Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт Ц-ын М-т холбогдох 1835001370087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Өндөрхангай сумын Уурын зуухны галч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг оршин суудаг, яс үндэс халх, Монгол Улсын харъяат, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 1 сарын 10-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ОЕ85011115, М ургийн овогт Ц-ын М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/ Ц.М нь 2018 оны 3 дугаар дугаар 29-ний өдөр тус аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Т.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт өөрийн гэртээ 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Д-г зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Т.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Улаангом сум руу гарах гэж байтал манай эхнэр И надад “гэрт А, Б хоёр байж байсан чинь манай сумын Ц.М пресс аваад явсан гэж хэллээ” гэсэн. Шөнө гэртээ ирээд өглөө сэрсэн чинь дунд хүү Б, том хүү А хоёр надад “Өчигдөр М ирээд пресс авах гэхээр нь та аав, ээж хоёрыг ирэхээр ав, бид хоёр мэдэхгүй гэж хэлсэн чинь М нь 10 пресс авна гэж хэлээд 8 пресс авч байхад нь та ядаж аав, ээж рүү утсаар ярь гэж хэлсэн чинь пизда минь битгий хуцаад бай гэж хэлэхээр Б хашаанд байсан хяналтын камераа М луу тусгахад наад камераа буцаа гэж хэлээд 5 ширхэг бэд пресс, 3 ширхэг ногоон пресс нийт 8 пресс аваад аав, ээждээ бадтай 5 ширхэг прессийг хэлж болохгүй, хэлбэл чи бид хоёр гудамжинд таарна шүү, ална шүү гэж хэлээд явсан” гэж миний хүү хэлсэн юм. ...Тэгээд би М-тай уулзаж мөнгөө авна гээд Г гэрээс гараад яваад шууд М-ын гэрт очсон чинь тэдний гэрт М ганцаараа байсан. Би М-т чи одоо хүүхэд айлгаж байгаад пресс аваад явчихдаг гэж хэлсэн чинь М тэгээд яадаг юм гээд орон дээрээ хэвтэж байснаа босоод ирсэн юм. Тэгээд бид хоёр хэрэлдээд байж байсан чинь М намайг заамдаж аваад хоолой боогоод хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд газарт унагаасан юм. Би босох гэсэн миний хөл ямар ч мэдээгүй болсон, хөл янгинаад өвдөж эхэлж байтал М намайг гараараа цохихоор нь би чи хөл хугалаад хаячихлаа гэж хэлсэн. М чи битгий баашлаад бай чамайг алсан ч яадаг юм гэж байтал Мын эхнэр Энхцэцэг гэртээ орж ирсэн, нөхөр чинь миний хөлийг хугалаад хаячихлаа гэж хэлэхэд Энхцэцэг хараад зогсоод байсан. Тэгж байтал манай эхнэр И орж ирсэн. ...Тэгээд хэсэг хугацааны дараа манай сумын их эмч С.М ирээд миний хөлийг барьж үзээд хугарсан байна гээд миний баруун хөлний дээд хэсэгт гипс тавьсан. Тэгээд яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэг авч орно гээд шууд Улаангом авч яваад аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хүргэсэн юм. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мэс заслын хагалгаанд ороод миний баруун талын хөлний шагайны зүүн баруун талын яс хугарсан байсныг хөл дотор төмөр байрлуулан 9 ширхг шүрүүпээр хадсан юм. ...Би Ц.М-ыг хүний ёсоор ирээд уулзаад уучил гуйх байх гэж бодсон ирээгүй. Би гомдолтой байна. Би хөлөө хугалуулснаас болж Өндөрхангай сумаас Улаангом сум руу явж хагалгаанд орсон зардал, Улаангом сумаас Өндөрхангай сум руу явсан зардал, манай эхнэр 2 тал руу явсан зардал, эм тарианы зардал, хэвтэж эмчлүүлсэн ор, хоногийн төлбөр, урсгал зардал гээд нийт ойролцоогоор 1 сая төгрөгний зардал гарсан байна. ...Мөн 9500 төгрөгөөр зарж байсан 5 ширхэг бэд пресс, 8000 төгрөгөөр зарж байсан 3 ширхэг ногоон прессийг манай хүүхдэд аав, ээждээ 5000 пресс авсан гэж хэлээрэй гээд хүүхэд элэг барьсан байна. Нийт 71.500 төгрөг пресс аваад одоо болтол мөнгө төгрөгийг нь өгөөгүй байна” /хх-ийн 06-12 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Л.И-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Г “М яаж байгаа юм бэ, насанд хүрээгүй хүүхдийг элэг барьж пресс авна гэж юу гэсэн үг вэ, бас дараа нь ганцаараа таарна шүү гэж хэлдэг” гэж хэлсэн чинь манай нөхөр Д нь тэр М ер нь яах гэж байгаа би очиж өвснийхөө өрөө нэхнэ гэж хэлээд гэрээс гараад явсан. Би араас нь унаа хайгаад алхаж байсан чинь манай сумын М.А гэдэг залуу мотоцикльтой эхнэртэйгээ явж байхаар нь зогсоогоод манай нөхөр Д Ц.М-ын гэр лүү явчихлаа ... намайг араас нь хүргээд өг гэж хэлээд А ард суугаад М-ын гэрийн урд очиход М гэрийнхээ хаалганы урд зогсож байсан. Тэдний гэр лүү ороход нөхөр Д нь тэдний гэрийн хойморт гэрийн зүүн хэсэг рүү харсан байдалтай зүүн хөл нь дээрээ баруун хөлөө давхарлаж хагас нугалсан байдалтай байсан. Надад шууд М миний баруун хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би байж байсан чинь М манай нөхрийг битгий баашлаад бай хөл чинь хугараагүй бол ална шүү, би хугалаад өгнө шүү гэж хэлээд сууж байсан юм. ...Тэгээд би гараад ...гэртээ ирээд машинаад унаад сумын эмнэлгийн дарга их эмч Г.М-ыг очиж аваад Мын гэрт ирсэн. Тэдний гэрт М нь манай нөхрийн баруун хөлөнд гипс тавьсан юм. Намайг Д дээр очсон чинь амнаас нь цус гарсан байдалтай дээд доод уруул дээр нь цус болсон байсан. Тэгээд баруун хөлийн шагайн дээд хэсэгт хугарсан байдалтай, цээжний зүүн дээд хэсэгт хөхөрч няцарсан байдалтай , хацарны зүүн хэсэгт хавдсан байдалтай, хоолой хэсэг нь улайж хөхөрсөн байсан юм. Манай нөхөр Т.Д нь манай дүү Г гэрт ороод хагас шил Соёрхол гэх нэртэй архи хувааж уусан гэж надад хэлсэн. Ц.М архи согтруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна” /хх-ийн 13-14 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би Т.Д-гийн хөлийг үзэхэд баруун хөлний шагайн дээд хэсгийг хөдөлгөж үзэхэд яс нь хавьралдаж байсан. Тэгээд хугарсан байна гэж оношлоод өвчин намдаах хийж, гөлтөгнөн боолт хийж, дээд шатлал аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт авчирч хүлээлгэж өгсөн. ...Т.Д-гийн цээжний зүүн дээд хэсэгт хөхөрч няцарсан байдалтай, хацарны зүүн хэсэгт хавдсан байдалтай, хоолой хэсэг нь улайсан байдалтай байсан юм. Т.Д нь согтуу байсан юм” /хх-ийн 15-16 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Л.Г хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед манай хүргэн ах Т.Д манайд орж ирээд ах нь чиний данхраад авч машинаа янзалмаар байна гэж хэлсэн. Манайхан Д ахад цай чанаж, хоол хийж өгсөн юм. Манайд хагас шил Соёрхол нэртэй архи байсныг гаргаад бид хоёр хувааж уусан. Тэгээд Д ах надад: Эхнэр, бага охин бид 3 Улаангом суманд байхад манай хүү А, Б хоёр гэртээ гэрээ сахиад байж байсан чинь Ц.М нь хүүхэд доромжлоод пресс аваад явсан байна гэж хэлсэн. Тэгж байтал гаднаас И эгч орж ирээд бид нартай юм ярьж байтал Д ах Мтай уулзана яахаараа хүүхдээс өвс аваад явчихдаг юм гээд гэрээс гарсан. Тэгээд намайг И эгч манай эхнэр хоёр унтаж амар гэж хэлээд И эгч гэрээс гараад явсан. Өглөө гэртээ сэрсэн чинь манай эхнэр Ч.О надад Д ах М-тай зодолдоод хөлөө хугалуулаад аймгийн төв явсан гэж хэлсэн юм” /хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Э-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би хургатай хонио олж аваад гэртээ ирэхэд манайд манай сумын Д нь гэрийн хойморт танай нөхөр чинь миний хөлийг хугалчихлаа гээд хэвтэж байсан. Тэгээд И, манай сумын их эмч Г.М-той хамт ирээд Д-гийн хөлийг үзчихээд хугарсан байна гээд гипс тавьсан юм. Тэгээд манай гэрээс Д-г аваад явсан. Д нь согтуу байсан, манай нөхөр М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Манай нөхөр Ц.М 8 ширхэг прессийг Д-гийн хүүхдээс авсан гэсэн юм. Надад хэлэхдээ 90 гаруй мянган төгрөг боллоо хүүхдээс нь авчихсан, аав ээж нь ирэхээр мөнгийг нь өгнө гэж ярьж байсан юм. ...Манай нөхөр Ц.М Уурын зуухны галч ажилтай, ажил хөдөлмөрт хариуцлагатай, хөдөлмөрч хүн байгаа юм. Мөн хүнд тусархаг, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ямар нэгэн зүйл хийхэд авъяастай юм. Манай нөхөр нь гэр бүл үр хүүхэдтэй хайр халамжтай хүн. Хааяа огцом ууралдаг. Нутаг усандаа нэр хүндтэй, бусадтай хэл амаа амархан ойлголцдог, өрөвчхөн сэтгэлтэй цайлган хүн байгаа юм ” /хх-ийн 21-22, 26-27 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.А-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Сумын их эмч Г.М нь Д-гийн баруун хөлний шагайн хэсгийг барьж үзээд хугарсан байна гээд гипс тавьсан юм. Тэгээд Д-г аймгийн нэгдсэн эмнэлэг явж үзүүлэхгүй бол болохгүй гээд бид нар аваад явсан. Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу байсан. М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би М-ын гэрт ороход Д нь М-ын гэрийн хойморьт хэвтчихсэн М миний хөлийг хугалчихлаа гээд байж байсан” /хх-ийн 24-25 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед гэртээ орон дээрээ хэвтэж байсан чинь гаднаас Т.Д орж ирээд надад: чи пиздаа минь хүүхэд яагаад дарамталж байгаад пресс аваад явчихдаг юм бэ, чи манай сумын хүүхнүүдтэй явалддаг биз дээ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд надтай хэн явалдаж байна тэр хүнийхээ нэрийг хэлчих, дагуулаад хүрээд ир гэж хэлсэн чинь Д намайг чи муу гуйлгачин гээд намайг нэг удаа гараараа миний шанаа руу цохисон. Би босож ирээд гараараа хоолойг нь боогоод цааш нь түлхээд унагаасан. Тэгээд газарт унаад миний хөл хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөж байгаад чи пиздаа минь битгий баашлаад бай гэж хэлээд хөлөөрөө нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Т.Д надаас 2 сая төгрөг нэхэмжилсэн. Би Т.Д-д учирсан хохиролд 1.500.000 төгрөгний үнэтэй тохой эмээл өгсөн. Тэгээд гомдол тэмцэлгүй гээд бичиг хийгээд өг гэсэн эхнэр нь зөвшөөрөхгүй, 500.000 төгрөгөө өгч байж ав гэсэн юм. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, шинжээч эмчийн 251 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэв.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдүүд дарамталж өвс авч явсан гэх шалтгаанаар шүүгдэгч Ц.М-ын гэрт очсон, улмаар уг асуудлаас болж хэрүүл маргаан гарсан байх ба шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцсон байдал нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Т.Д-гийн хөл рүү өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Т.Д-гийн баруун хөлийн шилбэний 2 яс шагайн үений хэсгээр битүү хугаралтай хагалгаанд орж хадуулсан, цээжний зүүн талд өнгөц хар хөхөрсөн, зүүн бөөрний орчим эмзэглэлтэй, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 251 дүгээр дүгнэлт /хх-ийн 30 тал/-ээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.  

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М-ын хувийн байдал тогтоосон гэрч Н.Б, Б.Э нарын мэдүүлэг, Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156 дугаар тодорхойлолт, 2017 оны жилийн эцсийн малын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 2-28, 54-59 тал/ шүүгдэгч Ц.М нь Өндөрхангай сумын Цэцэрлэг багт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2008, 2009 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 181.21, 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, одоо Энержи импиар ХХК-д дулааны машинстаар ажилладаг, хувьдаа бог, бод нийлсэн 179 тооны малтай болох нь тогтоогджээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун хөлний шагайн үе хугарсан байх ба хохирогч нь хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1 сая төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Ц.М нь хохиролд тооцож 1.500.000 төгрөгний үнэтэй эмээл өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэвч хэрэгт хохирлын талаар хэргийн оролцогч нар тохиролцсон талаар баримт авагдаагүй, хохирогч гомдолгүй болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд хохирогч Т.Д нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.М-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.М-т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт Ц-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 1650 /мянга зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Д нь гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА