Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/66

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

Шүүгдэгч М.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М. Ү-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:        

М.Ү

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Ү нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хохирогч Э.У-ийн байшингийн цонхоор орж буюу хууль бусаар нэвтэрч 1 100 000  төгрөгийн эд зүйлсийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ү шүүхийн хэлэлцүүлэгт:“...Мэдүүлэг нэмж өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Э.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёр 2018 оны 03 сарын 04-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад өдөр 14 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд манай гэрийн гадаа хаалга хаалттай мөртлөө цоожгүй онгорхой байсан тэгээд гэртээ ортол том өрөөний цонхны жижиг салхивч онгорхой, цонхны тавцан дээр байсан жижиг савтай цэцэг газар унасан байсан... манай гэрээс миний зүүдэг монетон ээмэг 1 хос, монетон бөгж 2 ширхэг /том, жижиг/ мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй хүний спорт пүүз 2 ширхэг /шинэ/ зэрэг эд зүйл алдагдсан. Манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийг Ү гэдэг залуу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өглөө надад би танайхаас авчихсан юмаа гээд ...бүрэн бүтэн буцааж олж авсан...гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүн байхгүй болохоор нь байшингийнх нь урд талын нэгдүгээр давхрын цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод гэрт нь орсон. Тэгээд гэрт нь ороод нэгдүгээр давхарт нь 3 өрөө байсан ба нэг жижиг өрөөнд нь ороод тольтой гоо сайхны ширээний дээд талд байсан 2 монетон бөгж, 1 хос монетон ээмэг, мөнгөн гинж 1 хос, жордан пүүз 1 хос, жордан 6 пүүз 1 хос зэргийг аваад байшингийнх нь хаалгыг онгойлгоод буцаад хашааг нь даваад гарсан... Би 12 цагийн үед цонхоор нь орсон, цонх нь цоожтой байхаар нь гараараа тулж байгаад түлхээд онгойлгоод орсон...би хулгайлсан эд зүйлсээ хохирогчид 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бүгдийг нь тоо ёсоор нь... бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

           “Ашид Билгүүн” ХХК-ний ... дугаартай хохирогч Э.У-ийн  хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

                              

           Адидас гэсэн бичиглэлтэй 1 хос гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 33 дугаар хуудас/, 

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

           ... дугаартай шинжээчийн “... хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан 3 ширхэг гутлын мөрний №10 дугаартай гутлын мөр нь яллагдагч М.Ү-ын зүүн хөлийн гутлаар үүсгэгдсэн байна. Уг зураг №10 дугаартай гутлын улны мөр нь яллагдагч М. Ү-ын зүүн хөлийн гутлын улны мөртэй хэмжээ, хэлбэр, мөрний хээний элэгдэлт зэргээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ү нь 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хохирогч Э.У-ийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 1 100 000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х овогт М. Ү-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй болно.

Хохирогч Э.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...  Эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж олж авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч М.Ү-г бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал хавтас хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч М.Ү-н гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч М.Үыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч М.Ү нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоогдсон боловч шүүгдэгч нь хяналтын хугацаатай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ү-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан ба шүүгдэгч М.Ү-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүхээс дуудсан цагт бэлэн байх үүргээ биелүүлээгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЗ/116 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгчииг албадан ирүүлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалган, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 5 дугаар сарын 11-ний өдрөөс цагдан хорьсон болно.

Шүүгдэгч М.Ү-н цагдан хоригдсон 3 хоногийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “адидас” гэсэн бичиглэлтэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ү-д буцаан олгох нь зүйтэй

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Үыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үад 1 / нэг / жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Үад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 / нэг / жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сар 15 хоног хорих ял шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Үад оногдуулсан 1 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Ү нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Адидас” гэсэн бичиглэлтэй 1 хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Үад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Үад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                                                       Н.АДЪЯА