Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2016/0922/З |
Дугаар | 221/МА2017/0366 |
Огноо | 2017-05-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0366
2017 оны 05 сарын 24 өдөр Дугаар 221/МА2017/0366 Улаанбаатар хот
А Н М Х ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, нарийн бичгийн даргаар Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ц-ын давж заалдах гомдлоор, А Н М Х ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.5, 18 дугаар зүйлийн 18.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А Н М Х ТББ-ын нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргаснаар ...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны М Г У П ХХК-ийн газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2017 оны 03 дугаар сарын 10-ны гаргасан 173 тоот шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Анхан шатны шүүхийн, шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, заалтын талаар;
Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийг бүхэлд нь "...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь "...хуульд үндэслэсэн байна..." гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Анхан шатны шүүх шийдвэрээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.5, 18 дугаар зүйлийн 18.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааны "М Г У П" ХХК-ийн газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэр нь:
1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д "...Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана...", 8.4.6-д "...газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ...", 8.4.8-д "...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл..." байхаар хуульчилсан зохицуулалтыг;
2. Мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д "...Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна..." гэсэн хуулийн зохицуулалтыг баримтлаагүй хийгдсэн тайланг;
Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4.11. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог хангахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.5-т заасан журмыг баримтална. 4.12. Нарийвчилсан үнэлгээний тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд уг тайланг боловсруулсан аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд (ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн), төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагыг заавал оролцуулна. 4.13. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас 3-оос доошгүй хоногийн өмнө хэлэлцүүлэх тайлангийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна... гэсэн журмыг зөрчиж баталсан нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна.
Хоёр. Давж заалдах шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2017 оны 03 дугаар сарын 10-ны гаргасан 173 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч А Н М Х ТББ-ийн төлөөлөгчөөс ... ...М суманд төсөл хэрэгжсэнээр ... хөрсөөр дамжин хүрээгээ тэлж хөрс, хүн, мал, амьтан, ургамалд сөргөөр шууд нөлөөлөх, химийн бодис, урвалж агуулсан бохир ус хөрсөнд асгарснаас усан орчин бохирдох, мал амьтан хордож ард иргэдэд шууд сөргөөр нөлөөлөх ... тохиолдолд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ... асар ихээр зөрчигдөх юм ... Гэтэл үнэлгээг хийхдээ ... үнэлгээний тайлан ... менежментийн төлөвлөгөөг боловсруулж ... ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна ... хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тусад нь танилцуулж санал авна ... гэж заасан ... санал аваагүй ... уг үнэлгээний тайланг батлахдаа хууль болон журамд нийцсэн эсэхийг хяналгүйгээр баталсан ... гэсэн үндэслэлээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны М Г У П ХХК-ийн газрын тосны хайгуул, судалгааны төслийн Малчин суманд хийсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас ... Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тухайн төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд учруулж болзошгүй аливаа сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож ... байгаль орчинд учруулах нөлөөллөөс зайлсхийх арга замыг тодорхойлсон байдаг болно ... төсөл хэрэгжсэнээр нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан сөрөг нөлөөллүүд нь тухайн орчинд шууд нөлөөлж, байгаль орчинд хохирол учруулна гэж ойлгох боломжгүй юм, ... хүмүүсийн Үндсэн хуулинд заасан эрх зөрчигдсөн зүйл байхгүй ... М Г У П" ХХК-ийн хэрэгжүүлэх төсөл нь зөвхөн газрын тосны хайгуул, судалгааны төсөл юм. Ашиглалтын төсөл биш ... төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл тусгахаар заасан ... Тайлангийн нүүрэнд сумын болон багийн Засаг дарга нарын гарын үсэг зурагдаж, тамга дарагдсан. Мэргэжлийн зөвлөлийн хувьд олон нийтийн оролцооны журамд зааснаар олон нийтийн оролцоог хангасан гэж үзэж байна ... Дараа нь 13 сумд хайгуулын төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг менежментийн төлөвлөгөөний хамт оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино, 3.1.6-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг ойлгохоор зааснаас үзвэл байгаль орчны нөлөөллийн үнэлгээний гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтооход оршихоор байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай 162 дугаар тогтоолын дагуу талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны газар, М Г У П ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр талбайн газрын тосны хайгуул, Малчин суманд хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Магес консалтант ХХК боловсруулжээ.
Хэрэгт авагдсан талбайн газрын тосны хайгуул, Малчин суманд хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн Тавдугаар бүлэгт Төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл үнэлгээг, Зургадугаар бүлэгт Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах арилгах арга хэмжээ, Долоодугаар бүлэгт Төслийн экологи, эдийн засаг, эрсдлийн үнэлгээ, Наймдугаар бүлэгт Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр тус тус тусгагдсанаас үзвэл төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох байгаль орчны сөрөг нөлөөлийн үнэлгээний гол зорилго агуулга тодорхойлогдсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн Хэрэгт авагдсан М Г У П ХХК-ийг талбайд газрын тосны хайгуул, судалгааны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн хавсралт болох Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/251 дүгээр албан бичиг, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/275 дүгээр албан бичиг, Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Усны шинжилгээний лабораторийн Усны химийн шинжилгээний тодорхойлолтууд, тус хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн Хөрсний задлан шинжилгээний дүн зэрэг нотлох баримтуудаас үзвэл М Г У П ХХК-ийн талбайд газрын тосны хайгуул, судалгааны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/117 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал-ын 1 дэх хэсэгт заасан ... Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд физик газар зүйн нөхцөл, уур амьсгал, агаарын чанар, физик бохирдол, хог хаягдал, геологийн тогтоц ба геоморфологи, гадаргын ус, газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, тусгай хамгаалалттай газар нутаг, түүх, соёлын өв, нийгэм, эдийн засаг, төслийн байгаль орчны болзошгүй нөлөөллийн талаар тусгаж, тодорхой судалгааг хийсэн ... байх шаардлагууд хангагдсан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4-д заасан үнэлгээний ажлын зорилт, хамрах хүрээ, хугацаа тусгагдсан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдах асуудлууд бүрэн тусгагдах шаардлагыг хангасан талаар дүгнэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тус тайланг баталсан шийдвэрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр буруутгаж хүчингүй болгох үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг тусгана ... гэснийг зөрчсөн... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэсгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар аливаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь нэгд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын хууль бус, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа тогтоогдох, хоёрт тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавартай байх учиртай.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна, 18 дугаар зүйлийн 18.4-д Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна, 18.5-д ... Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална ... гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам-ын 2 дугаар зүйлийн 2.7-д ... үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна ..., 2.8-д ... хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулах санал авна ..., 3 дугаар зүйлийн 3.2.1-д хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхээр сонгогдсон ба нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд тухайн орон нутгийн иргэд, байгууллагаас санал авч, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах хэлэлцэх гэж заажээ.
Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч нь төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулах ажлыг зохион байгуулах, тухайн нутаг дэвсгэрийн баг хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авах, тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулж санал авахаар байна.
М Г У П ХХК нь талбайд газрын тосны хайгуул, судалгааны Малчин суманд хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад буюу Малчин сумын иргэдэд танилцуулсан болох нь М Г У П ХХК-ийн газрын тосны хайгуул, судалгааны төслийн Малчин суманд хийсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлангийн хавсралт болох Увс аймгийн нутагт хайгуулын судалгаа хийгдэж буй Увс-I газрын тосны хайгуулын талбайн Малчин сумын нутагт өрөмдлөг хийх хайгуулын ажлын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн орон нутгийн танилцуулга гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд уг тайланг танилцуулах, санал авах ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, 3-р багийн Засаг дарга, 2-р багийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч болон орон нутгийн оршин суугч иргэд саналаа өгч, хэлэлцүүлэгт оролцсон, түүнчлэн М Г У П ХХК-ийн талбайд газрын тосны хайгуул, судалгааны Малчин суманд хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд Увс аймгийн Засаг дарга Д.Ц, М сумын Засаг дарга Б.Б нарын гарын үсэг зурж, тамга дарсан зэрэг нөхцөл байдлаас үзвэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны М Г У П ХХК-ийн газрын тосны хайгуул, судалгааны төслийн Малчин суманд хийсэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг дээрх хууль, журамд заасан орон нутгийн иргэдэд тайланг танилцуулж, эрх бүхий байгууллагын саналыг огт авах шаардлагыг огт хангаагүй гэж шууд буруутгах боломжгүй байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-д Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина, 11 дүгээр зүйлийн 11.1-д Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадлагаа хийнэ, 11.2-д Хянан магадлагааны дүгнэлт гаргах хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч тогтоож, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр ажлын хэсэг томилон ажиллуулна, 11.3-т Хянан магадлагаа хийхэд шаардлагатай зардлыг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хариуцах бөгөөд хянан магадлагааны дүгнэлтийг үндэслэн буруутай этгээдээр уг зардлыг нөхөн төлүүлнэ, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-т байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ, 38.1.2-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах, 38.1.3-т энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, 38.1.4 энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх, 38.3-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулиас үзвэл байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавих, төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадлагаа хийхийг шаардах, хянан магадлагааны дүгнэлтийг үндэслэн буруутай этгээдээр учирсан зардлыг нөхөн төлүүлэх, түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн тухайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж мөрдөх, талбай байрших орон нутгийн Засаг даргаар батлуулах, байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээхээр хуулиар тогтоосон журмын дагуу байгаль орчныг хамгаалах хуулийн биелэлтэд хяналт тавих зөрчлийг арилгахыг шаардах, энэ талаар эрх бүхий байгууллагад санал уламжлах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зөвлөмж аргачлал боловсруулах үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болох нэхэмжлэгч А Н М Х Төрийн бус байгууллага нь өөрийн дүрэм, хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд М Г У П ХХК-ийн талбайд газрын тосны хайгуул, судалгааны Малчин суманд хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан хайгуулын талбайд ашиглах, олборлолт хийх тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбогдуулан хяналт тавих, тус төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянан магадлагаа явуулахыг шаардах, менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих эрх бүхий этгээдэд хандаж санал, хүсэлт гаргах зэрэг эрх нь нээлттэй.
Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана гэж хуульчилсны дагуу тус тайлан нь зөвхөн Малчин сумыг хамарсан байх бөгөөд цаашид хариуцагч, гуравдагч этгээд нь бусад 13 суманд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулж, батлах тохиолдолд холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн Нийтийн Хуралд танилцуулах, олон нийтийн саналыг авахаар тус тус заасан дээрх хууль, журмын зохицуулалтууд мөрдөгдөх учиртайг, түүнчлэн нэхэмжлэгч нь хууль, дүрэм, журмаар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа, тайлангийн гүйцэтгэлтэй холбогдуулан эрх бүхий байгууллагад шаардлага, хүсэлт, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус тэмдэглэв.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ