| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00490/И |
| Дугаар | 318/ШШ2025/00457 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Өндөрхангай сум, 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар, ургийн овогт П.П,
Т.Б хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар оролцов.
Нэхэмжлэгч П.П, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1975 онд төрсөн ба 1998 оноос аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төмөр овогтой Батнасантай гэр бүл болж, 2001 онд охин Б.Н , 2003 онд хүү Б.Б 2012 онд охин Б.С нарыг төрүүлсэн. Т.Б 25 жил хамт амьдрах хугацаандаа сумандаа мал маллаж амьдарч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд гэрлэлтээ батлуулаагүй учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Т.Б 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Бид 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болно гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.П 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, дундаасаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо Увс аймгийн Өндөрхангай суманд эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдарч байна. Бид гэр бүл болсны дараа гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. П.П бид хоёр 25 жил хамт амьдарч байгаа тул бидний хамтын амьдралын тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс өөрийн болон Т.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 28/436 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тодорхойлолт, Б.Б Б.С нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Н ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Т.Б , П.П нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2 ширхэг фото зураг, гэрч Ж.О , Ч.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.О ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Пын Т.Б 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч П.Пын Т.Б хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 28/436 дугаар тодорхойлолтод: Иргэн Т.Б , П.П нарын гэрлэсний бүртгэлийг Увс аймгийн Өндөрхангай сумын 1999-2002 оны гэрлэсний бүртгэлээс шүүхэд олдоогүй болно гэжээ.
2.2. Б.Б Б.С нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Н ийн төрсний бүртгэлийн лавлагаанд: Эцэг Төмөрийн Батнасан, эх Подогын Пүрэвжаргал гэж бичигджээ.
2.3. Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тодорхойлолтод: П.П / / нь ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт тус багт оршин суудаг. 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Т.Б гэр болсон боловч гэрлэлтээ батлуулаагүй нь үнэн болно гэжээ.
2.4. П.П, Т.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн 0007 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов гэжээ.
2.5. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Т.Б болон хүүхдийн хамт авахуулж байсан гэх 2 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
2.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.О , Ч.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Ч.Оыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Ж.О Миний хувьд П.Птай нэг айлын бэрүүд учир тэдний хамтын амьдарлын талаар сайн мэднэ. П.П, Н.Б нар 1999 онд танилцаад 2000 онд хуримаа хийж байсан бөгөөд миний бие гэр бүлээрээ хуриманд нь очиж байсан учир сайн санаж байна. П.П, Н.Б хоёрын хамтын амьдралын хугацаанд 2001 онд охин Б.Н , 2003 онд хүү Б.Б 2012 онд охин Б.С нар төрсөн. Тэд одоо Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багт 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг бөгөөд 2019 онд сумын мянгат малчин, 2023 онд аймгийн аварга малчин гэр бүл болж байсан. П.П, Н.Б нар хуримаа хийсний дараа Н.Б ах Т.Б тэдний гэрлэлтийг бүртгүүлэхээр сумын төв орсон боловч зүрхний шигдээсээр нас барсан учир гэрлэлтээ бүртгүүлээгүй орхисон гэж байсан гэж мэдүүлсэн байна.
3. П.П, Т.Б нар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 28/436 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. Улмаар П.П, Т.Б нар 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь тэдний гэрлэлтийн гэричлгээний хуулбараар тогтоогдож байна.
П.П, Т.Б нар 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Н , 2003 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Б 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр охин Б.С нар төрсөн болох нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, Б.Б Б.С нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Н ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тодорхойлолт, гэрч Ж.О ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар П.П, Т.Б нарыг 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч регистрийн дугаар , М ургийн овогт П.П, регистрийн дугаар , Б ургийн овогт Т.Б нарыг 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ