Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00068

 

А.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00687/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 781 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Наранцэцэг,

             Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Наранцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ: 

Нэхэмжлэгч А.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Б.Цэрэнбат өмгөөлөгчдөө хэлсэн. Гэтэл өмгөөлөгчийн биеийн байдал муу байж байгаад нас барсан. Ингээд үнэлгээнд хугацаандаа гомдол гаргаж чадаагүй. Иймээс тус үнэлгээг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Тухайн үед А.Наранцэцэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч нь нас барж энэ нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэгч хуулийн хугацаанд гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг 50-70 хувиар дутуу үнэлсэн гэж үзэж байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 11-ний өдрийн 349 дүгээр шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А.Наранцэцэг, н.Ариунаа нараас 85.452.047 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч А.Наранцэцэг, н.Ариунаа нарын банкны барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу 2021 оны 4 сарын 06-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж талуудаас татгалзаж байгаа эсэхийг асуухад байхгүй гэснийг тэмдэглэлд тусгаж 21/04 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.

Ашид билгүүн ХХК нь хөрөнгө болох Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 4-64а тоот хувийн сууц болон 60 м.кв агуулахын байрыг газрын хамт 50.451.373 төгрөгөөр, Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 2-30 тоот 64 м.кв хувийн сууц, 52 м.кв агуулахын барилга, газрын хамт 42.848.100 төгрөгөөр, Дархан сумын 15 баг, Мангиртын 6-р хэсэг, 7-7 тоот 35 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 19.493.375 төгрөгөөр, Дархан сумын 7 дугаар баг Майхантын 5-р гудамж, 66а тоот 208 м.кв хувийн сууц газрын хамт 85.325.542 төгрөгөөр тус тус хөрөнгийн үнэлгээ гаргаж, үнэлгээний тайланг 2021 оны 5 сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдсэн. Үнэлгээний тайланг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч энэ хугацаа дуусгавар болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээл дээр худалдаалагдаж буй хөрөнгийн байршил, эд хөрөнгийн чанар, элэгдэл хорогдол, бодит үнэлгээг судалж Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Монгол Улсын үнэлгээний олон улсын стандарт 2002 эрх зүйн акт, дүрэм журамд нийцүүлэн үнэлгээ гаргасан, хуулийн хүчин төгөлдөр юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7, 57.3-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 781 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан А.Наранцэцэгийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч А.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Наранцэцэг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны үүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 781 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие Ашид билгүүн ХХК-ны гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхэд хандсан юм.

Гэтэл анхан шатны шүүх миний гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Бадамханд Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, улмаар миний эзэмшлийн хашаа байшин, орон сууцыг зах ээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байдаг юм. Би энэхүү үнэлгээтэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй гэж өөрийн сонгосон өмгөөлөгч болох Б.Цэрэнбат гуайд хэлж айсан. Өмгөөлөгч маань үнэлгээн дээр нь гомдол саналаа тавина гэж байсан боловч биеийн эрүүл мэнд нь муудаж улмаар нас барсан золгүй тохиолдол болсон.

Ингээд би хуулийн мэдлэг, боловсролгүй хүн тул арга буюу яах учраа ололгүй явсаар гомдол гаргах хугацааг өнгөрүүлсэн нь үнэн. Гэхдээ миний өмч хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлээд худалдан борлуулах гэж байгаа нь миний эд хөрөнгө болон эрх ашгийг хохироож байна.

Иймд дээрх үнэлгээг дахин хийх боломжийг олгож өгөхийг хүсье. Миний зүгээс зээлийг зохих хэмжээгээр төлсөн байгаа зээлийн үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч А.Наранцэцэг нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талуудад мэдэгдсэн. Үнэлгээний тайланг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч энэ хугацаанд талууд гомдол гаргаагүй дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шинжээч нь үнэлгээ хийхдээ зах зээл дээр худалдаалагдаж буй хөрөнгийн байршил, эд хөрөнгийн чанар, элэгдэл хорогдол, бодит үнэлгээг судалж Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Монгол Улсын үнэлгээний олон улсын стандарт 2002 оны эрх зүйн акт, дүрэм журамд нийцүүлэн үнэлгээ гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, А.Наранцэцэг, А.Ариунаа нарт холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэж 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 4228 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 683 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож болох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус, мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар төлбөр төлөгч А.Наранцэцэг үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21/04 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор томилжээ. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-521/61 дугаартай үнэлгээний тайлангаар нийт 85.325.542 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж заасан, шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ний захирал Ч.Жамьян нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд мөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлгээний тайлан гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

А.Наранцэцэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээл-ийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж гомдсон боловч энэ гомдлоо нотлох баримтыг шүүхэд гаргаж, мэтгэлцээгүй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч А.Наранцэцэг шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөлөгч эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргана гэж байсан боловч гомдол гаргах хугацаанд биеийн байдал нь муудаж нас барсан учраас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Дахин үнэлгээ хийлгүүлж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасны дагуу хүсэлтээ өгөөгүй, 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар хавтаст хэргийн 42 дугаар тал авагдсан нотлох баримтаас үзэхэд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн бөгөөд хэргийн 60 дугаар талд авагдсан баримтаас үзвэл А.Наранцэцэг нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд гомдол гаргагч А.Наранцэцэг нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо дээрх хуульд заасан хугацаанд гаргаагүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 21 минутад хүлээн авсан гэсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нь Төрийн сангийн орлогод хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                                                                        ШҮҮГЧИД                                        М.МӨНХДАВАА

                                                                                                                                                 О.НАРАНГЭРЭЛ