| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
| Хэргийн индекс | 2239000000320 |
| Дугаар | 2024/ДШМ/32 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/32
2024 06 12 2024/ДШМ/32
Г.Эрдэнэсүх, Г.Энхбат нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч С.Эрдэнэсүх, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал (цахимаар) оролцуулж,
Шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нарт холбогдох эрүүгийн 2239000000320 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нар нь бүлэглэн нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг "Бошго толгойн энгэр" гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр машин механизм буюу 70-37 ХЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Н.Энхтөрийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882,000 (найман зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин овгийн Гантөмөрийн Энхбатыг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
- шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Эрдэнэсүхийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Эрдэнэсүхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Эрдэнэсүхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 70-37 ХЭА дугаартай “Hyundai Porter” маркийн авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж,
- шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Эрдэнэсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нар бүлэглэж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг "Бошго толгойн энгэр" гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр машин механизм буюу 70-37 ХЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, Н.Энхтөрийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Н.Энхтөр, гэрч П.Эрдэнэ-Очир, Н.Оюунчимэг, Б.Батхүү, Б.Төгсбаяр, Н.Энхбаатар, Б.Шинэболд, Г.Болортуяа, Э.Хэрлэнбаатар нарын мэдүүлгүүд, шинжээч Э.Одхүүгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 286 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогддог.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Энхбат нь "хулгай хийж байна гэж мэдээгүй, ахынхаа хашааг авч байна гэхээр нь итгэсэн" гэж мэдүүлснийг шүүх үнэн зөв, шүүгдэгч нь энэ хэрэгт гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Төмөр хашааг авахдаа гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй гэж шүүгдэгч нар дангаар мэдүүлдэг, шүүгдэгч нарын мэдүүлэг нь дангаар нотлох баримтын шаардлага хангахгүй юм.
Шүүгдэгч С.Эрдэнэсүх нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт "хүнээс мод худалдаж авахаар тохироод Баян-Адарга сум руу явж байтал, нөгөө хүний утас холбогдохгүй болсон тул буцахдаа ахынхаа хашааг авсан, хүний хашаа авсан талаараа Г.Энхбатад хэлээгүй" гэдэг боловч ямар хүнээс, ямар төрлийн мод авах гэж байсан, ямар дугаар руу залгасан талаараа тодорхой хэлж мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Мөн шүүгдэгч С.Эрдэнэсүх нь тухайн хашааг унага тамгалахаар авсан гэдэг боловч гэрчүүдийн мэдүүлгээр зун 8 дугаар сард унага тамгалдаггүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд унага тамгалаагүй нөхцөл байдал тогтоогдсон.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ" мөн зүйлийн 3 дахь хэсэгт "гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно" гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж тус тус хуульчилсан ба дээрх үйлдэлд яллагдагч Г.Энхбатыг хамтран оролцоогүй, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Эрдэнэсүх нь хэн гэдэг хүнээс ямар хэмжээний мод хэзээ авах гэж байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж шалгуулах, энэ талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Мөн ах гэдэг боловч төрсөн ах нь юм уу, тухайн нутагт ахынх нь өвөлжөө байдаг эсэх, ахаас нь мэдүүлэг авах ажиллагаа хийлгүүлэх талаар мэдэгдээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хулгайн хэргийг бүлэглэж үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон” гэв.
Шүүгдэгчийн С.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Шүүх Энхбатыг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Энхбатыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримт болно. Энхбат нь тухайн үед малын хашаа хулгайлж байгааг мэдээгүй. Хашааг зарах, худалдан борлуулах, ашиг олох шунахайн сэдэл байгаагүй нь тогтоогдож байна. Эрдэнэсүхэд тухайн хашааг хулгайлах санаа сэдэл байсан. Би ахынхаа хашааг авах гэж байгаа гэж Энхбатад хэлсэн гэж мэдүүлдэг.
Шүүгдэгч Эрдэнэсүх Энхбатыг төөрөгдүүлж малын хашааг авч явсан үйл баримт болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрдэнэсүхийн ах байдаг эсэх, тухайн газар өвөлждөг эсэхийг тогтоох шаардлагагүй. Хулгайлах гэмт хэргийн зорилго нь хууль бус далд аргаар, шунахайн сэдлээр авч байгаа үйлдлээр гэмт хэрэг төгссөнд тооцдог. Хашааг хамт ачилцсан, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж таамаглаж хуулийг буруу хэрэглэж болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Эрдэнэсүхийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэсүх нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан. Шүүгдэгч Энхбат энэ талаар мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Энхбат нь Эрдэнэсүхтэй бүлэглэн бусдын эд хөрөнгө санаатайгаар авч хулгайлсан гэмт хэрэг тогтоогддоггүй. Шүүгдэгч Эрдэнэсүх гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Хохирогчид хашааг нь буцааж барьж өгсөн. Мөн 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Энхбатын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Энхбат нь Эрдэнэсүхийг хулгайн гэмт хэрэг үйлдэхийг мэдэж, тухайн хэрэгт хамтран оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энхбатын хувьд хулгай хийж байгаа талаар мэдээгүй. Хулгай хийхийг дэмжсэн үйлдэл байхгүй. Эрдэнэсүх “манай ахын хаашаа байгаа юм, унагаа тамгалчхаад буцааж өгнө” гэж хэлсэн байдаг. Эрдэнэсүх энэ талаараа шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлгийг няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Эрдэнэсүх, Энхбат нар хамтран гэмт хэрэг үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хашааг авсан газар Эрдэнэсүхийн ахынх байсан эсэх, тэнд нутагладаг эсэхийг шалгах шаардлагагүй. Хулгай хийх зорилгоор цуг явсан хүндээ төөрөгдөл үүсгэж худлаа ярьсан асуудал байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Эрдэнэсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Эрдэнэсүх нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг "Бошго толгойн энгэр" гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр машин механизм буюу 70-37 ХЭА улсын дугаартай ”Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Н.Энхтөрийн эзэмшлийн хаваржааны хашаанаас 4 метрийн урттай 7 ширхэг малын төмөр хашааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлж түүнд 882,000 (найман зуун наян хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хавтаст хэргийн 1 хуудас),
- Хохирогч Н.Энхтөрийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1хавтаст хэргийн 2 хуудас),
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1хавтаст хэргийн 4-8 хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШД-286 дугаартай: “…93,6 метр 40 трубагаар хийсэн 7 ширхэг (байр) хашааний зах зээлийн үнэлгээ нийт 882,000 төгрөг байх боломжтой…” гэх шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 47-49 хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД338 дугаартай: “…70-37 ХЭА улсын дугаартай ”Hyundai Porter-2” маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 9,240,772 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 57-59 хуудас),
- Хохирогч Н.Энхтөрийн “...Эрдэнэсүх, Энхбат гэх этгээдүүдээр хашаагаа буцааж хүргүүлж, суурилуулж авсан. Миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй...” гэх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 101 хуудас),
- 70-37 ХЭА улсын дугаартай ”Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Сүхбаатарын Эрдэнэсүх мөн болохыг тодорхойлсон Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ (1 хавтаст хэргийн 144-145 хуудас),
- Хохирогч Н.Энхтөрийн: “...2022 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө манай малчин Эрдэнэ-Очир над руу залгаад манай малын хашаа алга болсон байна гэж хэлсэн. Намайг очиход манай хашааны нүүр хэсэг байхгүй байсан...хашаагаа хайж яваад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Цамхаг” газарт байх Эрдэнэсүх гэх айлын гадаа миний алдсан төмөр хашаа гадаа нь байхаар нь асуутал манай эзэн Эрдэнэсүх авчирсан гэсэн. Би Хэнтий аймгийн төвд ирээд Эрдэнэсүхтэй уулзсан чинь “таны хашааг одоо очоод буцаагаад угсраад өгнө, та гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэж гуйсан. Эрдэнэсүх, Энхбатын хамт 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний хашааг буцаагаад барьж өгсөн, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 12-13, 70-71 хуудас),
- Гэрч П.Эрдэнэ-Очирын: “...Би Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Хутаг уулын ар” гэх газар Энхтөр гэх хүний мал маллан эхнэртэйгээ хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар сарын 08-нд хаваржаан дээр очиход төмөр хашааны бетоныг нь цохиж ховхлоод ачаад явсан байсан,Портерын мөр гарсан байсан. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөө Энхтөрд утсаар мэдэгдэж цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. 2022 оны 08 сарын 19-ний өдөр цэнхэр өнгийн ачааны машинтай 2 залуу ирээд хашааг нь буцааж барьж янзалчхаад явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 17-18 хуудас),
- Гэрч Н.Оюунчимэгийн: “Манай нөхөр Энхтөр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл өгчхөөд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надтай хамт хашааны эрэлд явсан. ...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Батноров сумын "Идэрмэг" багийн "Цамхаг" гэх газар нутаглах малчин айлын гадаа хулгайд алдсан төмөр хашаа хураалттай байхыг олсон. Эрдэнэсүх, Энхбатын хамт 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төмөр хашааг маань байсан газар нь барьж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 74-75 хуудас),
- Гэрч Э.Хэрлэнбаатарын: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэсүх ах өөрийнхөө цэнхэр өнгийн Портер-2 маркийн машинтайгаа ганцаараа малын төмөр хашаа ачаад ирсэн. Эрдэнэсүх ах машинаараа ачиж авчирсан төмөр хашаагаа шар өнгийн вагончикийнхоо хойд талд буулгаад хураачихсан байсан. ...8-9 хоногийн дараа манай гэрийн гадаа “17” маркийн машинтай танихгүй, ах эгч хоёр ирээд надтай уулзаад “..ах нь хэд хоногийн өмнө малын төмөр хашаа хулгайд алдсан юм, хулгайд алдсан хашаа маань танай гадаа хураалттай байна” гэж хэлсэн. Би хариуд нь “би мэдэхгүй манай хүргэн Эрдэнэсүх хэд хоногийн өмнө энэ төмөр хашааг авчирч буулгасан өөртэй нь ярь” гээд хүргэн Эрдэнэсүхийн утасны дугаарыг өгөөд Эрдэнэсүхтэй утсаар яриулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 163-165 хуудас),
- Г.Энхбатын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Бэрх тосгонд гэртээ байж байхад найз Эрдэнэсүх өөрийнхөө цэнхэр өнгийн “Портер” маркийн машинтайгаа ирээд намайг Баян-Адарга сум руу хамт модонд явж өгөөч гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Баян-Адарга сум руу замдаа явж байхад мод өгнө гэсэн хүнийх нь утас холбогдохоо болиод бид буцсан. Буцах замдаа Эрдэнэсүх манай ахын хашаа байгаа юм, ахад унага тамгалчхаад өгнө гээд хэлчихсэн” гээд айлын малын саравчнаас 7 ширхэг төмөр хашаа ачаад авч явсан...би хулгайн хашаа гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 78-79 хуудас),
- С.Эрдэнэсүхийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 70-37 ХЭА улсын дугаартай “Портер” маркийн машинтай Баян-Адарга сум руу модонд явсан. Замаар Бэрх тосгоноос найз Энхбатыг авч явсан. Тэгээд замд явж байхад мод өгөх байсан хүний маань утас нь холбогдохоо больсон. Тэгээд оройтоод буцахдаа Энхбатад “ахын хашаа байгаа юм” гэж хэлээд "Бошго толгой" гэх газраас айлын саравч дээрээс 7 ширхэг төмөр хашаа ачаад буцсан, гэртээ хариад төмөр хашааг гэрийнхээ гадаа буулгасан. ...Энхбат танихгүй хүний хашаа авч байгааг мэдээгүй. Би Энхбатад “манай ахын хашаа байгаа юм, ахад адуу тамгалчхаад буцааж өгнө гэж хэлчихсэн байгаа” гэж хэлээд хамт ачсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 82-84 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Г.Энхбатын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэсүхийг “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч С.Эрдэнэсүхийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Эрдэнэсүхийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Эрдэнэсүхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Эрдэнэсүхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 70-37 ХЭА дугаартай “Hyundai Porter” маркийн авто машиныг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Прокурорын бичсэн “шүүгдэгч Г.Энхбат нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон байхад түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийн тухайд: Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжаар С.Эрдэнэсүх, Г.Энхбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба мөрдөгч нэмэлт ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, прокурор 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурор нарт байна.
Шүүгдэгч С.Эрдэнэсүх, Г.Энхбат нар яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...буцах замдаа Эрдэнэсүх манай ахын хашаа байгаа юм, ахад унага тамгалчхаад өгнө гээд хэлчихсэн гэж Г.Энхбатад хэлсэн, хашааг хулгайлж байна гэдгийг Г.Энхбат мэдээгүй, ахынхаа хашааг авч байна гэж бодоод хашааг ачсан...” (1хх-н 78-79, 82-84) гэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Энхбат нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, Г.Энхбатын “С.Эрдэнэсүх гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй” гэсэн мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн баримт байхгүй тул шүүгдэгч Г.Энхбатын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Г.БОЛОРМАА