Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

    2024       06           12                                             2024/ДШМ/38

 

 

Б.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                     

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                             Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ц.Энхтуяа

Хохирогч                                             Д.Б

Нарийн бичгийн дарга                     Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Л-д холбогдох 232500232037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Б тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Б-ын эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор, “Кен” брендийн гар түрдэг хөрөө, “Кен” брендийн жижиг гар төмөр тасдагч, “Кен” брендийн баттерэйтэй гар дрилл, түлхүүр багажны ком зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д холбогдуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Л-н цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас 200 цагийг хасаж, 100 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоож, Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Анх-Ирээдүй эсэргүүцэлдээ:

“... Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Б-ын “... гражид Л гэдэг эртний танилын хамтаар зуурагч машины гол төмрийг шайрганд суулгаж зоруулах ажлыг хийж байх явцад гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 11 цагийн үед гражаа түгжин яваад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би граждаа ирэхэд гражийн хаалганд зүүсэн байж цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гражийн цоожийг нээж дотогш ороход ... цемент зуурагчийн мотор, гар түрдэг хөрөө, гар төмөр тасдагч, гар дрилл, ком багажийн түлхүүр тус тус алга болсон байсан, ... техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Л надад цемент зуурагчийн моторыг авч ирэн худалдсан гэсэн .... Бодьгэрэлийн Лтай тааран “чи миний эд зүйлсийг хулгайлан авсан байна. Эргүүлээд өгчих” гэсэн чинь “авахын хувьд авсан, гэхдээ хаана яаж тавьсан гэдгээ санахгүй байна" гээд байхаар нь дагуулаад явж байсан чинь нэг айлын хашаа руу ороод алга болчихсон ..." гэсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд: 

Шүүгдэгч Б.Л-гийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл буюу хохирогч Д.Б-ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, цоожтой байсан агуулахад зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэлгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Шүүх хэргийн үйл баримтын талаар "Шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Б-ын эзэмшлийн эд зүйлийг хулгайлан авахдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэжээ. 

Мөн хохирогч Д.Б-ын эзэмшлийн эд зүйлийг хулгайлан авахдаа өөрт байсан түлхүүрийг ашиглан авто гражид нэвтрэн орж эд зүйл авсан нь тогтоогдож байх ба түүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Л-д тус гражийн түлхүүр байсан, уг түлхүүрийн талаар хохирогч Д.Б мэдүүлэхдээ "нэг түлхүүр алга болохоор нь хэсэг хайж байгаад хаячихсан гэж бодсон" мэдүүлдэг ба шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ "Д.Б найз Буянаатай архи ууж байхдаа надад гаражийн нэг түлхүүрээ өгсөн, үүнийгээ одоо өөрөө санахгүй байх шиг байна” гэж зөрүүтэй мэдүүлж ярьдаг гэж тайлбарлан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай уулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 4 дэх хэсэгт зааснаар хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгсөн бол Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар хуульчилж өгсөн байдаг. Харин яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэдэггүй.

Гэтэл шүүх ... хохирогчийн "...гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон..." гэх мэдүүлэг, шүүгдэгчийн "... Тэгээд тэр өдөр 2-3 хүн ирж архи ууцгаасан. Тэгээд Б-ын машиныг би бариад хороолол явж байгаад нэг машин шүргээд, Б надад" журмын хашаа руу аваад явж мэднэ, дунд хайрцгаас юмнуудаа авчих" гэсэн тул би түлхүүр зэргийг аваад кармандаа хийсэн. Тэгээд надад түлхүүрээ үлдээгээд чи ирж байгаарай гэсэн ..." гэх мэдүүлгүүдийн ноцтой зөрүүтэй байдлыг нотолсон ба зөвхөн хохирогчийн мэдүүлгээр "түлхүүрийг нууцаар авсан" гэж дүгнэх нь хэргийн бодит байдал бүрэн хангалттай нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлага, зарчимд нийцэхгүй байна. 

Хэргийн мөрдөн байцаалтаар, түлхүүрийг Б.Л нь хаанаас, хэдийд, яаж авсныг шалгаж тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгийг шалгах ажиллагааг хийгээгүй, үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно" гэж заасныг баримтлан, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй ...  гэж дүгнэн яллагдагчийн мэдүүлгийг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр хохирогчийн мэдүүлгээс дээгүүр үнэлж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа тайлбартаа:

 

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Гурвуулаа архи ууж, машин согтуу жолоодсон. Хохирогч нь түлхүүрээ өгсөн гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Б тайлбартаа:

 

“...Мөрдөн байцаалтад би өөрөө мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ өөрчилж яриад байх зүйл байхгүй...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ:

 

“...Хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Харин яллагдагч нь хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Л-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Б тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Бын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

 Прокуророос шүүгдэгч Б.Л-гийн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “... зөвхөн хохирогчийн мэдүүлгээр "түлхүүрийг нууцаар авсан" гэж дүгнэх нь хэргийн бодит байдал бүрэн хангалттай нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлага, зарчимд нийцэхгүй байна. Хэргийн мөрдөн байцаалтаар, түлхүүрийг Б.Л нь хаанаас, хэдийд, яаж авсныг шалгаж тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгийг шалгах ажиллагааг хийгээгүй, үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн байх тул ...” гэж дүгнэж түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний үндсэн шинж нь ашиг олох гэсэн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авахдаа тухайн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орох эрхтэй байсан эсэхийг тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх ач холбогдолтой.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд гэмт этгээд энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Шүүгдэгч Б.Л нь өөрийн танил буюу хохирогч Д.Б-ын хамт Б багт байрлах төмөр хаалгатай, төмөр цоожтой, бетон гражид хохирогчийн зуурагч машины гол төмрийг зорох ажлыг хийх явцдаа гражийн илүү түлхүүрийг нууцаар авч, Д.Б-ын эзгүйд буюу түүний зөвшөөрөлгүйгээр 2023 оны 05 дугаар сарын 26-аас 29-ний өдрийн хооронд гражийн хаалгыг онгойлгон орж эд хөрөнгийг нь хулгайлан авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

Бусдын байр агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар /түлхүүр тааруулах, хаалга цонхны түгжээг эвдлэх, онгорхой байхад нь сэм орох болон бусад аргаар/ нэвтэрч улмаар эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авсан тохиолдолд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Л нь “... гражийн түлхүүрээ согтуу байхдаа надад өгсөн ... ” гэж мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч Д.Б нь “ ... би нэг илүү түлхүүрээ хаячихсан, Л-д өгөөгүй ... ” гэж тогтвортой, тодорхой мэдүүлсэн байхад анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б нь Б.Л-тай хамтран ажил хийж байх үедээ түүнд түлхүүрээ өгч, өөрийн эзгүйд гражид орохыг зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хохирогчийн өгсөн мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдэж байна.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

 

4.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                        ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР