Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0363

 

2017 оны 05 сарын 23 өдөр                  Дугаар 221/МА2017/0363                Улаанбаатар хот

 О.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, нарийн бичгийн даргаар Н.Батзориг, нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор, О.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамж-ийг хүчингүй болгож, О.А-ийн Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.А-ийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1.908.263 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх заалт, 106.3.12 дах заалтыг баримтлан шүүх шийдвэрээ гаргасан хууль зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч гаргасан "нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад өөрчилсөн. Энэ нь хариуцагч болон гуравдагч этгээд нар ЗХШХШ тухай хуулийн 6.3 заасны дагуу хуульзүйн үндэслэл, хууль хэрэглээний талаарх мэтгэлзэх зарчмыг алдагдуулж , тайлбар өгөх нотлох баримт гаргаж өгөх тэгш байдал алдагдсан. Учир нэхэмжлэгчийн шаардлагатай танилцаад захиргааны ерөнхий хуулийн 47 р заалтын аль хэсгийг баримталж гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй байсан тул түүнийг тодруулах, түүнд тайлбар өгөх зорилготойгоор шүүх хуралдаанд мэтгэлзсэн боловч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хүчингүй болгох шаардлага болгосон.Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 48 дагуу хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ЗХШХШ тухай хуулийн 106.5 дэх заалтыг зөрчсөн. Мөн гуравдагч этгээд ЗХШХШ тухай хуулийн 20.1.2,20.1.3 заасан эрхийг эдлэх боломжгүй болгосон.

2. Шүүх хуралдааны явцад 2016.10.06 ны өдрийн Б/44 тоот захирамжийг бүхэлд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл уг захирамжийн 1р хэсэг болон гуравдагч этгээд Ж.БатАмгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилсон хэсэг заалттай нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд маргаагүй. Зөвхөн О.А-ийг ажлаас чөлөөлсөн гэх заалттай маргаж байгаа тухай нэхэмжлэгч тайлбарласаар байхад оролцогч нарын маргаагүй хэсэгт дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

3. Боловсрол соёлын газарт урлагийн салбар нэмэгдсэн ба энэ нь урлагийн салбар нь Соёл.урлаг спорт аялал жуулчлалын салбараас тусгаарлаж , боловсрол соёлын газартаа нэгдэж ирж байхад чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй бөгөөд шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд нотлох боломжгүй болоход нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.14 ны өдрийн 08 тоот шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч О.А "Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарыи 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах"-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг шүүгч хянан шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь заалт, 106.4 дэх заалтыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1а/2810 дугаартай албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газар болгон ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Орхон аймгийн Боловсрол соёлын газар нь Боловсрол, соёл, урлагийн газар болж чиг үүргийн хувьд өөрчлөгдсөн энэ нь нэхэмжлэгч О.А-ийн 2016 оны үр дүнгийн гэрээ, гуравдагч этгээд Ж.Батамгалангийн 2017 оны үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр нотлогдож байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаартай захирамжийн дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын зохион байгуулалт, Шинэчилсэн журам, чиг үүрэг, бүтцийн дагуу ажиллах үүргийн дагуу "Урлаг, уран сайхан хариуцсан мэргэжилтэн" "Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн" гэсэн ажлын байрыг нэмж өргөн хүрээнд чиг үүргийн хувьд шинэчлэгдэн ажиллаж байхад өөрчлөгдөөгүй гэжээ. Орхон аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн газрын даргын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд соёл, урлагийн үйл ажиллагаанд хүний хөгжилд чиглүүлэх үйл ажиллагааны ил тод байдлыг хангах өөрчлөлтүүд орсон. Зорилт-1: Соёл урлагийн салбарын удирдлагын менежментийг боловсронгуй болгож үйл ажиллагааны шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх. Зорилт-2: Соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих. Зорилт-3: Боловсрол, соёл урлагийн салбарын байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрүүдийг ил тод болгож, үзүүлж буй үйлчилгээг иргэдэд сурталчилна. Энэхүү зорилтын дагуу аймгийн "Соёлын зөвлөл" "Уран сайхны дэд зөвлөл"ийг шинэчлэх бодлого төлөвлөлтийг боловсруулах, шийдвэрлэх, "Монголын өвийн төв"-тэй хамтран биет бус өв тээгчдийн санг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилтын дагуу өөрчлөгдөн ажиллаж байна. Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт хэргийн хоёр ...оролцогч гомдол гаргасан, ...тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт бүхэлдээ хууль ёсны эсэх, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ... аймгийн Боловсрол, соёлын газар Засгийн газрын тогтоолын дагуу Боловсрол, соёл урлагийн газар болсноор даргын ажил албан тушаал устаж үгүй болоогүй ... ямар нэгэн бүтэц орон тооны зохицуулалт хийгээгүй байхад албан тушаалын нэрэнд урлаг гэдэг үг нэмэгдсэнийг үндэслээд Засаг дарга Б/44 тоот захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримтлан ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй ... гэх агуулгаар Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцох, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан байх ба 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр ...Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгож гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн бусад шаардлагыг дэмжсэн байна.

Хариуцагчаас ...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу Боловсрол, соёлын газрыг Боловсрол, соёл, урлагийн газар болгон өөрчлөн байгуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан О.А-ийг төрийн албанаас чөлөөлж 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон ... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй, харин нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд шүүх хэргийн бусад оролцогчдод өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнөөр маргааны үйл баримт тодорхой бус болж, шинэ нөхцөл байдал үүсээгүй, шүүх хэргийн оролцогчдын өмнөх тайлбар, хэрэгт цугларсан баримтын баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь анхнаасаа ...Б/44 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож... гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байсан, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий актын хүчингүй болгох гэж өөрчилснөөр маргааны үйл баримттай холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн, хэрэгт авагдсанаас өөр нэмэлт баримт шаардагдаагүй, хэргийн оролцогчид маргаан бүхий актын үндэслэлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасанд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаанаар өөр үндэслэлээр тайлбарлан мэтгэлцэх шаардлага үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн оролцогчдоос тайлбар баримт гаргуулаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О-ын ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ... нь хариуцагч болон гуравдагч этгээд нар ... хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаарх мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, тайлбар өгөх нотлох баримт гаргаж өгөх тэгш байдал алдагдсан ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг зөрчсөн... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч О.А-ийг төрийн алба болох Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ... тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй ... Орхон аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаал болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр батлагдан ирсэн байхад нэхэмжлэгч О.А-ийг ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна ... гэж захирамжийн 2 дахь заалтад холбогдуулан зөв дүгнэсэн байх хэдий ч Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч нь нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байхад маргаан бүхий Б/44 дүгээр захирамжийн заалт тус бүрээр асуудал захирамжлан шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх, хариуцагч эрх хэмжээний хүрээнд асуудлыг захирамжлан шийдвэрлэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч хэргийн шийдвэрлээгүй алдааг засч маргаан бүхий захирамжийн заалт тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар аливаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь нэгд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын хууль бус, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа тогтоогдох, хоёрт тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавартай байх учиртай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 29.1.6-д хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар,  а-д хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах гэж заасны дагуу

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосны дагуу Орхон аймгийн Засаг дарга нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Боловсрол соёлын газар-ыг Боловсрол, соёл, урлагийн газар болгож агентлагийн нэрийг Засгийн газрын шийдвэрийн дагуу өөрчилсөн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байх ба тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч О.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Орхон аймгийн Засаг даргын 2016 оны Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 2, 3, 4 дэх заалтуудын тухайд:

Нэхэмжлэгч О.А нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Боловсролын газрын Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцон, 90 оноо авч, улмаар Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр түүнийг Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн, тэрээр Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар Боловсролын газрын даргын албан тушаалд томилогджээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор Боловсрол соёлын газар нь Боловсрол, соёл, урлагийн газар болж өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар ... Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байсан О.А-ийг ... чөлөөлж ... 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалттай холбон тайлбарлан маргажээ.

Гэтэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газар нь Боловсрол, соёл, урлагийн газар болон өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгчийн эрхэлж байсан тус газрын даргын ажил, албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн Б/44 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч О.А-ийг ажлаас нь чөлөөлж, түүнд урьд эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д ...төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах.... гэж заасныг зөрчсөн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, төрийн албан хаагчийн хувьд хангагдах нэмэлт баталгаа алдагдсан байна.

Өөрчлөн байгуулагдсан Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар гэх бүтцийн нэгжид нэхэмжлэгч О.А-ийн ажиллаж байсан албан тушаал, гүйцэтгэж хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёлын газрын дарга О.А нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан үр дүнгийн гэрээ, Орхон аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл, урлагийн Ж.Б нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан үр дүнгийн гэрээгээр тогтоогдож байх ба Боловсрол, соёл, урлагийн газрын даргын хувьд тусгай шаардлага, шалгуур нэмэгдээгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.А-ийг даргаар нь ажиллаж байх үеийн буюу Орхон аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс үзвэл Олон нийтэд чиглэсэн соёл, урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг дэмжих, Нийгэм хүмүүнлэгийн судлагдахуун, соёл урлагийн байгууллагыг түшиглэн үндэсний соёл уламжлалаараа бахархах үзэх, хандлага бий болгох, өвлүүлэн хөгжүүлэх, Боловсрол, соёлын салбарыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, багш, удирдах ажилтныг чадавхижуулах, нийгмийн асуудлыг дэс дараатай шийдэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилго, зорилтын хүрээнд тус байгууллага урлаг-ийн чиглэлийн тодорхой үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдож байх ба Орхон аймгийн Засаг даргын тус аймгийн Боловсрол, соёлын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын зохион байгуулалт, бүтэцийг тус тус баталсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/603, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дүгээр захирамжуудаас үзвэл Боловсрол соёл, урлагийн газар болсноор Урлаг, уран сайхан хариуцсан мэргэжилтэн, Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн гэх хоёр мэргэжилтэн нэмэгдсэнийг тус газрын даргын ажил, албан тушаалын орон тоо хасагдсан, түүнчлэн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн О.А-ийг тус албан тушаалаас чөлөөлөх болсон шалтгаан нь урлагийн салбартай холбоотой чиг үүрэг нэмэгдсэн ... Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцэд Урлаг, уран сайхан хариуцсан мэргэжилтэн, Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн гэсэн ... ажлын байртай байхаар баталж, цалингийн сандаа багтаан ажиллуулах арга хэмжээ авахыг хүсч шийдвэрлүүлж... шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна ...байгууллагын бүтцийн шинэчлэлт өөрчлөлтийн талаар мэдэгдэж байсан, ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу шийдвэрлэсэн... гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч О.А нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газар нь Боловсрол, соёл, урлагийн газар болж нэр өөрчлөгдсөний дараа Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ...Ажил хүлээлцэх комиссыг хавсралтаар баталсан Б/23 дугаар захирамжийн ... Комиссын дарга ... О.А Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга ... гэх хавсралт, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/453 дугаар захирамжийн ...Аян зохион байгуулах дэмжих баг ... гишүүд ... О.А Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга ... гэх Аймгийн Засаг даргын нэрэмжит туг аялуулах Элэгний вирусгүй байгууллага аяны удирдамж-ийн хавсралт, О.А-ийн Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт даргаар ажиллаж 2016 оны 08, 09, 10 саруудад цалин авч байсантай холбоотой баримт болох Цалингийн хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож буйг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.А-ийн өмнө ажиллаж байсан ажлын байр нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг ажлаас чөлөөлж тэтгэлэг олгуулахаар шийдвэрлэсэн Б/44 дүгээр захирамжийн 2 дахь заалт, гуравдагч этгээд Ж.Б-г тус газрын даргаар томилсон, түүнийг цалинжуулах журмыг тогтоож, цалин олгохыг зөвшөөрч зохицуулсан Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад байгууллагын нэр өөрчлөгдсөнийг заасан болохоос бус орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэрхэн өөрчлөгдсөн, цөөрсөн талаар тусгаагүй нь тус захирамжийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой хэсэг үндэслэлгүй болох нэг үндэслэл болох бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөхөөс өмнө байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөх үндэслэл болох ажил албан тушаалын орон тоо цөөрсөн, ажлын байрны чиг үүрэг хэвээр үлдээгүй гэх нөхцөл байдал баримт нотолгоо нь маргаж буй актыг гарахаас өмнө бүрдсэн байх нөхцөл шаардлага хангагдаагүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 5,6 заалтын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 54 дүгээр зүйлийн 54.1-т Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-т захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байх бөгөөд хэрэв нэхэмжлэлийг хүлээн авмагц хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл илт тодорхой тогтоогдсон тохиолдолд тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэрэв тухайн нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх эрхтэй байхаар хуульчлагдсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн ... Байгууллагын дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж мөрдөхийг ... даалгасугай ... гэх 5 дахь, ... Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажил хүлээлцэх комиссыг хавсралтаар баталсугай ... гэх 6 дахь заалтууд нь гадагш чиглэсэн шинжгүй, дотоод зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн гол агуулга болох ажлын ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн эсэх-тэй холбоотой хэсэгт шүүх дүгнэлт өгөхөөр байх тул эрх, үүрэг үүсгэж, шилжүүлж, дуусгавар болгосон эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байх тул Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 5,6 заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр байна.

            Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газар нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар болон өөрчлөгдсөн, өмнө ажиллаж байсан ажлын байр нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч Орхон аймгийн Засаг дарга нэхэмжлэгч О.А-ийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын ажлын байранд томилоогүй эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... гэж заасантай тус тус нийцээгүйн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг алдагдуулсан, хууль бус байх тул шүүх нэхэмжлэгч О.А-ийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч О.А нь Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар 2016 оны 08, 09, 10 саруудад ажиллаж байсан хэдий ч түүнийг Боловсрол, соёлын газрын даргын Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар /шинэ нэр/ албан тушаалд томилсон албан ёсны тушаал байхгүй байх тул эгүүлэн тогтоох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/44 дүгээр захирамжаар тус аймгийн Боловсрол соёлын газрыг Боловсрол, соёл урлагийн газар болгож өөрчилсөн буюу тус газрын нэр албан ёсоор өөрчлөгдөөгүй байх үеийн албан тушаалд шүүх ажилд эгүүлэн... томилж шийдвэрлэсэн нь буруу мөн хариуцагчид даалгах байтал томилсугай гэж захиргааны байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлсэн буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв

Шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай тус тус нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд томилохыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгаж, үлдэх Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А-ийн Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 5, 6 дахь заалтуудад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ