| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0876/З |
| Дугаар | 128/ШШ2025/0966 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул дж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* овогт Д*******ийн Б*******, РД:УХ*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А*******, З.М*******,
Гуравдагч этгээд: Б******* овогт Чын Ж, РД:ЧМ,
Б овогт Мын Н, РД:ХИ,
Б******* овогт Жын Г, РД:УМ,
Т овогт Эгийн Н, РД:УИ,
М овогт Бын Б, РД:УУ нарын хоорондын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, З.М*******, гуравдагч этгээд болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Д.Б*******эд хандан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03/5907 тоот албан бичгээр “... Д.Б*******эд тус дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгож байгаагүй, маргаан бүхий байршилд иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны А/286 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Иймд танаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн.
1.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн Д.Б*******ийн анхлан шударгаар эзэмшин, газрын мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг иргэн Д.Б*******эд олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Д*******ийн Б******* нь гэр бүлийн хамт тус дүүргийн 20 хороо, Х задгайн од 3542 мкв газрыг 2003 оноос хойш эзэмшиж байсан бөгөөд 2004 оноос эхлэн тус 20 хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн газрын албаар дамжуулан Дүүргийн Засаг даргад газар эзэмших гэрчилгээ олгох хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Тус хорооны хаягт оршин суудаг болох нь Хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1865 дугаартай газар нь 3542 мкв талбайтайгаар анх Д.Б*******ийн нэр дээр бүртгэгдсэн, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс бүртгэлгүй болсон болох нь тус газрын Төрийн Захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эын тодорхойлолтоор нотлогдож байхад Баянзүрх Дүүргийн өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн О.Б 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хариу өгөх мэдэгдэлдээ таны хүсэлт гаргасан байршил нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн боловч иргэн Д.Б******* дээрх байршил бүхий газрыг анх өөрийн нэр дээр бүртгүүлээд 12 жилийн хугацаанд уг байршил бүхий газарт өөрийн хөрөнгөөр 160 мкв талбай бүхий 2 давхар амины орон сууц барьж уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байхад төрийн байгууллагын зүгээс таны газрын байршил, бүртгэлд өөрчлөлт орсон талаар нэг ч удаа мэдэгдээгүй, 2020 онд АНУ-д очиж эмчилгээ хийлгэж байгаад буцаж ирэхэд бидний шударгаар эзэмшиж байсан газрын гэрчилгээг нэр бүхий хүмүүсийн нэр дээр олгосныг олж мэдээд эрх бүхий байгууллагад хандсан.
Гэтэл Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас “... Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х хэсэгт Дүүргийн Засаг даргын захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах /хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байдаг. Уг хариуг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн ба уг хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иргэн Д.Б******* төрийн захиргааны байгууллагын дараах үйл ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Үүнд:
1. 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн архивын мэдээлэлд нэгж талбарын 1865 дугаартай, 3542 мкв талбай бүхий газраа 12 жилийн турш өөрийн нэр дээр бүртгэл хийлгэж удаа дараа кадастрын зураг хийлгэж байсан боловч өнөөдрийг өөрийн эзэмшилдээ авах боломжийг төрийн захиргааны байгууллага олгоогүй, өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл гаргаж байсан.
2. Тус дүүргийн Газрын алба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариу өгч газар эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгч байсан уг байршил бүхий газрыг маань бусад иргэдэд хууль бусаар эзэмшүүлсэнд гомдолтой.
3. Иргэн Д.Б*******ийн хөрөнгө гаргаж хувийн орон сууц барьсан газрыг хууль бусаар өмнөх шударга эзэмшигчийн эрхийг зөрчиж бусдад эзэмшүүлсэнд гомдолтой.
4. Одоо өөрийн шударгаар эзэмшиж байсан газраа өөрийн эзэмшилдээ авах талаар хүсэлт гаргахаар 2015 онд өгч байсан хариу мэдэгдэлд зааснаас огт өөр үндэслэлээр буюу бусдын эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцаагүй байна гэсэн шаардлагад нийцээгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэл үгүй, Д. Б*******ийн анхлан шударгаар эзэмшиж байсан газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн иргэн Д.Б*******ийн анхлан шударгаар эзэмшин, газрын мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 20 хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохыг Дүүргийн Засаг даргад уламжлан хүчингүй болгож, дээрх байршилд байгаа газрыг иргэн Д.Б*******эд эзэмшүүлэх гэрчилгээг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд өгсөн бөгөөд уг хүсэлтийн хариуд “хүсэлтэд дурьдсан байршил болох Баянзүрх дүүргийн 20 хороо, Хар усан тохой хэсэгт нэр бүхий иргэдэд Дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагад нийцэхгүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн, уг хариуг эс зөвшөөрч Дүүргийн Засаг даргад Баянзүрх дүүргийн 20 хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгох гомдол гаргасан боловч дээрх агуулга бүхий хариу ирүүлсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Иргэн Д.Б*******ийн анхлан шударгаар эзэмшин, газрын мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 20 хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг бусдад хууль бусаар олгосон гэрчилгээг олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.2-т “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Д*******ийн Б******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тэрээр гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан цахилгаан задран хаягт байрлах 3540 мкв газрыг 2003 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд 2004 оноос эхлэн тус хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын алба болон дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхээ албан ёсоор авч чадаагүй байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээллээр уг газар нь нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв талбайтайгаар н.Баатархишигийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс бүртгэлгүй болсон нь Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албаны үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эын тодорхойлолтоор нотлогддог. Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн н.Б 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн хариу тайлбартаа уг газар нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, ундарга, нөөцийг хомсдохоос хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2995 дугаар захирамжаар тогтоосон хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул олгох боломжгүй гэсэн үндэслэл дурдсан байдаг.
Гэвч хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр тогтоолын хавсралтад Д.Б*******ийн нэхэмжлэлд дурдсан байршил бүхий газар хамгаалалтын бүсэд хамаарахгүй болох нь тогтоогддог. Мөн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Гачууртын зуслангийн бүс нутагт тусгай хязгаарлалт тогтоосон тухай агуулга харагддаггүй, нотлогддоггүй байна. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын I албанаас дүүргийн Засаг даргын захирамжаар Хар усан тохой хэсэгт нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон байдаг.
Гэсэн хэдий ч Д.Б*******ийн хүсэлтэд тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцахгүй байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан байна. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэлд дурдсан нэгж талбарын дугаартай газар нь Болдын эзэмшиж буй газартай огт давхцаагүй болох нь тогтоогдсон байна. Иймд иргэн Д.Б******* нь өөрийн өмнө нь эзэмшиж, нэгж талбарын дугаараар бүртгэгдэж байсан 3542 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргад удаа дараа гаргасан боловч татгалзсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус эс үйлдэл гэж үзэж байна. Уг эс үйлдлийг хууль бус гэж үнэлж, Баянзүрх дүүргийн Засаг даргад дээрх 3542 мкв газрыг иргэн Д.Б*******эд эзэмших эрхээр олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүхэд бичгээр хариу тайлбартаа:
“Иргэн Д.Б*******ийн нэр дээр 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах нэгж талбарын 1865 дугаар бүхий газар нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй, мөн 2017 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн Д.Б******* нарын 6 иргэнээс ирүүлсэн газар хуваах тухай хүсэлт болон хариу өгсөн албан бичиг архивын сан хөмрөгт хадгалагдаагүй байна. Д.Б*******ийн гомдолд хавсралтаар ирүүлсэн баримтын хариуг тус албанаас мэдэгдлээр (2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр) хүргүүлсэн байх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 тоот захирамжаар тогтоосон төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарч байх тул газар эзэмших эрх олгох боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байна.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 тоот захирамжаар тогтоосон төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүс нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор шинэчлэгдэн мөрдөгдсөн бөгөөд тус маргаан бүхий байршил 2021 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд эзэмшүүлэхээр тусгагдаж дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдсон байна.
Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”-ыг тус тус зөрчиж байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/286 дугаар захирамж захирамжаар иргэдэд олгосон газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2017 оны архивд хадгалагдсан Д.Б*******тэй холбоотой баримтуудыг шүүж үзэхэд Д.Б******* нарын 6 иргэний газар хуваах тухай хүсэлт гаргасан байдаг. Шинээр газар эзэмшүүлэх хүсэлт хадгалагдаагүй байгаа” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.Б******* нь тухайн газрыг 2003 оноос эхлэн шударгаар анхлан эзэмшсэн гэх агуулгыг эцсийг хүртэл тайлбарлаж байна. Гэвч Газрын тухай хуулийн 3.1.3-т “газар эзэмших” гэж гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу, хуулиар зөвшөөрсөн хүрээнд газрыг өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж тодорхой заасан.
Үүнээс үзэхэд тухайн үед Д.Б******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, хуульд заасан гэрээний үндсэн дээр газрыг эзэмшээгүй байсан тул анхнаасаа уг газрыг эзэмшиж байсан, шударгаар анхлан эзэмшигч гэх үндэслэлгүй байна.
Анхны хүсэлтийн хариуг 2015 онд өгсөн бөгөөд уг хариутай холбоотой маргаан байгаагүй. Үүний дараа 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор тухайн газар хилийн шугамд орж, дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд иргэдэд газар эзэмшүүлэх боломж 2021 онд нээгдсэн. 2018–2021 оны хооронд Д.Б*******ээс хүсэлт гаргасан гэх нотлох баримт байхгүй. Харин 2021 оноос хойш хуульд заасны дагуу иргэдэд газрыг эзэмшүүлсээр ирсэн. Сүүлд өгсөн газрын албаны хариунд дурдсан “газрын давхцал” гэх ойлголтыг хилийн шугамтай андуурсан шинжтэй байна. Уг хариунд Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг үндэслэсэн.
Өөрөөр хэлбэл, хэрэв Д.Б*******ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олговол одоо хууль ёсоор тухайн газрыг эзэмшиж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж, газар давхцах нөхцөл үүснэ гэсэн агуулгаар хариу өгсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 169 дүгээр тогтоолын хавсралтад дурдсанаар Д.Б*******ийн хүсэлт гаргасан газар тухайн заагт хамаарахгүй гэж үзсэн. Гэвч Гачуурт руу салдаг замын уулзвараас Гачууртын замын урд захаар явж, Гачууртын доод гүүрнээс зүүн тийш хэсэгт маргаан бүхий газар хамаарч байгаа нь тодорхой харагддаг.
Анхны хүсэлтийн үед уг газар онцгой хамгаалалттай бүсэд хамаарч, эзэмшүүлэх боломжгүй байсан бол 2021 оноос хойших хүсэлтийн үед уг газрыг бусдад хууль ёсны дагуу эзэмшүүлсэн тул дахин өөр хүнд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Засаг даргын 2021 оны 286 дугаар захирамж нь хууль ёсны, хүчин төгөлдөр захирамж гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд бичгээр хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч Холигор овогтой Д*******ийн Б******* нь Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой задгай бүхий 3542 мкв газрын кадастрын зурагтай 1865 нэгж талбарын дугаартай газар болон тус газарт байх 2 давхар модон хийцлэлтэй зуслангийн байшингийн хамт худалдахаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн //-тай худалдан худалдан авах гэрээ хийхээр тохиролцож Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ж.Н дээр очсон. Тус нотариатч газар эзэмших, өмчлөх мөн үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй тул хэлцэл хийх аргыг санал болгож 2 тал зөвшөөрөн 2015 оны 06 дугаар сарын 24 өдөр (150624/01) дугаартай хэлцэл хийж тус нотариатаар баталгаажуулсан байдаг.
Хэлцлийн зорилго нь Д.Б******* нь тус газар болон байшинг нийтэд нь 40,000 ам.доллароор үнэлж мөн газар эзэмших гэрчилгээг 60 хоногийн дотор бэлдэж шилжүүлэн өгөх үүрэг хүлээн урьдчилгаа болгон 6,000$-г хүлээн авч хэлцэл хийсэн байдаг. 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Б******* мөнгө хэрэгтэй байгаа тул хэлцлийн үлдэгдэл болох 24,000 ам.доллароос 5,000 ам.долларыг урьдчилан авах хүсэлт тавихад зөвшөөрч тус өдөр мөнгө хүлээн авсан гар бичвэр хийн гарын үсэг зуран хүлээн авсан.
2015 оны 8 дугаар сард Д.Б******* нь тус байшингаас өөрийн бүх юмаа аван нүүсэн байдаг. Түүнээс хойш засварын ажлыг тус байшин, хашаанд хийж ирсэн. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Б******* хэлцлийн хугацаа дууслаа газрын гэрчилгээ хурдан гаргахын тулд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэн үлдэгдэл болох 19.000 ам.доллароос 6.000 ам.долларыг тус өдөр мөнгө хүлээн авсан гар бичвэр хийн гарын үсэг зуран хүлээн авсан.
2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.Б******* нь мөн хэлцлийн үлдэгдлээс 500 ам.долларыг тус өдөр мөнгө хүлээн авч 10.500 ам.доллар үлдсэн гэдгээ бичиж гарын үсэг зурсан. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Б******* хэлцлийн үлдэгдэл болох ам.доллар-г тус өдөр мөнгө хүлээн авсан гар бичвэр хийн гарын үсэг зуран хүлээн авсан. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Б******* нь хэлцлийн үлдэгдэл 5,000 ам.доллар дээр 1.500 ам.долларыг нэмэн 6.500 ам.долларыг нотариат дээр очин хүлээн авч баталгаажуулсан байдаг. Нийт 41,500 ам.долларыг Д.Б*******эд өгсөн байдаг. Энэ өдөр бүх мөнгөө хүлээн авсан тухайгаа баталгаа болгон гараар бичиж нотариатчаар баталгаажуулсан болно.
Тус баталгааны агуулга нь Хэлцлийн дагуу бүх мөнгө болох 40,000 ам.долларыг бүрэн гүйцэт хүлээн авсан тул тус газар болон байшинг Ж овогтой Г болон нар эзэмшиж ашиглахыг үүрд хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн дураар зарж борлуулах, ашиглах, захиран зарцуулах эрхгүй болсон гэдгээ бичин тэмдэглэсэн байдаг. Нэхэмжлэгч тал тус газар өнөөдрийг хүртэл амьдарч байна гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Энэ нь огт ор үндэсгүй худал бөгөөд 2015 оноос хойш Ж.Г тус газар тасралтгүй амьдарч бүтээн байгуулалтыг ажлыг хийн ирсэн. 2015 оны 8 дугаар сард Lee Myung Sook нь өөрийн хөрөнгөөр бетон суурьтай 6 ханатай 3 м гэр, 7 ханатай 1 м гэр тус газар барьсан. 2019 оны 8 сараас 7х18м нийт 126 мкв 1 давхар байрыг тус газар Lee Myung Sook Ж.Г нар хамтран барьсан. 2021 оны намар 7х12м нийт 84 мкв байрыг барьсан.
Д.Б******* нь бусдад газар болон байшинг худалдаж бүх мөнгөө авсны дараа санаатайгаар бидэнд мэдэгдэлгүйгээр нууцаар Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших өргөдөл гаргаж, хууль бусаар газар эзэмшсэн мэтээр худал тайлбар гаргаж хуулийн байгууллагад удаа дараа хандан нэхэмжлэл гаргасан байна.
Тус газрыг Эгийн Н, Бын Б, Мын Н, Чын Ж, Жын Г нар Баянзүрх дүүргийн газрын албанд хуулийн дагуу хүсэлт гаргаж эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулж эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.Б******* нь тухайн газрыг худалдах зорилгоор хэлцэл хийсэн. Уг хэлцлийг Баянзүрх дүүргийн тойргийн дарга н.Н дээр очиж байгуулсан бөгөөд хэлцлийн агуулга нь өөрийн кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй газар болон 165 мкв талбай бүхий байшинг нийт 40,000 ам.доллароор үнэлж худалдахаар тохиролцсон явдал юм. Хэлцлийг кадастрын байгууллагад баталгаажуулсан бөгөөд анх 16,000 ам.долларыг бэлнээр хүлээн авч үлдэгдэл мөнгийг 60 хоногийн дотор газрын гэрчилгээг гаргаж өгсний дараа авах нөхцөлтэйгөөр тохиролцсон байна.
Үүний дараа Д.Б******* нь удаа дараа мөнгө хэрэгтэй гэсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг 4–5 хуваан авсан бөгөөд мөнгө бүрийг хүлээн авахдаа гараар бичсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 6,500 ам.долларыг хүлээн авахдаа нотариатын газарт очиж хэлцлийн дагуу бүх төлбөрийг бүрэн хүлээн авсан тухай баталгааг нотариатаар гэрчлүүлсэн байдаг.
Мөн тухайн өдөр нотариатын газарт өөрийн гараар бичиж, уг газрыг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Г болон Ж овогтой Г нарт захиран зарцуулах, эзэмших эрхийг үүрд олгож байгаагаа илэрхийлэн нотариатаар баталгаажуулсан болно.
2015 оноос хойш Ж овогтой Г миний бие тухайн газарт 10 жилийн хугацаанд тасралтгүй амьдарч, тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийж ирсэн. Гэвч хэлцэлд тусгагдсан газрын гэрчилгээг гаргаж өгөх үүргээ Д.Б******* биелүүлээгүй тул олон жилийн турш утсаар холбогдож, гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч эцэст нь “та нар өөрсдөө гаргуул” гэх хариу өгч улмаар ор сураггүй алга болсон. Одоогоор түүний хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд бид 2021 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж хуулийн дагуу хүсэлт гаргаад уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авсан” гэв.
4.3. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь тодотгосон нэхэмжлэлийн шаардлага болно. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, од байрлах, 18 дугаартай, 3542 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй, хууль бус хэллэг, хандлагыг тогтоолгохоор нэхэмжилж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх, хамгаалуулах зорилгоор гаргасан өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж тодорхой заасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд, тухайн иргэн 2015 онд газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлт нь хамгаалалтын бүсэд хамаарч байсан тул газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгч, өргөдлийг шийдвэрлэсэн байна. 2017 онд дахин гаргасан хүсэлт нь шинээр газар эзэмших хүсэлт байсан эсэх, эсхүл тухайн бүсэд өмнө нь эзэмшиж байсан газраа хуваах тухай хүсэлт байсан эсэх нь тодорхой бус байна.
Харин 2024 онд гаргасан хүсэлтэд Баянзүрх дүүргийн Засаг даргаас уг газар нь бусдын эзэмшил, ашиглалтад хууль ёсоор олгогдсон, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “давхцаагүй байх” шаардлага хангагдахгүй тул газар эзэмших эрх олгох, гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн үндэслэлтэй хариу өгч, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Иймд захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл орхигдуулсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огт тогтоогдохгүй байна гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн газрын талаар анх тохиролцоо хийж, газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу гаргуулах зорилгоор холбогдох зардлыг хамтран шийдвэрлэх асуудал яригдаж байсан бөгөөд тухайн үед санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан хамтран ажиллаж байсан Солонгос иргэнээс хөрөнгийг гаргуулсан байна.
Иймд уг Солонгос иргэн төлбөрийн болон хэлцэлтэй холбоотой баримтуудад өөрийн нэрийг оруулсан боловч гуравдагч этгээд болон Солонгос иргэдийн хооронд ямар нэг тооцооны маргаан үүсээгүй. Мөн өөрийн эцэг, эх, ах дүү зэрэг хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс газар эзэмших эрх нээгдсэнтэй холбогдуулан хуульд заасны дагуу хүсэлт гаргасан бөгөөд Д.Б*******тэй холбоотой маргаан байхгүй гэж үзсэн.
Үүний дагуу Баянзүрх дүүргийн газрын алба хүсэлтийг хүлээн авч, Ж.Г болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд газар өмчлөх, эзэмших эрх олгох тухай захирамж гарган, гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байна. Ийм нөхцөлд тухайн нэгж талбар буюу 18 дугаартай 3542 мкв газрыг давхардуулан олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд хариуцагчийн зүгээс гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б*******ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Иргэн Д.Б*******ийн анхлан шударгаар эзэмшин, газрын мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг иргэн Д.Б*******эд олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
2. 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохой нэртэй газарт 3542мкв газрыг мэдээллийн санд бүртгүүлж хүсэлт гаргасан боловч эзэмшүүлэхээс татгалзаж эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцээд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд Б.Б, Ч.Ж, М.Н, Ж.Г, Э.Н нарт тус бүр 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
5. Нэгж талбарын 1865 дугаар бүхий 3542 мкв газар нь 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч Д.Б*******ийн нэр дээр газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэлтэй байсан байх боловч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба газар эзэмших харилцаа нь газар эзэмших тухай хүсэлтэд үндэслэхээр хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зохицуулсан хуулийн зохицуулалтуудын дагуу Д.Б*******ийг маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэхээргүй байна. Учир нь:
5.1. Дээрх нэгж талбарын дугаар бүхий 3542 мкв газрыг эзэмших тухай 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд Баянзүрх дүүргийн Газрын алба/хуучин нэршил/-ны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 839 дугаартай “Хариу өгөх мэдэгдэл”-ээр “...таны хүсэлт гаргасан байршил нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 тоот захирамжаар тогтоосон төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул газар эзэмших эрх олгох боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байх бөгөөд энэхүү хариуг эс зөвшөөрч гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан.
5.2. Мөн газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдсэний дагуу Д.Б*******эд тухайн газрыг эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гарч байгаагүй байна.
6. Харин нэхэмжлэгч Д.Б******* нарын 6 иргэнээс газар хуваах тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар 02-ны өдөр гаргасан нь тус албаны өргөдлийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байх боловч уг өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, уг өргөдлүүд архивт хадгалагдаагүй талаарх тайлбарыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараагийн албан бичгүүдээр ирүүлсэн.
7. Иргэний гаргаж байсан өргөдөл хүсэлт архивт хадгалагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2017 оны хүсэлт нь эзэмшиж байсан газраа хуваах гэсэн агуулгатай, Д.Б*******эд газар эзэмших эрх олгогдоогүй тул энэ газарт хамаарахгүй хүсэлт байх магадлалтай” гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагчаас тухайн өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн талаарх аливаа баримтыг гаргаж ирүүлээгүй.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар хуваах тухай дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй өнөөдрийн хүрсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзнэ.
9. Өөрөөр хэлбэл,нэхэмжлэгчээс газар хуваах тухай хүсэлт гаргасан талаар бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамж гарснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй болсон, тодруулбал, маргаан бүхий 3542 мкв газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар тус байршилд газар эзэмшсэн гуравдагч этгээд Б.Б, Ч.Ж, Э.Н нарын газартай бүхэлдээ, М.Н, Ж.Г нарын газартай хэсэгчлэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3678 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, хавсралт зургуудаар тогтоогдож байхад нэхэмжлэгч нь уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлд дурьдаагүй асуудал буюу гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүй, гуравдагч этгээдүүдийн эзэмшилд нэгэнт олгогдсон газар дээр Д.Б*******эд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах боломжгүй юм.
10. Түүнчлэн Маргаан бүхий газарт гуравдагч этгээд Б.Б, Ч.Ж, М.Н, Ж.Г, Э.Н нар нь хашаа байшин барьж оршиж сууж байгаа талаар шүүхээс хийсэн үзлэгийг үед тайлбарласан ба нэхэмжлэгч талаас тус газарт одоо оршин суудаггүй, тус газарт баригдсан нэг байшин/дүнзэн/-г БНСУ-ын иргэн Л-т худалдсан тухайдаа маргаагүй.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримтыг иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж тайлбарласан.
12. Харин Д.Б******* нь өөрийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдсэн байсан газрыг шилжүүлэх тухай хэлцэл хийж нотариатаар батлуулснаар газар эзэмших тухай хүсэлтээсээ татгалзсан гэж үзэхээр байна. Тодруулбал,
12.1. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Д.Б*******/РД:УХ*******/ болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн нарын хооронд 150624/01 дугаартай “... Д.Б*******ийн нэр дээр кадастрт бүртгэлтэй байгаа Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, задгай од байрлах газрын албанд бүртгэлгүй, 3542мкв газрыг ашиглах, 165мкв талбайтай, амины орон сууцны зориулалттай улсын бүртгэлд бүртгүүлээгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ мөн дээрх газрыг газрын эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 4000ам.доллараар харилцан тохиролцсон…” гэх агуулгатай хэлцэл байгуулсан нь нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 4171 дугаар бүртгэгдсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 14 дахь тал/.
12.2. Уг хэлцлийн төлбөрт 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5000 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ам.6000 доллар, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2500 ам.доллар, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ам.5500 доллар тус тус өгсөн, авсан болохыг мөн нотариатаар гэрчлүүлжээ.
12.3. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7281 дугаар “Мөнгө хүлээлцсэн тухай” бичигт “... 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цаг 10 минутад нотариатын байранд хүлээлгэн өгөв. Нийт 6500 доллар буюу 12,948,000 төгрөгийг хүлээлцэв. 100 долларын дэвсгэртээр 65 ширхэг. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн иргэд хоорондын хэлцлээр тохиролцсоны үлдэгдэл мөнгө болно” гэжээ.
12.4. Мөн Д.Б******* нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Иргэд хоорондын баталгаа”-аар “... 40000 ам.долларыг бэлнээр, бүрэн гүйцэд хүлээн авлаа. Уг газар болон байшинг Г болон М нарын эзэмшилд ашиглуулахыг(үүрд) зөвшөөрч байна…” гэх баталгааг гаргасан нь нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 877 дугаарт бүртгэгдсэн байна.
13. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Д.Б******* нь маргаан бүхий газарт байрлах байшингаа, газрын хамт өөр этгээдэд шилжүүлж, уг газрыг эзэмших тухай хүсэлтээсээ бодитоор татгалзсан гэж үзэхээр байгаа нь хариуцагчаас Д.Б*******ийн газар хуваах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйн үр дагаварыг арилгажээ.
14. Иймд дээр дурьдсан үндэслэлээр Д.Б*******ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б*******эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Х задгайн од байрлах нэгж талбарын 1865 дугаартай 3542 мкв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ