Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар  2024/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

    2024       06           12                                             2024/ДШМ/40

 

 

З.Гад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                                       З.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Ж.Балжидмаа /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Ц.А, Д.Л

Хохирогчийн өмгөөлөгч                            Г.Долгорсүрэн, О.Сарантуул

                                                         

Нарийн бичгийн дарга                               Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор З.Г-ад холбогдох 2325000000436 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А гэх газар иргэн Б.Гийн гэрт Ц.Б-той маргалдаж, цээжний баруун хэсэгт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: З.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаагчууд овгийн Заяатын Гыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч З.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ад оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-ын цагдан хоригдсон 221 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-аас нийт 85.225.520 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д 82.500.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-т 2.725.520 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 116.681.580 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.155.916 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 5 хэсэг ариун цэврийн цаас, ягаан өнгийн хагас энгэртэй цус мэт зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, улаан өнгийн алчуур 1 ширхэг, саарал өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн бүтээлэг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, арчидас 1 ширхэг, 10 гарын хуруунаас авсан хумсны дээж, цуснаас дээж, арчидас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л 2 хүүхдийнхээ тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

“ ...  Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүй талаас анхаарч үзээгүй мөн хэрэг гарсан шалтгаан нөхцөлд бодит дүгнэлт хийж шийдвэр гаргаж чадсангүй гэж үзэж гомдол гаргаж байна. 

Хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-т учирсан эдийн бус гэм хорыг арилгахаар Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.3-д заасан, түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын зааснаар хөдөлмөрийн хөлсний доод талын 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн хэлбэрээр гэм буруутай этгээдээс гаргуулж олгох хууль зүйн үндэслэл байхад гэм хорын хохирлоос хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.2, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар нөхөн төлбөр ч гаргах ёстой байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хохирол төлбөрийг буруу тооцсон. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолд сэтгэцийн гэм хорыг Т.О-т олгохоор өөрчлөлтийг оруулж өгнө үү …” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О давж заалдах гомдолдоо:

“ ... Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үр хүүхдээ алдаж амьдын хагацал үзэж надад хэзээ ч юугаар ч нөхөж барахгүй гарз хохирол учруулсан байхад хүн алсан энэ хүнд хамгийн хөнгөн ял өгч улмаар сэтгэл санааны болоод сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй шийдсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүх З.Г-ыг миний хүүг ямар ч шалтаг шалтгаангүй ялихгүй зүйлээр хэрүүл өдөж улмаар амь насыг нь хохироож хөнөөсөн байхад хүний амь насыг хохироосон алуурчин гэж үзэхгүй, харин ч намайг энэ нэг муу хөгшин гэсэн янзтай хайхрамжгүй үл тоосон байдалтай хандаж, улсын нэрийн өмнөөс яллах байр суурьтай оролцож буй прокурор нь ч хохирогчийн зүгээс хохирол гаргаж өгсөн хэдэн муу цаасанд онц ач холбогдол өгч, оршуулгатай холбоогүй гэж удаа дараа хөгшин настай намайг шүүх хурал дээр үр хүүхдүүдийнхээ бүрдүүлж өгсөн баримтыг мэдэхгүй будилж буй намайг загнах уурлах хэлбэртэй байгаа нь үнэхээр гомдолтой байлаа. Би үхсэн хүүхдийнхээ хойдын буянд зарцуулсан хэдэн төгрөгийг гаргуулах ёстой гэж бодож байна гэтэл хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Энэ шүүх хурал нь хэрэг хийсэн хүнийг бус хүүгээ хүний гарт алдаад зовж буй намайг л шүүх хурал боллоо гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хэрэг шалган шийдвэрлэх бүхий л ажиллагааг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлэг нь хэт нэг талыг барьж явагдсан байх магадлалтай. 

Иймд миний гомдлыг хүлээн авч сэтгэл санааны хохирлыг гаргуулж эх надад олгуулах, ял шийтгэлийн хувьд энэ зүйл ангид хорихоор заасан ялын дээд хэмжээг оногдуулахаар зааж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу…” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Г тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа тайлбартаа:

“... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А тайлбартаа:

“ ... Сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулж, ээжид олгож, ялын дээд хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү. Тохиолдлын шинжтэй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа. Ээж маань хүүхдээ алдсанаас хойш бие нь өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсээр байгаа. Ариун цэврийн хэрэглэл, живх зэргийг Лд авч өгч байсан” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л тайлбартаа:

“... Тохиолдлын шинжтэй гэсэн нь үндэслэлгүй, надад үнэхээр хэцүү байна. Ажилд ч орж чадахгүй хэвтрийн хөгшинтэй амьдрал үнэхээр хүнд байна. Миний хувьд маш их гомдолтой, ялын дээд хэмжээг өгүүлмээр байна” гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Долгорсүрэн тайлбартаа:

 “... Оюун-Эрдэнэ өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Сэтгэл санаанд учирсан гэм хорыг зөвхөн гэр бүлийн гишүүнд олгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хохирлыг тооцох хоёр итгэлцүүр байгаа. Сэтгэл санааны хохирлыг бүхлээр нь Лд олгосон нь буруу. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар хохирогч Т.О нь гэр бүлийн гишүүнд хамаарна. Мөн Л тэтгэмжийн зөрүүг олгох нь зүйтэй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа:

“...тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжил гэсэн нь үндэслэлгүй. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэтгэмж 330.000 төгрөгөөр тогтоогддог. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, зөрүүг тогтоох боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ:

“... анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагч 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч З.Гад 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хохирлыг шийдвэрлэхдээ үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч З.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А гэх газар оршин суух Б.Гийн гэрт иргэн Ц.Быг “ ... бурхан шиг айлын орон дээр яагаад гараад суугаад байгаа юм, чи ямар том болчихсон юм бэ ...” гэх зэргээр түүнтэй маргалдаж, улмаар цээжний баруун хэсэгт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 15-32/,

 

шүүгдэгч З.Г-ын согтуурлын хэмжээг Драйгер багажаар үлээлгэн шалгахад 2.50% гарсан талаарх баримт /1 хх 50/,

 

гэрч Г.Н-ын “... архи ууж байхдаа Б манай гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байгаад өндийж орон дээр босож суухад Г нь Быг “чи бурхан шиг айлын орон дээр яагаад гараад суугаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд Б “би найз нөхдийнхөө гэрт, орон дээр нь сууж болдоггүй юм уу” гэж хэлэхэд Г” чи ямар том п... вэ” гэж хэлээд Г, Б хоёр хоорондоо маргалдаж муудалцаад эхэлсэн ... Б “би тэгвэл чиний сууж байгаа орон дээр очиж сууя” гэж хэлээд Г, Б хоёр нь сууж байсан ороо сольж Г зүүн талын орон дээр, Б нь баруун талын орон дээр очиж сууцгаасан. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад орон дээрээсээ босоцгоож гэрийн зүүн талын багана хэсэгт Г, Б хоёр хоорондоо барьцалдаж авсан, барьцалдаж авахдаа Б нь Гын толгой хэсэгт өөрийнхөө урт түрийтэй бакалан гутлаар нэг удаа цохисон.

Тэгэхээр нь Б бид хоёр салгаж Быг баруун талын орон дээр суулгасан. Тэгэхэд Гын эхнэр А Гыг салгаж гэрээс авч гарсан.

 ... би гэртээ ороод гэрийн зүүн талаар явж халуун савнаас цай хийж авчихаад эргэж харахад Г нь гэрт орж ирээд Бын сууж байсан баруун талын орон дээр очиж Бтой барьцалдаад авсан. Тэгэхээр нь би Батбуянд “салгаач, наад хоёр чинь одоо хоорондоо зодолдлоо” гэж хэлчихээд би өөрөө бас салгах гээд очиход Г-ын гарт хутга харагдсан, тэгэхээр нь би Б-д “Г-ын гарт нь хутга байна, хутгыг нь аваач” гэж хэлсэн. Энэ үед Б босоод Г, Б хоёр дээр очих үед Б “намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Б очоод Г-ын гартаа барьсан байсан хутгыг булааж аваад Г-ыг гэрээс гаргасан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 248-249/,

 

гэрч Д.Б-гийн “ ... Г, Г, Б бид 4 архи уугаад суусан. Энэ үед Г, Б хоёр дээр суулаа, доор суулаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгнийгээ бакал гутлаар цохиод байхаар нь Гын эхнэр бид хоёр салгаад Гыг эхнэр нь аваад гарсан ... хэсэг хугацааны дараа Гын эхнэр орж ирсэн. Араас нь Г орж ирээд орон дээр хэвтэж байгаа Б руу дайрсан, энэ үед Гийн эхнэр нь “хүүе Буянаа хутгыг нь аваарай” гэж хэлэх үед би сууж байсан газраасаа босоод Гыг салгах үед түүний гарт цус болсон хутга байсан. Энэ үед Б цээжээ дарж босож ирсэн. Түүний цээж хэсэг нь цус болчихсон байсан. Энэ үед Гын эхнэр орж ирээд хүн алчихсан байна шүү дээ гэж орилох шиг болсон ... би Бын эхнэр лүү залгаад “Б ах хутгалуулчихлаа, Г ах хутгалчихлаа” гэж хэлсэн ... хэсэг хугацааны дараа түргэний машин болон Б ахын эхнэр ирсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 3-4/,

 

гэрч Л.Х-ийн “...хутгалуулсан залуугийн биеийг үзэхэд амьсгал, зүрх судас зогссон, бие нь хөрсөн, хүүхэн хараа нь 2 талдаа өргөссөн байсан учир Цагдаагийн газарт дуудлага өгч мэдэгдсэн ... хутгалуулсан хүнийг дээшээ харуулсан байдалтай өвөр дээрээ тэврээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 8-9/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-гийн гэрчээр өгсөн “...12 цаг 45 минутын үед Батбуян залгаад “Быг Г ах хутгалчихлаа, та хурдан хүрээд ирээч” гэж хэлээд гар утсаа салгасан. Би тухайн газарт яваад очтол манай нөхөр Г ахын монгол гэрийн зүүн хойд талд дээгүүрээ цээж нүцгэн дээлтэйгээ, доогуураа гуталгүй хөл нүцгэн цээжин тус газраа хутгалуулсан шархтай цус алдсан байдалтай нас барсан байсан. Би нөхрийнхөө шархыг дараад уйлж байхад Г ах “би нөхрийг чинь хутгалсан, чи юундаа уйлаад байгаа юм бэ юун сүртэй юм бэ нэг нь үхэж, нөгөө нь шоронд ороо л биз чи наад хүнээсээ холдооч” гэж жишим ч үгүй хэлж байсан, тэгээд удалгүй цагдаа нар ирсэн ...” мэдүүлэг /2 дугаар хх 11/,

 

шүүгдэгч З.Г-ын цуснаас 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн. ...согтолтын хүнд зэрэгт хамаарна ... гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх 39-40/,

 

амь хохирогчийн өмсөж байсан улаан өнгийн цамцны баруун энгэрт зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх 65-66/,

 

мөн түүний үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн “...талийгаач Ц.Б нь цээжний баруун хэсэгт баруун хөхний толгойноос дээш 13 см, баруун мөрний шонтогоос доош 10 см зайд 1,2 дугаар хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушгины 3,6 дугаар сегмент, цээжний 5,6 дугаар нугалмын гялтан хальсыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цус алдалтын шокод орж нас баржээ ... тухайн нөхцөлд амь насыг аврах боломжгүй байжээ ” гэсэн дүгнэлт /2 хх 78/,

 

шинжээчийн ... хутган дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Ц.Б-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Гын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нар нь “... сэтгэл санааны хохирлыг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу... ” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч

Монгол улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д ”Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж,

 

            мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан байна.

 

            Дээр дурьдсан “Гэр бүлийн гишүүн” гэдэг ойлголтыг гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хамааруулахаар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тодорхой хуульчилжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /3 дугаар хх 45/-д дурьдагдсанаар амь хохирогч Ц.Б нь тус багийн Б тоотод Д.Л, охин Л.С, Л.С, хүү Б.А, ээж Д.Б нарын хамт оршин сууж байсан бөгөөд Ц.Б-ыг 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас барснаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Л.А төрсөн нь тогтоогдож байна.

 

            Мөн Д.Л нь амь хохирогч Ц.Б-той 2016 оны 11 дүгээр сараас эхэлж хамтын амьдралтай байсныг тогтоосон Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 567 дугаартай шийдвэр хэрэгт авагдсан байна.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О нь амь хохирогчийн төрсөн эх боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасанчлан түүний “гэр бүлийн гишүүнд хамаарахгүй” ба түүнийг амь хохирогчтой хамт амьдарч байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул дээрх гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч З.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял /8-15 жил хүртэл/-ыг буюу 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл ... зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй бөгөөд харин ялыг хүндрүүлэн өөрчлөх эрхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оийн “...ял шийтгэлийн хувьд энэ зүйл ангид хорихоор заасан ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч шууд санаатай үйлдлээр хүний амь нас хохироосон байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй байна” гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ /4 дүгээр хх 11/ дүгнэсэн байгааг дурьдах нь зүйтэй болно.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг харьцуулан судалж, нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л-д сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 82.500.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-т амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал 2.725.520 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Мөн шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л нь хүүхдийн тэтгэмжийн талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдсан байх тул  шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд заасан арга хэмжээг заавал авах шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР

 

                                                      ШҮҮГЧИД                                  Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                С.УРАНЧИМЭГ