Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

           

 

 

 

 

 

 

2024      05         30                                           2024/ДШМ/35

 

 

З.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                       

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                        Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч                                                        З.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                А.Төмөрчулуун

Хохирогч                                                        Б.Х

Нарийн бичгийн дарга                                  Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч З.Г-т холбогдох 2425000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С тоотод тодорхой шалтгаангүйгээр Б.Х-гийн зүүн гуян тус газар сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: З.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

 Шүүгдэгч З.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийг 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн  2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 сар 14 хоногийн хугацаагаар хасч, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдах гомдолдоо:

“ ... 3.Г нь 2024 оны 02 сарын 13-ны өдөр С тоодод тодорхой шалтгаангүйгээр Б.Хг-ийн зүүн гуян тус газар сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. 

Түүнчлэн Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар, Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгджээ. 

Шүүхээс түүнд ял оногдуулахдаа улсын яллагч 500.000 төгрөгөөр торгох санал оруулсныг хүндрүүлэн 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хүндрүүлж, зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон шүүгдэгчийн эрхзүйн байдлыг хэт дордуулан 2 жил 2 сар хорих ял болгон нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. 

3.Г нь Орхон аймагт өөрийн бие муутай төрсөн эхийн хамт түүнийгээ асрамжлан хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд үүнийг шүүхээс анхаарч үзсэнгүй. Иймд Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолд түүний ял шийтгэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Г тайлбартаа:  “... Ял хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна “... Шүүгдэгч З.Гийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Х тайлбартаа: “... Гомдолтой байна. Хохирол төлбөр төлөөгүй...” гэв.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч З.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С тоотод тодорхой шалтгаангүйгээр Б.Х-гийн зүүн гуян тус газар сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-Хохирогч Б.Х-гийн “... У-ийн гэрт орох үед Г гэх залуу гэрт ширээний зүүн талд сандал дээр сууж байсан. Би Г ахыг “сайн уу ахаа” гэж хэлээд баруун талд сууж байсан чинь “тавагтай чихэр ид” гэсэн. “Намайг муухай хараад байна уу, би ингэж ярьдаг хүн биш үү” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, дараа нь ширээн дээр байсан сэрээгээр миний зүүн талын гуя хэсэг рүү хатгасан. Би Г ахыг цааш нь түлхээд холдсон ...” гэх мэдүүлэг,

-Гэрч Г.У-ийн “2024 оны 02 дугаар сарын 13-ны орой 20-21 цагийн үед С тоот манай гэрт ээж С, дүү У, хамаатны ах Г нар байсан. Энэ үед гаднаас найз Х, Ц нар золгохоор орж ирсэн. Найз Х, Ц хоёр ээж болон Г ахтай золгож байсан. Энэ үед би арын өрөөнд байсан чинь найз Х орилсон. Би хойд өрөөнөөс гараад ирсэн чинь найз Х босоод зогсчихсон байсан. Юу болсон талаар асуусан чинь “гуя руу сэрээ зоочихлоо” гэж хэлээд гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа цагдаа дуудаад ороод ирсэн. Би ямар шалтгааны улмаас ийм зүйл болсныг Х-гээс асуусан чинь “танай ах чинь зүгээр байхад миний гуя руу сэрээ зоочихлоо” гэж хэлсэн. Г ах тухайн үед маш согтуу байсан...” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч З.Г-ийн яллагдагчаар өгсөн “2024 оны 02 дугаар сарын 13-ны 16-17 цагийн үед А тоот гэрээсээ гараад Вансэмбэрүү дэлгүүрт орсон. Дэлгүүрээс гараад явж байхдаа урьд барилга дээр ажиллаж байсан Б ахтай тааралдсан. Б ахыг гэртээ дагуулж ирээд 0.5 хэмжээтэй Соёрхол архи уусан. Би гэрээсээ гараад найз Э-ын гэр лүү явсан. Э-ын гэрт хүн байхгүй, цоожтой байхаар нь хөрш айл болох Ж ахын гэрт орсон чинь Ж ах эхнэрийнхээ хамт байсан. Ж ахынд хэсэг сууж шар айраг уусан. Тэгээд харих замаараа нагац эгч Ц-ийн гэрээр ороод гаръя гэж бодоод замаараа орсон санагдаж байна. Нэг мэдэхэд үеэл дүү У найзынхаа хамт гэрт ороод ирчихсэн байсан. У-ийн найзтай маргалдаж, гуя руу нь сэрээгээр хатгасан байсан” гэх мэдүүлэг,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаартай “Б.Х-гийн биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтэл нь мохоо үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун нь “... шүүхээс түүнд ял оногдуулахдаа улсын яллагч 500.000 төгрөгөөр торгох санал оруулсныг хүндрүүлэн 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хүндрүүлж, зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулан 2 жил 2 сар хорих ял болгон нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ...”, “...З.Г нь Орхон аймагт өөрийн бие муутай төрсөн эхийн хамт түүнийгээ асрамжлан хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд үүнийг шүүхээс анхаарч үзсэнгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч З.Г нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн байна.

 

            Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар Нээлттэй хорих ангийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 04/433 дугаартай лавлагаанаас үзвэл шүүгдэгч З.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тэнссэн хугацаа 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар, мөн 3 жилийн  хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялаас 2 жил 1 сар 13 хоногийн ялыг эдэлж, 10 сар 15 хоногийн хугацаа үлдсэн, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дууссан байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1  дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах хугацаанд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц  анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан.

 

            Гэтэл шүүгдэгч З.Г нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаа дуусаагүй байх үед буюу 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Мөн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ”Шударга ёсны зарчим”-д нийцсэн, шүүгдэгч З.Г-ийн хувийн байдалд тохирсон байна.

 

              Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

 

                                                      ШҮҮГЧИД                                     С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА