Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Бямба-Эрдэнэ,

Хяналтын  прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч А.Т нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А. Т-т холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Т нь ... улсын дугаартай Соната 2 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд орж, ... улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн О.Б-ийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “....мэдүүлэг нэмж өгөхгүй...” гэв.

 

           Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар засмал замд нийлээд аймаг руу явцгаасан ба аймгаас урагш хогийн цэгийн орчим байдаг колонкоос урагш нэлээн зайтай манай машины бензин тасалдаад зогссон юм. Тэгээд аав одоо колонк уг нь ойрхон байна гээд машинаа дахин асаасан ба тэгээд л шууд хөдлөөд явсан. Тэгэхдээ машинаа 2 тал руу займчуулаад яваад байсан ба ингэхлээр нь бензин тасалдах нь гайгүй байдаг юм гээд явсан. Тухайн үед урд машин тэрэг байгааг бол би сайн анзаараагүй, гэнэт л машин гарч ирээд уг машинтай манай машин мөргөлдсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...гэтэл нөгөө машин засмал зам дээгүүр 2 тал руугаа орж гараад яваад байсан. Гэтэл тэр машин чигээрээ ирээд манай машины чанх урдаас нь ирээд мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ч-гийн “...Сод Монгол шатахуун түгээх станцаас урагш явж байхад машины бензин дуусаад машин унтраад зогссон юм. Тэгээд Т ах машинаа дахиад асаахад машин нь ассан ба цааш хөдөлж яваад машинаа 2 тал руу рүлээ дараад савчуулаад байсан ба бензин тасалдаад байна, ингэвэл гайгүй болчихно, колонк ойрхон байна гээд хэлтэл урд машин тулаад ирчихсэн гэрэл нь гялбасан. Тэгээд л тэр машиныг мөргөөд замаас гарч манай машин зогссон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аав О, ээж Э, дүү Э, дүү Б нарын хамт аавын ... улсын дугаартай машинтай Улаанбаатар хотоос Замын-Үүд орохоор явсан юм.Тухайн үед аав машин бариад хажууд ээж ганцаараа ар талд 2 дүүгийн хамт би явсан.Тэгээд орой 19 цагийн орчим байх Сайншандаас урагш ШТС-ийн урд талд замаасаа гарч бид нар бие засаад буцаад машиндаа суугаад засмал замруу манай машин дөнгөж орох үед хүүе наадах чинь ороод ирлээ зогсоорой гэж орилсон. Тэгтэл манай машиныг нэг машин ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний хүүгийн зүүн хацрын ясны хугарал болон тархи доргилт бүхий гэмтэл учирсан гэж байсан. Одоо миний хүүгийн бие нь гайгүй байна. Гэхдээ бол толгой нь заримдаа их өвддөг. Бид нарын хувьд эмнэлгийн баримтаа дутуу бүрдүүлсэн байгаа тул баритмаа бүрдүүлж байгаад эмчилгээний зардлаа дараа нь иргэний журмаар  шүүхэд нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хувьд автомашины үнэлгээтэй танилцлаа, миний хувьд уг үнэлгээгээр миний машины эвдрэлийн үнэлгээг 2 953 500 төгрөг гэж гаргасан байна. Миний бодлоор миний машины эвдрэлийн үнэлгээ бага гарсан гэж үзэж байна... би машины зах зээлийн үнэ болох 8 000 000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Аын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...2018 оны 02 дугаар сарын 19-ний Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд О.Б-ийн биед зүүн хацар ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 02/054 дугаартай дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Б.Бийн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “...Жолооч Д.О нь автомашин жолоодох В ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч А.Т нь автомашин жолоодох АВСД ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Тоёота Ипсүм маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Х.Соната 2 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 2.7.а-д заасан ‘Жолооч согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тоёота Ипсүм маркийн ... болон Х.Соната-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Х.Соната-2 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Тр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/ -ийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, ..., хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн авто тээврийн үндэсний төвийн шинжээч С.Д,Б.П, О.Б нарын .... дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 32-33, 35-36 дугаар хуудас/,

 

Хөрөнгө Эстимэйт ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4400, 4401 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 39, 43 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Згийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А.Т 38/эр” гэсэн хаягтай цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн 2613 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

          

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

     

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-113 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Т нь ... улсын дугаартай Соната 2 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “...Жолооч согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэг “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эсрэг урсгалд орж, ... улсын дугаартай Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота Ипсум маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн О.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч А. Т-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас Тоёото Ипсум маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн О.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ ...шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх болно...” гэсэн нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч А.Т-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрөө төлж барагдуулахаар тохиролцсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үүднээс 2 жил хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардал хариуцах, иргэний нэхэмжлэгч Д.О-ийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг төлж барагдуулахыг үүрэг болгож, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт болох жолоочийн үнэмлэх шүүхэд ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Т-ын жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А. Т-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас Тоёото Ипсум маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн О.Б-ийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т 1 / нэг / жил 6 / зургаа / сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 / хоёр / жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан 2 / хоёр / жил хорих ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар тэнссүгэй.

         

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 3.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардлыг хариуцах, иргэний нэхэмжлэгч Д.О-д учруулсан эд хөрөнгийн хохирлыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-н жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газар шилжүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Т-т мэдэгдсүгэй.

 

9. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Т-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА