Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 116/ШШ2025/0045

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/01 тоот, 06/04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлдээ: 1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 116/ШШ2025/0003 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2025/0060 тоот тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/МА2025/0505 дугаар магадлалаар Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаар “хурлын дарга сонгох тухай” 01/04 тоот тогтоол хүчингүй болсон тул дарга гэх ******* нь Хэрлэн сумын ИТХурлын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх болсон гэж бид ойлгож байна.

2. Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй болсон Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ******* нь Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж, Зөвлөлийн хуралдааныг тэргүүлж, Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааны товыг зарлаж, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох тухай 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр А/12 тоот Захирамж гаргасан Монгол Улсын ЗЗНДНТУТухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг зөрчсөн. Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол ардын намын бүлгийн 12 төлөөлөгч нар нь хуралдаж 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хурлын зөвлөлд 25/04 мэдэгдэл гаргана. Хуульд нийцээгүй хурлын тов зарлаж, Захирамж гаргасан учир хуралд оролцох боломжгүй байдал үүсээд байгаа талаар дурдан хуульд нийцүүлэн дахин хуралдааны товыг гаргах хүсэлт хэлж, мэдэгдлийг бүлгийн дарга *******ээр дамжуулан хүргэсэн. Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, өөрийгөө хурлын дарга гэх ....нь Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хурлыг Ардчилсан намын бүлгийн 15-н төлөөлөгч, бие даагч 1 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр 55.5 хувийн ирцтэйгээр хуралдааныг удирдан эхлүүлсэн байдал нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг ноцтой зөрчин эс үйлдэхүй байдал гаргаж анхдугаар хуралдааны зарчмыг зөрчин, мөн Монгол Улсын ЗЗНДНТУТухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь заалтыг мөн зөрчин Хуралдаан даргалагчаар төлөөлөгч ......-г сонгосон байна.

3. Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ******* нь МАН-ын бүлгээс хүргэсэн мэдэгдлийг уншиж, судалсан байж, санаатайгаар Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааныг нээн эхлүүлсэн байдал нь МАН-ын 12 төлөөлөгчийн хуралдаанд оролцуулах боломжийг хязгаарлаж, хуралдаанд оролцох эрхийг зөрчин Монгол Улсын ЗЗНДНТУТухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, 39.1.4, 39.1.5, 39.1.6 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

4. Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай хуралдаанд оролцох сөрөг хүчний боломжийг хангахгүйгээр хуралдааныг нээж, МАН-ын бүлгийн төлөөлөгч биднийг нэр дэвшин өрсөлдөх эрхийг ноцтой зөрчин, өөртөө давуу байдал зориуд бий болгож, ганцаараа нэр дэвшин оролцсон байдал нь Монгол Улсын ЗЗНДНТУТухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, мөн Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

5. Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааныг хууль зөрчин нээж, эхлүүлсэн. Тухайн хуралдаанаар процессын олон алдаа гаргаж, анхдугаар хуралдааны зарчмыг алдагдуулсан, тооллогын комиссын тогтоолыг хуралдаанд оролцогчийн олонхын саналаар хэлэлцүүлж, дэмжин батлуулаагүй тул хүчин төгөлдөр бус, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын дарга сонгох” тухай 01/04 тоот тогтоолыг хүчингүй болгоогүй байж “Хурлын дарга сонгох” тухай үйл ажиллагаа явуулсан зэрэг нь Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/01 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

6. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хурлын дарга сонгох” тухай 01/04 тоот тогтоолыг хүчингүй болгоогүй, анхдугаар хуралдааны зарчмыг алдагдуулж, хурал даргалагч сонгосон, “Хурлын дарга сонгох” тухай үйл ажиллагаа явуулсан, Тооллогын комиссын тогтоолыг хуралдаанд оролцогчийн олонхын саналаар хэлэлцүүлж дэмжин батлуулаагүй тул хүчин төгөлдөр бус зэрэг нь Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/04 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

7. Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааны явцад процессын олон алдаа гаргаж, Хууль зөрчиж, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанд оролцох, сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн байдал нь хуралдааны тэмдэглэл, “Дорнод дата” Маршал.мн сайтуудын шууд бичлэгээс нотлогдож байгаа болно.

Иймд хууль зөрчиж, гаргасан Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/01, 06/04 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, сумын ИТХ-ын төлөөлөгчийн хуралдаанд оролцох, сонгох, сонгогдох эрхийг минь хангуулж өгнө үү. ...Бид 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд “Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/01, 06/04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 20-нд гаргасан нэхэмжлэлээ татан авч, хэргийг хэрэгсэхгүй болгох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч *******, *******, *******, ******* нар нь Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/01 тоот, 06/04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.   

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан ба холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч *******, *******, *******, ******* нар нь, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 06/01 тоот, 06/04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                         В.ДАВААНЯМ