Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/665

 

 

                                               *******т холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/320 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох 2306044880129 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* ******* ******* *******, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд *******той машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай устгаж, гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******ээс 350,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ******* олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүх *******ийн гэм бурууг хэлэлцэхдээ дор дурдсан нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй болно. 1. Шүүх хохирогч *******ын гар утасны гэмтлийг тогтоохдоо *******, түүний туслах гэгдэх гэрч ******* нарын мэдүүлгийг үндэслэн гар утасны гэмтлийг тодорхойлж дэлгэц нь хагарсан, плат нь шатсан гэж үздэг. Гар утасны дэлгэцийг хараад хагарсныг шууд мэдэх боломжтой Плат гэх эд ангийг шатсан эсэхийг мэргэжлийн бус хүн буюу дээрх мэдүүлэг өгсөн этгээдүүд шууд мэдэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл плат буюу эх хавтан нь гар утасны хамгийн чухал эд анги бөгөөд үүнийг мэргэжлийн хүн задалж шалгаж үзэж байж л эх хавтанг ажиллаж байгаа эсэхийг нь мэдэх боломжтой. Тухайн гар утас хэрхэн гэмтсэн талаар нотлох баримт огт байдаггүй. 2. Мөн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэсэн байдаг. Энэ нь мөрдөгч шууд дэлгэц, плат нь шатсан гэж ямар ч баримтгүйгээр шууд тогтоогоод түүндээ үнэлгээ хийлгэж 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. 3. Шүүгдэгч *******ийн хувьд гар утас шидсэн гэдэгтээ маргадаггүй бөгөөд харин өөрийн шидсэн утас биш гэдгийг анхнаасаа мэдүүлж байсан боловч шүүгдэгчийн эрх зүйн мэдлэггүй байдлаасаа шалтгаалж мэдүүлэгтээ тусгуулж чадаагүй бөгөөд мөрдөгч нь та шүүх дээрээ хэлэхэд болно гэх агуулгаар мэдүүлэгт мөн тусгаагүй байсан. *******, түүний туслах ******* нарын (гар утасны засварын мэргэжлийн бус хүний) мэдүүлгийг үндэслэн гар утасны плат нь шатсан гэж шүүх дүгнэж байгаа нь хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн гэмтсэн эсэх нь тодорхойгүй утасны платыг үнэлүүлж хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг улам бүр дордуулсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гар утсыг плат нь шаттал шидээгүй. Плат гэх эд анги тийм амархан хонхойдог зүйл биш гэж засварын газрын хүмүүс хэлж байсан. Би плат гэмтсэн гэдэг дээр маргаж байна. Мөн миний шидсэн утас бараан өнгийн утас байсан. Засварын газар очиход цэнхэр өнгийн гар утас гаргаж ирсэн тул би зөвшөөрөлгүй явсан...” гэв.

Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс “Миний шидсэн утас биш байна, би бараан өнгийн утас шидсэн, мөн үнэлгээ дээр маргаж байна” гэсэн. Хохирогчийн мэдүүлэг болон тухайн үед хамт байсан гэрч Бөхбатын мэдүүлгээр цэнхэр өнгөтэй Самсунг А72 загварын гар утас байсан гэдэг нь нотлогддог. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Хохирогчоос “тухайн өдөр утсаа засуулах гээд шүүгдэгчийн хамт өөрийн туслахаа засварын газар руу явуулсан. Тэгтэл плат нь шатсан байна гэж хэлсэн. Гэтэл шүүгдэгчээс цэнхэр өнгийн утас би шидээгүй гээд маргалдсан” гэсэн байдаг. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд өөрийнхөө утсыг авч ирж шинжлэн судлуулсан. Тухайн үед саарал өнгийн гэртэй, гэрийг нь аваад үзэхээр дотор нь цэнхэр өнгийн утас байсан. Анхнаасаа уг утас байсан болох нь тогтоогддог. Утсыг бүхэлд нь үнэлүүлсэн. Шүүгдэгчийн зүгээс “эд ангийг нь тус тусад нь үнэлүүлэх саналтай байна” гэдэг хүсэлт гаргасны дагуу дахин үнэлгээ гаргуулсан. Плат нь 270.000 төгрөг, дэлгэц нь 80.000 төгрөг нийт 350.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээ бодитой гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол бус шүүхийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. ...” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч ******* оролцсон байхад түүнд эрх, үүрэг тайлбарлаагүй, хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан эсэхийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, бусад оролцогчид энэ хуульд заасан тэдний эрх, үүргийг тайлбарлана”, 2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан эсэхийг тодруулна” гэснийг тус тус зөрчжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/320 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА