Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 540

 

Э.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 889 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 749 дүгээр магадлалтай, Э.Б, О.М, Г.З нарт холбогдох 1906009670752 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.М, Г.З нарын өмгөөлөгч О.Анхбаярын  гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Борхоо овогт Э.Б,

2.Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт О.М,  

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Их мэргэд овогт Г.З.

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2,  Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О.М, Г.З нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.М, Г.З нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бүлэглэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч О.М, Г.З нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 30 хоног хорих ялаар,

шүүгдэгч О.М, Г.З нарт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 сар 30 хоног хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарын цагдан хоригдсон 2 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б, О.М, Г.З нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.М, Г.З нарын өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

1. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх О.М, Г.З нар нь Э.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан 1 дүгээр хавтасны 12 дугаар хуудас болон 14 дүгээр хуудсанд байх хохирогч Э.А, Ц.Г нарын мэдүүлгийн хэсгээс иш татсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцахад гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго, хамтран оролцох болсон оюун санааны нэгдлийг зөвхөн хохирогч нарын мэдүүлгээс дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл болсон гэж үзэж байна. Учир нь энэ хэргийн тухайд хохирогч нарын мэдүүлгээс гэмт этгээдийн гэмт үйлдлийг л тодорхой мэдэх боломжтой болохоос гэмт этгээдийн оюун санааны үйл явц болсон сэдэлт, санаа зорилго, хамтран гэмт хэрэг үйлдэх болсон дотоод субъектив шинжийг тодорхойлох боломжгүй юм.

Шүүгдэгч нар хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс өөрсдийгөө яагаад гэмт хэрэгт үйлдэх болсон шалтгаан, санаа зорилгыг тогтвортой мэдүүлсээр ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж заасан. Энэ заалтаас харахад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд нь үйлдлээрээ нэгдэхээс гадна оюун санааны хувьд ухамсарлан ойлгож нэгдсэн байхыг шаардаж байна. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь объектив болон субъектив шинжийн нийлбэр байж сая гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үздэг. Хэдийгээр О.М, Г.З нарын үйлдэл нь хохирогчийн мэдүүлэгт гардаг шиг үйлдлээрээ нэгдэж байгаа мэт харагддаг ч субъектив шинж байна уу гэдгийг давж заалдах шүүх харгалзаагүй болно. Өөрөөр хэлбэл О.М, Г.З нар Э.Бтэй нийлж дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр оюун санааны хувьд нэгдсэн үү, бусдын цүнхийг авахаар шунахайн сэдэлтээр бусдад хор уршиг учруулахыг хүссэн үү гэвэл үгүй юм.

Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Э.Б, О.М, Г.З нар нь бусдыг бүлэглэн зодож, гэмтэл учруулах гэмт үйлдлийг хийхээр оюун санааны хувьд нэгдсэн болохоос бусдыг эд зүйлийг авах шунахай сэдэлтэй гэмт хэрэг үйлдэхээр оюун санааны хувьд нэгдээгүй юм. Энэ нь дараах нотлох баримтаас тодорхой харагддаг.

1.Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас Э.Бийн гэрчийн мэдүүлэгт “Тэгэхээр нь би “эмэгтэйгээ зодоод байх юм, эрэгтэйг нь зодчих уу” гэхэд надтай цуг явсан манай 2 найз маань “яасан ч яахав” гэж хэлсэн”

2.Хавтаст хэргийн 22 дугаар хуудас О.Мын гэрчийн мэдүүлэгт “Тэгсэн чинь эрэгтэй эмэгтэй хоёр хүн муудалцаад байсан, тэгэхээр нь Б энэ ямар зэвүүн гар вэ гээд энэ залууг нь зодчих уу гэсэн. Тэгээд бид 3 араас нь дагаад явсан.”

3.Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас Г.Зын гэрчийн мэдүүлэгт “Тэгээд Б бид хоёрт “очоод эрэгтэйг нь зодчих уу” гэсэн тэгэхээр нь бид яасан ч яахав гэж хэлсэн.” Шүүгдэгч нар цаашид эдгээр мэдүүлгээ маш тогтвортойгоор мэдүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч нар гэмт хэрэгт хамтран оролцох болсон оюун санааны байдалд дүгнэлт хийх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар дээрмийн гэмт хэрэг хамтран үйлдэхээр нэгдээгүй болох нь тодорхой байна. Шүүгдэгч нар бусдын биед хохирол учруулах гэмт хэрэг хамтран үйлдэхээр нэгдсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Э.Б нь О.М, Г.З нартай тохиролцсон хэргээсээ өөр хэргийг үйлдэж, хохирогчийг зодох явцдаа гар цүнхийг булаан авч дээрмийн гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн байдаг.

Иймд О.М, Г.З нар нь оюун санааны хувьд дээрмийн гэмт хэрэг хамтран үйлдэхээр шүүгдэгч Э.Бтэй санаатай нэгдээгүй гэж үзэж байгаа тул хэргийг дээрмийн гэмт хэргээр зүйчлэх тухай давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2.Гэмт хэргийн зүйлчлэл буруу хийгдсэн буюу анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.М нь хохирогчийн цүнхэнд байсан гар утсыг өөртөө 2 хоног байлгасан, харин шүүгдэгч Г.З нь хохирогчийн гар цүнхэд байсан 11.000 төгрөгөөр бэлэн гоймон авч бусадтайгаа хуваан идсэн үйлдлүүд тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.М, Г.З нарын эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэн ял шийтгэсэн байдаг.

Гэтэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл О.М, Г.Зын нарын гэмт үйлдлийн нийгмийн хор аюул, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитоор хохирол, хор уршиг учруулсан нь ялимгүй юм. Шүүгдэгч О.Мын тухайд хохирогчийн гар утсыг өөрийн гэрт 2 хоног байлгаад гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн Э.Бт буцаан өгснийг мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч О.М өөртөө гар утсыг 2 хоног байлгасан нь хохирогчийн эрх ашигт ялимгүй, өчүүхэн бага хохирол учруулсан гэж үзэхээр байна. Харин О.М нь хохирогчийн өмчлөх эрхэд бодитоор хохирол учруулаагүй юм.

Анхан шатны шүүхээс 11.000 төгрөгийг дээрмийн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж дүгнэсэн бөгөөд энэхүү хохирол нь Э.Бийн гар цүнхийг нь булааж авсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан болохоос биш, шүүгдэгч Г.Зын гэмт үйлдлийн улмаас учраагүй болно. Шүүгдэгч Г.З нэгэнт төгссөн дээрмийн гэмт хэргийн хохирлын мөнгөөр бэлэн гоймон авч Э.Б, О.М нартай хуваан идсэн байдаг. Г.Зын 11.000 төгрөгөөр бэлэн гоймон авч идсэн үйлдэл нь мөн л Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт бодитой хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Учир нь хохирогч гар цүнхээ Э.Бт алдсанаар хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчтөй байх эрх аль хэдийн бодитоор зөрчигдсөн байдаг. Бэлэн мөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогддоггүй, харин төрлийн шинжээр тодорхойлогдох зүйл юм. Шүүгдэгч Г.З нь зөвхөн хохирогчид ганц байдаг нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эрхэм нандин үнэт зүйлийг зарж үрсэн тохиолдолд хохирогчид бодитоор хохирол учруулсан гэж үзнэ. Гэтэл хэргийн нөхцөл байдалд бэлэн мөнгийг л үрсэн, түүнийгээ буцаан төлсөн байдаг.

Шүүгдэгч О.М хохирогчийн цүнхнээс гарч ирсэн гар утсыг өөрийн гэрт 2 хоног байлгаад, хамт гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Э.Бт дамжуулан өгсөн үйлдэл нь ердөө л гэмт этгээд, нөгөө гэмт этгээддээ хэргийн эд мөрийн баримтыг шилжүүлэн өгч байгаа үйлдэл төдий юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.М нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болгох зорилготойгоор дахин шинэ гэмт хэрэг үйлдээгүй. Учир нь нотлох баримтаас харахад О.М бусдад гар утсыг зарах зэргээр хууль бусаар олсон орлогыг хууль ёсны болгох гэсэн үйлдэл хийгээгүй байдаг.

Гэтэл “Мөнгө угаах” гэдэг гэмт хэрэг нь “Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор хийгддэг, өөрөөр хэлбэл хууль ёсны эх сурвалж болгон хувиргахад чиглэсэн үйлдэл” гэж ойлгож байна. Гэмт этгээдүүд бие биедээ гэмт хэргийн баримтыг дамжуулан өгөх нь мөнгө угаах гэмт хэрэг болохгүй. Хохирогчийн гар утас яг хэзээ, хэний үйлдлээр эдийн засгийн эргэлтэнд орж хууль ёсны эх сурвалжтай болсон бэ гэдэгт анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй.

Энэ бүгдээс дүгнэхэд шүүгдэгч О.М, Г.З нарыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч О.М, Г.З нарыг гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, зөвхөн Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Бт холбогдох дээрэмдэх гэмт хэрэгт шүүгдэгч О.М, Г.З нарын оролцоо байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.М, Г.З нарын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарыг бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 112 дугаар байрны гадна хохирогч Ц.Гийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, дээрх гэмт хэргийг үйлдэх явцад шүүгдэгч Э.Б нь хохирогч Ц.Гийн биедээ авч явсан хохирогч Э.Аийн гар цүнхийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан, улмаар шүүгдэгч О.М, Г.З нар нь хохирогч Э.Аийн гар цүнхтэй эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарт оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Харин шүүгдэгч О.М, Г.З нарыг шүүгдэгч Э.Бтэй бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хохирогч Ц.Г, Э.А нар гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.М, Г.З нарыг дээрэмдэх хэрэг үйлдсэн эсэхийг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Э.Б, О.М, Г.З нарыг анх хохирогч Ц.Гийг зодохоор санаа зорилгоо нэгтгэж, түүнийг зодох явцад шүүгдэгч Э.Бт хохирогчийн барьж явсан цүнхийг авах сэдэл шинээр төрж, улмаар хүч хэрэглэн авсан үйлдэл нь шүүгдэгч О.М, Г.З нарт хамаарахгүй гэж дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд заасан “Зөрж гүйцэтгэх” шинжийг агуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.М, Г.З нарыг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч О.М, Г.З нар шүүгдэгч Э.Бийг хохирогч Э.Аийн гар цүнхийг дээрэмдэн авсныг мэдсэн атлаа тухайн цүнхэнд байсан эд зүйлийг авч, захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч О.М, Г.З нарын дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий хангасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 889 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 749 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоос “Шүүгдэгч О.М, Г.З нарт холбогдох Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН