Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

 

 

 

 

   2024         06           12                                         2024/ДШМ/31

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2339003810427 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын “Онон” 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Асгатын даваа" гэх газар 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж, мөн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" цайны газрын дотор болон гадна хэсэгт мөн өдрийн 20 цагийн орчим хохирогчийн нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохиж, 1 удаа мөргөж, толгойн ар хэсэгт 1 удаа гараараа цохиж, нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож, *******ын эрүүл мэндэд "дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******гийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

- шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

- шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Хохирогч ******* нь бусдад зодуулж биедээ гэмтэл авсан гэх үндэслэлээр эмнэлгийн байгууллагад үзүүлж тухайн үед үүссэн гэмтэлдээ эмчийн магадалгаа, тодорхойлолт хийлгүүлсэн байдаг ба Өмнөдэлгэр сумын хүн эмнэлгийн эмчийн тодорхойлолтод “зүүн нүдний гадна 0.5 см дугуй хөхрөлт, толгой болон чамархай хэсэгт дарахад эмзэглэлтэй, уруулын дотор талд язарсан шарх" гэсэн байна. Харин шүүх эмч өөрийн үзлэгээр "уруулын хэсэгт шархтай, өөр гэмтэл шарх тогтоогдсонгүй" гэх тодорхойлолтыг хийжээ.

Өмнөдэлгэр сумын хүн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, шүүх эмчийн өөрийнх нь үзлэгийн тодорхойлолтоор “зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт" гэмтэл тогтоогдоогүй байхад шүүх эмч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 403 тоот дүгнэлтэд "зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан" гэж бичсэн байна. Шүүх эмч *******ын тус дүгнэлтдээ бичсэн “зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэх гэмтэл нь зүүн нүдний хаана учирсан гэмтэл болох, тус гэмтлийн хэмжээ байхгүй, анх үзсэн эмчийн тодорхойлолт болон өөрийнх нь үзлэгээр цус хуралт няцралт гэмтэл тогтоогдоогүй байхад тодорхой бус дүгнэлтийг гаргасан байна.

Тус дүгнэлттэй нь холбогдуулж шүүх эмч *******аас мэдүүлэг авахад "зүүн нүдний гадна үүссэн 0.5 см хөхрөлт нь мэргэжлийн хэллэгээр цус хуралт гэнэ, тэгэхээр *******ын зүүн нүдний гадна буланд үүссэн хөхрөлтийг зовхинд үүссэн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл мөн, хэмжээ нь 0.5 см" гэжээ. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 985 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр ”цус хуралтын хэмжээг фото зураг дээрээс тогтоох боломжгүй" гэсэн байна.

Ингээд 2 шинжээчийн дүгнэлт 2 янзаар гарчихсан, эхний дүгнэлт нь эмчийн тодорхойлолтоор зүүн нүдний гадна учирсан 0.5 см хэмжээтэй дугуй хөхрөлтийг цус хуралт, няцралт гэмтэл гэж, бүрэлдэхүүнтэй гарсан шинжээчийн дүгнэлт нь зурган дээрээс цус хуралт няцралт гэмтэл тогтоогдож байгаа боловч зурган дээрээс цус хуралт, няцралт гэмтлийн хэмжээг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Шүүх шинжилгээний байгууллагын 2 дүгнэлтээр тогтоогдсон цус хуралт, няцралт гэмтэл нь хохирогч *******ын зүүн нүдний дээд зовхинд үүссэн юм уу, эсхүл доод зовхинд үүссэн юм уу, өөр хэлбэл гэмтэл учирсан газрыг тодорхой дүгнэлтэд дурдаагүй байна.

Хохирогч *******ын мэдүүлгээс харахад миний нүдэнд гэмтэл учруулсан гэж мэдүүлэг өгөөгүй байдаг. Цохиулснаас болж толгой ар, орой, зүүн шанаа, хавдаж, өвдөлт өгсөн, уруул руу өшиглөж, уруул язарч цус гарсан байсан. Мөн миний дух хавдсан байсан гэж гэмтлийн талаар мэдүүлдэг. Зүүн нүдний зовхины дээд тал, гадна талд гэмтэл учирсан талаар мэдүүлэг өгөөгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор эргэлзээгүйгээр тогтооно" гэж заасан байна.

Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх тус дүгнэлтүүдийг нотолгооны ач холбогдолтой баримтаар тооцож *******д эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, 0.5 см хэмжээтэй хөхрөлтийг цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэсэн нь ойлгомжгүй, зовхины дээд, доод аль хэсэгт гэмтэл учирсан болох нь тодорхойгүй байна. Эдгээрийг шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэр гарахаас өмнө хуульд заасны дагуу бүхий л шаардлагатай ажиллагааг хангалттай хийлгэсэн байдаг. Уг шүүхийн шийдвэрээс харахад нотлох баримтууд шинжлэн судлагдсан, гэрчүүдийн тайлбар мэдүүлэг авагдсан байна.

Шүүхийн шийдвэрийн (хх-н 7) "...дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно...", мөн хэсэгт "...Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна...", "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ..." гэж шүүх дүгнэсэн байна. (хх-н 8)

Миний бие анх гаргасан гомдолтойгоо холбогдуулан өөрт тохиолдох тодорхой эрсдэл, шалтгааныг тооцож нэмж гомдол яриагүй, шаардлагатай ажиллагааг хийлгээгүй ба энэ хэргийг мөрдөн байцаагч, прокурор нь хуулийн дагуу шалгаж ажилласан байна гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эмчийн тодорхойлолтыг үндэслэж гаргасан. Тухайн эмчийн тодорхойлолтод “уруул зулгарч, нүд 0.5 см-ийн хөхрөлттэй” гэж дурдсан байдаг. Шинжээч эмч “цус хуралт, хөхрөлт, зөөлөн эдийн няцралт” гэж дэлгэрүүлж шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Цус хуралт, зөөлөн эдийн няцралт бий болсноос хөхрөлт үүссэн гэж дүгнэсэн.  

Шүүх шинжилгээний ерөнхий газраар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахад “...403 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй, уруулын шарх гэмтэл, зүүн нүдний зовхи хэсэгт гэмтэл учирсан нь тогтоогдсон байна. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарсан.

Зовхины гэмтлийг зүүн талын нүдний гадна гэж тодорхой дурдсан. ******* шинжээч зөөлөн эдийн няцрал, цус хуралтын талаар тодорхой мэдүүлэг өгсөн.  №403, 985 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эмчийн тодорхойлолт, шинжээч эмч *******ын мэдүүлгээс дүгнэхэд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, ойлгомжгүй зүйл байхгүй байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нотолбол зохих байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч бид хоёр маргалдсан нь үнэн. Би *******ыг санаатайгаар цохиж зодоогүй. Намайг боосон учраас гарыг нь тавиулахын тулд цохисон. Баян-Адарга суманд өшиглөж, цохисон асуудал байхгүй. ******* мэдүүлэгтээ цайны газарт орж ирээд цохисон гэж мэдүүлдэг. Би *******ыг цохиогүй. Тэнд байсан бүх хүн харж байсан. Хэрэв би хохирогчийн нүүр рүү нь өшиглөсөн бол түүнээс илүү гэмтэл гарах байсан. Би хүнтэй муудалцаж, зодолдож байгаагүй. Өмнөдэлгэр сумын эмчийн бичигт гэмтлийг 0.5 см гэж дурдсан байсан.  Хөхрөлт няцралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Гомдолтой байна” гэв.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын Онон 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Асгатын даваа" гэх газар 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж, мөн Баян-Адарга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" цайны газрын дотор болон гадна хэсэгт мөн өдрийн 20 цагийн орчим хохирогчийн нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохиж, 1 удаа мөргөж, толгойн ар хэсэгт 1 удаа гараараа цохиж, нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөх зэргээр зодож, *******ын эрүүл мэндэд "дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч *******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6-7 хуудас),

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 11 хуудас),

- Хохирогч *******ын: “...******* “зогс” гээд араас сигналдаад гараараа дохиж зангаад байсан болохоор зогссон. ...зогсоод очсон чинь ******* *******гийн гарыг нь арагш чангааж бариад, автомашинаас буулгахгүй хориод байх шиг харагдсан. Тэгэхээр нь нөхцөл байдал биш байна, юмаар эсхүл гараараа цохих гэж байна гэж бодоод өөрийгөө цохиулахаас урьдчилан сэргийлээд *******г машинаас нь татахад өөрөө унаад дор орсон.  Би газарт унагаагүй. Ой ангийн жолооч ******* () миний биеийг хоёр гараараа тэврээд авсан. Энэ хооронд ******* миний толгой руу олон удаа цохисон. машинаасаа бууж ирээд *******г аваад машинд нь суулгасан. Миний бие тухайн үед *******д цохиулснаас болоод толгойн орой хэсэг, зүүн шанаанд том хавдалт үүсч, өвдөлт өгсөн...”

“...ойролцоогоор 19-20 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга суманд "*******" гэх хоолны газарт ...******* орж ирээд миний дэргэд зогсоод албан хаагчдын дэргэд зохисгүй авир гаргаж чанга чанга ярьж байснаа гэнэт миний толгойн буюу нүүрэн тус хэсэгт маш хүчтэй (баруун гараараа) 1 удаа цохисон. Тухайн үед миний дээд уруулын дотор тал яз цохигдож цус гарсан. ...намайг цайны газраас гадагш гарахад надтай зууралдаад салахгүй байснаа ******* "миний нүдний шилийг аваарай" гэж хэлж байгаад дахин толгойгоороо 1 удаа мөргөсөн, тухайн үед хамт явж байсан хүмүүс салгахаар нь миний бие машин руугаа суух гэж байхад араас дахин гүйж ирээд залгуулаад миний толгойны ард талд маш хүчтэй 1 удаа цохисон, толгой манараад газарт унахад миний нүүрэн хэсэгт хөлөөрөө хүчтэй 1 удаа өшиглөсөн. ...миний бие гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 30-32,  39-42 хуудас),

- *******гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ойролцоогоор 16 цагийн орчимд Дадал сумаас Баян-Адарга сум руу явах замд хамт явж байсан 4 машинаа зогсоосон. Хамгийн түрүүнд явж байсан засаг даргын орлогчийн автомашиныг зогсооход авто машинаас орлогч Шижирбаатар бууж ирээд намайг авто машинаас шууд татаж, чирч буулгаад, хоолой боогоод доороо хийсэн. Би тухайн үед балмагдаад нүүрэн тус газарт нь 2 удаа баруун гараараа цохисон. ...Баян-Адарга суманд хоолны газарт ороод ...орлогч Шижирбаатартай уулзаад “түрүүний гаргасан үйлдэлдээ хамт олны өмнө уучлалт гуй” гэж хэлэхэд Шижирбаатар надад хандан “...яагаад давраад байгаа юм, би чамаас уучлалт гуйсан биз дээ” гэж хэлээд дахин намайг боосон. Ингээд гарч бид хоёр маргалдаж, ноцолдон Шижирбаатар миний хоолойг боогоод тавихгүй болохоор нь 1 удаа толгойн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 хуудас),

- Гэрч ийн: “...цайны газраас гаргахад ******* нь Шижирбаатарыг газар унагаад цохиод байх шиг байсан. .... салгасан. ...тэр хоёр хоёр биеэ заамдаад салахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 хуудас),

- Гэрч ын: “...удалгүй урд явж байсан автомашиныг зогсоож дотроос нь орлогч Шижирбаатар бууж ирээд *******д хандан “чи ер нь яах гээд байна аа” гэх утгатай үг хэлсэн. Ингээд ******* автомашинаас буухад тэр хоёр барьцалдаад авсан. ...салгах гээд очих үед ******* Шижирбаатарыг цохиод байгаа харагдсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26-27 хуудас),

- Гэрч ын: “...би 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баян-Адарга сумын төвд байрлах “*******” цайны газарт тогоочоор ажиллаж байсан. ...20-21 цагийн орчим байх манай цайны газар арав гаруй хүмүүс орж ирээд хоол захиалах гээд зогсож байснаа хоёр эрэгтэй хүн гэнэт барилцаад авсан. ...арай өндөр дүү чацтай нь намхан залуугаа цохиод байсан. ...толгойн шанаа хэсэгт нь 1-2 удаа л цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 хуудас),

- Гэрч ийн: “...Шижирбаатар, ******* хоёр машины хажууд зууралдаад газар унаж байгаа харагдахаар нь гүйж очоод салгасан. Мөнхбаатар Шижирбаатар ахыг цааш нь салгаад холдуулж байх шиг байсан. ...Баян-Адарга сумын баруун захад байх хоолны газар дээр ирж зогсоод ихэнх нь хоолоо захиалаад хүлээгээд байж байтал ...гэнэт л нөгөө хоёр барьцалдаад авсан. ...манай хэдийн зарим нь тэр хоёрыг барьцалдсан чигээр нь аваад гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 хуудас),

- Гэрч гийн: “....машинууд зогсоод байж байхад Шижирбаатар машинаасаа бууж ирээд *******гийн хаалгыг нээснээ "чи одоо яагаад байна аа" гээд *******г шууд заамдаж аваад тэр хоёр машины гадаа дээр доороо ороод зууралдаад байсан. Тэгэхэд манай машиныг барьж явсан , ******* нар тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 хуудас),

- Гэрч ийн: ...машинууд зам дагуу зогсоход Шижирбаатар машинаасаа аягүй ууртай байрын бууж ирснээ *******гийн хаалгыг онгойлгосноо *******г хувцаснаас заамдаад хоолойг нь боогоод машинаас татаж буулгаад газар унагаачихсан.  Шижирбаатар өөрөө *******гийн дээр нь хоолойг нь боогоод байсан. Тэгэхэд тэнд байсан манайхан тэр хоёрыг хоёр тийш нь салгаж холдуулсан. ...Баян-Адарга сумын баруун захад байдаг нэг цайны газар дээр ирж зогсоод цайны газар руу орцгоосон. ...бид хэд хоол захиалаад цайны газрын ширээн дээр сууж байхад гаднаас ******* орж ирээд " ах аа та хамт олныхоо өмнө уучлал гуйна гээ биз” гэж хэлэхэд Шижирбаатар “чи муу юу гээд байна” гээд босож ирээд тэр хоёр зууралдаад авсан. Тэгэхэд тэнд байсан манайхан тэр хоёрыг салгах гээд гарцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 хуудас),

- Гэрч ийн: "2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* гэдэг хүн үзүүлсэн, Тухайн үед ******* гэдэг хүн нь амбулаториор хүнд зодуулсан гэж ирсэн. Тэгээд *******ыг хүлээн авч үзэхэд зовуурь нь толгой өвдөнө, дүйрнэ гэсэн зовуурьтай байсан. Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан ба биеийн хэсгийн үзлэгт зүүн нүдний гадна гадна 0.5 см хөхрөлт үүссэн, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэгт, духны зүүн хэсэгт хавантай, дархад эмзэглэлтэй, дээд уруулын дотор талд язарсан шархтай байсан. Тэгээд тухайн хүнд эмийн эмчилгээ бичиж өгөөд хэрвээ цаашлаад зовуурь нь намдахгүй бол нарийн шинжилгээ өгөөрэй гэж зөвлөсөн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 хуудас),

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн 403 дугаартай:

1.2. *******ын биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 хуудас),

- Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 985 дугаартай:

1. 2023.08.21-ний өдрийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *******ын №403 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Фото зургаас харахад *******ын зүүн зовхинд цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх байна.

4. Зүүн зовхины цус хуралтын хэмжээг фото зураг дээрээс тогтоох боломжгүй.

5. Уг гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 хуудас),

- Шинжээч эмч *******ын: ...*******ыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Өмнөдэлгэр суманд өөрийн биеэр Цагдаагийн байранд дуудаж гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн... Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын дотор салстад 2 см орчим зах ирмэг тэгш бус цайвар өнгийн өнгөр тогтож захаасаа эдгэрч буй шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Мөн тус дүгнэлтийг гаргахдаа өөрийн үзлэг болон Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн эмч ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эмчийн тодорхойлолтыг үндэслэж дүгнэлт гаргасан, тус тодорхойлолтод толгой өвдөнө, дүйнгэтнэ, биеийн байдал дунд, ухаантай, үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй.

Хэсгийн үзлэгт: Зүүн нүдний гадна өнцөгт 0.5 см хөхрөлт үүссэн, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай, дарахад эмзэглэлтэй, дээд уруулын дотор талд язарсан шархтай гэсэн тодорхойлолтыг үндэслэж гаргасан ба тус тодорхойлолтод зүүн нүдний гадна өнцөгт 0.5 см хөхрөлт үүссэн гэх гэмтлийг дүгнэлтэд тусгахдаа мэргэжлийн эмнэлгийн хэллэгээр зүүн нүдэнд цус хуралт, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай, дарахад эмзэглэлтэй гэдэг нь мөн мэргэжлийн эмнэлгийн хэллэгээр зөөлөн эдийн няцрал гэж дүгнэлтэд тусгасан.

...Эмчийн тодорхойлолтод зүүн нүдний гадна өнцөгт 0.5 см хөхрөлт үүссэн гэж бичигдсэн ба энгийн хүмүүст амархан ойлгогдох үүднээс хөхрөлт гэж хэлэгддэг, мэргэжлийн эмнэлгийн хэллэгээр бол цус хуралт гэнэ. Тэгэхээр *******ын зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэж тусгагдсан байгаа.

Дээд уруулын дотор салстад шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний цус хуралт, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай гэх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...дээд уруулын дотор салстад шарх гэмтэл, зүүн нүдний цус хуралт, толгой орой, чамархай, зүүн чихний ар хэсэг духны зүүн хэсэгт хавантай гэх гэмтлүүд нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж дүгнэн, шүүгдэгч *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдол  үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно” гэж, 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ”, 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь *******тай маргалдаж, түүнийг зодсон хэргийн үйл баримт 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр болсон ба хохирогч ******* 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11.10 цагт Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн эмч т үзүүлснээр эмч тодорхойлолт бичсэн (хавтаст хэргийн 87 хуудас) байна.

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн 403 дугаартай: “*******ын биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (хх-н 79-80), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй  2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 985 дугаартай: “2023.08.21-ний өдрийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *******ын №403 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, Фото зургаас харахад *******ын зүүн зовхинд цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх байна, Зүүн зовхины цус хуралтын хэмжээг фото зураг дээрээс тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно” гэх шинжээчийн дүгнэлт (хх-н 92-94) тус тус гарсан байна.

 

Мөн 2023 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч *******аас  мэдүүлэг авсан байх ба  шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үндэслэлийг тодорхой тайлбарлаж мэдүүлэг өгсөн байна. (хх-н100-101)

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүхийн шинжилгээний  байгууллагын гаргасан  № 403,  985 дугаартай  дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэмтлийн хөнгөн зэрэг нь Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан шалгуур шинжээр хүндэвтэр, хүнд гэмтлээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн *******гийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Г.БОЛОРМАА