Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/679

 

 

 

 

 

    2024            6            11                                         2024/ДШМ/679

 

 

                                                     Э.О-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Э.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү  даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.О-д холбогдох 2206 05476 3204 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ....-ы О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, эрэгтэй, ... боловсролтой, ....... мэргэжилтэй, ......... эрхэлдэг, ам бүл .., ... нарын хамт ... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 1.600.000 төгрөгөөр тогтоосон;

Шүүгдэгч Э.О нь 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дүгээр байрны үүдэнд өөрийн найз охин М.С-гыг гэрт нь хүргэж өгөхөөр орц руу нь оруулах гэж байсан Э.Т-ыг ямар нэгэн үг хэлэлгүйгээр нүүр, хүзүү, цээж, зүүн гарын шуу хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, биед нь баруун хацарт зулгаралт зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, зүүн чамархайн хуйх, шанаа, дух, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Э.О-оос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дансанд төлсөн 161.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Э.О нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Гангар хотхоны 39в байрны 1 дүгээр орцонд иргэн Т-тай үл ойлголцож, улмаар маргаан үүсч, хүний биед халдсан үндэслэлээр шүүхээс 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед хохирогч гэгдэх Т-тай үл ойлголцож, маргаан үүсгэж Т-ын биед халдсандаа чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Т-ын эрүүл мэндэд учруулсан 160.000 төгрөгийг тухайн үед өгч барагдуулсан, цаашид биед нь ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд туслана.

Иймд шүүхээс тогтоосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 Прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.О-ын үйлдсэн хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.О нь 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дүгээр байрны үүдэнд өөрийн найз охин М.С-ыг гэрт нь хүргэж өгөхөөр орц руу нь оруулах гэж байсан Э.Т-ыг ямар нэгэн үг хэлэлгүйгээр нүүр, хүзүү, цээж, зүүн гарын шуу хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, биед нь баруун хацарт зулгаралт зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, зүүн чамархайн хуйх, шанаа, дух, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 13/,

гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 69-73/,

хохирогч Э.Т-ын “...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчимд гэртээ байж байтал М.С гэх найзаас маань фэйсбүүкийн чатаар над руу залгахаар нь аваад ярьтал 120-ын KH хорооллоос ирээд авчаач согтуу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд гэрээсээ гараад найз М.С руу яваад очтол ажлын эгчтэйгээ хамт байсан. Тэгээд М.С-ыг аваад Баянзүрх дүүргийн .. дүгээр байрны гадаа ирээд оруулж өгөх гээд орцны хаалга татахад үл таних хүн үгийн зөрүүгүй шууд миний нүүр хэсэгт цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгсэн би хөл халтираад газар унахад миний нүүр бие хэсэг рүү дэвслэсэн. Тэгээд би орцноос гарах гэж байхад тэр хүн М.С-гын үснээс зулгаагаад дээшээ аваад явсан, би орцноос гараад цагдаад дуудлага өгсөн. ... Тухайн зодоон болох үед М.С хажууд хараад зогсож байсан. М.С тухайн үед нөгөө залууг болиулах ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Би гомдолтой байна. ...” /хх 18-19, 22/,

гэрч М.С-гын “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Хулан гэх найзтайгаа уулзаад тэдний гэр болох KH апартментад пиво, сөжү уугаад би нилээд согтсон тул найз Э.Т руу чат бичээд намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхэд Э.Т ганцаараа ирээд намайг аваад манай гэрийн гадна зогсоод орц руу орох гэхэд Э.О өөдөөс гарч ирээд намайг аваад орсон. Би өөрөө машин бариад явах чадваргүй, согтуу байсан тул Э.Т-ыг дуудсан байсан. Тийм учраас тухайн үед орцны гадна юу болсныг мэдэхгүй байна. 2023 оны 02 дугаар сард цагдаагаас залгаад Э.Т гэх хүн гомдол гаргасан, ирж уулз гэхээр нь Э.Т руу залгахад, чамайг хүргэж өгдөг өдөр Э.О чинь намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Т-ад чи тэр үедээ хэлэхгүй яасан юм, би юу ч мэдээгүй байхад цагдаагаас залгалаа гэж хэлэхэд, тодорхой зүйл хэлээгүй утсаа тасалсан. ...” /хх 24-25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14688 дугаар шинжээчийн “...Э.Т-ын биед баруун хацарт зулгаралт зөөлийн эдийн гэмтэл, баруун хацар, зүүн чамархайн хуйх, шанаа, дух, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 28-29/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Э.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.О-ыг хохирогч Э.Т-ын эрүүл мэндэд “нүүр, хүзүү, цээж, зүүн гарын шуу хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, биед нь баруун хацарт зулгаралт зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, зүүн чамархайн хуйх, шанаа, дух, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.О-ын “...720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

                     ШҮҮГЧ                                           Г.ГАНБААТАР

                     ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР