Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00073

 

О.Ууганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01306/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 791 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч О.Мөнхчимэг,

              Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

              Хариуцагч Монголын Нотариатчидын танхим холбогдох

Нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01 тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, О.Ууганбаярыг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01 тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нар биечлэн, хариуцагч Монголын Нотариатын танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золбоо онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч О.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд О.Ууганбаяр нь н.Очбадрах, н.Долгорсүрэн нарын охин болох О.Мөнхгэрэлээс 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Очбадрах, н.Долгорсүрэн нар нь 1 хүү, 4 охинтой айл байсан. Ганц хүү нь 1987 онд золгүй байдлаар амь насаа алдсан учраас О.Мөнхгэрэлийн хүү О.Ууганбаярыг 1992 онд үрчилж аваад Очбадрахын Ууганбаяр гэдэг нэртэйгээр холбогдох бичиг баримт нь хүртэл албан ёсоор өнөөдрийг хүрсэн. н.Очбадрах нь 2010 онд нас барсан, харин н.Долгорсүрэн 2011 онд нас барсан. Ээж, аав хоёрыгоо нас барах хүртэл нь хамт амьдарч байсан хүүхэд нь юм.

н.Очбадрах, н.Долгорсүрэн нарын нэр дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамж, 01 тоотод байрлах, 45 м.кв талбай бүхий хувийн орон сууц, газар байсан бөгөөд гэрчилгээ нь 2006 онд гарсан байдаг. О.Ууганбаяр нь аав, ээж хоёрыгоо нас бартал хамт байсан, өнөөдрийг хүртэл тухайн байрандаа амьдардаг. н.Очбадрах гуай амьд байхдаа банкинд барьцаанд тавиад О.Ууганбаярт машин авч өгье гэдэг зүйл яригдаж байсан боловч тухайн үед машины барьцаанд тавих хэмжээний боломжгүй байна гэсэн зүйл яригддаг. Гэтэл тухайн үед н.Очбадрахын охин болох О.Мөнхчимэг би таньдаг хүнээрээ хөөцөлдөөд машин авах хэмжээний зээл хөөцөлдөөд өгье гээд тухайн эд хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байдаг.

н.Очбадрах, н.Долгорсүрэн нарыг нас барснаас хойш 5-6 жил орчмын дараа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О.Мөнхчимэг нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч н.Энхболдоос өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваад дээрх газар, хувийн орон сууц зэргийг өв залгамжлалын гэрчилгээний дагуу өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Энэ нөхцөл байдлыг сүүлд мэдээд, энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагуудад 2019 оноос хойш хандсан. Цагдаагийн байгууллагад 1 удаа, шүүхэд 3 дахь удаагаа хандаад, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх гэж байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар хүүхдүүд бүгд өвлөх эрхтэй, гэхдээ н.Очбадрах, н.Долгорсүрэн нарыг нас барахад хамт байсан О.Ууганбаяр нь тухайн эд хөрөнгөд амьдраад, эзэмшээд, зарцуулаад явж байсан учраас хуулийн дагуу өвлөөд авсан гэж үзнэ. н.Очбадрах, н.Долгорсүрэн нарыг нас барснаас хойш 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О.Мөнхчимэг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахаас бусад тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг авахаа илэрхийлэх, өвлөх эрх нээлгэх талаар хэлсэн ярьсан зүйл нэг ч байдаггүй. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан №34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл бусад өвлөгч гэдэг дээр байхгүй гэдэг тэмдэглэгээ хийсэн нь энэ маргаан үүсэх гол нөхцөлийг бүрдүүлсэн. Нотариатч дээр гэрчилгээ хийхдээ өөр өвлөгч байгаа эсэхийг шалгах ёстой байсан.

Нотариатчийн үйлдэл буруутай юу гэдэг асуудлаар 2019 онд Цагдаагийн газарт хандаад 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №208 дугаартай прокурорын тогтоол гарч байсан. Тэр нь хэрэг бүртгэлийг хаах тухай прокурорын тогтоол боловч уг тогтоолын тогтоох хэсэг дээр нотариатчийн үйлдлийг хууль бус байгаа талаар тодорхой дурдсан, харин хохирлын хэмжээ хүрэхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэм буруугийн асуудал буюу хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой хэмжээгээр тогтоогдсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар О.Ууганбаярын хувьд талийгаач нартай нас бартал нь хамт амьдарч байсан учраас 3 сарын дараа автоматаар дээрх хуулийн заалтаар өвлөх эрх нь нээгдэж байгаа учраас хуулиараа өвлөх эрхтэй. Харин бусад өвлөгч нарын хувьд хуульд зааснаар холбогдох хугацаанд өвлөх эрхтэй байгаагаа илэрхийлж, хууль дүрмийн дагуу өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй учраас өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх боломжтой. Гагцхүү өнөөдөр тогтоогдсон байгаа О.Мөнхчимэг нь хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан учраас хүчингүй болох боломжтой гэж үзэж байна.

Хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

..О.Мөнхчимэгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж байна. Нэхэмжлэгч О.Ууганбаяр, хариуцагч О.Мөнхчимэгийн эцэг н.Очбадрах нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан, нас бараад 13 жил өнгөрсөн байна. н.Очбадрах 5 хүүхэдтэй байсан. О.Мөнхтуяа, О.Мөнхзул, О.Мөнхчимэг, О.Мөнхгэрэл, О.Мөнхцэцэг гэж 5 охин байсан. Харин О.Ууганбаярыг сүүлд үрчилж авсан учраас 6 хүүхэдтэй болсон. Тэгэхээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар төрсөн 6 хүүхэд нь талийгаач н.Очбадрахын өв хөрөнгийг ижил хэмжээгээр өвлөж авах эрхтэй. Хариуцагч О.Мөнхчимэгийн хувьд О.Ууганбаярыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өв залгамжлагч гэдэг дээр маргахгүй, маргаж байгаа зүйл нь өөр үндэслэлтэй. н.Очбадрах нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барснаас хойш өвлөгдөх эд хөрөнгө буюу Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамж, 01 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий хувийн орон сууц,1,820 м.кв талбай бүхий газрын хамт өвлөгдсөн.

Гэтэл талийгаач н.Очбадрахыг нас барснаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрөхөд энэ 6 хүүхдийн нэг нь ч энэ өвлөх эрхийн гэрчилгээ авах тал дээр хэн ч санаачилга гаргаагүй. О.Мөнхчимэг хэн нь авах юм бол гэж хүлээж байсан, бусад нь санаачилга гаргаагүй учраас О.Мөнхчимэг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нотариатын байгууллагад хандсан ингээд №34 тоот өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд улсын бүртгэлийн албанд хандаад өмчлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авсан.

Нотариатч н.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №34 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэлгүй. Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 онд батлагдсан. Энэ хуулийн 43 дугаар заалтад өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар заасан. Түүн дээр нотариатч өөр өвлөгч байгаа эсэхийг заавал тогтоож байж өгнө гэсэн заалт байхгүй. Харин өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримтыг үндэслэн олгоно, түүнд өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийг нас барсан гэрчилгээ, сураггүй алга болсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, эдгээр нь өвлүүлэгчийнх болохыг нотолсон баримт, өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, өвлөгчийн гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын баг хорооны засаг даргын тодорхойлолт, өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээн авахаас татгалзвал энэ хүсэлтийг мөн гэрчилнэ гэж заасан. Энэ бүрдүүлээд байгаа материалуудаар гэрчлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгодог материал дотор өөр өвлөгч байгаа эсэхийг нотариатч шалгаж тогтооно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр нотариатч н.Энхболд өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль зөрчөөгүй, хуулиа баримталсан, О.Мөнхчимэг хуульд заасан баримтуудыг бүрдүүлээд очсон. Хуульд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хугацааг маш тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл талийгаачийг нас барснаас хойш 5 жил 7 сар өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авсан.

О.Ууганбаяр хуульд зааснаар өвийг хүлээж авах санаачилга гаргаагүй, нотариатчид хандаагүй, өвийг хүлээж аваагүй, хамт амьдраагүй учраас О.Мөнхчимэг, өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан нотариатч энэ хүнийг өвлөхөөс татгалзжээ гэж ойлгоод гэрчилгээг гаргасан байна. Үүнээс үзэхэд тухайн нотариатч анх өвлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа хууль зөрчсөн зүйл байхгүй. Дээрээс нь хуульд заасан өвлөх хугацаа өнгөрөөд 5 жил 7 сар болсон байна. Мэдээж 5-6 хүүхэд байхад бусад нь авахгүй байхад О.Мөнхчимэг авахаас өөр аргагүй болсон. Ийм байдлаар О.Мөнхчимэг өвийг хүлээж авсан.

Нотариатчийн олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь О.Мөнхчимэг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг яг тэр хуульд заасан журмын дагуу, өвлөгдөх өвлөх эрхийн гэрчилгээ гээд бусад холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлээд нотариатаар гэрчлүүлээд өгсөн. О.Мөнхчимэг улсын бүртгэлийн албаны зохих хууль тогтоомжийг зөрчөөд улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй.

Талийгаач нараас эд хөрөнгийг өвлөж авах 6 хүн бий. Ганцхан О.Ууганбаяр өвлөж авах нь хуульд нийцэхгүй. О.Ууганбаяр өвлөх эрхээ шаардах хугацаагаа өөрөө алдсан, түүнийг өв залгамжлах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Улсын бүртгэлийн албыг хууль бусаар бүртгэсэн гээд байгаа бол өнөөдөр улсын бүртгэлтэй холбоотой маргааныг энэ шүүхээр шийдвэрлэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагууд бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэл бүртгэх журам, Эд хөрөнгө өмчлөгч, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Нотариатын тухай хууль гэсэн хуулиудыг удирдлага болгон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байдаг.

Тухайн маргаан бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээнүүдийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн №64 нотариатч н.Энхболдын №34, №35 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөгч, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталж олгосон. Өвлөгч мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэлийн байцаагч хянаж үзээд эд хөрөнгө өмчлөгч, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзээд тухайн бүртгэлийг бүртгэж иргэн О.Мөнхчимэгт хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг тус тус олгосон.

Нотариатын тухай хууль болон Иргэний хууль дээр хууль ёсны өвлөгч нь өвлөх эрх нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Мөн хөтлөх журмын 5.5-д зааснаар өв залгамжлах эрхтэй холбоотой асуудлаар хууль зөрчиж бүртгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын Нотариатчидын танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн гэж маргаад байгаа Дархан-Уул аймгийн нотариатч н.Энхболд нь нас барсан. Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь түүний хууль бус үйлдлийн улмаас миний эрх ашиг хохироод байна гэж нэхэмжлэл гаргасныг сонслоо. Гэхдээ сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардах эрхээ өвлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж өөрчилсөн бололтой.

Монголын Нотариатчидын танхим нь Нотариатын тухай хуулийн 8.1-д зааснаар нийт нотариатчидыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээд юм. Танхим нь мөн хуулийн 8.4-т зааснаар нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, нотариатчидын нэгдсэн бүртгэл хөтлөх, нотариатчийг сургах, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиглэл үүрэг бүхий байгууллага. Мөн хуулийн 4.1-д зааснаар нотариатын үйл ажиллагааг нотариатч эрхлэн гүйцэтгэдэг. Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн эрх олгосноор нотариатч өөрийн үйлдлээр бие дааж үйлдэл хийдэг, өөрөө мөн л өөрийн хууль бус үйлдлийг биечлэн хариуцдаг. Тиймээс танхимын зүгээс нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэг байдлаар хохирол учруулаагүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монголын Нотариатчидын танхим хариуцагч байх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 791 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-д тус тус зааснаар нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01 тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01 тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхчимэгээс 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 791 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэ хэргийн хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа миний бие давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 181800679 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн Прокурорын тогтоолыг үндэслэл болгож, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтдээ: "... Уг тогтоолд нотариатч И.Энхболд 2016 оны 4 сарын 11-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээг О.Мөнхчимэгт олгохдоо нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд байгаа эсэх, мөн тэднийг өв хүлээн авахаас татгалзсан эсэхийг лавтай баримтаар нотлолгүй, өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтын бусад өвлөгчийн мэдээлэл хэсэгт өөр өв залгамжлагч байхгүй" гэж тэмдэглэн гэрчилгээ олгож талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нарын төрүүлсэн хүүхдүүд болох О.Мөнхтуяа,О.Мөнхзул, О.Мөнхгэрэл, 0.Мөнхцэцэг үрчилж эвсэн хүүхэд болох О.Ууганбаяр нарын өмчлөх эрхийг зөрчиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг нээж шийдвэрлэсэн нь одоо хүртэл хүчин төгөлдөр тогтоол байна гэж үзэв" гэсэн дүгнэлт хийж энэ үндэслэлээр нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчилсэн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн Прокурорын тогтоол нь нотариатч И.Энхболдыг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр Шийтгэх тогтоол биш бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байснаас 181800679 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн Прокурорын тогтоол нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт: " Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно", 531 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно" гэж зааснаас үзвэл нотариатч Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлт гаргасан тохиолдолд л өөр өвлөгч байгаа эсэхийг баримтаар тогтоох үүрэгтэй байна. Гэтэл талийгаач Д.Очбадрах 2010 онд, талийгаач Д.Долгорсүрэн нь 2011 онд нас барж талийгаач нарыг нас барснаас хойш буюу өв нээгдсэнээс хойш 5 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, талийгаач нарын бусад 5 хүүхэд нь энэ хугацаанд өв нээгдсэн газрын нотариатад хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах талаарх хүсэлтээ гаргаагүй болох нь Нотариатчидын танхимын албан бичгээр нотлогддог.

2011 онд батлагдсан "Нотариатын тухай хуул"-ийн 43 дугаар заалтад өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай заасан бөгөөд уг заалтаар нотариатчд өөр өвлөгч байгаа эсэхийг баримтаар нотлох үүрэг хүлээлгээгүй байдаг. Нотариатч И.Энхболдын хувьд өв нээгдсэнээс хойш 5 ж.ил өнгөрсөн энэ хугацаанд О.Мөнхчимэгээс өөр өв залгамжлах эрхийн гэрчилгээ авахыг хүссэн өвлөгч гарч ирээгүй Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад өвлөгчид өвлөхөөс татгалзсан гэж үзээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нотариатч ямар г хуулийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийж тохирох хуулийг хэрэглэх ёстой байтал зөвхөн хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн Прокурорын тогтоолыг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх нотариатчийн үйлдлийг хүчингүй болгохдоо Прокурорын зүгээс нотариатч чухам ямар хуулийн аль заалтыг зөрчиж илт хууль бус хэлцлийг гэрчилсэн гэж үзэж байгаад хууль зүйн талаас нь дүгнэлт хийж нотариатчийн үйлдэлтэй холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой байсан.

Үүнээс гадна хариуцагч О.Мөнхчимэгт Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохдоо ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо улсын бүртгэлийн байгууллага ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэлгүй хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь талийгаач нарыг нас барахаас өмнө болон дараа тэдэнтэй хамт амьдарч байсан талаар улсын бүртгэлийн албаны бүртгэл байхгүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлгээр хамт амьдарч байсан гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талийгаач аав Очбадрах маргаж буй хашаа, байшингаа отгон хүү О.Ууганбаяртаа өвлүүлнэ гэж ярьдаг байсан бөгөөд эгч О.Мөнхчимэг нь би зээл хөөцөлдөөд машин авч өгье гэж хэлж аваад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрөө нэр дээрээ шилжүүлж авсан байсан тул одоо би өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талийгаач 6 хүүхэдтэй, нас бараад 5 жил гаруй хугацаа өнгөрөхөд хэн нь ч өв залгамжлах талаар санаачилга гаргаагүй учир нотариатчаар өв залгамжлал хийлгэж маргаан бүхий газар, сууцыг өмчлөлдөө авсан, нотариатч болон бүртгэлийн байгууллага хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь талийгаачтай хамт амьдарч байсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан өвлөгч гэж үзэх учиргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, Улсын бүртгэлийн хэлтэс өв залгамжлах эрхийн талаар манай байгууллага холбогдох хууль болон журам зөрчөөгүй, Нотариатын болон Иргэний хуульд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, Монголын Нотариатчидын танхим нотариатчидын мэргэжлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий эрх зүйн этгээд бөгөөд танхимын зүгээс нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулаагүй тул энэ хэргийн хариуцагч байх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тус тус тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгч Д.Очбадрах 2010 онд, Д.Долгорсүрэн 2011 онд нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.

Өвлүүлэгч нар нь төрүүлсэн болон үрчилж авсан 6 хүүхэдтэй, нэхэмжлэгч О.Ууганбаяр нь талийгаач Очбадрахын охин О.Мөнхгэрэлийн төрсөн хүү бөгөөд 1992 оны 02 дугаар сард Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нар үрчлэн авч, Очбадрахын Ууганбаяр болгон бүртгэсэн нь үрчлэлт бүртгэсэн лавлагаагаар нотлогдоно.

Энэ талаар хариуцагч О.Мөнхчимэг болон өв залгамжлах эрх бүхий этгээдүүд болох О.Мөнхгэрэл, О.Мөнхзул, О.Мөнхцэцэг, О.Мөнхтуяа нар маргадаггүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч нар мөн бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Иймд төрсөн болон үрчилж авсан хүүхдүүдийг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

Өвлүүлэгчийн эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01 тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар нь өвлөгдөх эд хөрөнгө бөгөөд өвлөгч О.Ууганбаяр эдгээр эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй болно.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан О.Ууганбаяр нь өв хүлээн авахаас татгалзаагүй буюу өв хүлээн авсанд тооцохоор байна.

Өвлүүлэгч Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нар нь өвлөгдөж буй хашаа байшингаа хүү О.Ууганбаяртаа өвлүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь гэрч О.Мөнхгэрэл, О.Мөнхтуяа, О.Мөнхзул, Б.Дугармаа, П.Болормаа, Д.Жавзансүрэн, Д.Нямсүрэн нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдоно.

Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нартай нас барах хүртэл нь хамт амьдарч байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбар, Дархан сумын 15 багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, албан бичиг, шүүхээс оршин суугчдын бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 137 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч О.Ууганбаяр нь өвлөгдөх эд хөрөнгө болох Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01 тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газарт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно.

Талийгаач нарыг нас барснаас хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсний хойно хүсэлт гаргасан өв залгамжлагчийн өргөдлийн дагуу өв залгамжлалын гэрчилгээ олгосон тойргийн нотариатч болон тэрхүү гэрчилгээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна. Эдгээр байгууллагууд нь өөрсдийн хүсэл зориг, идэвх санаачилгаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндсөн шийдвэр гаргаагүй болохыг дурдаж байна.

Учир нь анх өв залгамжлах тухай хүсэлт гаргасан О.Мөнхчимэг нь маргаж буй өвлөгдөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар бусад өвлөгч нар /хүсэлт гаргасан бусад өвлөгч/-тай адил хэмжээгээр өвлөх эрхтэй болно.

Анхан шатны шүүх хэргийн бодит үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт ач, холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулгахаар гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй, орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөг нь Төрийн сангийн орлогод хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 791 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                                                Л.АМАРСАНАА