Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

 2024           06           12                                               2024/ДШМ/30

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Г.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/189 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2439000000078 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг "Галын ар" гэх газарт өвөлжөөний орчмоор үхрээ бэлчээсэн гэх шалтгааны улмаас *******ийн өмчлөлийн хар халзан зүсмийн зөв чих онь, буруу чих цуулбар имтэй хязаалан насны эр үхрийг буудан алж, хууль бусаар устган, хохирогч *******эд 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******д холбогдох 2439000000078 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр АК8859, замаг 859 дугаартай “Вепрь” маркийн галт зэвсэг 1 ширхэг, магазин 1 ширхэг, 7.62х39 гэсэн тэмдэглэгээ бүхий ангийн зориулалттай сум 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан ба яллагдагч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хэргийг хялбаршуулан яллагдагчтай ял тохиролцон шүүхэд шилжүүлсэн.

...Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хуулийн шаардлагыг хангаж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллагдагч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн үед “эд мөрийн баримт болох үхэр буудсан бууны үнэлгээ өндөр байна, буугаа улсын орлого болгуулж болох болов уу” гэж шүүхэд мэдүүлснээр анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ" гэж хуульд заасан бөгөөд тухайн хэрэгт нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй ба нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүхээс хэргийг прокурорт буцаалгүйгээр албадлагын арга хэмжээтэй холбоотой асуудлыг болон хэргийг ердийн журмаар шийдвэрлэх эрх хэмжээ нь анхан шатны шүүхэд байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч *******ын “...өвөлжөөний орчмоор үхрээ бэлчээсэн гэх шалтгааны улмаас *******ийн өмчлөлийн хязаалан насны эр үхрийг буудан алж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч нь галт зэвсгээ биет байдлаар нь хураалгамаар байна, үнэ болох 3,600,000 төгрөгийг төлж чадахгүй гэсэн хүсэлтийг гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болгосон...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт " Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ..." гэж заасан байх бөгөөд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй өөрөөр хэлбэл дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

 

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  2024/ШЗ/189 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай

 

            2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                    

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                               О.БААТАРСҮХ

           

                                                                                           Д.ГАНЗОРИГ