Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 89

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгчийнн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-гийн Б-д холбогдох эрүүгийн 1835000750093 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, одоо малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8-р багт оршин суух, РД: ОЭ73110416, Б овогт Н-гийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн нутагт хохирогч Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Д-г зодож, хохирогчийн биед хамрын хянга болон таславч яс хугарч муруйсан гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 174 тоот дүгнэлт, шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 197 тоот дүгнэлт /хх-ийн 04-06, 07, 36, 42-р тал/, хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 10.00 цагийн орчимд морьтой гэрээсээ мордоод манай доод талд байх Н.Ч гэдэг айлд очиж нэг шилний хагас архи байсныг уугаад Б.Т урд өдөр нь намайг ирж телевизорын антен тааруулж өг гэж хэлсэн тул Н.Б-гийн гэрт очсон юм. Тэгээд би Б-гийн гэрт дээлээ тайлж орхиод Б.Т-ын телевизорын антен тааруулж өгөх гэж Б.Т-ын гэрийн гадна телевизорын антен тааруулах гээд 2-3 цаг орчим оролдоод тэднийд байж байтал Г.У гэгч залуу бас тэднийд ирээд хамт антен тааруулалцаад бид нар тэдний антенийг тааруулж дуусаад Б.Т-ын гэрт нэг шил задалчихсан 0,75 л экс гэдэг архи дээд талаас нь хоёр хуруу орчим уусан архи байсныг Н.Б, Г.У бид гурав хувааж уусан юм. Тэгээд тэдний гэрт жигнээд тавьж өгсөн буузнаас би аягандаа хийж авах гэж байгаад тавагтай буузыг асгасан юм. Тэгтэл Будхүү намайг чи хэргээр хүүхдийн гэрт бууз асгалаа гэж надад хэлээд Н.Б намайг гараараа нэг удаа хамар луу цохисон юм. Миний хамраас цус гарсан. Тэгээд бид хоёр тэдний гэрт барьцалдаж аваад бид хоёрыг тэнд байсан Г.У, Н.Б-гийн эхнэр И.Ц нар бид хоёрыг салгасан. ...Н.Б-гийн гэрт би ороод суух гэж байгаад тэдний тавагтай ширээний өнцөг дээр дарагдаж Н.Б-гийн гэрийн зассан байсан ширээтэй таваг унасан юм. Н.Б намайг таваг нураалаа гэж хэрүүл маргаан гарсныг би та нар ямар их сүртэй хүн цохьдог юм бэ? яаж байгаа юм бэ? гэж би уурласан юм. Н.Б намайг сууж байгаад босоод миний зүүн нүдний хөмсөг дээр зүүн хөлөөрөө өшиглөсөн юм. ...Миний биед учирсан хохирлуудыг Н.Б надад учруулсан би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон үйлдлийг андуурч Б.Төртогтохыг намайг сандалаар цохьсон гэж хэлсэн байна. Гэтэл Б.Т намайг цохиогүй Н.Б намайг цохьсон байсан. Н.Б надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо би Н.Б-д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 10-14 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал 10 цагийн үед манайд Б.Д нь архи уучихсан дунд зэргийн согтуу байдалтай ирсэн юм. Тэгээд манайд цай чанаж бууз жигнэсэн манай гэрийн телевизорын антенийг Г.У гэдэг хүн тааруулж өгөөд Б.Д архи уумаар байна гэж нэхээр нь манай эхнэр Д.С нэг шил 0,75 л экс гэдэг архи гаргаж өгсөн юм. Б.Д манай хүүхэд дээр 5000 төгрөг тавиад манай эхнэр Д.С-д 5000 төгрөг өгсөн. Тэгчихээд би танай хүүхдэд тань өгдөгөө өгчихсөн, тавьдагаа тавьчихсан гэж олон удаа давтан хэлсэн юм. Тэгээд манай аав Н.Б чи ямар хүнд өгдөггүй юм өгчихсөн биш гэж хэлээд наад мөнгийг нь буцааж өг гэж надад хэлэхэд би уг 10.000 төгрөгийг буцааж Б.Д-д өгөхөд буцаагаад шидчихсэн юм. Тэгээд уг архийг манай аав Н.Б, Б.Д, Г.У нар хувааж уусан юм. Тэгээд манай гэрт жигнэсэн буузыг аваад тэдгээр хүмүүст тавьж өгөхөд Б.Д нь манай тавьж өгсөн тавагтай буузыг аваад доош хаалга тал руу шидсэн ба уг тавагатай бууз асгарсан юм. Тэд архиа ууж дуусаад манайхаас гараад явсан би гэртээ үлдсэн юм. Түүнээс хойш манай хүүхэд нэг сартай нялх байсан болохоор нэг сар орчим уйлсан юм. Би хонь мал харахаар морьтой мордоод явж байгаад гэртээ ирээд аав Н.Б-гийн гэрт ороход манай аав Н.Б, Б.Д нар хоорондоо зодолдсон байдалтай манай аав Н.Б гартаа модон сандал барьсан байдалтай байхад би тэдний гэрт ороод та хоёр одоо больцгоо гэж хэлээд тэр хоёр хүнийг салгаж аав Н.Б-гийн гарт барьсан байсан модон сандалыг салгаж авсан юм. Тэгээд би тэдний гэрээс гараад өөрийнхөө хонь мал харчихаад буцаж ирээд аав Н.Б-гийн гэр лүү ороход Б.Д гэрийн гаднаас согтуу дайвсан байдалтай орж ирэхэд манай эхнэр Д.С, Б.Д-г халуун галын зуухан дээр унах гэхээр нь таттал Б.Д нь гэдрэг савж унаад тэр үед гараараа манай аав Н.Б-гийн зуухан дээр байсан халуун данхтай цайг гараараа цохиж унагаад Б.Д-гийн гар нь цайнд түлэгдсэн юм. Б.Д тухайн үед дээлгүй цамцтай байсан юм. Б.Д нь намайг муу хижиг чамайг таарсан газар чинь алж булна гэж агсам тавьж бид нарыг заналхийлж байсан юм” /хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлэг,

гэрч И.Ц-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манайд өдөр 12 цагийн үед манай гэрийн ойролцоо өвөлждөг Б.Д гэдэг залуу согтуу ирсэн. Эхлээд манай гэрт ирээд манай нөхөр Н.Б-тэй хамт 2 шил архи хувааж уусан. Б.Д нь манай нөхөртэй хамт хүүхдийн гэрт ороод нэг цаг орчим болоод дахиад манай гэрт орж ирсэн. Тэгээд манай нөхөр Н.Б-тэй маргалдаад байсан. Би гэрийн гадна байж байтал манай нөхөр Н.Б, Б.Д хоёр маргалдаад дуу чанга гараад байхаар би гэрт орж ирэхэд тэр хоёр барьцалдсан байсан. Тэгээд больцгоо гэж хэлээд би гарч үхэрээ сааж явсан. Тэгээд удалгүй орж ирэхэд гэрт дахин тэр хоёр барьцалдаж хоорондоо зодолдож байсан. Хэн хэнийгээ цохиж байсан. Тэгээд би гэрт орж ирсэн байтал гаднаас Б.Д манай гэрт орж ирэхдээ согтуу дайвалж байгаад манай зуухан дээр байсан 5 л данхтай цай зуухны дээр байтал савж ирээд гэдрэг өөрөө унахдаа тэр цайг зүүн гараараа цохиод халуун цай асгаад түлэгдсэн юм. Манай нөхөр Н.Б гэртээ голын орны урд талд сууж байсан юм” /хх-ийн 19-20 тал/ гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд би гэртээ байж байтал Б.Д нь морьтой манайд ирээд бууж байсныг би харсан. Би тэр үед өөрийнхөө гэрийн гадна малын хотон дотор үхэр малын баас түүгээд байж байтал манай ахын гэрээс манай аав Н.Б нь Б.Д-тай хамт гарч ирээд манай малын хотон дотор хоорондоо нэг нэгийгээ гараараа цохиод хоорондоо зодолдож байхад би очиж өөрийнхөө аав Н.Б-г салгаж аваад тэр хоёр хүнийг хоёр тийш манай ээж бидэн хоёр салгасан юм. Тэгээд манай гэр лүү уг хүмүүс орсон юм. Би тэр өдөр хоорондоо зодолдсон хоёр хүнийг салгаж хоёр тийш хийж болгосон биш би Д-г огт зодож цохисон зүйл байхгүй” /хх-ийн 21 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.У-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчим өөрийнхөө адуугаа харах гэж манайхаас 8 км орчим өвөлжиж байдаг Н.Б гэдэг айлын гэрийн гадна шон дээр эмээлтэй морь байхаар нь гадна дотны адуу мал харсан хүн байж магадгүй гэж Н.Б-гийнд буусан юм. Тэдний шон дээр намайг морьтой буусны дараа Б.Д халамцуу намайг эдний хүү Н.Т-ынд орьё, би эдний телевизорын антен тааруулж байна гэж намайг бүснээс чирээд тэдний гэрийн гадна очиж тэдний дидишийн сансрын антен би тааруулж өгсөн. ...Н.Б Б.Д-тай чи хүний идээ будаа тавагтай бууз асгалаа гээд маргалдсан. Тэднийд маргалдаж эхэлсэн хүү Б.Т нь та манай гэрт хүний хийж өгсөн хоол асгалаа гэж маргалдсан тэднийх шинэ гэр бүл болсон айл учраас нялх манцуйтай хүүхэд уйлахаар нь би Б.Т-ынхоос гараад явсан. Тэднийд ямар нэгэн зодоон цохион болоогүй, тэгээд би унаж явсан мориныхоо хажууд ирсэн байтал Н.Б-гийн гэрийн хажууд Н.Б, Б.Д хоёр зодолдож барьцалдаж ноцолдсон байдалтай, Б.Д-гийн хамраас цус гарсан харагдаж байсан. ...Б.Д Н.Б-гийн зочинд тавьж өгсөн бор ширээтэй ул боовоор зассан тавагтай ширээг ямар нэгэн маргаангүй сууж байгаад хөмрөөд унгаачихсан юм. Тэгээд би босож эхнэрийнхэн хамтаар уг ширээг босгоод хамт засалцаж өгсөн. Тэр үед Н.Б, Б.Д-г чи манай цагаан сард зориулж зассан таваг унагаалаа, урд нь чи манай хүүхдийн тавьж өгсөн хоол асгалаа гэж хэлж байсан. Б.Д нь та намайг цохилоо гэж маргалдаж байсан. Би гараад явах гэж байтал дахин гэрт зодоон болж буй шинжтэй дуу чимээ гарсан. Тэгээд намайг ороход дахин Н.Б, Б.Д хоёр зодолдсон байдалтай байсан. Намайг ороход Б.Д уйлсан гэрийн дотно талд галын дээд талд Н.Б-гийн хөлөөс татсан байсныг би салгаж авахад Н.Б, Б.Д-г нэг удаа өшиглөсөн юм” /хх-ийн 22-24 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.С-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би хэсэг гэртээ байж байгаад манай гэрийн улаан өнгийн жижиг хувин авах гээд хадам аав Н.Бгийн гэрт ороход Б.Д манай хадам аав Н.Бгийн гэрийн гадна талд хаалганы урд талд хамраас нь цус гарсан байдалтай сууж байсан. Тэгээд би тэдний гэрт орсон байхад Б.Д нь гаднаас согтуу дайвалсан байдалтай орж ирээд гал дээр унах гэхээр нь би Б.Д-г гал дээр уначих вий гээд таттал Б.Д нь манай хадам аав Н.Б-гийн гал дээр байсан данхтай халуун цайг өөр лүүгээ татаад асгачихсан юм. Баруун гарынхаа хэсэгт халуун цайгаар өөрийгөө түлчихсэн...” /хх-ийн 25-26 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэртээ 2018 оны 2 дугаар сарын 24-ний өглөө орондоо хэвтэж байтал манай ойролцоо өвөлждөг Б.Д гэдэг залуу морьтой манай гэрийн гадна үүдний орчимд ирээд морьтойгоо хөндлөнгүүлж байгаад мориноосоо буугаад манай гэрт орж ирсэн. Б.Д нь нэлээн их архи уусан согтуу ирсэн юм. Манай гэрт орж ирээд намайг голын орон дээр хэвтэж байхад бостон архи ууя, архи аваад иртэн гэж надад хэлсэн. Манай эхнэр Ц, Б.Д-г чи их согтуу байна чамд архи өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл Б.Д тэгвэл би танай хүү Төртогтохын гэрт орж архи ууна гэж хэлээд ... манай гэрт дээлээ тайлаад намайг бос гэж босгож аваад дагуулаад бид хоёр манай хүү Төртогтохын гэрт орсон юм. ...тэгээд бууз жигнэж бид нарт тавьж өгсөн ба уг тавагтай буузнаас Г.Уламбаяр аягандаа хийж авсан буузыг Б.Д булааж аваад хаалга чиглэлд шидсэн юм. Тэгээд Г.Уламбаяр чи яаж байгаа юм бэ гэж асуухад Б.Д уучлаарай гэж хэлсэн. Би Б.Д-г чи яаж байгаа юм бэ гэхэд Б.Д дахин манай хүүгийн гэрт тавьж өгсөн шилэн тавагтай буузыг аваад тэдний гэрийн баруун талын авдар чиглэлд шидсэн юм. Тэгээд Б.Д тамхи аваад ир гэсэн юм. Б.Д-д манай бэр Сарангэрэл нэг ширхэг тамхи өгөхөд чи бүтэн хайрцаг тамхи өгчихөж чадахгүй байна уу? гээд манай хүүхдийн гэрт агсам тавьж эхэлсэн юм. Тэр үед тэдний гэрийн тавагтай идээг бас авч шидсэн юм. Манай хүү Төртогтох та яаж байгаа гэж хэлэхэд Б.Д нь чамайг бас ална чамайг хээр адуунд явж байхад эзгүй хээр газар алж булна гэж заналхийлсэн юм. Би манай хүү Төртогтохын хүүхэд нь уйлдаг юм чи битгий агсам тавь гэж хэлээд түүнийг дагуулаж гэрээс гарсан юм. Манай гэр лүү явж байх замдаа Д ятуу, янханууд гэж хэлээд миний толгой руу 2-3 удаа чичэж цохьсон юм. Би Д-гийн урдаас гараараа нүүр лүү хамар орчим газарт нэг удаа цохисон юм. Тэр үед Д-гийн хамарнаас цус гарсан. Тэгээд Д бид хоёр манай гэрийн гадна эвлэрч бие биенээсээ уучлалт гуйгаад гар барилдаанд Д нь архи ууна гэхээр нь бид хоёр хамт дагалдаж манай гэрт ороод би нэг 0,75 л экс гэдэг архи гаргаж би Д, Г.У бид гурав хувааж уугаад дуусаж байтал Д нь манай гэрийн цагаан сарын тавагтай ширээг хөмрөөд асгачихсан. Тэгэхэд миний уур хүрээд чи миний хүүхдийн гэрт ороод чи тавагтай бууз асгалаа, одоо чи манай гэрийн ширээтэй шидээ будаа асгалаа гэж би хэлхэд Д хуц чамайг ална, яатуу янхан гэж хэлээд Д миний хамар луу цохиж цус гаргаад тэгээд би уурлаад урдаас нь Д-г барьж аваад ганц хоёр удаа цохисон юм. Тэгээд би Д-г уначихсан байхад нь толгой руу нь нэг удаа өшиглөсөн юм. Би Д-г зодож гэмтэл учруулсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин нөхцөл байдалд тэвчээртэй байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 174 тоот “Иргэн Б.Д-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, толгойн оройн хэсгийн язарсан шарх, уруул, нүдний зовхи хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын бугалганаас тохойны үе хүртэл 2 зэргийн түлэгдэлт гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 197 тоот “Иргэн Б.Д-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Хамрын хянга болон таславч яс хугарч муруйсан гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоосон байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд тухайн өдөр хохирогч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба Н.Б, түүний хүү Б.Төртогтох нарын гэрт байхдаа Монголын сар шинийн баярт зориулан зассан тавагтай идээ, хоол, цайг асгаж зүй бус үйлдэл гаргасны улмаас хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Н.Б нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч Н.Б-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 174, 197 дугаар дүгнэлтээр тархины доргилт, толгойн оройн хэсгийн язарсан шарх, уруул, нүдний зовхи хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн, хамрын хянга болон таславч яс хугарч муруйсан гэмтэл учирсан,  эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь тогтоогдсон.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1835000750093 тоот тогтоолоор Б.Т-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-ийн 65-67 тал/ боловч прокурорын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/09 тоот тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-ийн 117-119 тал/ шийдвэрлэсэн байгаа нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд нийцжээ. 

Иймд прокуророос шүүгдэгч Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.200.000 төгрөгийг хохирогч Б.Д-д бэлнээр төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн гомдол санал, байхгүй, надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх хэргийн 72 талд авагдсан тодорхойлолтоор нотлогдсон тул шүүгдэгч Н.Б-гээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ю.Д, Ө.Б, У.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221 тоот тодорхойлолт, ял шалгах хуудас, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд /хх-ийн 28, 29, 30, 87, 95, 97 тал/-аар шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хувьдаа 400 гаруй тооны малтай болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Б-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Н.Б-гийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байдал болон гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Н-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  овогт Н-гийн Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

            4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА