Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор*******

Шүүгдэгч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох 2418000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

- Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг тус тусад нь эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

10. Давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор ******* эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 04:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн ******* байрны тоот гэртээ хамтран амьдрагч ******* маргалдан, нүүрэн тус газарт нь "Самсунг S8" маркийн гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 673 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж байсан нь тогтоогдож гэр бүлийн хамаарал бүхий иргэнийг байнга зодсон тул тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан "оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан "согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох" хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан гэмт хэргийг буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атал Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хоригийг зөрчиж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоон шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхдээ мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар бүлэгт заасан журмыг давхар харж байж хэрэглэх ёстой байсан.  Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэгт холбогдож гэм буруутайд тооцогдсон байхад 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байна. Хориглосон заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 361 дугаар тогтоол дээр маш тодорхой заасан учир хуулийг буруу хэрэглэж ял хариуцлага оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:

Тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч *******т холбогдох 2418000000112 дугаартай эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  тоотод буюу гэртээ агсам согтуу тавьж, амгалан тайван байдал алдагдуулж, хуваарьт болон дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим тоотод буюу гэртээ маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хууль бусаар халдаж зодсон,

2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн  тоотод буюу гэртээ архи их уулаа гэж загналаа гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь Samsung S8 маркийн гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулснаас гадна,

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 673 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шүүгдэгч нь ******* нь хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхийн этгээдийн эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулж байсан байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “тэнсэх” арга хэмжээ хэрэглэхгүй байхаар зохицуулсан байдаг.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолд:

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан нь эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтын зөрчсөн шийдвэр болжээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул 108 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолд:

Шүүгдэгчийн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Гэрэлмааг “архи их уулаа” гэж загналаа гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь Samsung S8 маркийн гар утсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд дүгнэлт хийж бусад үйлдлүүдийг баталсан, үгүйсгэсэн эсэх нь тодорхойгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзах, хуулийн заалтын утга агуулгын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ тодорхой хийдэлгүй, салаа утгаар ойлгогдохгүйгээр тайлбарлаж бичигдсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцэд нийцүүлсэн шийдвэр гарах шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан 2021 оны 09 дүгээр сарын 20 өдрийн 29 дугаартай “ Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал батлах тухай”  тогтоолыг судалж, шийдвэрээ бичих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс зөвлөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                Б.МАНЛАЙБААТАР