Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0954

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З*******, Г.У******* нарыг оролцуулан Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөд шийдвэр гаргасан гэж бодож байна. Шийдвэр албажиж гараагүй байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзъя гэхээр эргэлзээтэй байна. Буцах тохиолдолд бас байдаг гэсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Э******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/908 дугаартай тушаалын газрын хэмжээг тодорхойлсон илэрхий алдаагаа засахгүй байгааг эс үйлдэхүй болохыг тогтоолгох, тушаалын 1 дэх хэсгийн газрын хэмжээг тодорхойлсон ...Н*******ийн амны хязгаарлалтын бүсэд байрлах 3344.0 кв.м... гэснийг 3614.94 кв.м гэж засахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0208 дугаар шийдвэрээр Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Э******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/908 дугаар тушаалаар ... Э******* ХХК-ийн Н*******ийн амны хязгаарлалтын бүсэд байрлах 3344.0 мкв газар ашиглах эрхийн хугацааг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгасугай гэж шийдвэрлэж, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгосон байх ба газрын хэмжээг 3344.0 мкв гэж тэмдэглэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ ... Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд А/908 дугаар тушаалыг гаргахдаа 0.36 га талбайн хэмжээг 3344.00 мкв гэж илэрхий алдаатай тушаал гаргасан гэж тайлбарладаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ... нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, холбогдох баримт бичгийг судлан, эрх бүхий зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэсэн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны IV хурлын төлөвлөгөөнд нэхэмжлэгч Э******* ХХК багтсан болон тус хурлын товч шийдвэрийн 2-т Э******* ХХК, Хурлаас гарсан шийдвэр: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/908 дугаар тушаалд талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан залруулга хийхээр дэмжсэн, Зөвшөөрсөн гэх баримтыг тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбар, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны IV хурлын товч шийдвэр зэргээс үзвэл, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь нэхэмжлэлийн ... Н*******ийн амны хязгаарлалтын бүсэд байрлах 3344.0 кв.м... гэснийг 3614.94 кв.м гэж засахыг даалгах нэхэмжлэлийг бодит үйлдлээр буюу шийдвэрээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Э******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/908 дугаартай тушаалын газрын хэмжээг тодорхойлсон илэрхий алдаагаа засахгүй байгааг эс үйлдэхүй болохыг тогтоолгох, тушаалын 1 дэх хэсгийн газрын хэмжээг тодорхойлсон ...Н*******ийн амны хязгаарлалтын бүсэд байрлах 3344.0 кв.м... гэснийг 3614.94 кв.м гэж засахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ