Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2021/00075

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00641/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 865 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

             Хариуцагч *******ад холбогдох

899.608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар, хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хэрэглэсэн усны төлбөр буюу 2018 оноос хойших 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр 899.608 төгрөгийг нэхэмжилж байна, хариуцагч өөрөө сар бүр тоолуурын заалтаа бичүүлдэггүй, тийм учир төлбөр нь өндөр гарсан. Тоолуурын заалтаар гарсан мөнгө 559.360 төгрөг. Энэ нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичсэн. Тэгээд хяналтын инженер ******* 2018 оны 10 дугаар сараас хойш гарсан төлбөрийн бичилт хийсэн, миний бичсэнээс хойш бичсэн заалт юм. Заалтаас нь харагдана.

Энэ айл хаалгаа тайлдаггүй болохоор өмнөх байцаагч нь сард 1-2 тонн хэрэглэдэг гээд дунджаар бичдэг байсан юм байна лээ, тэгээд яг ******* гуайн хүүг нь ирэхэд таараад ороод 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр заалтаа бичсэн байсан. 2019 оны 01 дүгээр сард бас ******* гэж хүн түүнээс хойших заалтыг бичсэн гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би хяналтын байцаагчийг дуудаж шалгуулсан. Эдний бичсэн болон манай тоолуур бичигдсэн байсан. Эднийх задгайгаар 60 тонн ус бичсэн байсан. Энэ үед би байхгүй байсан. Түрүүн шүүх хуралдаан эхлэхээс өмнө 2014 оноос 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ерөнхий нягтлангаар нь баримтаа гаргуулаад авчирч өгсөн. Би 2019 он болон 2020 оны төлбөрийг төлчихсөн. 2020 оны 03 дугаар сард орлого хаав, 2020 оны 06 дугаар сард авлага хаав гэх зэрэг баримтууд хавтаст хэрэгт бий. Гэтэл 570.000 төгрөгийг усны заалтгүйгээр бичээд манайд өр төлбөр гаргасан. 2014 оноос 2018 оны 09 дүгээр сар хүртэл би бүгдийг шүүлгэсэн. Надад үндэслэлгүй ийм өр гаргасан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний үйлчлүүлэгч 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гадаад явахаасаа өмнө усны төлбөрт 141.390 төгрөгийн тооцоо бүгдийг тушаагаад өргүй болоод явсан. Тэгээд эзгүй хугацаанд нь *******ын хотод байдаг хүү нь гэрийг нь шалгахаар гэрт нь ирэхэд 2018 оны 10 дугаар сарын 25-нд усны байцаагч орж ирээд 571.670 төгрөгийн өр бичээд явсан. Ингээд ******* гадаадаас ирээд *******ийн захиралд өргөдөл гаргасан. Усны байцаагч тоолуурын заалт бичилгүйгээр ийм их өр бичсэн. Тэгээд ерөөсөө оруулдаггүй гэсэн атлаа тухайн төлбөрийг бичихдээ заалтгүй бичсэн байсан.

Тэгээд захирал нь ******* буюу хяналтын байцаагчийг шалгуулахаар явуулсан. Уг байцаагч нь *******ынд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирээд танайх 205.000 гаруй төгрөгийн алдангитай гарсан, өөр төлбөр байхгүй байна гэсэн. Тэгээд үүнийг ******* төлсөн. Энэ хүн байнгын өвчтэй группэд байдаг дийлэнхдээ эмнэлэгт хэвтэх эсхүл гадаад руу эмчилгээнд явдаг, хаалгаа онгойлгохгүй болохоор нь хонзогноод ийм их өр бичсэн гэж бодож байна. Хариуцагчийн зүгээс төлсөн бүх баримтаа шүүхэд хангалттай өгсөн. Ямар ч айлд 1 сарын дотор 570.000 төгрөгийн төлбөр гарахгүй, хяналтын байцаагч ирээд 205.000 төгрөгийн өр гарсан гэсэн, түүнийг нь төлсөн, одоо өргүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 865 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 302.626 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 571.670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.140 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 9.728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.14-ны өдрийн 865 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч *******аас 302.626 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох гэснийг эс зөвшөөрч байна. Хариуцагч ******* шүүхийн шатанд ******* ХХК-д ус хэрэглэсэн төлбөрийг төлбөр барагдуулсан баримтуудыг шүүхэд өгсөн. Хэргийн материалд: 2020 оны 1 сард-100.000 төгрөг, 2020 оны 3 сард-105.000 төгрөг, 2021 оны 8 сард-119.140 төгрөг, 2018 оны 8 сард-141.398 төгрөг нийт 455.538 төгрөгийн төлбөр хийсэн баримт байхад нэхэмжлэлээс хасч тооцсонгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 899.608 төгрөгөөс 571.670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагч *******аас 302.626 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэсэн усны төлбөрийг төлсөн баримт байсаар байхад хасч тооцоогүйд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэл бүхий байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Дархан Ус суваг ХК хариуцагч *******аас цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсны төлбөр 899.608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* төлөх төлбөргүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч ******* нь хэрэглэгч хариуцсан байцаагчид тоолуурын заалтаа хэлж өгч, тухай бүр тооцоо хийх байтал тоолуурын заалтаа хэлж өгдөггүй, байцаагч нарыг гэртээ оруулдаггүй, 2018 оны 10 дугаар сард 1 удаа тоолуурын заалт харж бичихэд 559.362 төгрөгийн төлбөр гарсан, түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цэвэр, бохир ус ашигласны хуримтлагдсан төлбөр 899.608 төгрөг болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч ******* би 2018 оны 09 дүгээр сард Герман улс руу эмчилгээ хийлгэхээр явахдаа бүх төлбөр тооцоогоо дуусгаад явсан бөгөөд намайг эмчилгээнд явсан хойгуур хүүхдийг байхад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 571.000 төгрөгийн төлбөр үндэслэлгүйгээр бичээд явсан байсан, түүнээс хойш хугацааны төлбөрийг 4 удаа нийт 450.000 төгрөгийг төлсөн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийн 571.000 төгрөгийн төлбөр нь 2018 оны 10 дугаар сараас өмнөх төлбөр бөгөөд энэ айл хаалгаа тайлдаггүйн улмаас тоолуурын заалт харж бичих боломжгүй байсан гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснээр үйлчилгээ үзүүлсэн бол сар тутам төлөх төлбөрийг шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 571.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал шийдвэрийг хүлээн зөвшөөрч, энэ талаар гомдол гаргаагүй байна.

Харин хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 302.626 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хэргийг шийдвэрлэжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон татгалзлын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн хэргийн 41-44 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл 465.938 төгрөгийн төлбөр нэхэмжлэлээр шаардаж буй хугацаанд төлсөн байхад 302.626 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хуулийн боломжтой байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.710 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцааж гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 865 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 302.626 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан Ус суваг ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 571.670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 899.608 төгрөг гаргуулах тухай Дархан Ус суваг ХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.140 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 9.728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан Ус суваг ХК-нд олгосугай гэснийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.140 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                             ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                                Л.АМАРСАНАА