| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0081/э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 90
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн А ургийн овогтой О-ын С-д холбогдох эрүүгийн 1835000270052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Өндөрхангай сумын сум дундын эмнэлэгт лаборант ажилтай, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р баг 03-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОС89051401, А ургийн овогтой О-ын С .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.С нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт хохирогч Х.П-ийн нүүрэн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ/ яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.С нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт хохирогч Х.П-ийн нүүр /дух, зүүн хөмсөг /-ний хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.П-ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өгсөн : “ Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ 2 найзтайгаа 1 шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи хувааж уучхаад 2 найзыгаа хүргэж өгөх гээд дүү П-ийн гэрт ороход П гэртээ байгаагүй, харин эхнэр С нь ганцаараа байсан тул би С-аас “Машины түлхүүрээ өгөөч” гэж хэлэхэд С : “Машины түлхүүр байхгүй” гэж хэлэхээр нь би юм хэлэхгүй гараад явсан. Тэгээд гэрлүүгээ ороход гэрт байсан манай 2 найз явчихсан байхаар нь С-ыг машины түлхүүр өгөөгүйд нь уур хүрээд П-гийн гэрлүү дахин орохоор гарахад манай эхнэр надтай хамт гарсан ба тэднийд ороход С ганцаараа байхаар нь би С-д хандаж “ Пизда минь, манай дүүгийн гэрээс зайл” гэж хэлсэн. Тэр үед С угаалтуурт гараа угаагаад зогсож байсан ба би баруун талаар яваад орон дээр очоод сууж байгаад босох үед С “чамайг алсан ч яадаг юм, та нар намайг байнга хөөж байдаг” гэж хэлээд галын доод талд байсан модны савнаас жижиглэж хагалсан, гал түлэх хэмжээтэй 2 ширхэг мод аваад баруун гартаа байсан модыг над руу шидсэн. Уг мод нь миний баруун хөмсөг, духны хэсэгт онож, духны хэсэг язраад цус гарахаар нь би уурлаад С-ийн мөрөн дээр гараараа цохисон. Тэр үед манай эхнэр бид хоёрыг салгахад С гэрээс гараад хаалгаа гадна талаас нь дарж байгаад надтай хэрэлдээд, намайг хэл амаар доромжлоод байсан тул миний уур хүрээд П-гийн гэрийн хойморт нь байсан станцыг аваад галын тийшээ нь шидсэн юм. С гэрээсээ гарчихаад миний утас руу залгаад намайг хэл амаар доромжилсон учир би уур хүрсэн. Би П-гийн гэрт байхдаа эхнэр Г-тай маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Мөн манай гэрт ирсэн 2 залуутай би маргалдаж зодолдоогүй. С намайг модоор цохьчихоод гарч зугатаахдаа цоохор өнгийн плажтай байсан байх. Тухайн үед С архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би дух болон хөмсгөндөө нийт 5 оёдол тавиулсан. Одоо миний толгой өвдөөд байдаг болсон. С-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү, С-д гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11/,
гэрч С.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “ 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манайд нутгийн залуу болох А, Э хоёр ирж манай нөхөр П “Ерөөл” нэртэй 1 шил 0.75-н архи задалж хувааж ууцгаасан юм. Тэгээд П тэр хоёрыг “П-гийн машинаар хүргэж өгнө” гэж хэлээд гараад явсны дараа тэр хоёр “П-ийг одоо унтуулаарай” гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа П гэрт ууртайхан орж ирчихээд удалгүй гэрээс дахин гараад явахаар би араас нь дагаад гарсан юм. Тэгээд П-гийн гэрт ороход П-гийн эхнэр С гэртээ ганцаараа байсан бөгөөд П С г “Пизда минь зайл” гэж хэлэхэд С гараа угааж байгаад гэнэт босож ирээд “Чамайг ер нь алсан ч яахав” гэж хэлээд галын хажууд байсан хайрцагтай түлээнээс 2 ширхэг мод аваад манай нөхөр лүү шидсэн. Тэгтэл уг шидсэн мод П-ийн дух болон хөмсгийг онож, хөмсөг нь задарч цус гарахад П уурлаад “Чамайг даа” гэж хэлээд С луу дайрахаар би дундуур нь ороод барьж авч байх хооронд нэг удаа С-ыг гараараа цохисон. Тэгтэл С гэрээсээ гараад зугатаасан, би нөхрөө аваад гэрлүүгээ орсон. Гэртээ ороод П-ийн дух, хөмсөгнөөс гарсан цусыг тогтоох гэсэн боловч тогтохгүй байхаар нь П-ийн төрсөн ах Н-ийг утсаар дуудахад удалгүй Н ах эхнэр А-ын хамт манайд ирсэн. Тэгээд бид нар П-ийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд их эмч М П-ийн дух хэсэгт нь 4 оёдол, хөмсөг хэсэгт нь 1 оёдол тавьсан юм. Энэ асуудал болсны дараа С надруу гар утсаар 2-3 удаа залгаад “Чи эмнэлэг дээр болон бусад газруудаар явахдаа хүмүүст “С манай нөхрийг зодож, цохисон” гэж хэлж явна гэж би сонслоо. Тэгж хэлж, ярьж явахаа боль авгай минь” гэж намайг дарамталсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С манай гэрт орж ирээд “Чи ямар сүнсгүй бузар вэ. Юу гээд эмнэлгээр худлаа яриад яваад байгаа юм” гээд намайг хэл амаар дарамталж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
гэрч С.Г-ийн дахин мөрдөн байцаалтад өгсөн: “ ....Тухайн үед П-ийн толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь П-гийн гэрт байсан 00-ын цаас авч нөхрийнхөө толгойноос гарч байсан цусыг тогтоох гэж хэд хэдэн удаа арчиж тэдний гэрт хаясан. Би П-гийн гэрт нөхрийнхөө толгойноос гарч байсан цусыг тогтоох гэж оролдож байтал С П-ийн утас руу залгасан ба тэр С-тай утсаар ярьж байхдаа уурлаж гар утсаа шидэж хагалаад, дараа нь тэдний гэрийн зурагтны станцыг аваад шидсэн. Тэгээд би нөхрөө дагуулж гэрлүүгээ орсон. Энэ жил хадам дүү П болон манайх хадам ээжийн хашаанд хамт өвөлжсөн юм. Бэр С миний нөхрийг модоор цохихдоо унтлагын, ханцуйгүй алаг плажтай байсан, гэрээс гарахдаа тухайн үед өмсөж байсан хувцастайгаа гарсан. ....С , П нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хот руу мах ачиж явсан ба манайх 54 бог нядалж өгч явуулсан. Тэд нар Улаанбаатарт очиж махаа худалдаад мөнгөөрөө машин худалдаж аваад ирсэн. Тухайн үед С “Та нарын өгч явуулсан махны үнийг манайх машин худалдаж авахад зарцуулсан. Та хоёрт мөнгөний хэрэг байгаа юм уу, мөнгөний бололцоотой болохоороо өгнө” гэж хэлсэн ба манай нөхөр П “ та хоёр одоохондоо 500.000 төгрөг олоод өгчих гэж хэлсэн” гэж хэлсэн, би бас тухайн үед тэр 2-т хандаж : “Манай хонь хариулж байсан хүн хөлсөө нэхээд байна, бага ч гэсэн мөнгө өгчихгүй юу” гэж хэлсэн боловч бид нарт мөнгө өгөөгүй байсан. Тэгээд С П-ийг зодоод 2 хоносны дараа хадам дүү П бид нарт өгөх ёстой мөнгө болох 1.630.000 төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн. Тэр үед би хадам дүү П-д “Танай эхнэр манай нөхрийн толгой руу модоор цохиж хагалсан. Чи эхнэртээ хэлээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би Өндөрхангай сумын сум дундын эмнэлгийн дарга болон мэс заслын эмч ажилтай юм. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ байж байтал над руу манай эмнэлгийн ээлжийн байсан сувилагч О гар утсаар залгаад “Эмнэлэг дээр нэг хүн ирлээ. Толгойндоо гэмтэл авсан, цус гарч байна” гэж хэлсэн юм. Тэгээд би эмнэлэг дээр очиход тус сумын иргэн П ирсэн байсан ба түүнийг үзэхэд дух болон зүүн хөмсөг нь задарсан байсан тул шаардлагатай эмчилгээ хийхийг сувилагч О-т зааварчилж өгөөд мэс заслын оёдол тавихад бэлтгэсэн. Тэгээд би мэс заслын сувилагч П-гийн хамт иргэн П-ийн дух хэсэгт мэс заслын 4 оёдол, зүүн хөмсөг хэсэгт нь 1 мэс заслын оёдол тавьчихаад шаардлагатай эм, тариа хийх зааврыг ээлжийн сувилагч О-т өгсөн. Тухайн шөнө П-д ээлжийн сувилагч эмчилгээ хийж ажиглаж хоносон юм. Би тухайн үед П нь ямар хүчин зүйлээс болж дух болон зүүн хөмсөг нь задарсан гэдгийг мэдээгүй бөгөөд энэ талаар асуухад П надад хэлээгүй юм. Намайг П-д эмчилгээ хийж байхад түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
гэрч Д.О-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би Өндөрхангай сумын сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч ажилтай юм. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ээлжтэй байхад тус сумын иргэн П-ийн дух хэсгээс нь нилээн цус гарсан байдалтай нүүр нь цус болчихсон ирсэн ба манай эмнэлгийн П сувилагч хамт ирсэн. Тэгээд би П-ийг үзэхэд түүний дух болон зүүн хөмсөг нь задарсан байдалтай байхаар нь шархны эргэн тойронд урссан цусыг нь арчиж цэвэрлэсэн. Тэгээд их эмч М-ыг гар утсаар дуудаж ирүүлсэн. М эмч П-ийг үзээд “Өвчин намдаах, цус тогтоох тариа хий” гэж хэлсэн тул би тариа хийсэн. Тэгээд их эмч М мэс заслын сувилагч П-гийн хамт мэс заслын оёдол тавих шаардлагатай байна гээд оёдол тавьсан бөгөөд тухайн үед П нь ямар хүчин зүйлээс болж дух болон зүүн хөмсөг нь задарсан гэдгийг мэдэхгүй. Намайг П-д эмчилгээ хийж байхад түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
гэрч Ж.П-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би Өндөрхангай сумын сум дундын эмнэлгийн мэс заслын сувилагч ажилтай юм. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ байж байтал над руу эмнэлэгт хамт ажилладаг С гар утсаар залгаад “Та манайд хурдан хүрээд ир” гээд байхаар нь би гэрт нь очиход С гэртээ ганцаараа уйлчихсан сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад С надад “Манай нөхрийн ах П манайд согтуу орж ирээд машины түлхүүр асуухаар нь би “Нөхөр аваад явсан” гэж хэлсэн чинь миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би П руу мод авч шидчихээд зугатаад гараад явсан” гэж хэлсэн юм. Тэгээд С бид хоёр П-ийн гэрт ороход П-ийн дух болон зүүн хөмсөг нь задарсан байсан тул тэднийд байсан ах, дүү нарынх нь хамт П-ийг аваад эмнэлэг явсан юм. Эмнэлэг дээр очиход ээлжийн сувилагч О их эмчийг дуудсан бөгөөд удалгүй их эмч ирээд задарсан хэсэгт нь мэс заслын оёдол тавьсан. Их эмчийг П-ийн биед оёдол тавьж байхад би хамт ажилласан бөгөөд П-ийн духан дээр мэс заслын 4 оёдол, зүүн хөмсөг дээр нь 1 мэс заслын оёдол тавьсан юм. Би тухайн үед ямар хүчин зүйлээс болж П-ийн дух болон зүүн хөмсөг задарсан гэдгийг мэдээгүй. Намайг П-д эмчилгээ хийж байхад түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
гэрч Ц.А-ын хэрэг бүртгэлтэд өгсөн : “ 2018 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 22 цаг өнгөрч байтал Г миний утас руу залгаж “С , П хоёр зодолдоод байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Н-ийн хамт хадам дүү П-ийн гэрт очиход хадам дүү П-ийн нүүр ам, гар, хувцас хунар нь цус болчихсон байдалтай сууж байсан юм. Мөн архи үнэртэж байсан бөгөөд согтуу байсан. П “С-ыг ална” гэж хэлээд ууртай сууж байсан ба бид нар “Согтуу юм чинь чиний буруу” гэж хэлээд П-ийг гаргаагүй. ....сүүлд бэр Г-аас сонсоход “С П-той маргалдаж байгаад түлшний мод авч шидэж толгой руу нь оносон” гэж хэлж байсан. Би тухайн үйл явдлыг өөрөө нүдээрээ хараагүй юм. Тухайн өдөр бэр Г нь П-ийн толгой, хөмсөгнөөс гарч байсан цусыг тогтоох гээд арчаад сууж байсан, тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан шинжгүй байсан юм. Бид нар П-ийн гэрт байтал бэр С орж ирээд “Намайг яахаараа та нар байнга ингэж байдаг юм бэ” гэхэд П босож ирэх гэж зүтгээд байхаар нь миний нөхөр Н бэр С-ыг “Чи дуугүй гараад зайлаад өг” гэж хэлэхэд “Муу сайн хулгайч нар” гэж хэлээд С П-ийн гэрээс гарч явсан. Бэр С их түргэн ууртай, омогтой, амандаа орсон үгийг шууд хэлдэг, хэрүүлч, худал ярьдаг хүн юм. Манай нөхрийн талын ах, дүү нарын хүмүүсийг болон нас барсан эцгийг нь “Дүлий Х-ийн хулгайч нар” гэж доромжилдог. Мөн хүнтэй хэрэлдэж маргалдахдаа гартаа таарсан мод, чулуу, хутга юу байна тэрнийгээ шиддэг хүн юм. Тухайн үед С эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “..2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай дүү П-ийн эхнэр Г над руу утсаар яриад “Та манайд хурдан хүрээд ирээч. С П-ийг модоор цохиод дух, хөмсөг хэсгийг нь задалчихлаа” гэж хэлэхээр нь би эхнэр А-ын хамт П-ийн гэрт очиход П, Г болон хүүхдүүд нь байсан бөгөөд П-ийн дух болон зүүн хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан. Би П, Г нараас юу болсон талаар асуухад П “Би С-аас П-гийн машины түлхүүрийг асуугаад орсон чинь над руу мод шидээд миний дух болон хөмсгийг задалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал С манай сумын эмнэлгийн мэс заслын сувилагч П-тэй хамт орж ирээд над руу дайраад “Чи муу хулгайч энд юу хийж байгаа юм” гэж хэлэхээр нь би “Чи энэ хүнийг зодоод цустай нь хутгаад хаясан байгаа юм биш үү” гэж хэлэхэд миний урдаас “Та нар тэгж байхдаа таарсан хүмүүс” гээд хэл амаар доромжилж байгаад гараад явсан юм. Тэгээд П сувилагч П-ийг эмнэлэг рүү аваад явсан. Би тухайн үед П-гийн гэр лүү ороогүй. Намайг очиход П нь байхгүй байсан бөгөөд П-ийг аваад эмнэлэг явах гэж байхад П ирсэн юм. Манай дүү П, бэр С хоёр урьд өмнө нь иймэрхүү асуудал гаргаж байгаагүй. П-гийн эхнэр С нь байнга манай ах дүү нарыг хэл амаар доромжилж дарамталдаг юм. П тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. С манайд бэр болоод 6 жил болж байна. Манай ах дүү нартай холбоогүй, орж гардаггүй юм. С нь ширүүн догшин ааштай, дураараа, хүний хэлсэн үгийг хүлээж авдаггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг хүн юм. Манай бэр С ах дүү нарын дунд худал хэлж хэрүүл маргаан гаргадаг, их худал хуурмаг юм ярьж хүнийг гүтгэдэг хүн байгаа юм. Урьд өмнө нь бас манай ахын хүүхдийн бөгс рүү хутгалж байсан удаатай. Нөхөртэйгээ таарамж муутай, үл хүндэтгэдэг хүн байгаа юм. Манай дүү П нь эхнэр С-ийнхаа дарамтанд байнга байгаа. Монголын уламжлалт баяр Цагаан сараар хүртэл манай дүү П, бэр С хоёр ах дүү нар болон төрүүлсэн ээжийнхээ гэрт хүртэл очиж золгоогүй юм. Манай ах дүү нартай манай дүү холбоогүй болсон. Энэ бүгдэд С-ийн ааш зан нөлөөлж байгаа хэрэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №76 дугаартай: “Иргэн Х.П-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Духны зүүн хэсэг, зүүн хөмсөгний гадна талд язарсан шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.С нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт : “Би П-ийг зодоогүй, энэ хэргийг үйлдээгүй. Би тухайн үед орон дээр сууж байгаад босоод гарах гээд хаалга руу явж байтал П утастай гараараа намайг цохисон. Цаашаа эргээд гарах гэсэн чинь миний плажнаас татаад гаргаагүй. Тэгээд би шкафнаас гурилын мод аваад хойноо шидээд гарч зугатаасан. П надтай зэрэгцэж гараад миний хойноос гүйсэн. Миний шидсэн мод түүний хөмсгийг нь яз цохиогүй байх. Би хөхөрсөн, шалбарсан гэвэл хүлээн зөвшөөрнө. Намайг хашааны хаалга хүртэл хөөсөн. Би өвлийн хүйтэнд дан плажтай хойд талын айлын хашааны үүдэнд зогсоод байсан. Гэртээ орох гэхээр тэр хоёр орилолдоод байсан. Хэр их удсаныг мэдэхгүй байна. Нэг хүн ирж байхаар нь очсон чинь манай нөхөр байсан. Би куртикийг нь авч өмсөөд гэр лүү орох гэсэн чинь хүмүүс дуугараад байхаар нь ороогүй. Би П-д гэмтэл учруулаагүй юм чинь дулаахан гэртээ оръё гэж бодоод цагдаа дуудсан. Гэрт орж ирэхэд станцыг газар шидчихсэн, бүх тавилга цус болчихсон байсан. Манай гэрийг бүр буулгаад / нураагаад /тавьчихсан байсан. Шинэхүү цагдаа 1 удаа орж ирээд манай гэрийн зураг аваад явсан. Би гурилын модоор цохиж гэмтэл учруулсан бол миний плаж цус болох ёстой. Энэ хэрэг намайг гэрээс гараад явсны дараа болсон учраас би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг сарын дараа яллагдагчаар татсан. Миний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоохоор шинжээч томилсон боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна гэсэн дүгнэлт гарсан. Бараг 2 сарын дараа шинжилгээ хийлгэсэн учир миний биед учирсан гэмтэл эдгэрсэн байх. Надад П-ийг зодох шалтгаан байхгүй. Ах дүү нар нийлж намайг гүтгэж байна. П-ийн духанд үүссэн шарх нь манай гэрийн зурагтын станцаар цохиулж үүссэн шарх байсан. Намайг гэрээс гарч явсны дараа П эхнэртэйгээ маргалдаж улмаар түүний дух, хөмсөгний дээд хэсэгт шарх үүссэн гэж үзэж байна. Миний цохилтын улмаас гэмтэл үүсээгүй ” гэж мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт “ ...хэргийн хохирогч Х.П, гэрч А, Н нар нь ах дүү нар юм. Гэрч С.Г бол хохирогчийн эхнэр юм. Энэ хэрэгт ах дүү хүмүүс гэрчээр оролцсон байдаг. О.С-д холбогдох хэрэг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний шөнө гарсан байдаг. 1 дүгээр сарын 11-ний өдөр гэдэг бол өвлийн ид хүйтэн үе, монгол гэрт ихэвчлэн нүүрс түлдэг. Хохирогчийг модоор цохисон гэдэг, ямар модоор цохисон нь тодорхойгүй байна. Гурилын бөөрөнхий модоор цохисон юм уу?, гал түлдэг түлшний модоор цохисон юм уу? гэдэг нь тодорхойгүй. Хохирогч Х.П эхлээд С рүү чиглэсэн довтолгоон хийсэн байдаг, С түүний үйлдлийн эсрэг гурилын мод шидсэн гэх боловч тухайн мод хохирогчийг онож гэмтэл учруулсан эсэх нь нотлогдоогүй. Станцын талаар хохирогчийн эхнэр С.Г мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн газрын зургийг цагдаа нар авсан талаар шүүгдэгч энэ хэрэгт холбогдсон үеэсээ хэлсэн. Гэтэл одоо бүр огт зураг аваагүй гэж яриад байгаа. О.С-ийн хэлсэн бүхнийг худал гээд түүний мэдүүлэгт огт анхаарал тавихгүй байна. Хяналт тавьж байгаа прокурор, мөрдөн байцаалт явуулж байгаа мөрдөн байцаагч нар аль аль талд эрх тэгш хандах ёстой байсан. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурорууд хуульд заасан бүхий л арга хэмжээг авах ёстой. Гэтэл О.С г урьд ял шийтгэл авч байсан гэдгээр нэг талыг барьж шийдвэрлэж байгаа нь зохимжгүй байна. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт авагдаагүй. Нэг айлын хүргэн бэрүүдийн мэдүүлгийг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй байна. Х.П-ийн биед гэмтэл учирсныг үгүйсгэхгүй байгаа. Харин хэн гэмтэл учруулсан тодорхойгүй байна, хэн юугаар хохирогчийг зодсон нь тодорхойгүй байна. Монгол гэрийн хаалга зуух хоёрын хооронд 2-3 метр зайтай байдаг. Энэ хооронд мод шидээд хаана нь цохисон бол эргээд хараад авъя гэж бодох боломж байхгүй. Монгол гэрийн хаалгаар тонгойж гардаг учраас хойноо харах боломжгүй юм. Гэмт хэрэгт тооцох боломжгүй байна, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн нь тус тус үндэслэлгүй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 1дүгээр сарын 11-ний шөнө хохирогч Х.П-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтлийг шүүгдэгч О.С хохирогчтой маргалдах явцдаа учруулсан талаар хохирогч Х.П, гэрч С.Г нар мэдүүлсэн бөгөөд эдгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүдэгч О.С-ийн : “ П-ийн духанд үүссэн шарх нь манай гэрийн зурагтны станцаар цохиулж үүссэн шарх байсан. Намайг гэрээс гарч явсны дараа П эхнэртэйгээ маргалдаж улмаар түүний дух, хөмсөгний дээд хэсэгт шарх үүссэн гэж үзэж байна” гэх мэдүүлгийг нотолсон өөр бусад баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогч Х.П нь эхнэр С.Г-тай маргалдсан, улмаар хоорондоо зодолдсон, С.Г нь хохирогчийн биед халдсан үйлдэл хийсэн гэх нотолгоо хэрэгт авагдаагүй. Нөгөөтэйгүүр шүүгдэгч О.С-ыг хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэх нотолгоо буюу үгүйсгэх, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “ хэргийг хянан шийдвэрлэхэд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, түүнчлэн мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ” гэж тус тус заасан бөгөөд дан ганц шүүгдэгч О.С-ийн “ би Х.П-ийг зодоогүй, энэ хэргийг би үйлдээгүй ” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж түүнийг гэм буруугүй гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Энэ хэргийн хохирогч Х.П, гэрч С.Г нар нэг гэр бүлийн гишүүд, тэд гэрч Х.Н, Ц.А, шүүгдэгч О.С нартай садан төрлийн холбоотой байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдэнд Монгол улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “ өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх” -ийг тайлбарлан өгч, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байх тул дээрхи хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах, нотлох баримтаар тооцохгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл байхгүй байна.
Дээрхи үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ гэр бүлийн гишүүд, ах дүү хүмүүсийн мэдүүлгээр энэ хэргийг нотолж байгаа нь үндэслэлгүй ” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гэр бүлийн гишүүд, ах дүү, төрөл садангийн хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Х.П нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан хүсэлт / нотариатаар гэрчлүүлсэн/-дээ : “ О.С-аас нэхэмжлэх зүйлгүй ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч О.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.С-ийн зан байдлын талаар гэрч Г.М-ын “ О.С нь тус сумын эмнэлэгт лаборантаар ажилладаг бөгөөд сувилагч, лаборант мэргэжилтэй. Тус сумын эмнэлэгт ажиллаад 3 жил болж байгаа юм. Би С-ийн гэр орондоо ямар ааш, зантай байдаг талаар мэдэхгүй байна. С нь хамт олон дунд нэр хүндтэй, хариуцсан ажилдаа эзэн болдог, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг, ажил мэргэжилдээ чадварлаг хүн юм. Ажлын байран дээрээ хамт ажилладаг болон бусад хүмүүстэй маргалдаж байсан талаар сонсож байгаагүй. С нь Өндөрхангай сумын 5-р баг буюу сумын төв дээр нөхөр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Нөхрийг нь П гэдэг бөгөөд хөдөө мал малладаг юм. Хүүхэд нь 5 настай, сумын төвийн цэцэрлэгт явдаг юм. С нь байгууллага, хамт олны нийллэг зугаалганд архи дарс хэрэглэдэг. Өөрөөр энд тэнд архи, дарс хэрэглэж байгаа талаар мэдэгддэггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17/ хэрэгт авагджээ.
Шүүгдэгч О.С-д Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 –д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, ЭХТА-ийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон ба Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 40 тоот шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн дээрх ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол / хх-ийн 39-42/, шүүгчийн захирамж / хх-ийн 89,90/, ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч О.С-ийн хувийн байдал болон улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А ургийн овогтой О-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН