Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01442

 

Л.Эрдэнэжаргалын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/00646 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1754 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Л.Эрдэнэжаргал,

Хариуцагч :  Номтын Ам ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : Д.Сарангэрэл

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Эрдэнэжаргал миний бие 2013.6.23-ны өдөр Номтын ам ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай НА-167 тоот гэрээг байгуулсан. Захиалагч миний хувьд гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж гэрээнд зааснаар 100 хувийн төлбөрөө төлсөн. Ингээд орон сууц ашиглалтад орж байрны түлхүүрээ гардан авах гэтэл гүйцэтгэгч тал өөр хүмүүстэй гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргаан үүсгэж гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 айлын орон сууцны А блок 15 давхарын 167 тоот 33,83 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний хувьд анх Л.Эрдэнэжаргалтай байгуулсан. Нэг удаа төлбөр төлөх тухай мэдэгдэл аваад төлбөрөө бүрэн төлсөн. Л.Эрдэнэжаргалыг орон сууц эзэмших бүрэн боломжтой юм байна гэж үзэж байтал, Д.Сарангэрэл дундаас нь гараад ирсэн, мөн төлбөрөө төлсөн байсан. Маргаантай асуудал үүнээс үүдэн гарсан. Магадгүй анх гэрээ байгуулахдаа сарын 1.000.000 төгрөг тушаахаар гэрээг байгуулаад дараа нь сарын 1.100.000 төгрөг болгон төлж байгаа нь компанийн хариуцсан ажилчид дундаас нь ашигласан зэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд давхар шалгагдаж байна. Л.Эрдэнэжаргал, Д.Сарангэрэл нарын хэнийх нь өмчлөлийн орон сууц гэдгийг шийдвэрлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.8, 117.1 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Сарангэрэл би Номтын Ам ХХК-тай 2015.01.05-ны өдөр 15/167 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, Шинэ-Ирээдүй хорооллын 16 давхар, 240 айлын орон сууцны 90А байрны 15 давхарт 167 тоот орон сууцыг 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр тооцон 33,82 м.кв байрыг захиалж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Байрны түлхүүрээ хүлээн авч орон сууцандаа одоо амьдарч байгаа. Манайх гэрээний дагуу уг орон сууцны шударга эзэмшигч мөн. Номтын Ам ХХК-ийн ажилчидтай холбоотой эрүүгийн хэрэгт өргөдөл гаргаж, хохирогчоор явж байгаа. Эрүүгийн хэрэг бүрэн шалгагдаж дууссаны дараа нэхэмжлэлийг дахин гаргах боломжтой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/00646 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А блокны 167 тоотын өмчлөгчөөр Л.Эрдэнэжаргалыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тдутуу төлсөн 256.900 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 327.100 төгрөгийг гаргуулан Л.Эрдэнэжаргалд олгож, Д.Сарангэрэл  буруутай этгээдээс учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1754 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/00646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 заасныг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хууль тогтоогчоос анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тухай үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн явдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол уг зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 -д зааснаар "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно" гэж заасан бөгөөд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааныг товыг танилцуулах зэрэг ажиллагааг нэг өдөр гүйцэтгэхийг хориглосон зохицуулалт байхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу “шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2002.7.24-ний өдрийн 263 тогтоолын 20 дугаар зүйлд тайлбарлахдаа: “зохигчид хүсэлт гаргаагүй, хэрэг үүсгэснээс хойших 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй шүүх тухайн хэргийг хэлэлцэх шийдвэрлэхэд зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай цугларсан гэж үзсэнийг тус тус ойлгоно” гэж заасан. Гуравдагч этгээд Д.Сарангэрэл нь хэрвээ шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө товыг мэдэгдэж хэргийн материалтай танилцуулсан нь өөрийнх нь нотлох гаргаж өгөх, шүүхээр мэтгэлцэх эрх нь ноцтой зөрчигдөж байна гэж үзсэн бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 - д заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж болох байсан ч хүсэлт гаргаагүй, хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурж, 2016.8.18-ны өдрийн хуралдаан өмгөөлөгчтэйгээ оролцсон, шүүхээс эрх, үүргийг тайлбарлаж шинээр гаргаж нотлох баримт, хүсэлт, бие даасан шаардлага байгаа эсэхийг тодруулахад байхгүй шүүхэд хариулан хуралдаанд мэтгэлцэх эрхээ эдэлсэн учраас шүүх гуравдагч этгээд мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь зөрчсөн гэж дүгнэн шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.                      

ХЯНАВАЛ:

Л.Эрдэнэжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Шинэ-Ирээдүй хороолол 98А байрны 167 тоот 33.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл  гаргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүх гуравдагч этгээд Д.Сарангэрэлд нэхэмжлэлийн хувийг гаргуулан өгч 2016 оны 8 дугаар сарын 31-нд хариу тайлбар, нотлох баримт гаргах хугацаа тогтоож өгсөн /хх 51/  атлаа уг өдрөөс өмнө буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 29 дүгээр зүйлийн 29.4-г зөрчжээ. 

 Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-г зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1754 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 327.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ