| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0045/з |
| Дугаар | 124/ШШ2026/0001 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 124/ШШ2026/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............. овогт Ц.Б, ..............................................оршин суух,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Б-д холбогдуулан гаргасан,
“Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай, сахилгын шийтгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Б-д 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан ба нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.
4. Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус албанд 6 жил 4 сарын хугацаанд ямар нэгэн хууль журам, сахилгын зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд 2024 оны сонгуулийн үр дүнгээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.Б гэнэт 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад сахилгын шийтгэл оногдуулах захирамж гарган өгсөн бөгөөд ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм бэ, би ямар зөрчил гаргасан юм бэ гэж асуухад өнгөрсөн 7 дугаар сард архи уусан, ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авч байна гэсэн хариу хэлсэн. Энэ нь ямар ч ор үндэслэлгүй бөгөөд ийм зөрчил хэрэв гаргасан бол тухайн үед төрийн албаны тухай хуулийн дагуу надад мэдэгдэж, комисс хуралдуулан сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Мөн өнгөрсөн 2 сарын хугацаанд Улаанбаатар хотын Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн шалгалт, аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан аймгийн хурлын ажлын албаны шалгалт, Улаанбаатар хотын архивын улсын үзлэг зэрэг хяналт шалгалтыг Тариалан суманд хүлээн авч шалгуулсан бөгөөд шалгалтаар ёс зүйн болон албан ажлын ямар нэгэн зөрчил гараагүй болно. Иймд намайг ажлын байранд архи уусан гэх зүйлийг баримтаар нотлох, өгсөн үүрэг даалгавар байгаа бол хэзээ хэдний өдөр ямар үүрэг даалгавар өгсөн зэрэг, үүрэг даалгавар өгсөн бол гарын үсэг зурж цохилт хийгдэж, бичиг хэргийн мэргэжилтэнд бүртгүүлсэн байх, ажлын цаг тасалсан хугацааг тогтоох сонсгол хийж баталгаажуулсан байх зэрэг арга хэмжээ явуулахгүйгээр гэнэт 2 сар гаруй буюу 80 гаруй хонгийн дараа ийм шийтгэл оногдуулж байгаа нь төрийн албан хаагчийг илтэд гүтгэсэн, хувийн ашиг сонирхлын зөрчлийн улмаас өс санаж, хувь хүний ам дамжсан яриагаар, хууль зүйн үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулж байгаад миний бие гомдолтой байна.
Хүү минь Солонгос улсад магистрт сурахаар явсан. Би хүүгийнхээ араас дипломыг нь нотариатаар батлуулж явуулах шаардлага гарсан учраас ажлаасаа чөлөө авч Улаанбаатар хот руу явсан. 2 хоногт Улаанбаатар хот руу яваад ирэх боломжгүй, би үнэнээ хэлээд чөлөө авсан.Ажлын 7 хоногийн чөлөө авч 1 дэх өдөр нь ажилдаа бэлэн байна гэж хэлсэн.Дарга чөлөөг надад өгсөн. Ч.Х сайд Тариалан сумын Эрүүл мэндийн төвд машин бэлэглэсэн. Улаанбаатарт 7 сарын 4-д хүлээж авсан. Би тэр өдөр Увсруу гарахаар автобусны билет авсан байсан. Гэхдээ эмнэлгийн жолоочтой холбогдоод бэлгэнд өгсөн машинаар нь хамт ирсэн. Ажлын цагаар архи уудаг гэж тайлбартаа бичсэн байсан. Би тэр үед архи уугаагүй, хүний хэлсэн үгээр л намайг тэгж дүгнэсэн байх. Надад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдол байхгүй, үргэлж цаг тухайн үед нь гүйцэтгэж байсан. Өмнөх хурлын дарга надад бас сахилгын шийтгэл ногдуулсан гэж байна. Тухайн үед аудитын шалгалт ирээд төсөвт байгууллагуудын дарга нарыг шилэн данс хөтлөөгүй гэж арга хэмжээ авсан. Би өөр байдлаар сахилгын шийтгэл авч байгаагүй. Намайг албан бичгийн хугацаа хэтрүүлсэн гэж байна. Б дарга өөрөө албан бичгийг цохолт хийхгүйгээр ширээний нүдэнд хийж үлдээгээд хариу өгөх хугацаа хэтрүүлсэн, тухайн үед цагдаагийн хэрэг бүртгэгч биднийг дуудаж мэдүүлэг аваад, буруутай эзэн буюу Б даргад торгуулийн арга хэмжээ авсан.
Иймд дээрх сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
5. Хариуцагч И.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гаргасан үндэслэл нь удаа дараа ажлын цаг таслах, чөлөө авсан цагтаа амжиж ажилдаа ирдэггүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдсан дотоод ажилд оролцдоггүй, өглөө ирж цагаа бүртгүүлээд гарч явдаг, өдрийн хагасын ажил тасалдаг, ажлын цагаар архидан согтуурдаг зэрэг зөрчил давтан гаргасан..
Ц. Б нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд надаас чөлөө авсан боловч 7 дугаар сарын 2,3,4-ний ажлын өдрүүдийн ажлыг тасалсан.Ц. Б-ыг ажилд ирэхэд нь хамт олны хурал дээр сануулга өгсөн.
Ц. Б нь ажил таслахын дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг. Тухайлбал Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 236 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай бичиг ирсэн. Уг зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг Ц.Б-д өгсөн боловч тухайн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Сумын нийгэм эдийн засгийн асуудал, сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн бэлтгэлтэй холбоотой цаг үеийн асуудлаар хурлын 5 хороодыг хуралдуулж, дүгнэлт гаргах, зөвлөмж чиглэл өгч ажиллахыг үүрэг болгосон хэдий ч уг хороодыг хуралдуулаагүй болно.
Ц.Б нь өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г. Х-тэй хамтран ажиллах хугацаандаа бас л ажилдаа ирдэггүй, ажлын цагаар архидан согтуурдаг, хариуцуулсан ажил үүргийг хэрэгжүүлдэггүй гэсэн үндэслэлээр хамт олны дунд сонсох ажиллагаа хийлгэж, 2021 оны 11 сарын 25-ны өдөр сум дундын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн А/50 дугаар тогтоолоор сахилгын шийтгэлийн арга хэмжээ авхуулж байсан баримт бий.
Би энэ ажлыг аваад жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд Ц.Б нь надад мэргэжлийн үүднээс зөвлөн туслах чиглэлээр ажиллах үүрэгтэй боловч ажлаа хангалтгүй хийдэг, олон удаа ажлаа тасалсан ч өөрт нь олон удаагийн сануулга өгч байсан. Сумын 100 жил болж байсан учраас нэгнийгээ цагдаа шүүхэд өгөөд яах юм бэ гээд 100 жил өнгөрөөгөөд шийдвэрээ гаргасан. Ажилдаа огт бүртгүүлдэггүй, өөрөө ажлаа тасалдаг, байнга чөлөө авдаг. Ажлын 3 хоног ажлаа тасалсан тохиолдолд ажлаас халах ёстой байдаг боловч цалингийн хувиар хасах арга хэмжээ аваад орхиё гэж бодсон байтал намайг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Нэхэмжлэгч өглөө харагдаад л алга болчихдог, хувийн ажлаа их амжуулдаг. 2023-2024 онуудад хүртэл байгууллагын нэр дээр өр зээл тавьсан, надад нэхэмжлэх ирсэн, өөрийн нэр дээр байгууллагаас бензин хийлгэдэг. Энэ мэт асуудлуудыг би огт ярихгүй байгаа. Гэрч асуулгах гэхэд хамт ажиллаж байгаа хүмүүс татгалзсан. Аймгаас ирсэн бичиг ажлын албаар дамжиж надад ирдэг, цохолт хийж өгөөгүй гэж би 1,000,000 төгрөгөөр торгуулсан, түүнээс биш огт мэдээгүй байх боломжгүй. Шаардлага тавихдаа баримт бүрдүүлж, албан бичгээр гаргаж байх ёстой гэдгийг ойлгож байна. Ц.Б намайг мэдээллээр хангах ёстой боловч мэдээллээ надаас аваад байдаг. 2022 онд батлагдсан тушаалаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн нэрс явж байсан, солигдсон хүмүүсийн нэр шинээр ороогүй.шинэчлэгдээгүй. 2019 онд архивын шалгалт ирээд архивын бичиг баримт шаардлага хангахгүй байна бүрдүүл гэхэд юу ч бүрдүүлээгүй задгай явж байсныг би орж шаардлага тавьж байж баримтууд нь бүрдэж байгаа. Тухайн үеийн дарга нь шаардлага огт тавьдаггүй байсан учраас өмнөх ажлууд нь маш салан задгай байсан.
Иймд Ц.Б-ын оногдуулсан Сахилгын шийтгэл оногдуулж тухай 2025 оны 10 сарын 15-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас “Би чөлөөнийхөө хугацааг хэтрүүлээгүй байтал ажил тасалсан гэж үзсэн, ажлын байранд архи уусан гэдийг нотлоогүй, хэзээ хэдний өдрийн яг ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй болохыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хариуцагч талаас “ Ц.Б нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг, үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлаа удаа дараа тасалсан, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4. Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Б-ыг хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлаа удаа дараа тасалж, ажлын цагаар удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
5.Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарагддаг тул нэхэмжлэгч Ц.Б нь төрийн жинхэнэ албан хаагч байна.
6.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарах тул хариуцагчаас хуульд заасан зохицуулалт, журмын хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан эсэх, тухайн зөрчил нотлогдож тогтоогдсон эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.“Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”
48.1.3.”албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.10.“Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж тус тус зохицуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.“Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”
37.1.7. “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”,
37.1.16. “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж заажээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.2-д Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч” гэх/ шалган тогтооно.
2.3. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно.
2.4. Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ:
2.4.1. гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах;
2.4.2. шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах;
2.4.3. шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах;
2.4.4. гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох;
2.4.5. цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.” Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна.”
40.2.3.”захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа эрх бүхий албан тушаалтан зөрчлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан тушаалтанд танилцуулж, холбогдох тайлбарыг авсан байх шаардлагатай байна.
7. Хариуцагчаас маргаан бүхий актад буюу сахилгын шийтгэл ногдуулсан захирамждаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлын талаар тусгаагүй, өөрөөр хэлбэл ямар хугацаанд ямар зөрчил гаргасан талаар нэрлэн заагаагүй.
8.Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “нэхэмжлэгчийг 2025 оны 7 сарын 2,3,4-ний ажлын өдрүүдийн ажлыг тасалсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдсан дотоод ажилд оролцдоггүй, ажлын цагаар архидан согтуурдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг / Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 236 тоот зөвлөмжийг хангаж ажиллаагүй, сумын 100 жилийн ойн бэлтгэлтэй холбоотой цаг үеийн асуудлаар хурлын 5 хороодыг хуралдуулж, дүгнэлт гаргах, зөвлөмж чиглэл өгч ажиллахыг үүрэг болгосон хэдий ч хороодыг хуралдуулаагүй/ гэх зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан” гэж сахилгын зөрчлийн талаар тайлбарласан.
9.Нэхэмжлэгч 2025 оны 7 сарын 2,3,4-ний өдрийн ажлыг тасалсан гэх зөрчлийн талаар:
Нэхэмжлэгчээс гаргасан тайлбарт “Даргаас 2025 оны 6 сарын 30-ны өдрөөс 7 сарын 4-ний өдрүүдийн чөлөөг авсан.Би амаар чөлөө хүсэхэд зөвшөөрсөн болно” гэж, хариуцагчаас хариу тайлбартаа “ 2025 оны 6 сарын 30, 7 сарын 01-ний өдрүүдийн чөлөө авсан, 7 сарын 2,3,4-ний өдрүүдийн чөлөө аваагүй,” гэж тайлбарлажээ.
Цалингийн хувьд ажил олгогчийн зүгээс ажил тасалсан гэх өдрүүдийн цалинг хасаж тооцоогүй, Ц.Б нь 7 сарын цалингаа бүрэн авсан нь хэрэгт авагдсан ажлын цагийн тооцоо, цалин олгосон баримтуудаар тогтоогдсон.
Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид хувийн чөлөөг ямар тохиолдолд ямар журмаар олгох талаар зохицуулаагүй ба Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.“Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.”Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно.”
100.2. “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна.” гэж мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1. “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ.” гэж тус тус зохицуулжээ.
Ажилтан, ажил олгогч нараас хувийн чөлөөний хугацааны талаар маргаантай байх бөгөөд нэхэмжлэгч хувийн чөлөө хүссэн өргөдөл, хүсэлтийг бичгээр гаргаагүй, хариуцагчаас хэдий хугацааны чөлөөг олгосон талаарх бичгийн баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэдий хугацааны чөлөөг ямар үндэслэлээр олгох, чөлөө олгох шийдвэр амаар эсхүл бичгээр гарсан байх шаардлагыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй тул хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтын хүрээнд чөлөөний хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй,
Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн дотоодод мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ буюу хөдөлмөрийн дотоод журмыг батлаагүй талаар хэргийн оролцогчид тайлбарласан, хариуцагчаас Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж байгаа талаар тайлбар гаргасан.
Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам нь тухайн байгууллагадаа мөрдөгдөх бөгөөд өөр байгууллагад дамжуулагдан мөрдөгдөх боломжгүй.
Хариуцагчаас Ц.Б-д 2025 оны 7 дугаар сарын 2,3,4-ний өдрүүдийн ажлын чөлөөг олгоогүй талаар нотлох баримтгүй тул Ц.Б-ыг ажил тасалсан гэх зөрчил нотлогдож тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.
10.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх зөрчлийн талаар:
Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Б-ыг Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 236 тоот зөвлөмжийг хангаж ажиллаагүй, сумын 100 жилийн ойн бэлтгэлтэй холбоотой цаг үеийн асуудлаар хурлын 5 хороодыг хуралдуулж, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэл өгч ажиллахыг үүрэг болгосон хэдий ч хороодыг хуралдуулаагүй зөрчил гаргасан гэж үзсэн.
10.1 Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 236 дугаар албан бичгээр Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төсөвт байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт орон нутгийн өмчийн бүртгэлийн баримт бичиг, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалтай холбоотой илэрсэн зөрчил дутагдлын хүрээнд авах арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийн тайланг 2024 оны 12 сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ.
Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн А/11 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 236 дугаар албан бичгийг үндэслэн Өмч эзэмшүүлэх, гэрээний биелэлтийг дүгнэх, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих ажлын хэсгийг байгуулж ахлагчаар Ц.Б-ыг томилж, зөвлөмжийн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх танилцуулгыг Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр хүргүүлж ажилласан байна.
Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 236 дугаар албан бичгээр Тариалан сум дахь орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалттай холбоотой 11 төрлийн зөвлөмжийг өгсөн байх бөгөөд Ц.Б нь зөвлөмжийн аль хэсгийн ямар хугацаатай ямар үүргийг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, хариуцагчаас энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул “зөвлөмжийг хангаж ажиллаагүй” гэх зөрчлийг нотолж тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй.
10.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гэж, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана” гэж зааснаас гадна Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам”-ын 5 дахь хэсгийн 5.1.2-д зааснаар “Хурлын хороод, ажлын хэсгийн хурлын тов, хуваарийг Хурлын даргаар батлуулах” чиг үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хэрэгжүүлэхээр заасан байна.
Хариуцагчаас хурлын хороодын ажлын хэсгийн тов, хуваарийг батлан гаргаагүй байхад нэхэмжлэгч Ц.Б-ыг хороодыг хуралдуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
11. Ажлын цагаар архидан согтуурдаг гэх зөрчлийн талаар:
Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын цагаар архидан согтуурдаг гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан боловч яг хэдний ямар өдрүүдэд ажлын цагаар архидан согтуурсан талаар тайлбарлаж, нотлоогүй байна.Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулах зөрчил нь тодорхой байх ёстой тул Ц.Б нь ажлын цагаар архидан согтуурдаг гэх ерөнхий дүгнэлтээр сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй тул энэхүү үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагдсан дотоод ажилд оролцдоггүй гэх зөрчлийн хувьд мөн адил хариуцагчийн зүгээс зөрчилд холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, ямар дотоод ажилд оролцоогүй болох нь тодорхойгүй байх тул энэхүү үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.
12. Хариуцагчаас Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаартай Прокурорын мэдэгдлийг хариу тайлбартаа хавсаргаж ирүүлсэн бөгөөд мэдэгдлийн хариуг хугацаа хэтрүүлэн хүргүүлсэн гэх зөрчлийг Ц.Б гаргасан гэж тайлбарласан.
Эрх бүхий албан тушаалтан Ц.Э-ын бичсэн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0079392 дугаартай шийтгэлийн хуудсаар Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Увс аймгийн Прокурорын газраас хүргүүлсэн мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй тул “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт И.Б нь холбогдогчоор өгсөн мэдүүлэгтээ “Тухайн албан бичгийг би хүлээж аваад өөр хүнд цохолт хийж өгөөгүй. Би ажлаа аваад удаагүй байсан учраас сайн мэдэхгүйгээр тухайн бичгийг өөр дээрээ байлгаж байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд Ц.Быг прокурорын мэдэгдлийн хариуг хугацаа хэтрүүлэн хүргүүлсэн зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.
13. Хариуцагч захиргааны албан тушаалтнаас нэхэмжлэгч Ц.Б-д сахилгын шийтгэлийг ногдуулахдаа үндэслэлийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, Ц.Б-д холбогдуулж буй сахилгын зөрчлүүд нь нотлогдоогүй нь дээр дурдсан дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай “Ц.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.10 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай “Ц.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ