан. Зам дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг 50 орчим насны намхан нуруутай, туранхай, халзандуу   хүн түшиж босгоод замаас гаргаж байгаа харагдсан. Би дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагч залууд зам дээр хүн автобусанд шүргүүлчихсэн байх шиг байна гэж хэлчихээд гараад явсан. Бид хоёрыг дэлгүүрээс гараад ирэхэд нөгөө хоёр автобус явчихсан байсан. Харин автобусанд шүргүүлсэн хүн шонгийн хажууд сууж байсан. З бид хоёр манайд очиж архиа уучихаад би унтаад өгсөн. Маргааш нь Г ахынд очиход хүн байгаагүй. Г ахыг ойр хавийн хүнээс нь асуухад цагдаа нар ирж байсан цагдаа руу явсан байх гэсэн. Маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 21-нд Ганбаатар ахынд очиход тэрээр гэртээ ирчихсэн байсан. Тэгээд юу болсон гэхэд нэг хүн амбаартаа хонуулсан чинь өөд болчихсон байна гэж хэлсэн. Би осол болохыг хараагүй. Хоёр автобус зогсож байхыг харсан. Би тухайн үед халамцуу байсан гэжээ.  /хх-н 140-141/

          Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ах Г тамхи дөхүүлэхээр Улиастайн гэртээ 12-13 цагийн хооронд ирсэн. Гэрт Г ах найз Л байсан бид 3 нэг шил архи хувааж уугаад  Л бид хоёр дахин архи авахаар гарсан. Тэр үед орой бүрэнхий болж байсан. Л бид хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад Л очиж уусан. Би тэндээ хоноод маргааш нь хот руу явсан. Ээж маань хэвтэрт байдаг болохоор би асардаг юм. 8 дугаар сарын 21-ний орой 19.00 цагийн орчимд Г ах руу залгахад ах нь баларсаан өчигдөр нэг согтуу хүнийг амбаартаа хонуулчихсан чинь нас барчихсан байна гэж хэлсэн. Өөр зүйл би мэдэхгүй. Би гэртээ Г ах, түүний хүү Б нарын хамт амьдардаг юм. Би сүүлийн нэг жил ээжийг хараад гэртээ бараг байхгүй байгаа юм. Хааяа л гэртээ ирдэг юм гэжээ.   /хх-н 142-144/

          Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2011 оноос хойш уг байгууллагад  жолоочоор ажиллаж байгаа юм. С.Г танина. Би Гн смена жолоочоор 2011 оноос хойш ажиллаж байгаа юм. 2017 оны 8 дугаар сарын 19-ны өглөө 06.00 цагт би бааз дээрээ очиж автобусаа хүлээж аваад техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалгах механикдаа шалгуулсаныхаа дараа шугамандаа гараад явсан. Тэгээд би өдөр нь буюу 13.35 цагийн орчимд ТЭЦ-3-ийн эцсийн буудал дээр очиж нөгөө ээлжийнхээ жолооч С.Г автобусаа хүлээлгэн өгөөд буусан. Манай байгууллагын шалгах механик нь өдөр бүр автобуусуудыг шалгахдаа гэрэл, дохио, тоормоз, галын хор, эвүүр, эмийн сан, ослын тэмдэг жолоочийн биед  авч явах бичиг баримт зэргийг шалгаж дуусгаад шугамандаа гаргахдаа замын хуудсаа бөглүүлж гаргадаг юм гэжээ. /хх-н 147/

         Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тээврийн нэгтгэл О баазад 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шалгагч механикаар одоог хүртэл ажиллаж байгаа юм. Миний бие тухайн автобусыг шалгахдаа гэрэл дохио, эвүүр, галын хор, ослын тэмдэг, эмийн сан, биед авч явах бичиг баримт, автобусны өнгө үзэмж, тоормозыг нь гишгүүлж, жолооны механизм, дуут дохио, зэргийг нь үзээд ажилд гаргадаг. Энэ автобусыг өглөө жолооч Д.Д авч гарсан. Замын хуудсанд нь жолоочоор гарын үсэг зуруулдаг юм. Намайг өглөө уг автобусыг шалгаж гаргахад ямар нэгэн зөрчил дутагдал болон эвдрэл гэмтэл илрээгүй гэжээ.  /хх-н 149/

         Гэрч Р.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү С.А нь хүнд их тусархуу, гарын ур дуй сайтай, халамжтай хүн байсан юм. 2012 оноос хойш талийгаач маань архийг нилээн их хэрэглэх болсон. А эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байгаагүй. 2017 оны 8 дугаар сарын 13-ны орой 19.00 цагийн орчимд манай хүү над руу яриад ээжээ би Дорноговь аймгийн Айраг сум руу явж байна та дансны дугаараа хэлээд өгөөч гэхээр нь би ээж нь дансны дугаараа мэдэхгүй гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Миний зүгээс уг хэрэгт Д.Ц оролцуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.  /хх-н 150/

          Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн  тоотод хэн болох нь тодорхойгүй 45-50 орчим насны эрэгтэй хүн нь биедээ ил харагдахгүй гэмтэл шархгүй нас барсан дуудлага мэдээллийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хэргийн газрын ойр орчимд биечлэн эрэн сурвалжлах ажиллагааг хийж ажилласан. Тэгтэл Улиастайн шинэ эцсээс хуучин эцэс хүрэх тойргийн баруун талд байрлах улаан тоосгон хүнсний дэлгүүрийн худалдагч залуутай уулзалт хийхэд 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 17.00 цаг өнгөрч байхад манай хажуу талын гудамжны архи уудаг Л, З нар орж ирээд архи аваад гарахдаа Л нь хажуу талын тойрог дээр эрэгтэй хүн автобусанд мөргүүлсэн байдалтай хэвтэж байна гэж хэлээд гараад явсан гэж хэлсэний дагуу мэдээллийг шалгах зорилгоор Л гэгчийг эрэн сурвалжилж олж тогтоон энэ өдөртөө уулзалт хийхэд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүнсний дэлгүүр орох гээд явах гэж байхад тойрог дээр хот руу явдаг тал руу /цагаан болон ягаан өнгийн/ автобус зогсчихсон мөн эсрэг урсгалын автобус нь зогссон байсан ба хот руу явдаг автобусны хажууд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан гэж хэлсэн. Жолооч нь уг хүний хажууд байсан гэж хэлсэн. Үүний дагуу би ажиллагааг хийж эхэлсэн гэжээ.  /хх-н 152-154/

          Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшлийн хөх өнгийн Тоёото Приус 20 маркийн 03-34 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон кабиндаа эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.А  хамт зорчигч тээврийн нэгтгэлийн Автобус-3 бааз руу очих зорилгоор Б.Л аваад 17.00 цаг өнгөрч байхад Автобус-3 бааз дээр очсон. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Улиастайн чиглэлд ээлжтэй байсан жолооч нарын утасны дугаарыг диспетчерээс нь авсан. Тэгээд жолооч нэг бүртэй нь утсаар холбогдож ярихад ихэнх нь ээлжинд гарч байсан. Тэгтэл Б.Лж автобусны жолоочийг 45-50 орчим насны, саравчтай малгай өмссөн эрэгтэй хүн байсан гэж хэлсэн. Тэгээд Л.А нь өөрийнхөө утсаар Скателийн дугаартай автобусны жолооч руу залгатал би өнөөдөр ээлжгүй гэртээ амарч байна шаардлагатай бол гэрт хүрч ирээд уулз гэж хэлсэн ба танай гэр хаана байдаг юм гэхэд Москва хороололд байдаг гэж хэлсэн. Ингээд бид 3 Автобус-3 баазаас машинтай гараад Москва хорооллын хашаан дотор орж зогссон. Тэгээд Б.А нь өөрийнхөө утсаар автобусны жолооч руу залгаж дуудсан.  Уг жолоочийг гарч ирэхэд А машинаас буугаад машины дэргэд уулзсан. Би Б.Л хамт машинд сууж байсан юм. Би Б.Л энэ нөгөө автобусны жолооч мөн үү гэхэд нас болон биеийн харьцаа ойролцоо боловч малгай өмсөөгүй толгойдоо бага зэрэг үстэй болохоор эргэлзээд байна гэж байсан гэжээ.   /хх-н 154/

          Шинжээч эмч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж байгаа тохиолдолд хүний хүчнээс давсан зүйлээр цохигдох, мөргөлдөх, шүргэгдэх эсвэл хүчтэй мөргөлдөж шүргэлцсэний улмаас унах үед үүсэх боломжтой. Харин хүний гараар үүсгэгдэж байгаа тохиолдолд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байгаа юм. Дээрх гэмтлийг талийгаачийг нас барахаас өмнө 6 цагийн дотор авсан байх боломжтой. Автобусанд мөргөгдсөн гэх цаг хугацаанд тухайн гэмтэл үүссэн байж болно. Учир нь талийгаачийн тархинд учирсан цусан хураа бүхий гэмтэл нь гэмтэл авсан даруйд их хэмжээгээр гарч хатуу хальсан дор бүлэгнэхгүй бага багаар бүлэгнэлийн хэмжээ нэмэгдэж их болно. Магадгүй миний эд эсийн шинжилгээнд авсан дээж сүүлд үүссэн шинэ бүлэн байж болох юм. Уг гэмтлийг авсан даруйд өөрөө босож явж үйл хөдлөл хийх боломжтой. Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амьдрах боломжтой гэжээ.  /хх-н 157-158/

          Шинжээч Б.Г авсан мэдүүлэгт: Уг хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдөр 697 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Эмсид ХХК-ний эзэмшлийн Улиастай Дэнжийн 1000 зам гүүрийн авто бааз чиглэлд явдаг 10-42 УНЕ улсын дугаартай автобусны 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн камерын бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гаргасан. Зам тээврийн осол гарсан газарт бороо орж үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргуу нойтон, зорчих хэсэгт огцом эргэлттэй үед зорчих хэсэг дээр явж байсан явган зорчигчийг цагаан алаг өнгийн Daewoo ВS-106 маркийн 03-49 УБЧ улсын дугаартай автобус нь баруун гар тийш дарж уг явган зорчигчийг баруун хажуу талаараа шүргэж буй дүрс бичлэгт бичигдсэн байна.  Иймд уг автобусны жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж, бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал  бий болгохгүйгээр зорчино гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон. Мөн осол гаргасан жолооч нь явган зорчигчийг зорчих хэсгээс гаргаж хашаа налуулан суулгаад явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в, г дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон юм. Явган зорчигч нь зорчих хэсэг дээр явж байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.9 б, г дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон гэжээ. /хх-ийн 159/

        Шинжээч эмч Н.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 5 дугаар хэсгийн 1265 тоотод хэн болох нь тодорхойгүй 45-50 орчим насны эрэгтэй нас барсан цогцост үзлэг хийсэн байгаа. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13.24 цагт хийсэн цогцосны үзлэгээр цогцос нь нас барсны дараа эрт үеийн өөрчлөлтүүд илэрсэн байсан. Дээрх эрт үеийн өөрчлөлтүүд нь хүүхэн хараа өргөссөн, хөшилт үүссэн хүүрийн толбо үүссэн зэрэг шинжүүд байсан. Нас барсан цагийг дээрх эрт үеийн шинжүүдээр тогтооно. Иймд нас бараад 2-4 цаг орчим болсон байсан гэжээ. /хх-н 162-163/

           Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: /хх-н 165/    

Техникийн шинжээчийн 697 дугаар дүгнэлт:

1.Daewoo ВS106 маркийн 03-49 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явсан жолооч С.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.5 заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”

а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх.

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсэлийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

г/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгсэлээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгсэлийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2 Явган зорчигч С.А нь Монго Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 заалт “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна”, мөн дүрмийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх,

г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэжээ. /1-р хх-ийн 223-224/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 171/

          Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн 1646 тоот шинжилгээ  Дүгнэлтэд:

            1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн духны суурь хэсгийн тархины эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас өмнө 6 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтийн хүнд зэрэгт хамаарна.

5.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

6.2017.08.20-ны өдрийн 13.40 цагийн шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна.

7.Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй.

8.9.Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 172-175/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл, /хх-н 18-19/

            Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 47/

           Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-46/

      Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 22/, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх-н 21/ зэрэг болно.          

           С.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино“ гэсэн заалт, мөн дүрмийн 2.5- д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож  ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг  байрнаас нь хөдөлгөхгүй байх,б/ тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламжүзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар,гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ ажилтай/-дмэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эдмөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл  хүлээх, г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөн мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг, байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт,тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн духны суурь хэсгийн тархины эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр талийгаачийг нас барахаас өмнө 6 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтийн хүнд зэрэгт хамаарна.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 2017.08.20-ны өдрийн 13.40 цагийн шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна гэсэн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн 1646 тоот шинжилгээний дүгнэлт / хх-н 172-175/

          Гэрч Д Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Улиастайн хуучин эцсээс шинэ эцэс рүү орох гэж явах замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байтал ойролцоогоор 200-300 метрийн зайнд замыхаа баруун талд нэг эрэгтэй хүн гуйвсан байдалтай урдаасаа хойшоогоо чиглэлтэй алхаж байгаа харагдсан. Тэгтэл 3-н замын уулзвараас баруун гар тийшээгээ эргэж орж ирсэн цагаан улаан өнгийн Daewoo маркийн улсын дугаарыг нь анзаараагүй автобус нь тэр согтуу хүнийг автобусныхаа баруун талаар буюу хойд хаалга хавьцаагаараа шүргэсэн. Тэгтэл нөгөө хүн автобусны баруун талд дээшээгээ хараад хэвтчихсэн. Тэгэхээр нь би нөгөө автобус руу тулж зогсоод түргэн тусламж дуудаарай, согтуу хүн гай болно шүү гэж хэлчихээд яваад өгсөн юм. Ингээд би Шинэ эцэс дээр зорчигч нараа буулгачихаад буцаад дайраад өнгөрөх үед замын урд талд хашааны буланд нөгөө согтуу хүн ганцаараа  сууж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /хх-н 136/

          Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Мини маркетийн хүнсний дэлгүүр орох гээд алхаад явж байтал зам дээр хоёр  автобус зөрөөд зогсчихсон, нэг эрэгтэй хүн замынхаа баруун талд хэвтчихсэн байсан. Зам дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг 50 орчим насны намхан нуруутай, туранхай, халзандуу   хүн түшиж босгоод замаас гаргаж байгаа харагдсан. Би дэлгүүрт ороод дэлгүүрийн худалдагч залууд зам дээр хүн автобусанд шүргүүлчихсэн байх шиг байна гэж хэлчихээд гараад явсан. Бид хоёрыг дэлгүүрээс гараад ирэхэд нөгөө хоёр автобус явчихсан байсан. Харин автобусанд шүргүүлсэн хүн шонгийн хажууд сууж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 140-141/

          Гэрч Д.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манай хашааны зүүн хойд өнцөгт нэг 40-50 орчим насны эрэгтэй хүн газарт тасарсан юм байдалтай хэвтэж байсан. …уг хүн дээр очоод чихийг нь үрээд сэрээтэл нөгөө хүн ухаан орсон. Тэгэхээр нь би нөгөө хүнд манайд ороод жоохон хэвтэж байгаад яваа гэж хэлээд хажуунаас нь дэмжээд босгоход тэр хүн надаас сугадаад манай хашаанд орсон. Би тэр хүнийг зуныхаа амбаарт оруулж гутал, өмд хоёрыг нь тайлаад хэвтүүлсэн. ..амбаарт ороод босгох гэтэл босохгүй нас барчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 115- 120/        

          Шүүгдэгч  С.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Улиастайн эцэс орчихоод хүнээ аваад хөдлөөд явж байтал 18.00 цаг өнгөрч байсан байх цаг хараагүй хуучин эцэс рүү эргэдэг тойрог өнгөрөөд баруун эргээд ертөнцийн зүгээр урагшаа чигээрээ явж байхад өөдөөс зам дагаад нэг хүн хойшоо явж байсан. Уг хүн согтуу байсан болов уу гэж бодсон. Гуйваад явж байсан. Тэгээд автобус ойртоод ирэхээр нь сигналдсан чинь миний буруу талын урд хэсгийг биеийн баруун хэсгээр шүргэсэн ба би тоормозлоод зогсоход нөгөө хүн дээшээ хараад замын хажууд унасан. Би автобуснаасаа буугаад нөгөө хүн дээр очиход ухаантай байсан. Нөгөө газар унасан залуу нэлээн согтуу байсан ба бие чинь гайгүй юу гэхэд өөдөөс юм хэлээгүй хараад байхаар нь сугадаад босгоход энгэрийн халааснаас нь Монгол стандарт нэртэй том шилтэй архи газар унасан. Би замын хажуу талын хашааны буланд суулгаад архийг нь өгөөд гэртээ харьж чадах уу гэхэд би жаахан суугаадхий гэж хэлсэн. Тухайн хүн газарт дээшээ хараад толгой нь дагз хэсгээрээ газарт хүрсэн байдалтай хэвтэж байсан. Би яг яаж унахыг нь хараагүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

   С.Г холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг  тогтоож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           С.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцож оршуулгын зардалд 3.000.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хөнгөн ял оноож  өгнө үү гэсэн болно.   

          С.Г нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан нэг ширхэг СД, нэг ширхэг флашийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

С.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэсэн тул  31510 дугаартай В.С.Д ангилалын жолоочийн үнэмлэх, 0003110 дугаартай Д ангилалын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг тус бүр НШШГАлбанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт С Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Гн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар тэнсэх,  мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.Г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар  С.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар тэнсэх,  мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.Г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Г торгох ялыг 6 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Г нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар С.Гтодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг  хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн  үеэс  тоолсугай.

8.С.Г нь нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Г хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг                                                                                                                                                                                                                                                                                                                                      СД, нэг ширхэг флашийг хэрэгт хавсаргасугай.

11.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

12.С.Г 31510 дугаартай В.С.Д ангилалын жолоочийн үнэмлэх, 0003110 дугаартай Д ангилалын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг тус бүр НШШГАлбанд хүргүүлсүгэй.

13.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

14.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Г авсан хувийн батлагаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН