Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

2024       06         05                                           2024/ДШМ/36

 

 

Д.П-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч                                                 Д.П

Шүүдэгчийн өмгөөлөгч                     Р.Цэрэнханд

Хохирогчийн өмгөөлөгч                    Б.Долгорсүрэн

Иргэний нэхэмжлэгчийн

          өмгөөлөгч                     Т.Эрдэнэзаяа

Иргэний хариуцагч                            М.Цогтгэрэл /онлайн/

Нарийн бичгийн дарга                        П.Пунсалдулам нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан иргэний нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.П-ид холбогдох 2325001760403 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Христийн сүмийн дөрвөн замын уулзвар дээр А.М-ийн эзэмшлийн А улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гол замаар зорчиж явсан С.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, А улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч У.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Л-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 10.000.000 төгрөг, А.М эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3.788.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-оос 23.841.170 төгрөг гаргуулан хохирогч Г.Н-д 6.771.920 төгрөгийг, хохирогч У.С-д 6.160.000 төгрөгийг, хохирогч Б.Л-нд 2.900.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Б-ид 3.688.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 4.321.250 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч А.М-Э-ий нэхэмжлэлийг бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.435.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, “Таван богд финанс” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Д цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Л, У.С нар сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдолдоо:

“ ... 2023 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Христийн сүмийн дөрвөн уулзвар дээр А улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гол замаар зорчиж явсан С.Б-ийн эзэмшлийн Тоёото Приус-20 загварын С улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг осол гарсан. 

"Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 06 сарын 08-ны едрийн 321 тоот тодорхойлолтоор 10.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлсон. Үүнтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. /1-р хавтас 250 хуудас/ Харин "Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 1625 тоот автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 6.688.000 төгрөгийн засвар үйлчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасныг мэдээгүй, надад танилцаагүй. /3-р хавтас 114-116 хуудас/ 

2023 оны 10 сарын 31-ний өдөр уг дүгнэлтийг гаргахдаа тухайн авто машины ослын үеийн фото зураг дээр үндэслэн авто машины хохирлын үнэлгээг тогтоов. Мөн Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн бүрэлдэхүүний дүгнэлтийг үндэслэв гэжээ. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Тоёото Приус-20 загварын С улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.П болон түүний ээжтэй ярьж тохиролцоод 2023 оны 08 сарын 25-ны өдөр 2.200.000 төгрөгөөр авто задаргаанд өгсөн. Үнэлгээний байгууллага үнэлэх гэж байгаа машиныг харахгүйгээр үнэлгээ хийж болдог юм уу. Машин эзэнтэй гэдгийг мэдсээр байж зөвшөөрөл авахгүй, байлцуулахгүйгээр хууль зөрчиж үнэлгээ хийсэн байна. 

Машин ачилтын 50.000 төгрөг, журмын хашааны 137 хоногийн 685.000 төгрөг, 2023 оны 06 сарын 14-ний өдөр Автотээврийн үндэсний төвийн Орхон салбарт оношлогоо 88.000 төгрөг тус тус би төлсөн. 2.200.000 төгрөгөөс 823.000 төгрөг хасаад 1.377.000 төгрөг үлдсэн. 10.500.000 төгрөгөөс 1.377.000 төгрөг хасахаар 9.123.000 төгрөг. Үүнээс 3.000.000 төгрөгийг Д.П шүүхийн шатанд төлсөн. 

Д.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахыг илэрхийлсэн. Мөн улсын яллагч яллах дүгнэлтэндээ миний хохирлыг 10.000.000 төгрөг гэж бичсэн хэрнээ шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын шаардлага хангахгүй дүгнэлтээр хохирол төлүүлэхээр санал гаргасанд гомдолтой байна.

Уг ослоос болж толгой байнга өвдөж, хааяа хөл мэдээгүй болж сөхөрч унах байдалтай байгаа. Эмчид үзүүлэхэд ослын үед мэдэгдэхгүй байж байгаад дараа нь хор уршиг гарахыг үгүйсгэхгүй. Томографик хийлгэж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Надад тухайн үед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч толгой өвдөж байгаа гэдгээ хэлэхэд эмч зовиур гэсэн хэсэгт бичиж тэмдэглэсэн байгаа. Би эрүүл мэндийн эмчилгээний зардал нэхэмжлэхгүй зүгээр унаж явсан машиныг минь засч янзлах боломжгүй болтол мөргөсөн учраас машиныхаа мөнгийг бүрэн төлүүлж авмаар байна. Иймд шүүгдэгч Д.П-оос авто машины үлдсэн мөнгө болох 6.123.000 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.П тайлбартаа: Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэв.

 

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа тайлбартаа: Иргэний нэхэмжлэгч С.Бийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч М.Цогтгэрэл тайлбартаа: Анхан шатны шүүх иргэний хариуцагчийн хувьд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч С.Б-ийн  давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пид холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Христийн сүмийн дөрвөн замын уулзвар дээр А.М эзэмшлийн А улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гол замаар зорчиж явсан С.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж,

 тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, А улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч У.С-ын эрүүл мэндэд хүнд, Б.Л-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.П-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

            Иргэний нэхэмжлэгч С.Б нь “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1625 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар миний машинд 6.688.000 төгрөгийн засвар үйлчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг би мэдээгүй, надад танилцуулаагүй, дүгнэлт хийгдээгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн С улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг, засварын хөлс зэргийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тогтоол хэрэгт авагдсан бөгөөд уг тогтоолтой иргэний нэхэмжлэгч С.Б танилцаж, гарын үсэг зурсан байна. /3 дугаар хх 113/

 

            Дээрх тогтоолын дагуу "Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнэлгээчин 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 6.688.000 төгрөгөөр тогтоож, үнэлгээг танилцуулахаар мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Б-ийн ххххххххх дугаарын гар утас руу залгахад ... үнэлгээг би явж гаргуулсан тул мэдэж байгаа танилцах шаардлагагүй ..” гэсэн /3 дугаар хх 123/,

            мөн хавтаст хэргийн материал танилцуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түүний хххххххх дугаарын гар утас руу залгахад ... танилцах шаардлага байхгүй ..” гэсэн /3 дугаар хх 127/ талаар мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байх тул иргэний нэхэмжлэгч С.Б-ийн гаргасан “... дүгнэлт гаргасныг би мэдээгүй, надад танилцуулаагүй, дүгнэлт хийгдээгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Г.Н, У.С нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Д, Б.Л нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Д.П-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн

шүүгдэгч Д.П-оос 6.771.920 төгрөг гаргуулж хохирогч Г.Н-д, 6.160.000 төгрөг гаргуулж хохирогч У.С-д, 2.900.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Л-д, 3.688.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Б-ид, 4.321.250 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, иргэний хариуцагч А.М-ий нэхэмжлэлийг бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.435.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, “Таван богд финанс” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч С.Б нь машин ачилтын 50.000 төгрөг, журмын хашааны төлбөр 685.000 төгрөг, машиндаа оношлогоо хийлгэсний 88.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн дээрх гэм хорын хохирлыг шүүгдэгч Д.П-оос гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

           Иргэний нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн С улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл, засварын хөлс зэргийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосныг хууль зөрчиж үнэлгээ тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн С.Б нь дээрх тээврийн хэрэгслийг бусдад сэлбэг хэлбэрээр худалдсан байх ба түүний машины үнэ гэх 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах гомдол нь үндэслэлгүй болно.

        

            Тухайн эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах гомдлын “... “журмын хашааны үнэ 685.000 төгрөг, машин ачилтын үнэ 50.000 төгрөг, оношлогооны төлбөрийн 88.000 төгрөг, нийт 823.000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах гомдлын “ ... ослоос болж толгой байнга өвдөж, хааяа хөл мэдээгүй болж сөхөрч унах байдалтай байгаа ... томографик хийлгэж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Надад тухайн үед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч толгой өвдөж байгаа гэдгээ хэлэхэд эмч зовиур гэсэн хэсэгт бичиж тэмдэглэсэн ... ” гэсэн хэсгийн тухайд С.Б нь дээрх гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 , 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний нэхэмжлэгч С.Б-ийн давж заалдах гомдлын “...журмын хашааны үнэ 685.000 төгрөг, машин ачилтын үнэ 50.000 төгрөг, оношлогооны төлбөр 88.000 төгрөг, нийт 823.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Поос журмын хашааны үнэ 685.000 төгрөг, машин ачилтын үнэ 50.000 төгрөг, оношлогооны төлбөр 88.000 төгрөг, нийт 823.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Бид олгож, С.Б нь дээрх гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Д.П нь хохирогч Г.Н-д 6.772.000 төгрөг, М.Л-нд 2.900.000 төгрөг, У.С-д 4.750.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА

 

                                                       ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР