Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 259

 

“Ш” ХХК-ийн гомдлын шаардлагатай,

Орхон аймаг дахь Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Б.Энхжаргал,

 Б.Хишигбат нарт холбогдох зөрчлийн

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 Г.Банзрагч

                               Б.Мөнхтуяа

                               П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:     Ч.Тунгалаг

Гомдлын шаардлага: Орхон аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.Х нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгуулах

Орхон аймаг дахь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0328 дугаар магадлалтай,

Гомдол гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий /2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлчилж байсан/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Б.Х нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0328 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “12 дугаар сарын 18-ны гэснийг 8 дугаар сарын 27-ны” гэж, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Орхон аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтэрхээргүй байна" гэсэн өөрчлөлт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон байхад татварын улсын байцаагч нар хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг хэрэглэж торгуулийг 30 хувиар тооцсон байхад хоёр шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

4. Орхон аймаг дахь Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 дугаартай Шийтгэлийн хуудсыг бичихдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 1.4-р зүйлийн 1.4.3-т заасан “...тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ"гэсэн заалтыг Шийтгэх хуудас бичин үндэслэлээ болгосон явдал нь өөрөө хууль зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19-д “Татварын ерөнхий хуулийг зөрчих гээд мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т “НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ НӨАТ ногдуулаагүй,... бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Гэхдээ тухайн хуулийн этгээдийн 2015 оны санхүүгийн баримтад шалгалт хийсэн учир Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтуудыг үндэслэн шийтгэх хуудас бичих үндэслэлгүй учир 30 хувиар тооцон торгууль ногдуулах нь зүйд нийцэхгүй.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэжээ. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1, 74.1.4, 74.3 дахь заалтууд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон байхад хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэж хууль ёсны эрх ашгийг хохироосон байхад хоёр шатны шүүх бодит дүгнэлт хийсэнгүй. Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэр, 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0328 дугаартай шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт шаардлагагүй хууль баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан нь зөв байна.

7. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан “татварын хяналт шалгалтад 2017 онд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”-ыг үндэслэн, татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Орхон аймаг дахь Татварын хэлтсийн улсын байцаагч Б.Х, Б.Э нар нь “Ш” ХХК-ийн 2013 оноос 2016 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хянан шалгаж, тус компанийн 2015 оны 8 дугаар сарын “нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-д тусгаж, хасалт хийсэн 90,909,090.90 төгрөгийн дүн бүхий худалдан авалт нь “ДХД” ХХК-ийн нэр, тамга, тэмдэг бүхий 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18073518 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааны “хий бичилт”-д үндэслэсэн болохыг тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 дугаартай “шийтгэлийн хуудас”-аар Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг баримтлан 9,090,909.10 төгрөгийн нөхөн татвар, 2,727,272.70 төгрөгийн торгууль, 3,696,552.30 төгрөгийн алданги ногдуулжээ.

8. Татвар төлөгч нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч “торгууль, алданги төлөхгүй” гэж маргасан ба Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор алдангийг хассан, гомдол гаргагчаас “торгуулийн 2,727,272.70 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах”-аар шаардлага гаргаж, хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн гэж маргажээ.

9. Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн /зөрчлийн/ эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

10. Энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч нь “90,909,090.90 төгрөгийн худалдан авалт, үүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснөөр бичигдсэн “хуурамч” бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”-ыг ашиглаж 2015 оны 8 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тус худалдан авалтыг тусгаж, хасалт хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр 74.1, 74.1.4-т заасан “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” хууль бус үйлдэл /татварын зөрчил/ тул уг зүйлийн 74.1, 74.3-т зааснаар ногдох татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги тооцож, хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна.

11. Түүнчлэн, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар уг 74 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 74.1 “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, 74.2 “энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэсэн заалттай болсон, уг хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар заажээ.

12. Иймээс, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд оруулсан уг өөрчлөлт нь Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацаанаас буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүссэн татварын эрх зүйн харилцаанд үйлчлэхийн зэрэгцээ шийтгэлийн хуудсаар ногдуулсан “алданги”-ийг Маргаан таслах зөвлөлөөс хассан байх тул нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан “... алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн өөрчлөлт орсон байхад хүчингүй болсон хуулийг хэрэглэж торгуулийг 30 хувиар тооцсон” гэх гомдол үндэслэлгүй байна.

13. Мөн Зөрчлийн тухай тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан, тус хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “татварын ерөнхий хууль зөрчигчид хүлээлгэх” шийтгэлийн хэмжээ нь зөрчил үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаас “хөнгөрөөгүй” байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Иймд, дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ш” ХХК-ийн захирал Л.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0328 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ