Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Аянагүл, өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуунд холбогдох, 178/2018/0082/ индекстэй,1836000500064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн харьяат, одоо Дарви сумын Булган багт оршин суух,   Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23- ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж  байсан, Чогдон  овогт Чимэдийн Эрдэнэчулуун

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Соёлмааг байнга буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                              Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг хянан хэлэлцээд үнэлж үзэхэд :

Шүүгдэгч Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуун нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Соёлмааг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Олохун овогт  Галсандашийн Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ... Миний бие 1993 онд Ч.Эрдэнэчулуунтай гэр бүл болоод 25 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд бид хоёр 6 хүүхдийн эцэг, эх болсон. Ч.Эрдэнэчулуун анх гэр бүл болсон цагаас эхлэн архи ууж намайг хардаж зоддог байсан. Хүүхэд нь гараад зан ааш нь өөрчлөгдөх байх гэж явсаар одоог хүртэл өөрчлөгдөхгүй зоддог байдал нь үргэлжилж байна.Ч.Эрдэнэчулуун эрүүлдээ маш сайхан зан ааштай байдаг, архи уухаараа агсам тавьж намайг зоддог. Ч.Эрдэнэчулууны архи ууж агсам тавьж намайг зоддог нь бид хоёрыг суусан цагаас эхэлсэн. Сүүлийн жилүүдэд энэ байдал нь хэрээс хэтрээд байхаар нь цагдаад мэдэгддэг болсон. 2013 оноос хойш захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр торгуулж баривчлагдаж байсан. Ч.Эрдэнэчулуун намайг зодохдоо ил мэдэгдэх гэмтэлгүй зоддог байсан болохоор би  шүүх эмнэлэгт үзүүлдэггүй байсан. Баривчлах шийтгэлээ эдэлж гарч ирчихээд намайг “ чи намайг баривчлуулаад баярлаж байна уу” гээд уурлаад гарч яваад архи уучихаад согтуу ирээд агсам тавиад дахиад зоддог. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би хөрш айлынхантайгаа мартын баяр тэмдэглээд бага зэрэг архи уучихсан байсан чинь Ч.Эрдэнэчулуун ирээд доромжлоод байхаар нь санаа зовоод гэрээс гараад иртэл намайг хардаад үснээс чирээд толгой руу цохиод байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Тэгтэл Ч.Эрдэнэчулуун цагдаагаас зугтаад явчихсан байсан.Үдээс хойш нь 13 цагийн үед Ч.Эрдэнэчулуун гэртээ согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод гартаа барьсан зүйлээр над руу шидээд байхаар нь цагдаад хэлэх гэтэл гэрээс гараад зугтчихсан. 2017 оны намраас архи ууж согтохоороо гэртээ ирээд агсам тавиад намайг зодчихоод гэрээс гараад явчихдаг, Сумын айлуудаар хоноод явдаг юм шиг байна лээ. Ч.Эрдэнэчулуун “манай эхнэр намайг гэрээс хөөлөө” гэж ярьдаг ч би агсам тавиад намайг зодоод байхаар “ чи намайг зодоод байгаа юм чинь гэрээс яв” гэж уурандаа хэлсэн. Би маш их гомдолтой байна. Ч.Эрдэнэчулууныг хэзээ ирээд алчих бол гээд байнга айдас түгшүүртэй амьдарч байна.Ч.Эрдэнэчулуунаас нэхэмжлэх зүйл байхгүй ...  гэх мэдүүлэг /хх-26-31-р хуудас/ 

Гэрч С.Баатарзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хөдөө мал дээрээ байж байгаад орой 20 цагийн үед Ч.Эрдэнэчулуун ахынд  ирэхэд 3 хүү нь байсан. Г.Соёлмаа эгч хөрш Болор-Эрдэнэ ахынд баяр тэмдэглэх гээд орсон гэж хэлсэн. 21 цагийн үед Ч.Эрдэнэчулуун ах согтуу ирээд “Г.Соёлмаа хаачсан юм бэ” гэхээр нь Болор-Эрдэнэ ахынд байгаа талаар хэлээгүй. Тэгээд Ч.Эрдэнэчулуун ах гараад явсан.Би Ч.Эрдэнэчулуун ахын 3 хүүтэй нь гэрт нь унтаж байтал шөнө Г.Соёлмаа эгч,  араас нь Ч.Эрдэнэчулуун ах хоёр орж ирээд тэр хоёр хэрэлдээд байсан.Би тухайн үед нойрмог байсан болохоор зарим зүйлийг сайн  санахгүй байна. Миний санаж  байгаагаар Ч.Эрдэнэчулуун ах Г.Соёлмаа эгчийн мөр лүү гараараа 2 удаа цохихоор нь би салгасан. Тэгээд Г.Соёлмаа эгч цагдаа дуудаад ирье гэхэд Ч.Эрдэнэчулуун ах гэрээсээ гараад явчихсан.Г.Соёлмаа эгч цагдаагийн ажилтнуудтай гэртээ ирээд хүлээгээд Ч.Эрдэнэчулуун ах ирээгүй, гадуур хайгаад олоогүй. Маргааш өглөө нь Ч.Эрдэнэчулуун ах эрүүл гэртээ ирсэн. Би тэднийхээс мал руугаа явсан. Ч.Эрдэнэчулуун ах эрүүлдээ ажилсаг их сайн хүн. Харин согтохоороо догшин ширүүн, агсам тавьж Г.Соёлмаа эгчийг байнга зоддог. Эхэндээ Г.Соёлмаа эгч цагдаад мэдэгддэггүй байснаа сүүлдээ цагдаад хэлдэг болсон ба Ч.Эрдэнэчулуун ах аймагт нэлээд хэдэн удаа баривчлагдаж байсан.Миний мэдэж байгаагаар 6-7 жилийн өмнөөс Ч.Эрдэнэчулуун ах архи ууж гэртээ агсам тавьж эхнэрээ зодоод байх шиг байгаа юм. Би тэднийд байх үедээ Ч.Эрдэнэчулуун ахыг Г.Соёлмаа эгчтэй зодолдоход нь салгадаг. 2017 оны намраас хойш Ч.Эрдэнэчулуун ах гэртээ бараг хоноогүй, согтуу ирээд Г.Соёлмаа эгчтэй хэрүүл маргаан хийгээд гараад явчихдаг байсан, яг хаана амьдраад байгааг нь мэдсэн зүйлгүй ...  гэх мэдүүлэг / хх-32-33-р хуудас/

Гэрч М.Цэрэндашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манайх Дарви сумын төвд 2000 онд нүүж ирээд Ч.Эрдэнэчулууныхтай хөрш болж суурьшсан. Манайхыг ирэхэд Ч.Эрдэнэчулуун эхнэр хүүхдүүд болон ээжтэйгээ амьдардаг байсан.Ч.Эрдэнэчулуун архи уухаараа агсам тавьж эхнэрээ зоддог. Энэ байдал нь байнга давтагддаг байсан ба эхнэр нь зугтаад айлын хашаанд нуугдаад байдаг байсан юм шиг байна лээ.Г.Соёлмаа Ч.Эрдэнэчулуунд зодуулчихаад цагдаад хандаад байдаггүй байсан. Ч.Эрдэнэчулуун эрүүл үедээ их сайн залуу, ажилсаг, хүнд тусархуу. Сүүлийн хэдэн жил архи ууж агсам тавьж эхнэрээ зодох нь улам ихсээд эхнэр нь цагдаад мэдэгдээд олон удаа аймгийн төвд баривчлагдаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой Ч.Эрдэнэчулуун манайд халамцуу орж ирээд “намайг Г.Соёлмаа гэрээсээ хөөгөөд байна, би айлын хүйтэн амбаарт хонож байгаа. Г.Соёлмаа бид хоёр хэрэлдээд байна, та манай гэрт ороод учрыг нь олоод өгөөч” гэсэн. Би Ч.Эрдэнэчулууныг дагуулж гэрт нь ороод Ч.Эрдэнэчулуун, Г.Соёлмаа нарт “ та хоёр одоо хэрэлдэхээ больцгоо, хэдэн настай гэж ингэж байдаг юм, жоохон хүүхдүүд шиг байхаа больцгоо” гэхэд Ч.Эрдэнэчулуун эхнэр лүүгээ уурлаад дайраад байсан чинь хүүхэд нь Ч.Эрдэнэчулууныг бариад ойртуулахгүй байсан. Г.Соёлмаа надад “ Ч.Эрдэнэчулуун намайг насаар минь ингэж дарамталж байгаа юм” гэхээр нь би “та хоёр одоо хэрэлдэхээ больцгоо, би гэр лүүгээ орлоо” гээд Ч.Эрдэнэчулуунаар гэр лүүгээ дөхүүлүүлсэн чинь Ч.Эрдэнэчулуун “ Г.Соёлмаа гэртээ унтуулбал гэртээ хононо, унтуулахгүй бол айлын амбаарт орж унтана”гээд явсан. Маргааш нь сумын төвд Г.Соёлмаатай таарахад “ өчигдөр Ч.Эрдэнэчулуун таныг хүргэж өгчихөөд буцаж орж ирээд намайг зодсон” гэж хэлсэн. Г.Соёлмаа надад урьд өмнө “ Ч.Эрдэнэчулуун намайг зодоод би 7 хоног хэвтэж байгаад босож ирлээ” гэж ярьдаг байсан. 2017 оны намраас хойш Ч.Эрдэнэчулуун гэртээ байгаагүй бөгөөд согтуудаа ирээд хэрүүл зодоон хийгээд байх шиг байгаа юм. Сумын төвд яг хаана амьдраад байгаа нь мэдэгдэхгүй байгаа  ... гэх мэдүүлэг /хх-34-35-р хуудас/

Гэрч М.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манайх Ч.Эрдэнэчулууныхтай хөрш амьдардаг. 2018 оны 03 дугаар сарын 08 - ны шөнө ажил дээрээ ээлжтэй байж байгаад орой 20 цагийн үед гэртээ хоол идэхээр очиход манайд Цэвэлмаа, Жагай, Мөнхцэцэг, Соёлмаа, манай эхнэр Баянжаргалан нар  эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд сууж байсан. Би хоолоо идээд байж байтал Ч.Эрдэнэчулуун эхнэртэйгээ маргалдаж байгаад гараад явсан. Ч.Эрдэнэчулуун ах архи уухаараа агсам тавиад эхнэртэйгээ хэрэлдээд зодолдоод байгаа нь манайх хөршийн хувьд мэдэгддэг ...гэх мэдүүлэг  / хх-36-37-р хуудас/

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн...  Миний бие 1993 онд Г.Соёлмаатай гэр бүл болж гэрлэлтээ батлуулж нэг гэрт амьдарсан. Манайх 6 хүүхэдтэй. Би эхнэртэйгээ хааяа маргахад манай эхнэр намайг “чамайг шоронд явуулна, би Давхарбаяр гэх хүнтэй унтдаг” гэж хэлээд байдагт нь би их гомддог.Тэгээд архи уусан үед эхнэртээ гомдсон гомдол илүү их бодогдоод байдаг болохоор эхнэртэйгээ маргалдаж ганц нэг цохисон асуудал гаргадаг. Эхнэр намайг цагдаад мэдэгдэж би удаа дараа баривчлах шийтгэл эдэлж байсан. 2017 оны намар эхнэртэйгээ маргалдахад Г.Соёлмаа “чи одоо манай гэрээс яв, чиний урьд амьдарч байсан гэр шатсан, энэ гэрийг манай ах дүү нар өгсөн” гэж хэлээд гэрээс хөөсөн. Түүнээс хойш сумын урд орших балгас болон сумын эмнэлгийн уурын зуух зэрэг газарт хоноглож байгаа.2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би согтуу байхдаа эхнэрээ хардаж мөрөнд нь 2 удаа цохисон. Маргааш нь мөн Давхраатай нэг шил архи хувааж уучихаад гэртээ ирээд эхнэрийнхээ мөрөнд нь нэг удаа цохисон. Тэгээд эхнэр цагдаа дуудна гэхээр нь гэрээс гараад зугтсан ... гэх мэдүүлэг / хх-42-43-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээ тогтоолгосон баримт / хх-8-11/

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 227, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэврийн хуулбарууд /хх-58-61-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн ... Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуун, Олохун овогт Галсандоржийн Соёлмаа нар нь 1992 оны 02 сарын 06- ны өдөр гэр бүл болж, 1993 оны 01 сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 36/002378 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны өгсөн...  Би хааяа архи уудаг.  Тэр үед манай эхнэр намайг цагдаад хэлнэ гээд байхаар нь би гэртээ  хонодоггүй. Манай эхнэр надад хууль үйлчлэхгүй гээд гадуур тэнээд явчихдаг, намайг гэрээс хөөдөг. Тэр гэрт миний мэдлийн юм байхгүй. Би эхнэрээсээ салах хүсэлтэй байна.Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамраалалтай, ач холбогдолтой, хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзлээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдгийг ”эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...“ хамаарна гэж тодорхойлсон ба хохирогч Г.Соёлмаа нь  шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуун, Олохун овогт Галсандоржийн Соёлмаа нар нь 1992 оны 02 сарын 06-ны өдөр гэр бүл болж, 1993 оны 01 сарын 03- ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 36/002378 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хуульд  “байнга” гэдгийг  “тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг хэлнэ” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь эхнэр Г.Соёлмааг гурваас дээш удаа зодсон болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 02- ны өдрийн 227 дугаартай, 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэврүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь хэрэг хариуцах чадвартай болох нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 9 дугаартай Шүүх сэтгэцийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулуун нь  эхнэр Г.Соёлмааг  2017 оны 10 сарын 24- ний өдөр , 2017 оны 12 сарын 21, 22 ны өдөр тус тус  зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө  шүүхээс 2 удаа баричвлах шийтгэл оногдуулсныг эдэлсний дараа  2018 оны 03 сарын 08-ны өдөр эхнэр Г.Соёлмааг  зодсон нь ... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон ... гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Ч.Эрдэнэчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д  зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулууныг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-81/-аар , шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх хохирол төлбөргүй нь хохирогч Г.Соёлмаагийн “...Ч.Эрдэнэчулуунаас нэхэмжлэх зүйл байхгүй “ /хх-31/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй  гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуун хувийн байдлын талаар гэрч Е.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ч.Эрдэнэчулууныг нэг нутгийн хүмүүс гээд хүндлээд явдаг, төрөл садангийн холбоо байхгүй. Ч.Эрдэнэчулуун нь байнга архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр удаа дараа баривчлагдаж байсан. Ч.Эрдэнэчулуун гудамж талбайд биеэ зөв авч явж чаддаггүй, хүмүүс рүү заналхийлж явдаг... гэх мэдүүлэг /хх- 18-р/

Гэрч М.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ч.Эрдэнэчулуун архи их уудаг. Архи хэрэглэсэн үедээ догшин ширүүн, мод чулуу гартаа барьсан зүйлээр хүнийг зодож цохиж, айлган сүрдүүлж явдаг. Эхнэрээ бусадтай хардаж зодож доромжилдог, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд баривчлагдсан гэж сонсогдож байдаг ...  гэх мэдүүлэг /хх-19-20-р/

Гэрч С.Баатарзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ч.Эрдэнэчулуун ах эрүүлдээ ажилсаг их сайн хүн. Харин согтохоороо догшин ширүүн, агсам тавьж Г.Соёлмаа эгчийг байнга зоддог... гэх мэдүүлэг / хх-33/ зэрэг баримт  хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулууныг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Чогдон овогт Чимэдийн Эрдэнэчулууныг хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

                3.Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй , битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд тайлбарлан өгч, тэнсэгдсэн хугацаанд  шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай. 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн д отор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА