| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0040/З |
| Дугаар | 116/ШШ2025/0048 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2025/0048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 2 дугаар баг, ******* ******* гэх газарт оршин суух, Шарнууд овогт ******* *******, /РД: *******/
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Процессын түүх:
1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж, “******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”[1] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
1.2. Анх Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар захирамжийн хавсралтын 16-д зааснаар иргэн *******өд тус сумын “Улсын чанартай авто замын зурваст хэт ойр автомашин болон иргэдийн төвлөрөл үүсэж байгаа тул 3 дугаар багийн Батхаан хороололд гэрлийн шугамын хойд талд 5 м, өрхүүдийн хоорондын зай 10 м байхаар нийт 270 м газарт баршуулахаар дараах өрхүүдийг хавсралтаар нүүлгэн шилжүүлж” шийдвэр гаргасан[2].
1.3. Дээрхи газрыг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/151 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.[3]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх ******* сумын хуучин ******* гэх газарт гуанз, дэлгүүр ажиллуулдаг байсан. 2014 онд Төв зам ашиглалтанд орсонтой холбогдуулж 3-р багийн Дэнж хороололд *******-т байсан айл өрх үйлчилгээний газруудыг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан гэж мэдэгдэн айл өрхүүд нүүсэн. Тэгэхэд газрын даамал модон метрээр хэмжин айл бүрт 15х25м 350м2 газар зааж өгсөн. Уг газрын хэмжилт олгосон тухай захирамжийн хавсралтанд манай газар ******* *******ын баруун талд зүүн талд байршилтай гэж баталгаажуулж өгсөн. Бид хөдөө малтай учир газар дээрээ очиж амжаагүй байтал Б.*******ынх манай газарт байшин барьчихсан байсан. Энэ асуудлаар маргалдаад газар суллаж чөлөөлж өгөөрэй гэсэн. Тэднийх байшин барьчихсан юм чинь би яах юм гээд байсан. Би тухайн үед нэгэнт манайх 2029 он хүртэл эзэмших эрхтэй, шууд бууж нүүж очиход бэлэн, эрх нь байгаа учир санаа зовоогүй. Ингээд ер нь малгүй болж газар руугаа нүүнэ гэж байтал 2024 оны 11 сард Б.*******ын байшин, түүний хадам ах нарын модон байшин угсраагаараа шатсан. Манай газар дээрх байшин шатан үгүй болоход газраа авах боломж байна уу, уг нь энд миний газар байгаа юм гэхэд газрын даамалын үүргийг түр гүйцэтгэгч гэх охин газар тань байгаа гэхдээ таны эзэмших эрх хүчингүй болсон байна гэсэн. Тэгэхээр нь яагаад хүчингүй болсон бэ гэхэд мэдэхгүй хүчингүй болсон талаар тухайн үед мэдэгдээгүй одоо мэдэж байна гэхэд Засаг дарга *******д өргөдөл 2025.06.13-нд өргөдөл өгсөн. Тэгэхэд захирамжийг хүчингүй болгохоо мэдэхгүй байна Захиргааны хэргийн шүүхэд ханд гэхэд нь хандаж байна. Мөн аймгийн Засаг дарга Ш.Ёлд хандсан. ******* сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 12-ны өдрийн А/151 дүгээр захирамж нь иргэн миний эрх ашгийг хөндсөн. Уг захирамжийг надад танилцуулж мэдэгдээгүй. Мэдсэн цагаасаа тасралтгүй Засаг дарга, газрын албаны даамал нартай дахин дахин амаар болон хүсэлт тавьж шийдвэрлэж өгөхгүй байхаар нь 2025 оны 06 сард албан ёсоор өргөдөл өгсөн юм. Гэтэл яаж өөрчлөхөө мэдэхгүй байна гээд шүүхэд ханд гэсэн. Миний хувьд шийдэж өгөхгүй болохоор нь танай шүүхэд хандаж байгаа тул иргэн миний газар эзэмших эрхийг сэргээн баталгаажуулж 2019.11.12-ны өдрийн А/151 дугаартай ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ... Миний энэ газрыг 2019 онд Засаг дарга нь иргэн надад мэдэгдэлгүйгээр цуцалсан байсан. Намайг мэдэх эрхээр хангаагүй, гарын үсэг зуруулаагүй. 2024 онд хоёр байшин шатах үед л “хүчингүй болгосон” гэдгийг олж мэдсэн. Би уг нь 2029 он хүртэл эзэмших эрхтэй байсан. Би өөрийн эзэмшлийн газраа ашиглах гэсэн боловч өөр этгээд байшин барьсан байсан учраас ашиглах боломжгүй байсан. Тиймээс 2019 оны А/151 тоот захирамжийг хүчингүй болгож, миний эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэдэг саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
2.2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн *******өд сумын Засаг даргын 2014 оны А/28 дугаар захирамжаар 350 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн боловч 2019 онд тус иргэнийг тухайн газраа ашиглаагүй байна гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй) дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг нь сумын Засаг даргын 2019 оны А/151 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байдаг. Иргэн Д.******* газар эзэмших эрхийг дуусгавар болсон захирамжийг хүчингүй болгоход холбогдох нотлох баримт дутуу байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна”[4] гэжээ.
2.3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай сум хуучин “*******” гэсэн нэршилтэй газар голынхоо хойд талд хоолны газар байгуулж амьдардаг байсан. Ингээд төв зам ашиглалтад орсноор замынхаа урд хэсэг рүү шилжсэн. Засаг дарга нь 10 гаруй айлд голын урд талд газар олгосон байсан. Энэ хүмүүсийн нэр дунд Д.******* нэр нь байсан. 2014 онд тухайн газрыг олгосон ба ******* нь огт ашиглаагүй байсан. Тиймээс нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 онд газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гаргасан. Гэтэл ******* нь саяхан энэ заирамжийг мэдсэн гээд хүсэлтээ гаргаж эхэлсэн. Энэ хүсэлтийг надад мөн гаргасан. Гэхдээ уг нь хоёрын хоёр дарга байх үед хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч яг намайг Засаг даргаар ажиллах үед хүсэлтээ гаргасан. Тиймээс би “шүүхэд хандах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Тухайн хоолны газрын хэсэгт газрын маргаан нилээдгүй байдаг. Айл өрхүүд ч хэл ам ихтэй байдаг. Тиймээс би хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс одоогийн байдлаар шүүхэд хандсан байгаа гэж харж байна. Уг нь бол өөрөө газраа ашиглах ёстой л байсан байх. Үгүй ядахад энэ нэхэмжлэлийг өмнө нь гаргах бүрэн эрхтэй байсан гэж харж байна. Уг нь бол 2 жил тухайн газраа ашиглахгүй л бол газар эзэмших эрхийг цуцлах эрх нь төрд байдаг гэдгийг иргэн бүр мэдэж байгаа байх гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
3. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ, “...2019 онд Засаг дарга нь иргэн надад мэдэгдэлгүйгээр цуцалсан байсан. Намайг мэдэх эрхээр хангаагүй, гарын үсэг зуруулаагүй” гэж тайлбарладаг.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...2014 онд тухайн газрыг олгосон ба ******* нь огт ашиглаагүй байсан. Тиймээс нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 онд газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гаргасан” гэж маргадаг.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/28 дугаар захирамжаар “Улсын чанартай авто замын зурваст хэт ойр автомашин болон иргэдийн төвлөрөл үүсэж байгаа тул 3 дугаар багийн Батхаан хороололд гэрлийн шугамын хойд талд 5 м, өрхүүдийн хоорондын зай 10 м байхаар нийт 270 м газарт баршуулахаар дараах өрхүүдийг хавсралтаар нүүлгэн шилжүүлэхээр” шийдвэрлэж, захирамжийн хавсралтын 16-д зааснаар иргэн *******өд, “иргэн Б.*******ын баруун талд” байршилд, 350 м2 газрыг хоолон гэрийн зориулалтаар эзэмшихээр олгожээ.[5]
6. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/151 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, 26.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 40.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, ... худалдаа үйлчилгээний зориулалтаар иргэн *******өд эзэмшүүлсэн газрыг “2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.[6]
7. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар, дээрх захирамжийг гаргахдаа иргэн *******өд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулаагүй болох нь сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2/366 тоот “...иргэнд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх тухай холбогдох баримт, мэдээлэл тус сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж буй архивын баримт болон тухайн газрын хаагдсан нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байна” гэх албан бичгээр тогтоогддог бөгөөд, хариуцагч шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлэхдээ “...тухайн үеийн газрын даамалтай холбогдоход мэдэгдэж байсан гэж хэлдэг боловч энэ талаар баримт олоогүй” гэж мэдүүлсэн.
8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллагаас иргэний газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохдоо тухайн иргэнд мэдэгдэж, шийдвэр гаргахаас өмнө нөхцөл байдлыг тогтоон, хуульд заасан үндэслэлийг нотлох баримтуудыг бие даан цуглуулж, оролцогчийг тайлбар, санал гаргах боломжоор урьдчилан хангасны үндсэн дээр шийдвэрээ гаргах үүрэгтэй бөгөөд эдгээр бүх ажиллагааг явуулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдох ёстой, нотлох үүргийг захиргааны байгууллага өөрөө хүлээнэ.
Гэтэл сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Д.******* газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо дээрх хуулийн заалтуудыг мөрдөөгүй, хууль зөрчсөн байна.
9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.
Дээрх үндэслэлийн урьдчилсан нөхцөл нь, газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, дээрх ашиглаагүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх утгыг агуулна.
Гэтэл хэрэгт, *******өд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан боловч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй үйл баримт тогтоогдож байна.
10. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” /Газрын тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулалтын өмнөх агуулга/ гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзвэл, иргэнд газар эзэмшүүлэхээр Засаг даргын шийдвэр гарсны дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулах нь Сумын газрын даамал буюу захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй энэ нөхцөлд “гэрээнд заасан зориулалт”-ыг, тухайн зориулалтаар 2 жил дараалан ашигласан эсэх нөхцөл байдлыг дүгнэх боломжгүй бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлагыг дүгнэх боломжгүй тул энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” 92.2-д “Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргаж, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэгийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/2017 тоот албан бичгээр[7] хариу авсан нь нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзэв.
12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/151 дүгээр захирамж нь дээрх байдлаар хууль зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх тул уг захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/151 дүгээр захирамжийн ******* /*******/-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ