| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2110012720058 |
| Дугаар | 2024/ДШМ/541 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/541
Э.Одончимэг, Б.Сүхбаатар, Б.Өнөрбаяр
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргиин давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
хохирогч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од, Д.Баттөмөр, Б.Жаргалан,
цагаатгагдсан этгээд Э.Одончимэг, түүний өмгөөлөгч М.Санчирдорж,
цагаатгагдсан этгээд Б.Өнөрбаярын өмгөөлөгч Б.Уянга,
цагаатгагдсан этгээд Б.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Жаргалан нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэл зэрэгт үндэслэн Э.Одончимэг, Б.Сүхбаатар, Б.Өнөрбаяр нарт холбогдох эрүүгийн 2110012720058 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Чонос овгийн Эрхэмбаатарын Одончимэг, 1986 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ремакс Номад” ХХК-ийн агент ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд буюу 960,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг хорих ялд нь багтааж, биечлэн эдлэх нийт ялыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ял гэж шийтгэсэн шийтгэл тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:ЖЭ86070303/;
2. Гүнсэн овгийн Бат-Очирын Сүхбаатар, 1953 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФМ53051076/;
3. Бодуна Хурц овгийн Батсайханы Өнөрбаяр, 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ялыг бүрэн эдэлж дууссан, /РД:МЭ88092338/;
Шүүгдэгч Э.Одончимэг нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээгээр халхавчлан ирэн Ц.Болормаагийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамжинд байрлах Нархан хотхоны 51 дүгээр байрны 10 тоот, 161.70 мкв 5 өрөө, 288,141,777 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Өнөрбаяр, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эзэмшигчийн эд хөрөнгийг зарах нэрээр бусдад шилжүүлэн залилж иргэн Ц.Болормаад их хэмжээний хохирол учруулсан хэргийг удирдан зохион байгуулсан,
Шүүгдэгч Б.Өнөрбаяр нь “Ивээл консалтинг” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах “Ремакс скай” үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын агент Э.Одончимэг болон Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Болормаагийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Олимп” гудамжинд байрлах Нархан хотхоны 51 дүгээр байрны 10 тоот, 161.70 мкв 5 өрөө 288,141,77 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “зарж өгөх” нэрээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад шилжүүлэн залилж иргэн Ц.Болормаад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчийн үүргийг гүйцэтгэж хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.Сүхбаатар нь “Ивээл консалтинг” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах “Ремакс скай” үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын агент Э.Одончимэг болон Б.Өнөрбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Болормаагийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Олимп” гудамжинд байрлах Нархан хотхоны 51 дүгээр байрны 10 тоот, 161.70 мкв 5 өрөө 288,141,77 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг “зарж өгөх” нэрээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад шилжүүлэн залилж иргэн Ц.Болормаад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Одончимэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Б.Өнөрбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Б.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Э.Одончимэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Өнөрбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Б.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Э.Одончимэг, Б.Өнөрбаяр, Б.Сүхбаатар нарыг цагаатгаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт ... гэж хуульд байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон талаар огт дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Хохирогч Ц.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хохирогч Ц.Болормаа миний өгсөн мэдүүлэг, нотлох баримтуудын эх сурвалжуудаас гол гэмт хэргийн шинжтэй хэсгүүдийг хасаж, зөвхөн шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу шүүгч нотлох баримтыг бодитой, олон талаас нь харж шийдвэрийг гаргаагүй байна. Зөвхөн нэг талаас харж, гэрээ хэлэлцлийн хүрээнд, иргэний хууль тогтоомжийн хүрээнд тогтоолыг үйлдсэн байгаа нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн явдалд нь гомдолтой байна.
Цаашид “Ремакс агент”-ийн Э.Одончимэгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Болормаа би буруутай болж гэм хорын хохирол 70,000,000-80,000,000 төгрөг /2 жилийн ажилгүй байх хугацааны нөхөн төлбөр/-ийг шүүгдэгч Э.Одончимэгт төлөхөөр тусгагдсан байна. Гэмт хэргийн улмаас 5 өрөө байрыг гэрч гэх Б.Өнөрбаярын найз И.Болдхүүд шилжүүлсэн. Гэрч И.Болдхүүгээс Э.Одончимэг, Б.Өнөрбаяр нар нь 3 автомашиныг миний 5 өрөө байраар надад хэлэлгүйгээр, мэдэгдэлгүйгээр, хууран мэхлэлт, дүр эсгэсэн гэрээгээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, санаатайгаар өөрсдөдөө шилжүүлэн авч захиран зарцуулсан байдаг. Энэхүү үйлдэл нь И.Болдхүүгийн мэдүүлгээр баталгаажсан байдаг. Энэхүү И.Болдхүүгийн мэдүүлгээс харахад “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” хохирогч Ц.Болормаа надад гэрч Ч.Болдхүүгээс байрны төлбөр 3 автомашин авч байгаа талаар огт мэдээлэл өгөөгүй, залилан мэхлэх гэмт хэргийг Э.Одончимэг зохион байгуулж, Б.Өнөрбаяр гардан гүйцэтгэж, миний байрны төлбөрийг буюу И.Болдхүүгээс ирсэн автомашинуудыг өөрсдөдөө авч, гэмт хэргийг үйлдэж, захиран зарцуулж, ашиг олж, хохирогч намайг хохироосон. Би байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн.
И.Болдхүү дахин өгсөн мэдүүлэгт “...Асуулт: Та 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэлцэл хийж, 5000 ширхэг, нэг бүрийн үнийг 42,500 төгрөгөөр тооцож, нийт 212,500,000 төгрөгөөр бодож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нархан хотхоны 51а байрны 10 тоот байрны оронд шилжүүлж өгсөн гэсэн нотариатаар баталгаажуулсан гэрээ, баримт хавтаст хэрэгт байна. Энэ ямар учиртай вэ?” Хариулт: Надад Өнөрбаярын найз Баттулга утсаар яриад, байр байна, та авах уу? гэж хэлэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байна. Харин машин оролцуулна гэх юм бол болж байна гэж хэлсэн. Тэгээд би зарах гэж байгаа байрыг чинь очиж үзмээр байна гэж хэлээд байрыг үзсэн. Тэгээд би зөвшөөрч байна гээд Өнөрбаярын найз Баттулгад “худалдах, худалдан авах” гэрээ хийн 3 автомашиныг тухайн байрны эзэн Болормаа гэдэг хүнтэй байрны гэрээ хийгээд, гараад Сүхбаатар дүүрэгт байрлах миний төрсөн дүү Отгонболд болон найз Баяржаргал, мөн миний нэр дээр орж ирсэн 3 автомашиныг Баттулгын нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд зуучлагч Э.Одончимэг “чи Өнөрбаярын зарах гэж байгаа 5000 ширхэг обойг хүлээлгэн өгсөн гэсэн баримт хэрэгтэй байна. Энэ обойг хүлээлгэн өгсөн баримт болгож өгөхгүй бол болохгүй байна” гэж хэлэхээр нь би “за” гээд Болормаатай хийсэн, тэр үед Одончимэг байсан. Одончимэг өөрөө зохион байгуулаад, баримт хэрэгтэй байна гэж хэлсэн. Өнөрбаяр намайг Болормаад обой хүлээлгэн өгсөн талаар ч мэдэхгүй байгаа. Өнөрбаяр бид хоёрын дунд бол наймаа хийгээд болсон гэж ойлгосон.” Асуулт: 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Өнөрбаяр Болормаатай ямар нэгэн гэрээ хийсэн үү? Гэрээ хийж байхад Ремаксын ажилтан Одончимэг нэг өрөөнд хамт байсан уу?” Хариулт: Өнөрбаяр Болормаатай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хийх шаардлага ч байхгүй байсан байх. Яагаад Болормаа гэдэг хүний байрыг би худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа учраас би Болормаатай гэрээ хийж, тухайн байрыг шилжүүлэн өөрийн нэр дээр болгож авч байсан. Тухайн үед Ремаксын ажилтан эмэгтэй бүх зүйлийг зохион байгуулаад “энэ дээр гарын үсэг зурчих” гэж хэлээд хажууд хамт байсан. Би бол тухайн эмэгтэйн хэлж байснаар “энэ байр таны нэр дээр шилжинэ” гэж хэлээд, дээр нь тухайн байрыг зарж байгаа эмэгтэйд ч гэсэн ямар ч асуудалгүй гэж хэлээд, гарын үсгийг зуруулж байсан. Өнөрбаяр бид хоёрын хувьд бол автомашины талаар ямар нэгэн маргах зүйлгүй автомашины наймаа хийсэн гэж ойлгож байгаа. ...”. Энэхүү хоёр дахь удаагаа мэдүүлэг өгсөн гэрч Болдхүүгийн мэдүүлгийг анхан шатны шүүхээс цагаатгах тогтоолд тусгаагүйгээр орхигдуулсан байна.
Дээрх Болдхүүгийн мэдүүлгээс харахад шүүгдэгч Э.Одончимэг уг гэмт хэргийг санаатайгаар бусадтай /Өнөрбаяртай/ нийлж зохион байгуулалттайгаар, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 5 өрөө байрыг урьдчилан үгсэн тохиролцож, хохирогч Ц.Болормаа миний итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэхдээ залилан мэхлэх замаар нотлох баримтууд гэх гэрээ хэлцлийг өөрөө зохиож, үнэн бодит байдлыг нуух замаар, итгэлийг минь ашиглан гарын үсэг зуруулж авсан нь нотлогдож байна.
Тухайн үед миний байрны төлбөрт 3 ширхэг автомашиныг гэрч И.Болдхүүгээс авч байгаа талаар огт хэлээгүй, нуун дарагдуулсан. Энэ талаар миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байх явцад гэрч И.Болдхүүгийн цагдаад өгсөн мэдүүлэг, тайлбараас анх удаа олж мэдсэн. Шүүгдэгч Одончимэг нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хуурамч нотлох баримт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж талийгаач Х.Ангарагийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, зуучлалын гэрээг хийсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 187-190 дүгээр хуудсанд буй шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон. Хохирогч Ц.Болормаа намайг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээг огт байгуулаагүй болгон үгүйсгэхийг оролдсон үйлдэл нь өөрийн хийсэн хохирогч Ц.Болормаа намайг залилан мэхэлсэн үйлдлээ гэмт хэргийн шинжгүй мэтээр харагдуулах гэсэн санаатай үйлдэл юм. Энэхүү дээрх шүүгдэгч Э.Одончимэгийн гэм буруутайг тогтоосон шүүх шинжилгээний дүгнэлтийг шүүхийн цагаатгах тогтоолд огт тусгаагүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Одончимэг, Б.Өнөрбаяр нарын буруутай үйлдлийг тогтоож, гэмт хэргийн улмаас хохирсон хохирол төлбөр болох 212,500,000 төгрөгийг шүүгдэгч Э.Одончимэг болон Б.Өнөрбаяр нараас гаргуулахаар гомдол гаргаж байна. ...” гэв.
Хохирогч Ц.Болормаагийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Шүүгдэгч Э.Одончимэгийн талаар: Xoxиpогч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үeд бoлoн шүүxийн xэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон тайлбартаa “Э.Одончимэгтэй 2019 онд өөрийн 2 байрыг заруулахаар зуучлалын гэрээ байгуулж танилцаж байсан, миний байрыг зарж өгөөд дахин ирвэл надтай холбогдоорой гэсний үндсэн дээр 2020 онд нөхөр Н.Баясгалангийн бартерт авсан дээрх байрыг заруулахаар зуучлалын гэрээ байгуулсан боловч зуучлалын гэрээний 1 хувийг өгөөгүй гэх “Байр зарагдахгүй байна, удаж байгаа учраас өөрийн багын найз Б.Өнөрбаярт байгаа 5000 ширхэг обойгоор байрыг зарах боломж байна” гэсэн санал тавьсан... би “хамаагүй” гэхэд, “та санаа зовох хэрэггүй, обойг зарах хүн байгаа, танай байрыг ингэж зарахгүй хүн нь байгаа учраас удахгүй, таны мөнгийг гаргаад өгнө та надад итгэж байгаа биз дээ” rэж хэлж байсан гэх. Б.Өнөрбаярт байгаа обойг би харж байгаагүй, Б.Сүхбаатар гэдэг хүнийr Э.Одончимэг танилцуулсан, танай обойг авах хүн энэ байна гэж, Б.Өнөрбаярын обойг шууд зараад надад байрны мөнгийг гаргаж өгнө гэх ойлголтыг И.Одончимэr өгcөн.
“...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нотариат дээр өөрийн байрыг Б.Өнөpбаяpт шилжүүлэх хүн дээр нэрийг шилжүүлээд худалдах, худалдан авах гэрээ байгуулчих гэж хэлээд надад обой худалдсан гэсэн гэрээн дээр гарын үсэг зуруулсан...” гэx, гэрч M.Галягийн “...обой авах хүн байна уу гэхээр би aвax хүн байна гээд Сүхбаатарыг танилцуулж байсан,... Одончимэг, Б.Сүхбаатар хоёрыг би танилцуулж байсан,... Сүхбаатар надад барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө, машин байна уу гэж асууж байсан, ... би обой байна гээд Э.Одончимэгтэй уулзуулсан, ... надад Э.Одончимэг Б.Сүхбаатартай гэрээ байгуулсан гэж хэлж байсан, төлбөрийг 3 сард хийнэ гэхээр нь их л давчуу байна гэж би хэлж байсан, Сүхбаатар обойг авсан, яагаад би мэдээд байна вэ гэвэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд ачаад явж байхад нь би харсан, Одончимэг хажууд нь хараад байж байсан, ... обойны мөнгө өгөхгүй байна гэхээр нь би Сүхбаатартай хамтарч ажиллахаа больсон ...” гэх, гэрч И.Болдхүүгийн “...Би Болормаа гэх хүнийг танихгүй, ...Өнөрбаярын найз Баттулга над руу утсаар яриад нотариат дээр дуудсан, ... Тэр үед Ремаксын ажилтан эмэгтэй зохион байгуулаад арилжааны гэрээ хийсэн. Би Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Олимпын гудамж, Нархан хотхон, 51 дүгээр байр 101 тоот, 161,7 мкв 5-н өрөө байрыг авахаар зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний төлбөрт Өнөрбаярын найз Баттулгын нэр дээр 3 автомашиныг шилжүүлэн өгсөн. ...Зуучлагч Одончимэг “чи Өнөрбаярын зарах гэж байгаа 5000 ширхэг обойг Болормаад хүлээлгэн өгсөн гэсэн баримт хэрэгтэй байна. Энэ обойг хүлээлгэн өгсөн баримт болгож өгөхгүй бол болохгүй байна” гэж хэлэхээр нь би “за” гээд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Болормаатай гэрээ хийсэн тэр үед Одончимэг байсан. Одончимэг өөрөө зохион байгуулаад баримт хэрэгтэй байна гэж хэлж байсан, ... Тухайн үед Ремаксын ажилтан эмэгтэй бүх зүйлийг зохион байгуулаад энэ дээр гарын үсэг зурчих гээд хажууд цуг хамт байсан... тухайн байрыг зарж байгаа эмэгтэйд ч гэсэн ямар ч асуудалгүй гэж хэлээд гарын үсгийг нь зуруулж байсан ...Би 5000 ширхэг обойг хараагүй, нотариатын газар ороод гэрээ байгуулсан, ...Өнөрбаяр, Баттулга нар обойгоор байр авч байгаа гэж хэлсэн. ...” гэх, гэрч Б.Өнөрбаярын “...2020 оны 12 дугаар сард би Ремакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид аяллын машин, 5000 ширхэг обой болон жижиг тээврийн хэрэгслийг байраар солино гэсэн гэрээ байгуулж заруулахаар болоод Одончимэг гэх хүнтэй танилцсан, ...би обойгоо 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан, ...Сүхбаатар гэдэг хүнийг огт танихгүй урьд өмнө харж байгаагүй, сүүлд цагдаагийн хэлтэст өргөдөл өгөхөөр нь Болормаа эгчээс Сүхбаатар гэдгийг мэдэж авсан. ...” гэх, гэрч Б.Сүхбаатарын “...Ц.Болормаа гэдэг хүнийг таньдаггүй байсан, ... 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нотариат дээр 5000 ширхэг обой худалдаж авахаар Ц.Болормаа гэдэг хүнтэй анх танилцаж байсан, ...Галя гэдэг хүнээр дамжуулж И.Одончимэгтэй уулзаж зарах обой байгаа гэдгийг мэдээд 2 хоногийн дараа Хан-Уул дүүргийн Хүүшийн зоорь гэх газар обой байсан, ...Б.Өнөрбаяр обойг Ц.Болормаад шууд өгөөгүй над руу шилжүүлсэн, Ц.Болормаа обойг огт хараагүй. ...” гэх, гэрч Г.Тэмүүлэнгийн “..Миний хариуцсан салбарт ажиллаж байсан Э.Одончимэг, Болормаа гэх хүнтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гудамж, Нархан хотхон, 51 дүгээр байр 10 тоот байрыг заруулах талаар хоорондоо уулзаж гэрээ байгуулсан талаар мэдээгүй. Надаар ямар нэгэн гарын үсэг зуруулаагүй, ...2 тал харилцан тохиролцсон гарын үсэг зурж баталгаажуулан үл хөдлөх хөрөнгийн эзэн, агент тухайн салбарын захирал гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар баталгаажиж үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах ажиллагаа эхэлдэг. Гэрээг 2 хувь хийж нэг хувь нь харилцагчид үлдэж нэг хувь нь тухайн салбарт архивлагдаж үлддэг, ...архиваас гэрээг шүүж шалгахад ямар нэгэн гэрээ байхгүй байсан, тухайн үед гэрээний мэргэжилтэн Энхжаргалын хамтаар хайж шалгасан боловч Болормаа Одончимэг нарын хооронд байгуулсан 2020 онд хийсэн гэрээ байхгүй байсан. ...” гэх, гэрч Б.Баясгалангийн “...Одончимэг танилцуулахдаа Сүхбаатар гэдэг хүн бол обойг авах хүн байгаа юм. Энэ хүн Эрдэнэт хотод барилга барьж байгаа юм гэж хэлээд, ...Сүхбаатар, Өнөрбаяр 2 хоорондоо обойны талаар гэрээ хийгээд Сүхбаатар ах авах гэхээр барьцаанд байгаа учраас авч чадахгүй байгаа юм. Сүхбаатар та нартай гэрээ хийгээд обойг авахын бол хурдан түргэн мөнгийг чинь өгнө. Та нар Өнөрбаярт байрныхаа өмчлөлийг шилжүүлэх юм бол Өнөрбаяр обойнуудаа барьцаанаас гаргаад та нараас обойг аваад Сүхбаатарын мөнгө нь хурдан ороод ирнэ гэж хэлж байсан, ...Өнөрбаяртай уулзах болсон шалтгаан нь гэвэл Одончимэг манай багын найз байгаа юм. Япон машин оруулах юм бол танай байр хурдан зарагдах боломжтой гэж хэлэхээр нь, ...Өнөрбаяр өөрийнхөө нэр дээр байр авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд байраа шилжүүлэх болсон чинь Болдхүү гэж хүн байсан. Би энэ ямар учиртай хүн юм бэ гээд асуусан чинь Одончимэг хамт байсан энэ хүн рүү шилжүүлчих гэж хэлэхээр нь би тэр үед эхнэртээ сануулсан, ингэж огт танихгүй хүнд шилжүүлж болж байгаа юм уу обойг би хармаар байна гэж хэлсэн чинь Одончимэг “та 2 обойг харах шаардлага байхгүй, би өөрөө очиж үзэж хараад асуудлыг шийднэ” гэж хэлэхээр нь би Одончимэгт хандаж “чи обойг мэдэж байгаа юм байна, харин Сүхбаатараас ирэх мөнгийг яах юм бэ?” гэж асуусан чинь, “ямар ч асуудалгүй надад итгэ би өөрөө хариуцаад авч өгнө” гэж хэлэхээр нь би эргэлзээд “чамд ямар баталгаа байгаа юм бэ?” гэж асуусан чинь “Сүхбаатар ахын компанид манай ээж 30 хувийн хувьцаа эзэмшдэг юм, болохгүй бол ээжээрээ шахуулж байгаад мөнгийг чинь гаргуулж өгнө” ...” гэх гэрч нарын хууль сануулж өгсөн мэдүүлгээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентын нэрээр худалдахаар зуучлалын гэрээ хийсэн мэт дүр үзүүлж бусдад бодитойгоор өөрийн өмчлөлд байхгүй, бодит байдал дээр биелэх боломжгүй эд зүйлийг зарж түүний орлогыг өгөхөөр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх үйл ажиллагааг санаачлан төлөвлөж, Б.Өнөрбаяр, Б.Сүхбаатар нартай бүлэглэн хохирогч Ц.Болормаад их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Б.Өнөрбаярын үйлдлийн талаар: Гэрч Б.Сүхбаатарын “...Би Галя гэдэг хүнээр дамжуулж Э.Одончимэгтэй уулзаж зарах обой байгаа гэдгийг мэдээд 2 хоногийн дараа Хан-Уул дүүргийн Хүүшийн зорь гэх газар обойны эзэн Б.Өнөрбаяртай уулзаж, 5000 ширхэг обойг үзсэн, 2016, 2018 оны обой байсан, ...дээрх обойг аваад зарах гэхээр хуучирсан загварын обой байсан, ...Б.Өнөрбаяр обойг Ц.Болормаад шууд өгөөгүй над руу шилжүүлсэн, ...би обойг зах зээлийн үнийн 50 хувь доогуур өгнө, ...барилгын хүмүүс 2015 оны обой учраас авахгүй байна, ... би 2018 оны обой гэж бодсон чинь биш байсан, ... 50.000.000 төгрөгөөр зарсан. ...” гэрч И.Баттулгын “...Би байрыг өөрийн танил Болдхүүд зарах санал тавьсан Болдхүү бэлэн мөнгөөр авч чадахгүй машинаар сольж болох юм гэж тохиролцоод дээрх байрыг 253 сая төгрөгөөр тохирч гурван автомашин авсан, ...“Итгэл капитал” банк бус санхүүгийн байгууллагад 140 сая төгрөгийн барьцаанд байсан 5000 ширхэг обойг Болдхүүгээс авсан 3-н машинаар зээлийг хаасан, ...Өнөрбаяр өөрт байсан 1 машин дээр нэмээд Болдхүүгээс авсан 3-н машины 1 машиныг нэмж өгөөд үлдэгдэл 2 машиныг Өнөрбаяр авсан. ...” гэх, гэрч Б.Хатантулгын “...Хүүшийн аманд зооринд хадгалагдаж байсан обойг өөр рүү чинь Өнөрбаяр ярьсан уу гээд, ...настайвтар намхан биетэй ах асуугаад 7-8 хүний хамт ачаад аваад явсан, ... би Өнөрбаярт настай ах ирээд аваад явлаа гэж хэлсэн, ...” гэх, гэрч М.Амарсүлдийн “...Манай “Итгэлт капитал” банк бус санхүүгийн байгууллагад 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Өнөрбаяр 70 сая төгрөгийн барьцаанд 6411 ширхэг обойг барьцаалсан, ... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өдрийн хооронд 1634 ширхэг обойг авч явсан, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өнөрбаяртай уулзаад үлдсэн 4777 ширхэг обойг авсан, ...” гэх мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ 2021 оны 12 дугаар сар, хөдлөх хөрөнгө обой, 180,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэргээр Б.Өнөрбаяр нь 5000 ширхэг обой байгаа гэж бусдад итгэл төрүүлж өөрийн эзэмшилд байхгүй барьцаанд байгаа эд зүйл болох 4777 ширхэг обойг Ц.Болормаад И.Болдхүүгээр дамжуулж, зарахаар тохирсон гэж бодит байдлыг нууж зохиомол байдлыг бий болгож Э.Одончимэгт гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж өөрийн бодит үнээс дээгүүр үнээр 3 автомашин авч түүнийгээ борлуулж, Э.Одончимэг Б.Сүхбаатар нартай бүлэглэн үйлдсэн үйлдэлд хатгагчийн үүргийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Б.Сүхбаатарын үйлдлийн талаар: Хэрэгт цугларсан баримтаар Б.Сүхбаатар нь Э.Одончимэг, Б.Өнөрбаяр нартай бүлэглэн зах зээлийн үнийн дүнд хүрэхгүй эд зүйл болох обойг шууд авах хүн байна гэх итгэл төрүүлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн аманд байх зоориноос 5000 ширхэг гэх боловч 4777 ширхэг обойг зарж борлуулах нэрийн дор авсан болох нь гэрч М.Галя, Б.Хатантулга, Э.Одончимэг нарын мэдүүлгээр, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 50 сая төгрөгөөр зарж борлуулсан талаарх мэдүүлсэн үйл баримт зэрэг нь Э.Одончимэг, Б.Өнөрбаяр нартай бүлэглэж хохирогч Ц.Болормаад их хэмжээний хохирол учруулсан Залилах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон болох нь тогтоогдож байна. Шүүх хурлын хэлэлцүүлгийн үед “би обойг аваад цааш зарах гэсэн боловч Өнөрбаяр, Одончимэг нарын хэлсэн шиг үнэтэй обой биш байсан тул зарж чадахгүй удаад хямдхан зарсан” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн.
Хоёр. Шүүхийн хэргийн талаарх дүгнэлтийн талаар:
1. Монгол улсын Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд дор дурдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон байна. Тухайлбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “дүр үзүүлэн хийсэн хэлцэл;” 56.1.3 “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” мөн хуулийн 58.1 “Ноцтой төөрөгдлийн улмаас үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно,” мөн хуулийн 58.2.1 “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;” 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Арилжааны гэрээ”-ний Худалдан авагч И.Болдхүүгийн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнд төлж байгаа 5000 ширхэг обой И.Болдхүүд байсан уу, мөн худалдагч буюу хохирогч Ц.Болормаа, Б.Өнөрбаярт байр шилжүүлэх талаар хэлцэл хийснээс И.Болдхүүд байр шилжүүлэх талаар тохирсон хэлцэл байгаа юу, гэрээ байгуулах үед мэдсэн, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу нэг хоногийн дараа төлбөрт хүлээж авсан гэх, 212,500,000 төгрөгийн байрны үнийн дүнд хүлээж авсан обойг нөхөж гэрээ байгуулсан болгож нотариатаар батлуулсан, дүгнэлтийн 5-д заасан шиг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж гэрээний дагуу Ц.Болормаа 5000 ширхэг ханын обойг 212,500,000 төгрөгөөр худалдахаар Б.Сүхбаатартай гэрээ байгуулсан бол И.Болдхүүгээс дээрх 5000 ширхэг обойг хүлээн авсан байх ёстой байсан. Энэ үндэслэлээр дээрх гэрээнүүд анхнаасаа хохирогчийг гэрээгээр халхавчилж дүр үзүүлж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэл болох ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 1.2 болон 1.3 дахь заалтад хамаарч байна гэж үзнэ. Мөн хохирогч иргэний журмаар гомдол гаргаад явсан бол мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан шиг ноцтой төөрөгдөлд орж гэрээ байгуулсан гэж үзээд шүүхээс хэрэг цуцлах байсан. Дээрх гэрээ нь хохирогч нэхэмжлэл гаргах зэргээр хангагдах, гэрээнээс үүссэн маргаан болон гэрээ зохих ёсоор биелээгүйгээс үүсэх эрсдэлийг шүүхэд гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх тохиолдолд хариуцагч нь тодорхой гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох эсэхээ шийдэх маргаан хохирогч Ц.Болормаа, шүүгдэгч нарын хооронд явагдах байсан байх боломжтой ч шүүгдэгч нарын үйлдэл нь иргэний гэрээ хэлцлээр халхавчилсан эрүүгийн гэмт хэрэг мөн байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэлтэд заасан шиг Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа юм шиг харилцаа хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон бол энэ талаар нотлогдож байгаа баримтыг болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг няцаах хууль зүйн үндэслэлийг дурдах байсан боловч санаатай, санамсаргүйгээр шүүх шийдвэр гаргахдаа хуулийн тайлбарын эсрэг тайлбар гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна гэж үзэж байна.
Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /УДШ-ийн 2019.10.23-ны №538 тогтоол./
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. /УДШ-ийн 2019.10.30-ны №569 тогтоол./
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар 1 дэх хэсгийн 1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ.
Хохирогч Ц.Болормаагийн болон гэрч нарын мэдүүлэг үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарыг гэм буруугүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Э.Одончимэг нь хохирогч нарт обойг үзэх шаардлага байхгүй найдвартай, Б.Өнөрбаяр нь манай багын найз гэдэг ойлголтыг хохирогчид төрүүлсэн, Б.Өнөрбаяр Э.Одончимэг нар багын найзууд биш, хөрөнгө зуучлан заруулах үеэр танилцсан болох нь Б.Өнөрбаярын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Э.Одончимэг хохирогчтой үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан боловч хохирогчид гэрээний нэг хувийг өгөөгүй, салбарын захирлаар гарын үсэг зуруулаад компанийн архивт нэг хувийг хадгалах ёстой боловч гарын үсэг зуруулж архивлаагүй, анхнаасаа энэ зуучлалын гэрээг хууль бусаар явуулсан гэж үзнэ. Э.Одончимэг, Б.Сүхбаатар обойг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд авах хүн нь бэлэн байгаа, бүр болохгүй бол манай ээж Б.Сүхбаатарын эзэмшдэг компанийн 30 хувийг эзэмшдэг обой зарагдаж мөнгө өгөөгүй тохиолдолд санаа зовох зүйл байхгүй би хариуцна, байр худалдах худалдан авахтай холбоотой бүх ажиллагааг зохион байгуулсан, Б.Өнөрбаярын 5000 ширхэг гэдэг нь 4777 ширхэг болж тоо ширхгийн хувьд зөрсөн, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээтэй обойг үнэтэй мэтээр хэлж Б.Сүхбаатарыг төөрөгдөлд оруулсан зэрэг үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол,” 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэл тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх дээрх байдлыг авч үзэлгүй шийдвэрээ гаргасан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Хохирогч Ц.Болормаагийн өмгөөлөгч Б.Жаргалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Одончимэгийн өгсөн мэдүүлэгт “2020 оны 10 дугаар сар юм уу 11 дүгээр сард Болормаа эгч миний сууж байгаа оффис дээр ирээд бартерын байр заруулмаар байна гэж хэлэхээр нь би хаана байдаг хэдэн өрөө байр вэ гэж асуусан чинь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 162 мкв, 5 өрөө байрыг заруулмаар байна гэхээр нь би хүлээн зөвшөөрч Болормаа эгчтэй гэрээ байгуулсан. ...Заруулах гэж байгаа байр нь бартераар авсан өөр хүний нэр дээр бүртгэлтэй байсан болохоор би “та энэ байрны гэрчилгээн дээр хийсэн итгэмжлэл болон холбогдох баримт бичгийн над руу вайбераар явуулаарай” гэсэн чинь “за” гэж хэлсэн. Гэрээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа над руу байрны гэрчилгээний зураг болон холбогдох бичиг баримтыг явуулсан. Заруулах гэж байсан байрны 1 хувь түлхүүр нь надад байсан болохоор би байр үзье гэсэн хүмүүсийг дагуулж очиж үзүүлдэг байсан. ...Болормаа Өнөрбаяр 2 гэрээ хийж байхад би гадаа байсан. Нэг зүйл хэлэхэд Өнөрбаяр Болормаатай гэрээ хийх гэтэл бичиг баримт нь байхгүй байна гээд Өнөрбаярын найз Болдхүү гэдэг залууг дуудаж байсан. Би Болдхүү гэдэг залууг урьд өмнө нь харж байгаагүй, хоорондоо ярилцаад гэрээ хийгээд гараад явсан. ...” гэх, шүүгдэгч Б.Сүхбаатарын өгсөн мэдүүлэгт “Би Болормаа гэх хүнийг таньдаггүй байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Болормаа гэх хүнээс 5000 обой худалдаж авахаар тохиролцон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр гэрээ байгуулж байхдаа танилцаж байсан. ...2020 оны 10 дугаар сард би Одончимэгтэй уулзсан чинь хүнд зарах обой байгаа гэхээр нь би хаана үзэж болох уу гээд асуусан чинь Одончимэг болно гэж хэлээд 2 хоногийн дараа ХУД-ийн 4 дүгээр хороонд байрлах Хүүшийн зоорь гэх газарт 5000 ш обойг хурааж хадгалсан байхад тэр үед обойны эзэн гээд Өнөрбаяр гэх залуу ирж уулзсан. ...” гэх, гэрч И.Болдхүүгийн өгсөн мэдүүлэгт “....Би Болормаатай гэрээ байгуулахаас өмнө 2 удаа байрыг очиж үзэх үед Баттулга, Өнөрбаяр нар надад үзүүлж байсан. ...” гэх, гэрч И.Болдхүүгийн өгсөн мэдүүлэгт “...Надад Өнөрбаярын найз Баттулга утсаар яриад байр байна, та авах уу гэж хэлэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байна. Харин машин оролцуулна гэх юм бол болж байна гэсэн. ...Өнөрбаяр болон Баттулга нар байрыг үзүүлсэн. Худалдах худалдан авах гэрээ хийж 3 автомашиныг тухай байрны эзэн гэх Болормаа гэдэг хүнтэй байрны гэрээ хийгээд, 3 автомашиныг Баттулгын нэр дээр шилжүүлж өгсөн. Зуучлагч Одончимэг нь: Өнөрбаярын зарах гэж байгаа 5000 ш обойг Болормаад хүлээлгэн өгсөн гэсэн баримт хэрэгтэй байна. Энэ обойг хүлээлгэн өгсөн гэсэн баримт болгож өгөхгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би “за” гээд Болормаатай хийсэн. Тэр үед Одончимэг байсан. Одончимэг өөрөө зохион байгуулаад баримт хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Тухайн үед Ремаксын ажилтан эмэгтэй бүх зүйлийг зохион байгуулаад энэ дээр гарын үсэг зурчих гэж хэлээд хажууд хамт байсан. Би тухайн эмэгтэйн хэлж байснаар энэ байр таны нэр дээр шилжинэ гэж хэлээд, дээр нь тухайн байрыг зарж байгаа эмэгтэйд ямар ч асуудалгүй гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. ...” гэх, гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлэгт “...И.Болдхүүгээс 3 автомашин аваад 2-ыг нь Итгэл ББСБ-д өгсөн... авсан 3 автомашины нийлбэр үнэ 250,000,000 төгрөг болж байсан. ...Болормаа Өнөрбаяр 2 хоорондоо гэрээ хийхэд Сүхбаатар гэх хүн байгаагүй. ...” гэх, гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлэгт “...Өнөрбаяр Болормаатай гэрээ хийгээгүй, яагаад гэхээр Өнөрбаярт байсан обойг Болдхүүд өгөөд Болдхүү Болормаа гэдэг хүнтэй гэрээ хийсэн байгаа. ...Болдхүү Болормаагаас байр авч байгаа болохоор оронд нь обойг өгөх ёстой гэж ойлгосон. ...Ремаксын Одончимэг хүртэл энэ байрыг Болдхүү авч байгаа юм чинь чи обойгоо Болдхүүд өгсөн гэрээ хийгээд, тэр гэрээг үндэслэж Болдхүү Болормаад обой өгсөн талаар гарын үсэг зурсан. ...” гэх, гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлэгт “5000 ш обой Итгэлт ББСБ-т 140,000,000 төгрөгийн барьцаанд байсан. Болдхүүгээс авсан 1 автомашиныг Итгэлт ББСБ-д өгөөд дээр нь Өнөрбаярт өөрт нь байсан Рекстон загварын автомашиныг өгөөд, нийт 2 автомашин өгөөд тухайн обойг чөлөөлж авсан. Болдхүүгээс ирж байгаа 3 автомашин бол Болормаа гэдэг хүний зарж байгаа байрны мөнгөнд Өнөбаярт ирсэн 3 автомашины нэгийг Итгэл ББСБ-т өгөөд 1 автомашиныг Болормаа гэдэг хүний нөхөрт өгөхийн тулд ЖДМБ-ын авто ломбардад байгаа Экстрал автомашинаар 2019 онд үйлдвэрлэгдсэн Форд мустанг загварын автомашиныг сольж өгөөд Экстрал загварын автомашиныг суллаж Болормаа гэдэг хүний нөхөрт нь өгсөн. Болдхүүгээс надад шилжүүлж өгсөн 3 автомашиныг 253,000,000 төгрөгөөр тооцож авсан ...” гэх, шүүгдэгч Б.Өнөрбаярын өгсөн мэдүүлэгт “...Нотариат дээр 30 минутын дотор гэрээ хийсэн. Обойг Одончимэг ачна гэж хэлж байсан. ...15,000,000 төгрөгийн ашиг гарсан байгаа. ...” гэх, Ивээл Консалтинг ХХК-ийн захирлын тодорхойлолт “...2020 оны 10 дугаар сард Хохирогч Ц.Болормаатай хийсэн зуучлалын гэрээ бүртгэгдээгүй, хийгдээгүй тухай. ...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт “...Шүүгдэгч Э.Одончимэг нь Талийгаач Х.Ангарагийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Х.Ангараг, Э.Одончимэг 2-ын хооронд хийгдсэн гэх “Зуучлалын гэрээн” дээр гарын үсэг зурсан /“Зуучлалын гэрээ” хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон/. ...” гэрч И.Баттулгын “...Би бол тэр обой гэдэг зүйлийг мэдэхгүй байна. ...Ямар ч байсан машин шилжүүлж байхдаа хоорондоо ярилцаад нотариатын газарт очоод гэрээ хийгээд, би Баттулгатай ярилцсан, 3 машиныг хуулийн дагуу бусдад шилжүүлж өгсөн. ...Форд мустанг маркийн автомашин 120,000,000, Тоёота Рав 4 автомашин 98,000,000, тоёота камри автомашин 35,000,000, нийт 253,000,000, 5,000,000 төгрөгийн Баттулгын дансанд хийгээд, нийт 258,000,000 төгрөгөөр бодож орон сууцыг авч байна гэсэн үг.
Дээрх нотлох баримтын хүрээнд авч үзэхэд шүүгдэгч Э.Одончимэг, Б.Өнөрбаяр нар нь хууран мэхлэх замаар, баримт бичиг, цахим хэрэгслийг ашиглаж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 187-190 дүгээр хуудсан дахь Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Гэрч И.Баттулгын өгсөн мэдүүлгээр хохирогч Ц.Болормаад гэрч И.Болдхүүгээс шилжиж ирсэн 3 автомашиныг хохирогчид мэдэгдэхгүйгээр шүүгдэгч Э.Одончимэг зохион байгуулж, Б.Өнөрбаяр нь хүлээн авч, цааш нь бусдад шилжүүлж, ашиг олсон энэхүү үйлдэл нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Болормааг бүлэглэн, залилан мэхэлж хохирол учруулсан нь харагдаж байна. Мөн байрны түлхүүрийг шүүгдэгч Э.Одончимэг нь шүүгдэгч Б.Өнөрбаярт өгсөн байна. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд гэрч И.Болдхүүгийн өгсөн мэдүүлгээс харагдаж байна.
Уг гэмт хэргийг хийхээр шүүгдэгч нар нь 2020 оны 10 дугаар сард /хохирогч Ц.Болормаа нь шүүгдэгч Э.Одончимэгтэй уулзсаны дараагаас/ урьдчилан, үгсэн тохиролцсон нь шүүгдэгч Б.Сүхбаатарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. “Би бол тэр обой гэдэг зүйлийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээс харахад байрны эрхийг шилжүүлэхийн тулд обойны гэрээн дээр гарын үсэг зурах шаардлагатай гэсний дагуу гарын үсэг зурсан нь бодит байдал дээр обой худалдах худалдан авах, хүлээлгэн өгөх үйлдэл огт хийгдээгүй болох нь гэрч И.Болдхүүгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Болормаагийн мэдүүлгээр шүүгдэгч Э.Одончимэгийн үгсэн тохиролцож, зохион байгуулж хийсэн үйлдэл нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Одончимэг нь хохирогч Ц.Болормаагийн итгэлийг урвуулан ашиглаж, өөрийнхөө мэдэлд байсан 5 өрөө байрны эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа И.Болдхүүгээс 5 өрөө байрны төлбөрт 258,000,000 төгрөгөөр тооцон 3 автомашин авсан талаар огт хэлээгүй, нуун дарагдуулж их хэмжээний хохирол учруулж, өнөөдрийг хүртэл 5 өрөө байрны төлбөр тооцоо хийгдээгүй, тухайн үед эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд урьдчилсан байдлаар Б.Өнөрбаяр 55,000,000 төгрөгийн Экстрал загварын автомашин, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгагдаж байх хугацаанд 15,000,000 төгрөгийн хамт, Б.Сүхбаатарт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.Өнөрбаяр, Э.Одончимэг, Б.Сүхбаатар нар нь хамтран энэхүү залилангийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, холбогдол харагдаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирлыг шүүгдэгч Э.Одончимэг, Б.Өнөбаяр нар нь учруулсан. Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлээс харахад шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг хийгээгүй, 70-80 сая төгрөгөөр хохирч байна гэсэн байр суурийг илэрхийлэн цагаатгуулсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсных байх гэдэг заалтыг зөрчсөн. Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон боловч анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хохирогч Ц.Болормаад учирсан хохирол, төлбөрийг гаргуулахаар уг гомдлыг гаргасан. ...” гэв.
Хохирогч Ц.Болормаагийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Өнөрбаяр өөрт байхгүй обойг Ц.Болормаад зарж, тухайн обойг Ц.Болормаа И.Болдхүүтэй гэрээ хийхдээ хэрэглэсэн. Энэ хоёрын хооронд хийгдсэн хэлцлийн үр дүн нь Б.Өнөрбаярт очсон. Манай үйлчлүүлэгч обойг нүдээрээ хараагүй гэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар зөрүүтэй мэдүүлэг, тайлбар өгсөн. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг анхаарч үзэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломж олгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн болон анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Одончимэгийн өмгөөлөгч М.Санчирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэгдүгээрт, хохирогч нэг талыг барьсан, иргэний хэрэг талаас дүгнэсэн гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. Иргэний хэрэг талаас нь дүгнэсэн гэдэг нь нэг талыг барьсан биш, харин яллах дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж гаргасан тогтоол гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл, арилжааны гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ иргэний эрх зүйн харилцаагаар дамжин бий болж байгаа асуудал учраас анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргана. Хоёрдугаарт, хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдалд нийцээгүй цагаатгах тогтоол гарсан гэж дурдсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн, худалдах, худалдан авах харилцаа, зуучлах, зуучлуулах иргэний эрх зүйн харилцаанд өөрсдөө Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүсэл, сонирхлоо илэрхийлж оролцсон байдаг, төрийн нэрийн өмнөөс гэрчлэх чиг үүрэг бүхий нотариатын тусламжтайгаар хэлцэл болон худалдах, худалдан авах гэрээ, арилжааны гэрээгээ хийсэн, үүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдэнэ, бичгээр байгуулахад нотариатаар батлуулна, биеэр оролцоно гэдэг бүх шаардлагыг хангасан зүйл учраас иргэний эрх зүйн харилцаа гэж бодит байдлыг зөв дүгнэсэн. Гуравдугаарт, хохирогчийн өмгөөлөгч Б.Жаргалан хэлэлцүүлээгүй нотлох баримтуудыг танилцуулсан. Гэтэл өмгөөлөгч Б.Жаргалан нь энэ хэргийн 3 дугаар хавтас хэрэгт тус байрны өмчлөгч Х.Ангарын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, итгэмжлэл нь хэрэгт авагдсан. Энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явж байгаад сүүлд өмгөөллийн гэрээгээр өмгөөлөгчөөр оролцсон. Тухайн итгэмжлэлийн огноо нь арилжааны гэрээ, хэлцэл, худалдах, худалдан авах гэрээ байгуулахад анхнаасаа өмгөөлөгч Б.Жаргалан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн тусгай зөвшөөрөлтэй, хууль эрх зүйн мэдлэгтэй хүнээс хуулийн зөвлөгөө Ц.Болормаа аваад явж байсан гэдэг нь тогтоогдоно. Хууль зүйн туслалцаа аваад, нотариатын үйлчилгээ авч гэрээ, хэлцэлд нас бие гүйцсэн хүн эрх зүйн харилцаанд ороод явж байснаа Б.Сүхбаатараас арилжааны гэрээний дагуу мөнгө авч чадахгүйд хүрэхээрээ би хохирсон, намайг нүдээ боогоод сууж байхад хөтөлж авч очоод гарын үсэг зуруулсан мэт зүйл яриад байж байгаа нь ёс зүйгүй мөн иргэний хувьд хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр уншаад зогсож байх биш, өмгөөлөгч Б.Жаргалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Өмгөөлөгч В.Гэрэлт-Од хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна. Арилжааны гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосон шийдвэр огт байхгүй. Тийм учраас энэ 3 гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлэх нь үндэслэлгүй. Улсын яллагчийн зүгээс иргэний эрх зүйн харилцаа биш, хэрэгт тохироогүй гэж нэгдүгээр үндэслэлээ гаргасан. Иргэний эрх зүйн харилцаа гэдгийг хохирогчийн гаргасан гомдлын тайлбарт дурдсан. Хоёрдугаарт, зуучлагч зөвхөн зуучлаад орхих байсан, гэрээ байгуулахад нь оролцсон, илүү зүйл хийсэн учраас зохион байгуулсан гэдэг нь төөрөгдсөн байдалтай эсэргүүцэл гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх гэж заасан. Холбож өгөх гэдэг нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийг үндэслэсэн зуучлалын гэрээ хэрэгт авагдсан бөгөөд тус гэрээгээр холбож өгнө, гэрээ байгуулах уулзалтыг товлоно, гэрээ байгуулахад биечлэн оролцоно, боломжит зөвлөгөөг өгнө гэсэн нарийвчилсан үүрэг хүлээсэн байдаг. Ийм үйлчилгээг авахаа зуучлалын гэрээгээр зуучлуулагч илэрхийлсэн. Зуучлалын гэрээнд заасан үүрэг, эрхээ хэрэгжүүлсэн харилцааг илүү зүйл хийсэн учраас зохион байгуулсан гэж үзэж улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд үүгээр тайлбар гаргана. Хэлцэл бодитой хэрэгжээгүй гэж байна. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ бодитоор хэрэгжсэн, өмчлөгч нь авсан. Хэлцэл бодитойгоор хэрэгжиж, обой худалдаалагдсан. Байгаагүй обойгоор хэлцэл хийгдсэн гэж тайлбарласан. Энэ обой биетээр ББСБ-ын агуулахад байсан гэдгийг ББСБ-аас фото зураг, албан бичгээр илэрхийлсэн. Б.Өнөрбаяр автомашин өгч обойг барьцаанаас гаргасан гээд бүх баримт хэрэгт авагдсан учраас гомдол үндэслэлгүй, үүгээр няцаагдана. Гуравдугаарт, тодорхой шалтгааны улмаас И.Болдхүү байрыг авсан гэж шүүгч тайлбарласан гэж улсын яллагчийн зүгээс дурдсан. Анхан шатны шүүхийн шүүгч гэрээ, хэлцлийн дагуу Б.Өнөрбаяр нь И.Болдхүүгээс авлагатай, И.Болдхүү нь обойн төлбөрийг автомашинаар барагдуулсан учраас ийм шалтгаанаар авч байгаа юм гэдгээ энэ үг, хэллэгийг ашиглаж, онцолж цагаатгах тогтоолд тусгасныг буруутгах аргагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, 36.9 дүгээр зүйлд заасан цагаатгах тогтоолыг хэлбэрийг зөрчөөгүй бичигдэж гаргасан учраас мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Өнөрбаярын өмгөөлөгч Б.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахдаа объектын эзэн Х.Ангар учраас Ц.Болормаа хохирогч мөн эсэхийг анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч Б.Өнөрбаярын үйлдэл нь тогтоогдож байгаа эсэхэд анхаарч дүгнэж өгнө үү. Учир нь хохирлын тооцоонд 212.500.000 төгрөгийн обойгоо өгчихсөн байдаг. Тэгэхээр үүнийг хэнээс авах юм. Миний үйлчлүүлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцсоноор давхар хохирч байгааг анхаарч өгөхийг хүсэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч хохирлоо хэнээс шаардах юм гэж гомдолдоо дурдсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй этгээд буюу Б.Сүхбаатараас шаардах эрх нь нээлттэй байгаа. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Сүхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би обойн хувьд Ц.Болормаатай гэрээг хуулийн дагуу хийсэн. Ц.Болормаа байраа тавьж эрсдэл хийж байгаа хүн обойн дээр анхаарал тавиад обойгоо шалгаж, тоолоод нэг бүрчлэн судлаад надтай гэрээ хийх ёстой байсан юм болов уу. Тэгээгүй, ийм обой агуулахад байгаа гэдэг зүйлийг ярьчхаад шууд ирээд гэрээ хийсэн. Өмнө нь би харахад 2018 оны обойнууд дайралдаад байсан. Гэрээн дээр обойн оны тухай ойлголт муу байсан. Зах худалдааны төвүүд дээр 60.000 орчим төгрөгөөр зарагддаг гэдгийг мэднэ. Гэтэл надад 42.000 төгрөгөөр үнэлсэн учраас 20.000 төгрөгийн зөрүү гараад ашигтай юм байна гэж үзээд обойн гэрээг хийсэн. Тэгээд обой хадгалалт шаарддаг учраас үнэтэй агуулахад буулгаад задлаад үзэхэд 2015 оны обой гарч ирээд асуудал үүссэн. 2015 оны обойг ченжүүд авдаггүй, 1, 2 нас хөгшин байсан ч үнэ бууруулдаг, миний обойг 15.000 төгрөг хүртэл үнийг нь бууруулсан. Би обойг буцаая гэж хэд хэдэн удаа санал тавьсан. Тэгээд обойг 1 жил, хагас сар явж байж 70.000.000 төгрөгөөр зарсан. Үүнээс 20.000.000 төгрөгийг нь обой хадгалалтад өгсөн. 30.000.000 төгрөгөөр нь гурил гаргаж мөнгийг нь төлье гэсэн боловч судалгаа муутай байсан учраас хүнд мэхлүүлж, би давхар хохирсон. Тэгэхээр үүнээс болоод обойн төлбөрийн хугацаа хойшлогдсон. Гэрээний үүргээс би зайлсхийгээгүй, энэ жил миний ажлын боломж нэмэгдэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 180.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Би анхны гэрээний дүн болох 210.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн учраас 200.000.000 төгрөгийг төлье гэж бодож байгаа. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Сүхбаатарын өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Хохирогч талаас гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд хатгагч гэж хэнийг тодорхойлсонтой холбоотой асуудлыг дурдсангүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Б.Сүхбаатар хэрэв хатгагч болохын тулд гэмт хэрэгтэй хэрхэн холбогдож байгаа юм. Хатгаж, зохион байгуулсан гэмт хэргээс олсон эд зүйлийг худалдан борлуулсан гэдэг юм уу, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдэд хэрхэн нийцэж байгаа юм бэ гэдэг асуудлыг анхан шатны шүүх дээр удаа дараа тавьж байсан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд энэ талаар огт дурдагдсангүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгждэг. Хоёрдугаарт, дараалсан олон гэрээнүүдтэй холбоотой асуудлыг яриад байдаг. Энэ дараалсан гэрээнүүд дээр хийгдэж байгаа бүх үйлдэл дээр Ц.Болормаа өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ байгуулаад гэрээтэй холбоотой асуудлууд гардаг. Үйл баримттай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Обойг мэдэхгүй гэж өнөөдөр ярьж байгаа боловч обойг хүлээж авах болон обойг буцааж авахтай холбоотой асуудалд хүлээж авахгүй, үүнийгээ өөр хүнтэй ярь гэх мэтчилэн тасралтгүй харилцаанд ороод явдаг. Шүүгдэгч Б.Сүхбаатар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ, орон сууцтай холбоотой асуудлыг огт мэдэхгүй, би орон сууц авахтай холбоотой асуудлыг сүүлд мэдсэн гэсэн асуудлыг гаргаж тавьдаг. Магадгүй гэмт хэрэг хаана дууссантай холбоотой асуудлыг прокурор тогтоогоогүй. Орон сууц авснаар дуусаад байгаа юм уу, обой авснаар дуусаад байгаа юм уу. Тэгэхээр хэргийн бодит байдалд нийцээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоож чадаагүй гэдэг нь харагдаж байгаа учраас анхан шатны шүүхийн зөв дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг шийдвэрлэсэн атлаа техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Иймд хэргийг бүхэлд нь хянах хүрээнд үүнийг залруулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нэгдүгээрт, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл, арилжааны гэрээ эдгээр үйл баримтуудыг дурдаж, иргэний эрх зүйн харилцаа хууль ёсны явагджээ, ингэж ингэж гэрээ, хэлцэл байгуулсан байна, гэрээний хэрэгжилт явагдсан байна гэж дүгнэсэн байгаа юм. Энэ нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт авагдсан гэрээ, хэлцэлд болоод байгаа үйл баримтуудаас дүгнэхэд 3 шүүгдэгчийн хувьд тухай бүр нь өөр өөр шинжүүд илэрч байна. Э.Одончимэгийн хувьд зөвхөн зуучлагч байсан. Э.Одончимэг нь зуучлагчийнхаа үйл ажиллагааныхаа хүрээнд байрыг худалдаж авах хүнтэй нь зуучлаад орхих үүрэгтэй. Тэгээд зуучлалын үйл ажиллагаа зогсох ёстой байсан. Гэтэл Э.Одончимэг энэ хүрээнээс хальж, Б.Сүхбаатар болон Б.Өнөрбаяр нартай уулзуулсан. Сүүлд нь бүх гэрээ, хэлцлүүдэд гарын үсгээ зурчих гээд зуруулдаг, хамт явдаг. Тэгэхээр Э.Одончимэгийг зуучлалын гэрээний зуучлагч гэж иргэний эрх зүйн талаас дүгнэх ямар ч боломжгүй. Б.Өнөрбаярын хувьд анх хохирогчтой худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч Э.Одончимэгийн зуучлалын дагуу уулзаж, байрыг 3 нөхцөлөөр худалдаж авахаар болсон. Энэ тохиролцоо хийгдсэн байж болно. Гэхдээ энэ тохиролцоо цааш бодитой хэрэгжээгүй, байр И.Болдхүүд зарагдсан. И.Болдхүүгийн гэрчийн мэдүүлэгт “би Э.Одончимэг, Б.Өнөрбаяр, хохирогч нартай анхнаасаа уулзаж тохиролцоо хийгээгүй, би н.Баттулгатай гэрээ хийсэн” гэж мэдүүлдэг. н.Баттулга нь Б.Өнөрбаяртай обойг 350.000.000 төгрөгөөр худалдаж аваад барьцаанд тавьсан. Тэгээд обойгоо барьцаанаас гаргахын тулд ийм зүйл хийсэн гэж мэдүүлсэн. Ийм үйл баримт болоод байхад сүүлд И.Болдхүү хохирогч Ц.Болормаа хоёр арилжааны гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ гэрээ иргэний эрх зүйн бодит байдлаа илэрхийлж хийсэн гэрээ биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Анхан шатны шүүх уг гэрээг цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгож дүгнээд байгаа. Хохирогч Ц.Болормаа Б.Өнөрбаяр болон Э.Одончимэг нартай хийсэн хэлцлийнхээ дагуу обойгоор байр авахыг зөвшөөрчхөөд өөрөө Б.Сүхбаатарыг олсон бол өөр хэрэг юм. Гэтэл Б.Сүхбаатарыг Э.Одончимэг олж ирж хохирогчтой уулзуулсан. Тэгэхээр Б.Сүхбаатар, Э.Одончимэг, Б.Өнөрбаяр нар нь хохирогчтой иргэний эрх зүйн харилцаанд оролцож байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Энэ гэрээ хэлцлүүд нь бүх үйл явдал болоод дууссаны дараа бараг хийгдээд байгаа. Тухайлбал, энэ 3 гэрээний огноог харвал худалдах, худалдан авах арилжааны гэрээ нь 01 дүгээр сарын 29-ний өдөр хийгдэж, Б.Сүхбаатар, Ц.Болормаа нарын хоорондын худалдах, худалдан авах гэрээ 01 дүгээр сарын 22-ны өдөр хийгдэж байх жишээтэй. Бодит үйл явдлаас үзвэл Б.Сүхбаатар обойгоо авчхаад тэгээд зарах талаараа хохирогчтой тохирох ёстой. Гэтэл арилжааны гэрээ үндсэн худалдах, худалдан авах гэрээнээс өмнө хохирогчтой гэрээ байгуулсан. Тэгэхээр болсон үйл явдал нь гэрээтэйгээ тохирохгүй, огнооны хувьд зөрүүтэй байгаа нь дүр эсгэж, хохирогчийг төөрөгдөлд оруулсан гэрээ байна гэдгийг анхан шатны шүүх бүх талаас нь бодитой дүгнэлт хийгээгүй, иргэний эрх зүйн харилцаа гэрээний дагуу хэрэгжсэн байна гэж дүгнэж, шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, хэрэгт дээр дурдсан нотлох баримтуудаас гадна гэрчийн мэдүүлгүүд байна. Гэрчийн мэдүүлгүүд нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг нотлоод байгаа буюу залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж нотолсон яллах талын нотлох баримтуудыг шүүх хэрхэн үгүйсгээд байгаагаа тодорхой дурдаагүй. Тухайлбал, энэ үйл баримтын гол зангилаа болох И.Болдхүүд байр зарагдсан үйл баримт нь хохирогчийг илт хуурч, байрыг өөр танихгүй хүнд худалдаад байгаа гол асуудал байхад үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ “тодорхой шалтгааны улмаас И.Болдхүүд зарсан” гэж дүгнэсэн. Энэ нь гол үйл явдал байхад И.Болдхүүд байрыг зарсан үйлдэлд зөв дүгнэлт хийгээгүй. Хохирогч, И.Болдхүү нар огт харилцаагүй байхад яаж иргэний эрх зүйн харилцаа болоод тэгээд тэрийгээ зөв дүгнэхгүй, тодорхой шалтгааны улмаас И.Болдхүүд байрыг зарсан гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж байгаа нь өрөөсгөл байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй шийдвэрлэсэн учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Анхан шатны шүүх дээрх нөхцөлүүдийг нягт шалгасны үндсэнд цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Прокуророос Э.Одончимэг, Б.Өнөрбаяр, Б.Сүхбаатар нарыг урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг зарах нэрийдлээр бусдад шилжүүлэн залилж иргэн Ц.Болормаад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Э.Одончимэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Б.Өнөрбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх ба гэмт этгээдийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шалтгаант холбоо нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Залилах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэмт этгээдийн санаа сэдэл, тухайн гэмт хэргийг үйлдсэн арга буюу объектив талын шинж болох үйлдлийн диспозицид дэлгэрэнгүй заасан өмчлөх эрхийн бусад гэмт хэрэг, иргэний эрх зүйн зөрчлөөс ялган зүйлчилж үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ц.Болормаа нь 2020 оны 10 дугаар сард нөхөр Б.Баясгалангийн ажлын хөлсөнд бартераар авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамжны 51а байрны 10 тоотод байх 161.70 мкв талбайтай, таван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор ажил хэргийн шугамаар урьд харилцаатай байсан гэх “Ремакс скай” үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент ажилтай Э.Одончимэгтэй холбогдож, уг орон сууцыг 291.060.000 төгрөгөөр худалдан борлуулахаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучлах” гэрээг /2хх 60-62/ байгуулсан;
орон сууцыг худалдан борлуулахаар зар байршуулсан үед Б.Өнөрбаяр нь Э.Одончимэгтэй холбогдож, “дээрх орон сууцыг бартераар буюу 210.000.000 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг обой, 55.000.000 төгрөгийн үнэ бүхий Nissan Xtrail автомашин, үлдэгдэл 15.000.000 төгрөгийг бэлнээр өгөх боломжтой эсэх талаар ярилцаж, 5000 ширхэг обой нь Банк бусын барьцаанд байгаа тул чөлөөлөөд, бартерт өгөх боломжтой гэсэн санал гаргасныг Э.Одончимэг нь Ц.Болормаад дамжуулан мэдэгдсэн;
шүүгдэгч Б.Сүхбаатар нь М.Галя гэгчээр дамжуулан Э.Одончимэгт обой худалдан авах шаардлагатай байгаагаа хэлснээр Э.Одончимэг нь хохирогч Ц.Болормаа, түүний нөхөр Б.Баясгалан нартай Б.Сүхбаатарыг холбож өгсөн;
шүүгдэгч Б.Өнөрбаярын байрны үнэнд шилжүүлэн өгөхөөр тохирсон 5000 ширхэг обой нь “Итгэлт Капитал” ББСБ-тай байгуулсан зээлийн барьцаанд байсныг чөлөөлүүлж, обойг 212.500.000 төгрөгөөр үнэлж, И.Болдхүүгийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэн /И.Болдхүүгээс 3 ширхэг автомашин гаргуулан обойг зээлийн барьцаанаас чөлөөлсөн тул түүний нэр дээр шилжүүлсэн/, И.Болдхүүгээс Ц.Болормаад үл хөдлөх эд хөрөнгө арилжсан үнэ 212.500.000 төгрөгийн үнийн дүнд 1 ширхэг нь 42.500 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг обойг хүлээлгэн өгсөн гэрээг байгуулсан /4хх 3-4, 2хх 50, 65-66/;
Б.Өнөрбаяраас Ц.Болормаагийн Хаан банкны дансанд 15.000.000 төгрөгийг 2021 оны 06 сарын 06-ны өдөр шилжүүлэн төлсөн /2хх 70/, Nissan Xtrail маркийн автомашиныг 55.000.000 төгрөгөөр үнэлж, Ц.Болормаад худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн /3хх 22-24/;
Ц.Болормаа нь нөхрийн хамт обойгоо зарахаар Б.Сүхбаатартай 5000 ширхэг обойг 212.500.000 төгрөгөөр зээлээр худалдан борлуулах гэрээ байгуулж, урьдчилгаа 12.500.000 төгрөгийг даруй төлөх, үлдэгдэл төлбөрийг 2 хувааж, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар гэрээнд заасан /2хх-ийн 63-64/;
дээрх гэрээний дагуу Ц.Болормаа нь 5000 ширхэг обойг 212.500.000 төгрөгөөр Б.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн, Б.Сүхбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээгээр заасан үүргийг бүрэн гүйцэтгээгүй, үүрэг биелэгдээгүйгээс маргаан бүхий асуудал үүссэн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон байна.
Дээр дурдагдсан хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд, хохирогч Ц.Болормаа нь нөхөр Б.Баясгалангийн ажлын хөлсөнд бартераар авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамжны 51а байрны 10 тоотод байх 161.70 мкв талбайтай, таван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор Үл хөдлөх хөрөнгө зуулчлалын газарт хандаж, зуулчлалын дагуу уг орон сууцыг бартераар буюу 210.000.000 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг обой, 55.000.000 төгрөгийн үнэ бүхий Nissan Xtrail автомашин, 15 сая төгрөгт тооцож шүүгдэгч Б.Өнөрбаярт худалдан борлуулсан, Б.Өнөрбаяр нь төлбөр тооцоо болох 5000 ширхэг обойг И.Болдхүүгээс авсан гурван автомашины хоёроор нь банк бусаас чөлөөлж, Ц.Болормаад хүлээлгэн өгсөн, мөн Nissan Xtrail автомашин, 15 сая төгрөгийг шилжүүлэн өгч дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл бий болжээ.
Түүнчлэн, хохирогч Ц.Болормаа нь шүүгдэгч Б.Сүхбаатарт 5000 ширхэг обойг нийт 212.500.000 төгрөгт тооцож худалдахаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгч Б.Сүхбаатар нь обойг хүлээн авч, бусдад зарж борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, огт байхгүй обойг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзэх болон санхүүгийн хүндрэлтэй бодит байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” гэж ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдсэн, хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр, хууль бус гэж тооцогдоогүй байх ба хохирогч Ц.Болормаа нь дээрх нөхцөл байдлуудыг мэдэж, өөрөө хүсэж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, хохирогчийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх баримтгүй байх тул түүнийг хүсэл зоригоо илэрхийлж иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж үзнэ.
Харин, хохирогч Ц.Болормаа, шүүгдэгч Б.Сүхбаатар нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл буюу төлбөрийг 3 хувааж төлөх нөхцөл байдалд эхний төлөлтийг хийж, сүүлийн 2 төлөлтийг хийгээгүйн улмаас уг маргаан бүхий нөхцөл байдал үүссэн учраас Ц.Болормаагийн хувьд “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байна.
Дээрх үндэслэлээр Э.Одончимэг, Б.Өнөрбаяр, Б.Сүхбаатар нарт холбогдох хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Жаргалан нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ...” гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэн энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЦТ/111 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ...” гэснийг “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Б.Жаргалан нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА