| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0036/З |
| Дугаар | 116/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 116/ШШ2025/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, ............... тоотод оршин суух, Хатиган овогт ******* *******ын, /РД: *******/
Хариуцагч: Дорнод аймгийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Ерөнхий архитекторт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай” хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаартай, 864 м2 талбай бүхий газарт баригдах 12 давхар нийтийн орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, түүний өмгөөлөгч О.Төгөлдөр, Ж.Энхчулуун, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Процессын түүх:
1.1. Нэхэмжлэгч П.*******аас Дорнод аймгийн Ерөнхий архитекторт хандан, “... Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/3 тоот захирамж бүхий 864 м2 орон сууцны зориулалттай газрыг эзэмшдэг бөгөөд дээрх газар дээрээ орон сууцны барилга барихын тулд Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зураг төслийн ажлыг эхлүүлэх зорилгоор А даалгавар гаргуулах” агуулга бүхий хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байна.
1.2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн Ерөнхий архитекторт холбогдуулж, “Дорнод аймгийн Ерөнхий архитекорт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай П.******* миний хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаартай, 864 м2 талбай бүхий газарт баригдах 12 давхар нийтийн орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хариуцагчид даалгах”[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/705 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар нэгтгэх тухай” захирамжаар Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт орон сууцны байрны урд талд хоёр нэгж талбарын тус бүр 626 м2, 238 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 7 жилийн хугацаатайгаар П.******* надад шилжүүлэн эзэмшүүлж, Хэрлэн сумын баг, -1, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 864 м2 газрыг худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Э-06140006 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болно. ... Улмаар П.******* миний бие өөрийн эзэмшиж буй газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд тус газар дээр арван хоёр давхар орон сууцны зориулалттай барилга барихаар бэлтгэж, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.4-т “Архитектор төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж заасны дагуу “Архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлэн хавсаргаж, Дорнод аймгийн Ерөнхий архитекторт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн болно.
Гэтэл хариуцагч Дорнод аймгийн Ерөнхий архитектор нь одоог хүртэл надад ямар нэгэн байдлаар хариу ирүүлсэнгүй. Иймд Дорнод аймгийн Ерөнхий архитекторт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн Архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай П.******* миний хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байрлах нэгж талбарын ******* дугаартай 864 м2 талбай бүхий газарт баригдах 12 давхар нийтийн орон сууцны барилгын Архитектор төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү”[2], ...Манай газрын гэрчилгээ 9 ба түүнээс дээш давхар гэж гарсан. 864 мкв газрынхаа 50 хувьд нь 432 м2 талбайд гэж хүсэлтээ өгсөн. Надад ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа танайхаас ирүүлсэн хариу тайлбарт 60:40 харьцаа хангаагүй учраас буцаах төлөв оруулсан гэж байсан. Тус үйл баримтыг судалбал 09 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үйлдлийг архитектор өөрөө хийсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Төгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар 626 мкв, 238 мкв тусдаа байсан газрыг нэгтгэж 7 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Тухайн үед газрын эзэмших эрхийн зориулалт нь нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай байсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1205 дугаартай тогтоолоор заасан газрын зориулалтад нийцүүлээд тухайн газрыг орон сууцны зориулалттай болгох хүсэлтийг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шүүхийн магадлалаар хангаж шийдвэрлэсэн. Тухайн газрын зориулалтыг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн. Өөрийн эзэмшил бүхий газрыг эрхийнхээ дагуу эзэмшиж ашиглахаар 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тухайн газар дээрээ барилга барихын тулд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлтээ Дорнод аймгийн Ерөнхий архитекторт хүргүүлсэн. Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хууль, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм, Барилгын тухай хуульд тус тус зааснаар тухайн барилга барих төлөвлөлтийг батлах эрх бүхий субъект. Архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг нь тухайн барилгыг барилгажуулах хамгийн анхны эрх зүйн баримт бичиг болж байна. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 3.3-т заасны дагуу Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тосгоны ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг дүгнэсэн талаар дурдах ёстой. Дээр дурдсан байгаа орон сууцны зориулалттай болгон тусгагдсан. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь 9 ба түүнээс дээш барилга барих зориулалттай гэж газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдсан байгаа. Холбогдох баримт бичгийн хүрээнд нэхэмжлэгч хүсэлтээ гаргасан. Архитектор нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн дагуу барилга байгууламжийн хэмжээ, барилгын давхарын талаар архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь гаргасан хүсэлтээ өөрийн эзэмшиж байгаа 864 м2 талбай газрыг болон 12 давхар барилга барихыг хүсэлтдээ дурдсан. Барилгажих талбайн хэмжээг заагаагүй. Барилгажих талбайн хэмжээг архитектор өөрөө зааж батлах эрхтэй. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас хэтрэх талаар ямар нэгэн баримт хүсэлт гаргаж өгөөгүй. Хүсэлтдээ энэ талаар огт дурдаагүй. Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахгүй байх ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй. Гэтэл Ерөнхий архитектор нь тухайн хүсэлтийг цахимаар хүлээж аваад 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буцаасан талаар мөн дурдсан байгаа. Хүсэлт буцаасан бөгөөд ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Яагаад эс үйлдэхүй болж байна вэ гэхээр Ерөнхий архитектораас хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Зөвшөөрсөн эсвэл татгалзсан хариу байхгүй. Зүгээр хүсэлтийг буцаасан байгаа. Хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан захирамжилсан үйл ажиллагаандаа хамаарч байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд эрх зүйн зөрчил огт байгаагүй. Үүнийг шийдвэрлэхээс татгалзах болон буцаах үндэслэл байгаагүй. Ямар нэгэн шийдвэрлэсэн зүйл огт байгаагүй болохоор энэ нь эс үйлдэхүйд хамаарч байна. Дорнод аймгийн Ерөнхий архитектор нь захиргааны байгууллага болохынхоо хувьд захиргааны шийдвэр гаргах явцад бодит байдлыг тогтоох, сонсох ажиллагааг хийх үүрэгтэй. Сонсох ажиллагааг хийсэн бол архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах боломжтой байсан. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй. Хууль тогтоомжид заасан хүсэлтийг буцаах үндэслэл байгаагүй. Одоогийн байдлаар хүсэлтийг огт шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болж байна. Иймд хууль бус эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т заасны дагуу эрх зүйн зөрчилтэй хамаарч байгаа учраас тус эс үйлдэхүйг тогтоон өгч архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байгаа асуудал нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж буй асуудал. Цахимаар хүсэлтийг хүлээж авдаг гэж байна. Яг үүнийх нь дагуу л бөглөж өгсөн. Үүнд 60:40 гэж заагаагүй. Яагаад ийм ойлгомжгүй зүйл гаргаж ирж байна вэ? газрын хэмжээний ард барилгажих талбайг заах хэсэг байхгүй. Өөрсдийн эрх ашгаа хамгаалах зүйл яриад байгаа нь хууль бус бөгөөд утгагүй асуудал байна. Төрийн захиргааны алба хашиж байгаа хүн нь барилгажих талбайгаа заагаагүй байгаа гэдэг захиалагч өөрөө хийхгүй. Үүнийг хийдэг субъект нь Ерөнхий архитектор. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг үндэслэж байна. Энэ нь төрийн захиргааны байгууллагын мэргэжлийн албан тушаалтны хийх ажил үүрэг байна. Бүр нарийвчилсан зохицуулалт нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийг баталсан. Үүний 3.3.3, 3.3.2-т зааснаар Засаг даргын бүрэн эрх байна гэж заасан. Үүнд нарийвчлан зааж өгсөн бөгөөд үүнийг Ерөнхий архитектор болон түүний харъяалах нэгжийн хийх ёстой ажил. Газрын хэмжээ гэж байгаа бол газрын нийт хэмжээгээ л бичнэ. Тус дүрмийн 3.4, 3.5-д зааснаар Ерөнхий архитектор нь архитекторын ерөнхий төлөвлөгөөг батална. Захиалагч нь архитектур төлөвлөлтийн дагуу зураг төсөл боловсруулна гэж заасан. Өөрөөр хэлбэл барилга барих асуудал нь монгол гэр барихтай адилгүй. Тусгай стандарт, хуулийн хүрээнд мэргэжлийн хүмүүсийн хийсэн боловсруулсан зураг төслийн дагуу хийгддэг ажиллагаа. Төрийн захиргааны байгууллагын зүгээс гаргасны дагуу нэхэмжлэгч мэдээллээ гаргаж өгсөн. Үүнийг ямар нэгэн байдлаар буцаах эсвэл шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Ямар нэгэн байдлаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахгүй байх хууль ёсны зүйл байхгүй байна. Энэ тогтоолоор бүгдийг нь зааж зохицуулж өгсөн. Хариуцагчийн зүгээс буруутгаж байгаа ганц зүйл нь танайх нийт газрынхаа хэмжээгээр барилгажих хүсэлт гаргасан гэж байна. Засаг даргын захирамжаар олгосон газрын хэмжээ нь л байна. Үүнийг 60:40 гэж хуваах нь хуулиараа Ерөнхий архитекторын хийх асуудал байна. Бид нарт олдсон мэдээллээр улс төрийн шалтгаантай гэсэн зүйл яригдсан. Төрийн албыг ингэж залгуулбал Монгол Улс хөгжихгүй. Хуулийн хүрээнд асуудлаа шийдмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн хариуцагчид хандаж хэлэхэд эвлэрэн хэлэлцэх боломж байгаа шүү гэв.
2.4. Хариуцагч Дорнод аймгийн Ерөнхий архитектор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/3 дугаар захирамжаар Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 1 гудамж тоот 864 м2 газрыг орон сууцны зориулалттай болгон П.*******т 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны урд талд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 864 м2 талбай бүхий газарт “9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц” буюу 12 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахыг даалгах тухай асуудал ирүүлсэн ба Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/3 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар олгсон ба барилгын давхар заагаагүй болно.
Мөн нэхэмжлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хот байгуулалтын кадастрын цахим системд гаргасан хүсэлтийг тус системээр 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 19 минутад Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.“Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэсэн заалтыг хангаагүй барилгажих талбай 60 хувь буюу 518.4 м2-аас хэтэрсэн зураг ирүүлсэн үндэслэлээр хүсэлтийг буцаасан болно. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах үйл явц нь 2022 оноос 100 хувь цахим системээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөл буюу гүйцэтгэх захирал гэх удаа дараа уулзаж дээрхи нөхцөл байдлыг мэдэгдсэн болно”[3] гэжээ.
2.5. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн хүсэлттэй тухайн үед ажилласан байсан танилцаад Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг биелүүлээгүй, шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр буцаасан төлөвтэй байсан. Буцаасан төлөв болон холбогдох мэдээллүүдтэй нь танилцахад 12 давхар, газрын хэмжээг 864 м2 талбайгаар ирүүлсэн байсан. Тухайн хүсэлтийг буцаасан төлөвт оруулсан талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч гүйцэтгэх захирал гэх хүнд тухайн үеийн архитектор холбогдож мэдэгдсэн. Үүнийг бол мэдэгдсэн гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “Дорнод аймгийн Ерөнхий архитекторт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай” хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын ******* дугаартай, 864 м2 талбай бүхий газарт баригдах 12 давхар нийтийн орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
3. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ, “...Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан, хүсэлтийг буцаах үндэслэл байхгүй, нэхэмжлэгчид сонсох ажиллагаа болон хариу мэдэгдээгүй” гэж тайлбарладаг.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “... Нэхэмжлэгчийн хүсэлт нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг хангаагүй, ... барилгажих талбай 60 хувь буюу 518.4 м2-аас хэтэрсэн зураг ирүүлсэн үндэслэлээр хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буцаасан, эс үйлдэхүй гаргаагүй” гэж маргадаг.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эзэмшил газрын зориулалт өөрчлөх тухай” А/3 дугаар захирамжаар “Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1 гудамжны тоот хаягт байршилтай 864 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч овогтой ******* (*******)-ын эзэмшил газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгон өөрчилж 4 жилийн хугацаатай эзэмшүүлж[4], дээрх нэгж талбарын ******* дугаар бүхий 864 м2 газрыг “9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц” зориулалтаар 4 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр Э-06140006 дугаарт бүртгэж Иргэний газар эзэмших эрхийн 0000375323 дугаартай гэрчилгээ[5] олгож, дээрх захирамж, гэрчилгээний дагуу Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[6] байгуулсан байна.
6. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Ерөнхий архитекторт хандан, “...Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/3 тоот захирамж бүхий 864 м2 орон сууцны зориулалттай газрыг эзэмшдэг бөгөөд дээрх газар дээрээ орон сууцны барилга барихын тулд Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зураг төслийн ажлыг эхлүүлэх зорилгоор А даалгавар гаргуулах” агуулга бүхий хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарган, төслийн ерөнхий мэдээлэл, хавсралт баримтуудыг хавсарган[7], цахим системээр илгээсэн болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх хүсэлтийг гаргасан болон хариуцагчаас хүсэлтийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.
7. Түүнчлэн, дээрх цахим системд үзлэг хийхэд, хүсэлт өгсөн огноо: 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, төлөв: “Хүсэлтийг буцаасан” гэсэн[8] байх бөгөөд хариуцагчаас “хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буцаасан, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөл буюу гүйцэтгэх захирал гэх удаа дараа уулзаж дээрх нөхцөл байдлыг мэдэгдсэн” гэж тайлбарладаг бөгөөд харин нэхэмжлэгчээс “Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэг хариу мэдэгдээгүй, нэхэмжлэл гаргах хүртэл цахим системд хүсэлт шийдвэрлэгдээгүй байсан” гэж маргадаг.
8. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заажээ.
Дээрх хүсэлтийг нэхэмжлэгчээс, цахим системээр дамжуулан гаргасныг Дорнод аймгийн Ерөнхий архитектораас хүлээн авсан боловч 30 хоногт багтаан шийдвэрлэж, хүсэлт гаргагчид хариу өгсөн, түүнчлэн хугацаа сунгасан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хүсэлтийг “цахим системээр буцаасан” гэж тайлбарлаж байна.
9. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно”, “1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй”, “2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол”, “3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй”, “4/өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж заасан.
Дээрхээс үзвэл уг хуулийн 14.1.1-14.1.4-т заасан үндэслэлийн аль нэг нь байгаа тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх өөрөөр хэлбэл “буцаах” эрх хэмжээ захиргааны байгууллагад үүсэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн тайлбарлаж буй үндэслэл нь дээрх хуулиар зохицуулагдсан хүсэлтийг буцаах агуулгын хүрээнд хамаарахгүй байна.
10. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 32.1.8-д тус тус зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах болон барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах эрх хэмжээг Засгийн газарт олгосон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг баталсан байна.
Уг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэх үүргийг аймгийн ерөнхий архитектор хүлээсэн байна.
. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг цахим системээр буцаасан нь хууль бус бөгөөд “хүсэлтийг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан” эс үйлдэхүй гаргасан гэж шүүх үзлээ.
12. Нэхэмжлэгчийн гаргасан, “нэгж талбарын ******* дугаартай, 864 м2 талбай бүхий газарт баригдах 12 давхар нийтийн орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хариуцагчид даалгах” шаардлагын хувьд нэхэмжлэгчийн хүсэлт, түүнд хавсаргасан материалын хүрээнд шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагчаас тайлбарлаж буй “барилгажих талбай 60 хувиас хэтэрсэн” эсэхийг хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудаас шууд тодорхойлох боломжгүй тул хариуцагчаас, нэхэмжлэгчийн хүсэлтийг судлан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж тус тус заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлжсний үндсэн дээр хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй байх тул хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг даалгаж шийдвэрлэв.
Хариуцагчаас “нэхэмжлэгчийн төлөөлөл буюу гүйцэтгэх захирал гэх удаа дараа уулзаж дээрхи нөхцөл байдлыг мэдэгдсэн” гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй, түүнчлэн гэх этгээд нь нэхэмжлэгч П.*******ыг шийдвэр гаргах ажиллагаанд төлөөлөх талаар баримт байхгүй тул дээрх тайлбар нь үндэслэлгүй юм.
13. Хариуцагчаас, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П.*******ын Дорнод аймгийн Ерөнхий архитекторт 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай” хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагч Дорнод аймгийн Ерөнхий архитекторт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Ерөнхий архитектораас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ