| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/03680/И |
| Дугаар | 192/ШШ2025/04649 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/04649
| 2025 05 ******* | 192/ШШ2025/04649 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Ч.Батчимэг, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсан гудамж, Г******* хотхон, ******* тоотод оршин суух, УЖ68*******0823 Б******* овогт Згийн Мад холбогдох,
Шүүхийн шийдвэр, захирамжийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 685,638,893 төгрөг, тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон хугацааны төлбөрт 1,516,896,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,
Хариуцагч З.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани Г******* хотхон гэйст хаус төслийн захиалагч бөгөөд 2013-2014 онд төслийг бүрэн барьж дуусган ашиглалтад оруулсан. Үл хөдлөх хөрөнгийн 20******* оны 5 дугаар сарын *******-ний өдрийн дугаар гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Г******* хотхон, ******* тоот, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг хожим бүрэн дуусган, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дугаартай, 789,69 м.кв талбай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж******* ХХК бүртгэгдсэн байдаг. Ж******* ХХК хариуцагч З. Мтай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133/1 тоот гэйст хаусын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Г******* хотхон, ******* тоот, 789.69 м.кв талбай бүхий байрыг 1,700,000,000 төгрөгөөр тооцон авахаар тохирч, төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгах ёстой байсан ба захиалагчийн тохирсон хугацаандаа зохих ёсоор төлнө гэсэн амлалтад итгэж 2014 оны 5 дугаар сард байрны түлхүүрийг З.Мад өгсөн. Гэтэл З.М орон сууцны үнийг бүрэн төлөөгүй бөгөөд 4 жил гаруй хугацаа өнгөрсөн тул Ж******* ХХК 2018 онд шүүхэд хандаж төлөөгүй төлбөр болон алдангид нийт 1,*******0,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. З.М мөн л байрны үнийг яаралтай төлөх амлалт өгч, нэхэмжлэлийн үнийн дүнг багасган эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрч, хариуцагч 850,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны дотор төлөхөөр тохирон эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00535 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Төлбөрийг эвлэрлийн гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлөх ёстой байсан боловч нэг ч төгрөг төлөөгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн захирамж гарч 181/ГХ2018/00604 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 5 жилийн туршид явагдсан боловч нэг ч төгрөг төлөөгүй, 2023 оны 7 дугаар сарын 31-нийг хүргэсэн. Ийнхүү Ж******* ХХК Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3.Мын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. 3.М дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэг ч төлбөр төлөөгүй байж байгаад 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уг үнийн дүнд дүйцүүлэн арматур өгөх, хариуд нь дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлт гаргасныг төлбөр авагч Ж******* ХХК зөвшөөрч, мөн өдөр төлбөрт дүйцүүлэн арматурыг хүлээн авч, өмчлөх эрхийг шилжүүлсэн тул хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Үнэхээр ингэж төлөхгүйг нь мэдсэн бол анхнаасаа нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлж албадан гаргуулах боломж байсан. Манай компани асуудлыг тийм хэмжээнд хүргэхгүйн тулд итгээд эвлэрлийн гэрээ байгуулснаараа өнөөдөр хохирч байна. Гэтэл хариуцагч ингэж эвлэрснийхээ эцэст гэрээний үүргээ огт биелүүлэхгүй өөрсдөө түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олсоор байсан. Хариуцагч өөрөө түрээсэлдэггүй, дүү нь түрээсэлдэг, Ц ХХК түрээсэлдэг гэж тайлбарладаг. Үнэхээрийн тийм зүйл байгаа эсэхийг бид бүгд мэдэж байгаа. Хэрэв тийм асуудал яригдах юм бол төлбөр төлөгдөөгүй байхад өмчлөх эрх манай талд хадгалагдсаар байна. Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулаагүй этгээд нь түрээслээд орлого олж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа Ц ХХК юм биш үү гэж яриад байгаа. Ц ХХК нь Б.Сгийн 100 хувь эзэмшдэг компани байдаг. Манай тал түрээстэй холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс боломжгүй гэсэн учраас өөрсдөө зах зээлийн дундаж үнэлгээгээр мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд түрээсийн цэвэр орлого буюу алдагдсан боломж, хохирол 1,516,896,495 төгрөг гэж гаргаж өгсөн. Тухайн үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулах үед хүлээлгэж өгч байсан дотор засалгүй, 70 хувийн гүйцэтгэлтэй үнийн дүнгээр гаргасан. Өөрөөр хэлбэл үнэлгээгээр гаргаж ирсэн үнэ нь бодит үнэ юм. З.М нь 2014 оны 5 дугаар сараас хойш гэрээгээр хүлээсэн байрны үнийг төлөх үүргээ 9 жилийн туршид биелүүлээгүй, эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр захирамжийг биелүүлэхгүй, байрыг өмчлөх ашиглах эрхгүй байж, 2023 оны 7 дугаар сар болтол ямар нэг үнэ төлбөр төлөхгүйгээр байранд амьдарч, бусдад дамжуулан түрээслэн ашиглаж, хууль бусаар эзэмшээд зогсохгүй, хууль ёсны өмчлөгч Ж******* ХХК-ийн байр чөлөөлөх шаардлагыг удаа дараа эсэргүйцэн, өмчлөгчийн хууль ёсны эрхэд санаатайгаар саад учруулж ирсэн. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133/1 тоот гэйст хаусын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т үндсэн төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд өмчлөх эрх шилжүүлэхээр, 4.3-т төлбөр тооцоо дууссаны дараа байрыг актаар хүлээлцэн эзэмшил өмчлөлдөө авах үүрэгтэй гэж тохирсон ба Иргэний хуульд зааснаар хөрөнгийн үнийг бүрэн төлж байж өмчлөгч болох учиртай. Гэтэл З.М байрны үнийг 2023 оны 7 дугаар сар хүртэл төлөөгүй тул энэ хугацаанд өмчлөх эрхийг хуульд зааснаар олж аваагүй, тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж орлого олж, хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчиж, түүний олох ёстой байсан орлого үл хөдлөх хөрөнгийн үр шимийг хүртэх боломжийг хууль бусаар хааж байсан. Тиймээс түрээсийн цэвэр орлого буюу алдагдсан боломжтой холбоотой хохиролд 1,516,896,495 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үүнээс гадна хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 850,000,000 төгрөгийг төлнө гэж эвлэрсэн талуудын эвлэрлийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар баталсан. Хэрвээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлж тохирсон хугацаанд төлсөн бол манай компани уг хөрөнгийг эргэлтэд оруулж, хангалттай хэмжээний бизнесийн ашиг олох боломжтой байсан. Тухайн бизнессийн орлогыг цэвэр тодорхойлох боломжгүй учраас хамгийн багадаа буюу арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгээр 685,638,893 төгрөгийн орлого олох боломжтой байсныг тогтоосон. Монгол банк ХК-иас гаргуулж авсан хадгаламжийн дундаж хүүгийн лавлагааг хэрэгт өгсөн. Хариуцагч тал итгэл эвдэж, гэрээ хэлцэл хийснийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Бие биендээ итгээд гэрээ байгуулсан байхад эсрэгээрээ итгэсэн тал нь хохироод хариуцагч нь өөртөө ашигтай байдлыг бий болгож болохгүй. Тиймээс хариуцагчийн шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлбөр 685,638,893 төгрөгийн хамт нийт 2,202,535,388 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Түүнчлэн З.М байрыг хууль ёсны өмчлөгч Ж******* ХХК-ийн зөвшөөрөлгүй тус сууцны дээвэр дээр нэмж хоёр давхар өргөтгөл барьж, газрын эзэмшигч, ашиглагч Ж******* ХХК-ийн зөвшөөрөлгүй Г******* хотхон, 17/10, ******* тоот байрны хоорондох талбайд өргөтгөлийн ажил хийсэн. Тусгай хамгаалттай бүсэд нийтийн шугам сүлжээтэй газар барилга байгууламж барихдаа зөвшөөрөл авах байтал зөвшөөрөлгүйгээр барихад өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага учраас Барилгын яам, мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гомдлын дагуу мэргэжлийн хяналтын газар ажиллаад зөвшөөрөлгүй барилга байна, ямар нэгэн зураг төсөлгүй, ямар материал ашиглаж барьсан нь тодорхойгүй өргөтгөл барьсан байна, үүнийг нураах ёстой гэж Захиргааны хэргийн шүүхээс хууль бус өртгөтгөлтэй холбоотой шийдвэр гарсан. Бид нар үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очоод нэгэнт бид өмчлөгч нь, дотор нь хүмүүс ажиллаад худалдааны зориулалтаар ашиглаад хэрвээ нуралт үүсэх юм бол өмчлөгчид хариуцлага ирнэ гэх үүднээс бүх арга хэмжээг авч, шийдвэр гүйцэтгэл дээр аваачиж өгсөн. Гэсэн хэдий ч одоог хүртэл өргөтгөлийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа. Өргөтгөлийн ажил болон хариуцагчийн 3 хаус нийлээд одоог хүртэл худалдааны зориулалтаар ажиллаж байгаа. Гэрээний дагуу 2014 оны 5 дугаар сард төлөх ёстой төлбөрөө төлсөн бид эд хөрөнгөө тухайн үед шилжүүлж өгөх байсан, үр шимээ хүртэх эсэх нь бидэнд хамаагүй байх байсан. 2023 оны 6 дугаар сар хүртэл нэхэмжлэгчийн өмчийг хууль бусаар эрхлэн удирдаж, өмчлөх эрхийг хуульд заасны дагуу олж аваагүй байж уг барилга дээр түрээсийн үйл ажиллагаа явуулж ашиг олсон, олсон ашгаасаа төлбөрөө төлж болно шүү дээ. Гэтэл 2023 он буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл огт төлөөгүй. Иймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой, гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжилсэн, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд анх 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан ба гэрээг байгуулсан даруйдаа 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн. Төлбөр төлөхгүй байх ямар бодит нөхцөл байдал үүссэн бэ гэхээр гэрчилгээ гараагүй гэж ярьж байгаа боловч 20******* онд 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж, Г ХК-д барьцаалсан байдаг. Нэхэмжлэгчээс хариуцагч өөрийн болон дүүгийнхээ нэр дээр хоёр хаус худалдаж авсан. Нэг сууцны төлбөрийг төлж, нөгөө сууцны 1,700,000,000 төгрөгөөс 1,200,000,000 төгрөг төлж, 500,000,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт нэхэмжилж, талууд харилцан тохирч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээд өгчих, 850,000,000 төгрөг өгье гэх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Мэдээж 3,400,000,000 төгрөгөөр хоёр үл хөдлөх авч байгаа хүн чинь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардана. Гэтэл н.Эын 100 хувь төлбөрийг төлсөн хаусын гэрчилгээг гаргаж өгөхгүй, хариуцагчийн гэрчилгээг барьцаанд тавьсан учраас асуудал гарсан. Ингэж явсаар 2018 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Үлдэгдэл төлбөр 500,000,000 төгрөг дээр алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 750,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч талууд харилцан тохирч үл хөдлөх хөрөнгөө шилжүүлээд өгчих, 850,000,000 төгрөг өгье гэх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш хоёр хаусын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн аль алинаас шалтгаалсан. Энэ байдлыг эцэслээд талууд үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч төлөх ёстой төлбөртөө тааруулж арматур нийлүүлэх, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгье гэх байдлаар гэрээ байгуулсан. Ингээд үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгсөн. Арилжааны гэрээн дээр талууд хэн алиндаа баталгаа гаргаж, хэн хэн нь шилжүүлж байгаа эд хөрөнгө нь эрхийн болон биет байдлын доголдолгүй, аливаа маргаанд холбогдолгүй байна гэж тодорхойлсон. Зорилго нь юу вэ гэхээр энэ гэрээг байгуулж байхад нэхэмжлэгч тал н.Эыг ч тэр, хариуцагчийг ч тэр хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан учраас энэ гэрээ хэрэгжээд шүүхийн шийдвэр биелэгдээд маргаанаа татаж авна гэж тохирсон. Тийм ч учраас арилжааны гэрээнд баталгаа гэж тусдаа заалт оруулсан боловч н.Этай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаад хариуцагчаас татгалзахгүй байсан. Талуудын хооронд орон сууц буюу сингл хаусыг захиалгаар барих эрх зүйн харилцаа үүссэн. Уг хөрөнгөтэй холбоотой маргаан үүсэхэд алдангитай холбоотой асуудал ярих болохоос биш энэ хөрөнгө манай хөрөнгө байсан гэж шаардах эрх үүсэхгүй гэж харж байна. 2018 онд энэ асуудлыг буюу гэрээтэй холбоотой манай талд ийм хохирол үүссэн гэж тухайн үед шүүхэд алдангийн хамт нэхэмжлээд давуулаад 850,000,000 төгрөгөөр тохирч, 850,000,000 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлсэн, 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууц шилжүүлж өгсөн байсан бол өөр хэрэг шүү дээ. Талуудын хооронд захиалгаар орон сууц барих буюу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой харилцаа үүссэн ба тэрнээс үүдэлтэй түрээсийн орлого нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан энэ гэрээтэй холбоотой, алдангитай холбоотой асуудлыг шүүхээс нэгэнт шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой гэж харж байна. Нэхэмжлэгч тал бодит байдал дээр хариуцагчаас болж шударга бус жишиг тогтох ёсгүй мэтээр тайлбарлаж байна. Гэтэл үл хөдлөх хөрөнгийг өгчихөөд гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж өгсөн юм уу гэвэл өгөөгүй байж байгаад хэргийн материалд авагдсан баримтаар 2023 оны 8 дугаар сард хариуцагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Харин 2014 онд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагчийн эзэмшил ашиглалтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнээс хойш эзэмшил ашиглалттай холбоотой ямар нэгэн санал болон шаардлага гаргаж байгаагүй. Шүүхэд өмнө нь гэрээтэй холбоотой асуудлаар хдаа алдангиа авна гэж шаардаж байсан. Түүнээс биш манай үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашиглаад байна гэх агуулгаар огт нэхэмжлэл гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн өнөөдрийг хүртэл гаргасан үйлдэл нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад энэ үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгснөөрөө үүсэн бий болох зүйлийг үйлдлээрээ хүлээн зөвшөөрөөд явж байсан. Тэгэхээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаатай уялдуулаад аваад үзэх юм бол нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцыг захиалгаар бариулах гэрээнээс үүссэн үр дагавартай хоорондоо уялдаж холбогдохгүй байна. Хэрвээ нэхэмжлэгч захиалагч, бид гүйцэтгэгч байсан бол хүний хөрөнгийг хугацаанд нь гүйцэтгэж өгөөгүй байсан бол түрээсийн орлого олох ёстой байсан гэж авч үзэж болно. Гэтэл энэ үйл баримтын тухайд манайх энэ үл хөдлөх хөрөнгийн захиалагч нь, нөгөө тал гүйцэтгэгч гэхээр эсрэгээрээ захиалагчийн шаардах зүйлийг гүйцэтгэгч тал шаардаж байна. Хоёрдугаарт талуудын хооронд байгуулсан 2014 оны захиалгын гэрээг харахад бүрэн гүйцэт барьж дуусгаад хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэтэл 70 хувийн гүйцэтгэлтэй барилга шилжүүлж, барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Хэрвээ энэ барилга 100 хувийн гүйцэтгэлтэй байсан бол 100 хувийн гүйцэтгэлтэй гэх гэрчилгээ хариуцагчийн нэр дээр шилжиж ирэх ёстой байсан. Нэхэмжлэгч орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шаардаж байгаа боловч гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт биелүүлээгүй. Анхнаасаа энэ хаусыг хүлээж авахдаа хариуцагч нэхэмжлэгчид энэ хоёр үл хөдлөх хөрөнгийг нэгтгээд үйлчилгээ болгох зорилготой, цэцгийн дэлгүүрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах тухайгаа хэлж байсан. ******* тоот үл хөдлөх хөрөнгө дээр хариуцагч түрээсийн үйл ажиллагаа явуулдаггүй. Хоёр үл хөдлөх хөрөнгийг нийлүүлж голд нь байх хэсэгт түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан зүйл байдаг. Гэхдээ тэр нь н.Ц гэх хүний нэр дээр тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүйтэй холбогдуулж, нэхэмжлэгч янз бүрийн хүсэлтүүд гаргадаг. Жишээ нь ийм ийм байгууллагуудад түрээсэлсэн орлого нь манайх байсан гэж үзэж байгаа юм уу, эсхүл ******* тоот гэж түрээсэлсэн бол олох ёстой байсан ашиг орлого гэж үзэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч нэгэнт гүйцэтгэгч байгууллага, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг манай талд хүлээлгэж өгсөн учраас үүнийг түрээсэлж олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлдээ дотор засалгүй хөрөнгө хүлээлгэж өгсөн талаараа хэлж байна. Тэрийг түрээсэлж ашиг олох байсан гэж үзэх юм бол тэр нь шалтгаант холбоогоор холбогдохгүй нөхцөл байдал байна. Гэтэл тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон хугацааны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Эхний шаардлагын хувьд орлого олох боломжтой байсан гэх үйл баримтаа тогтоож нотлоогүй. Өөрөөр хэлбэл бид мөнгөө ингэж хадгалуулдаг юм, угаасаа орлого олдог, олох ёстой байсан орлого гэх агуулгаар тайлбарлаж чадахгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудал нь ганц төлбөр төлөгчөөс болж биелүүлэхгүй байгаа асуудал биш. Өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлээд явж байсан н.Эд холбогдох хэрэг дээр Г ХК гуравдагч этгээдээр татагдаж байсан. Хүнд барьж өгч байсан байраа бусдад барьцаалсан байсан гэх бодитой үйл баримт тогтоогдсон. Бид энэ үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авхын тулд Г ХК-тай хэлцэл хийсэн асуудал гарч байсан. Тэдний өмнөөс төлөх ёстой байсан төлбөрийг нь барагдуулсан асуудал байсан. Имйд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13198 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Guest house ХХК-ийн захиалга хөрөнгө оруулалтын гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ГХ2021/0287 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2021/8066 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Ж******* ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 18/056 дугаар хүсэлт, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ГХ2018/00604 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/07405 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Ж******* ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 18/057 дугаар хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуунд гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/38 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл, Ж******* ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 20/048 дугаар тайлбар, 2021 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын *******-ны өдрийн 08 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэл, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19/027 дугаар мэдэгдэл, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/046 дугаар хариу мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж, 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 23/0******* дугаар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, тодруулах тухай, 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 23/037 дугаар итгэмжлэл, 2024 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн 24/025А дугаар хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэлийн шаардлага зарим шаардлага нэмэгдүүлэх, багасгах тухай, Монгол банкны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б-*******/122 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, хувийн байгууллагын төгрөгийн хадгаламжийн тооцоолол, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Г******* хотхоны 17/9 тоотод түрээслэн үйл ажиллагаа явуулж буй зургууд, Гэрэгэ эстимэйт үнэлгээ ХХК-ийн хараат бус хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг,
Хариуцагчаас итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01-190/10883 дугаар хөрөнгийн эрх сэргээх тухай албан бичиг, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1 дүгээр үл хөдлөх хөрөнгийн арилжааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23-6/503 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж******* ХХК хариуцагч З.Мад холбогдуулан шүүхийн шийдвэр, захирамжийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 685,638,893 төгрөг, тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон хугацааны төлбөрт 1,516,896,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ж******* ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр З.Мтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг 1,700,000,000 төгрөгөөр худалдаж, бартер болон бэлэн мөнгөөр тодорхой хэсгийг төлж, тал орчим хувийг төлөөгүй 2017 оныг хүртэл явсан. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт 1,*******0,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 850,000,000 төгрөгийг төлье гэж санал тавьсны дагуу хоёр тал эвлэрч, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Гэтэл хариуцагч тохирсон хугацаанд төлбөрөө төлөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлж ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд хариуцагчаас шүүхийн шийдвэр, захирамжийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 685,638,893 төгрөг, тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон хугацааны төлбөрт 1,516,896,495 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч З.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... Талуудын хооронд анх 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгийг 1,700,000,000 төгрөгөөр худалдаж, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн. Төлбөр төлөхгүй байх ямар бодит нөхцөл байдал үүссэн бэ гэхээр гэрчилгээ гараагүй гэж ярьж байгаа боловч 20******* онд 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж, Г ХК-д барьцаалсан байдаг. Нэхэмжлэгчээс хариуцагч өөрийн болон дүүгийнхээ нэр дээр хоёр хаус худалдаж авсан. Нэг сууцны төлбөрийг төлж, нөгөө орон сууцны үнэ 1,700,000,000 төгрөгөөс 1,200,000,000 төгрөг төлж, 500,000,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт нэхэмжилж, талууд харилцан тохирч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээд өгчих, 850,000,000 төгрөг өгье гэх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Тиймээс талуудын хооронд байгуулсан энэ гэрээтэй холбоотой асуудлыг нэгэнт шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бодит байдал дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж өгөөгүй байж байгаад 2023 оны 8 дугаар сард өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. 2014 онд орон сууцыг хүлээлгэж өгсөн нь хариуцагчийн эзэмшил ашиглалтыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнээс хойш эзэмшил ашиглалттай холбоотой ямар нэгэн санал болон шаардлага гаргаж байгаагүй. Гэтэл тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон хугацааны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.Нэхэмжлэгч Ж******* ХХК 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч З.Мтай 133/1 тоот захиалга хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах, 1 дүгээр байр, ******* тоот гэйст хаусыг барьж ашиглалтад оруулах, захиалагч З.М 1,700,000,000 төгрөгнөөс 75,000,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 75,000,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бартераар, 1,000,000,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор банкны зээлээр төлөхөөр тохирсон.
6.Гэтэл нэхэмжлэгч нь З.Мыг 1,700,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, 2017 онд төлбөрийн тал хувийг бартер болон бэлэн мөнгөөр төлж, үлдэх хэсгийг төлөөгүй гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт тооцож, 1,*******0,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч З.М 850,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлөхөөр хоёр тал тохирч эвлэрлийн гэрээ байгуулснаар шүүх зохигчийн эвлэрлийг баталж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамж гарчээ.
7.Нэхэмжлэгч Ж******* ХХК Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн хувийг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй боловч хариуцагч дээрх захирамж гарсан талаар маргаагүй, нэхэмжлэгч Ж******* ХХК, хариуцагч З.Мыг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж албадан гүйцэтгэх, захирамж, гүйцэтгэх хуудасны хамт бичүүлэх хүсэлт гаргасан байна.
8.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/07405 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн Үндэслэх хэсэгт... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00535 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 450,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 850,000,000 төгрөгийг хариуцагч З.М 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлөхөөр тохирч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Хариуцагч З.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэж, албадан гүйцэтгэх, захирамж, мөн өдрийн 181/ГХ2018/00604 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичжээ.
9.Дээрх шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 23-6/503 дугаар тогтоол гарсан, өөрөөр хэлбэл талууд 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр хариуцагчийн төлөх төлбөрт тааруулж, арматур нийлүүлж, нэхэмжлэгч тал үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг шилжүүлэхээр тохирч, улмаар 2023 оны 8 дугаар сарын *******-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх З.Мад шилжсэн нь мөн өдрийн 00*******2*******47 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
10.Нэхэмжлэгч эвлэрлийн гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 850,000,000 төгрөгөө төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байсан бол манай компани уг хөрөнгийг эргэлтэд оруулж, хангалттай хэмжээний бизнесийн ашиг олох боломжтой байсан, тухайн бизнесийн орлогыг цэвэр тодорхойлох боломжгүй учраас хамгийн багадаа буюу арилжааны банкны хадгаламжийн дундаж хүү буюу Монгол банк ХК-ийн хадгаламжийн дундаж хүүгийн лавлагааг үндэслэж, 685,638,893 төгрөгийг шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн.
*******.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж тус тус заасан байна.
12.Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
13.Шалтгаан холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч З.Мын шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй буруутай үйлдэл болон нэхэмжлэгч Ж******* ХХК-д учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзнэ.
14.Тодруулбал З.М, Ж******* ХХК-тай байгуулсан захиалга хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 20, 2014 оны 4 дүгээр сарын 25, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор хувааж төлөхөөр тохирсон боловч энэ үүргээ биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдлийг алдангийн хамт тооцож, 1,*******0,000,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч З.М 850,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлөхөөр тохирсон боловч сайн дураар биелүүлээгүй, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн үүрэгт арматур шилжүүлсэн, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн дараа шийдвэрийг биелүүлсэн нь зохигчийн тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдож байна.
15.Иймд хариуцагчийн өөрийнх нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 850,000,000 төгрөгийг төлнө гэсэн хугацаанд төлбөрийг төлж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг бичүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, 2018 оны 6 дугаар сарын 07-ноос шийдвэрийг биелүүлсэн өдрийг хүртэлх хугацааны хохирол буюу олох ёстой байсан орлогыг Монгол банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцож шаардсан нь буруу биш.
16.Гэхдээ нэхэмжлэгч олох ёстой байсан орлогыг хариуцагчийн төлбөл зохих 850,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар суутгагдсан хүүгийн орлого болох 685,638,893 /761,820,990-76,182,100=685,638,893/ төгрөг гэж тодорхойлсон байх ба шүүх бүрэлдэхүүн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг албадан биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг шаардах эрхтэй гэж үзлээ.
17.Иймд Монгол Улсын арилжааны банкуудын 2018-2023 оны дундаж хүүгийн статастик мэдээлэлд үндэслэн Монгол банкны дундаж хүүгийн тооцооллыг гаргасан баримтаар нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдох татвар суутгагдсан хүү 5,758,140 /179,639,820/*******5*13хоног/=6,397,928, /6,397,928-639,790=5,758,140/ төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар суутгагдсан хүү 22,314,190 /24,793,550-2,479,*******0=22,314,190)/ төгрөг, нийт 28,072,3******* /5,758,140+22,314,190=28,072,3******* төгрөгийг шаардах эрхгүй, харин 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдох 657,566,563 /685,638,893-28,072,3*******=657,566,563 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж хариуцагч З.Маас гэм хорын хохиролд 657,566,563 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 28,072,3******* төгрөг илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
18.Нэхэмжлэгч Ж******* ХХК, хариуцагч З.Мыг орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, өмчлөгчийн байрыг чөлөөлөх тухай шаардлагыг хүлээн аваагүй, тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олсон, өөрөөр хэлбэл 2014 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл ашиглаагүй алдагдсан боломж буюу түрээсийн цэвэр орлогын үнэ цэнийг 1,516,896,495 төгрөг гэж мэргэжлийн байгууллагын үнэлсэн үнэлгээгээр тооцож нэхэмжилжээ.
19.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.
20.Талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсанаар захиалагч З.М төлбөрийг гэрээнд зааснаар хувааж төлөх, гүйцэтгэгч буюу Ж******* ХХК 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг захиалагчид шилжүүлж, захиалагч дотор заслыг өөрсдөө хийж дуусгахаар тохирч, түлхүүрийг гардуулан өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба өөрөөр хэлбэл талууд тохирсноор /70 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх эд хөрөнгийг З.М 2014 оноос хойш эзэмшиж ашиглаж ирсэн байна.
21.Иймд хариуцагчийг тус байрыг хууль бусаар эзэмшилдээ байлган ашигласан, бусдад түрээслэн ашиг олж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн 2014 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл ашиглаагүй алдагдсан боломж буюу түрээсийн цэвэр орлогын үнэ цэнийг 1,516,896,495 төгрөг гэж мэргэжлийн байгууллагын үнэлсэн үнэлгээгээр тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн 1,516,896,495 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
22.Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүрэлцэн ирээгүй ба зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.
23.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Маас 657,566,563 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,544,968,825 төгрөг илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,425,339 төгрөгнөөс 17,979,556 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч З.Маас 3,445,783 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Г.ТӨРБОЛД