| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03009/И |
| Дугаар | 191/ШШ2025/04173 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04173
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тоотод оршин суух, *** /рд:***/-т холбогдох,
71,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2024 оны 07 сарын 02-ны өдөр П.Анхбаярт өөрийн өмчлөлийн Beiben north benz маркийн хүнд даацын******* АРН улсын дугаартай, улаан өнгийн авто машиныг 80,000,000 төгрөгөөр худалдаж П.Анхбаярын хүсэлтийн дагуу түүний хамаатан гэх А.Уянгын нэр дээр шилжүүлж өгсөн. Миний бие харилцан тохиролцсоны дагуу авто машины өмчлөл, эзэмшлийг бүрэн шилжүүлж өгсөн. Гэвч П.Анхбаяр нь 80,000,000 төгрөгийн төлбөрөөс 2024 оны 12 сарын 06-ны өдөр 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэх төлбөр болох 71,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй хохироож байна. Үлдэх төлбөрийг шаардаж утсаар, мессежээр, гэрт нь хүртэл очиж шаардаж байсан. Очих болгонд зээл авч байгаа, бөөнд нь өгнө, эсвэл надад 3 сараар зээлдүүлсэн гэж бод би өсгөөд өгнө, эсвэл банк бусаар өөрийн нэр дээр Toyota crown маркийн авто машин аваад өгнө, өөрийн унаж байгаа авто машинаа өгөхөөр боллоо гэж янз бүрийн худал зүйл ярьсаар өнөөдрийг хүрч байгаа болно. Иймд 71,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч П.Анхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би нэхэмжлэлд дурдаж буй Beiben north benz ND4250 маркийн******* APH улсын дугаартай зүтгүүрийн машиныг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 9,000,000 төгрөгөөр 1 удаа 3,500,000 төгрөгөөр 1 удаа нийт 12,500,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр нь 62,500,000 төгрөг байгаа, 2025.06.01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025.07.01-ний өдрийн дотор 32,500,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна.... гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,500,000 төгрөгөөс татгалзаж байна. 62,500,000 төгрөг дээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү...гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч П.Анхбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 8,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2025.06.01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025.07.01-ний өдрийн дотор 32,500,000 төгрөг, нийт 62,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч С.*******, хариуцагч П.Анхбаяр нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Анхбаяр 2025 оны 06 сарын 01-ний өдрийн дотор 30,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 01-ний өдрийн дотор 32,500,000 төгрөг, нийт 62,500,000 /жаран хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.*******ид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,950 төгрөгөөс 256,475 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.*******ид буцаан олгож, үлдэх 256,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ