Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

2024 оны 6 сарын 20-ны өдөр              Дугаар 2024/ДШМ/36               Өвөрхангай аймаг

 

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                  Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

                                  Хохирогч Ж.Ба /цахимаар/

  Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

  Шүүгдэгч Ж.Б /цахимаар/

  Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн 

  Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Ж.Б-д холбогдох эрүүгийн 2427000000063 тоот хэргийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Ж.Б /РД:АМ78110313/.

Ж.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах 60-н айлын орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрт 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20-н цагийн орчим Ж.Ба-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гадагш хөөж гаргахдаа шатнаас түлхэж унаган, газар унасан байх үед нь нүүр рүү нь өшиглөж 2 шүдний бүрэн хугарал, 1 шүдний уг хэсгийн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3-н сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-оос хохиролд 9,689,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 6,600,000 төгрөг нийт 16,289,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ба-д олгохоор, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гаргах эрхтэйг дурдан, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ж.Б-оос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 16,289,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан гэм хорын хохирлын тоо, хэмжээ нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Хохирогч Ж.Ба нь олон нийтийн үйлчилгээний газар буюу дэлгүүрт үнийг нь төлөлгүй архи авч ууж Ж.Б-ын тавьж байгаа шаардлагыг эсэргүүцэж, хэрүүл маргаан үүсгэсэн. Гэтэл хэрэг шалгасан мөрдөгч, хяналт тавьсан прокурор, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч нар зөвхөн нэг талд үйлчилж, хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Гэрч Л.Б ... дэлгүүр дотор архи задлаад уусан чинь, Ж.Б бид хоёрыг хөөсөн ... гэх мэдүүлгээр хохирогч Ж.Ба олон нийтийн газар танхайрсныг нотолж байна.

Анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Хохирогч Ж.Ба-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин шинжээч эмч эмчилгээний горимыг тодорхойлдоггүй. Хохирогч Ж.Ба хаанахын ямар эмнэлгийн, хэн гэдэг эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардалд төлсөн гэх 9,689,000 төгрөгийг ямар эх үүсвэрээс мөнгө олж төлсөн болохыг шалгаж тогтоогоогүй байна. Олон нийтийн газар танхайрч, бусдын ажлын байранд архидан согтуурсан, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан Ж.Ба-д ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Хохирогч Ж.Ба хэнд ч халдаж болдог, олон нийтийн газар юу хүссэнээ хийж болдог, шүүгдэгч Ж.Б орон байр эд хөрөнгө, эрх чөлөөгөө хамгаалах эрхгүй гэсэн ойлголт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос ойлгогдож байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугар сарын 09-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Ж.Б-оос 16,289,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Шинжээч эмч эмчилгээний горимыг тодорхойлохгүй. Мөн хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлбөрийн хэмжээг ямар хязгаарын хүрээнд тогтоох нь шүүхийн бүрэн эрх. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг шүүхийн шийтгэх тогтоолд маш тодорхой тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор хуульчилсан бөгөөд гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, тухайн нөхцөл байдал ямар шалтгаан нөхцөлийн улмаас үүссэн, яагаад шүүгдэгч бусдын биед хүнд гэмтэл учруулсан, энэ үйлдэл нь санаатай, болгоомжгүй аль нь болох, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэх зэргийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон.

Дэлгүүрийн камерын бичлэг бүхий CD-нд гадна талын бичлэг байдаггүй. Мөн ямар үйл явдал болсон, хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар харилцаа үргэлжилж, улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг архи булааж авсан эсэх, өмнөх өр зээлээ төлөөд архи, тараг зэргийг худалдан авалт хийсэн эсэх нь тогтоогдсон. Мөн хохирогчид ямар хохирол учирч, ямар эмчилгээ үйлчилгээ авсан нь анхан шатны шүүх хуралдааны шатанд тогтоогдсон.

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өмнөх өрөө төлж хүүхдэдээ сүү, тараг авсан гэж мэдүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан CD бичлэгээс харахад дэлгүүрт архи задалж уусан, шүүгдэгчийн өмнө гэрч Б-тай хоёулаа зогсож байгаа харагддаг. Дэлгүүрт архи задалж уусан үйлдлийг танхайрсан гэж үзэхэд эргэлзээтэй. Мөн нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Ж.Б энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гэхдээ мэдэгдээгүй нь түүнийг буруутгах зүйл биш. Гэрч Б энэ 2 гадаа гараад барилцаж авсны дараа гэр лүүгээ орсон гэдэг. Энэ процессыг насанд хүрээгүй гэрч мэдүүлсэн. Шүүгдэгчийн хэлж байгаачлан тухайн үед олон жилийн өмнөх асуудлаас болж маргаан үүссэн гэдэг. Түүнээс маргааныг таслан зогсоох гээд шүүгдэгчээс үйлдэл хийж байгаа зүйл харагддаггүй. Шүүгдэгч сандал дээр сууж байгаад гадаа гарч биед нь халдаж байгаа асуудал байдаг. Хохирогч танхайрсан гэдэг агуулгаар шүүгдэгчийн үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч Ж.Ба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 3 дугаар сарын 09-ний Ж.Б гэдэг хүний дэлгүүрт орсон. Бид зэргэлдээ байранд амьдардаг. Би 2 хоногийн өмнө авсан ундаа, тараг, сүүнийхээ мөнгийг өгөх гээд Б-тай дэлгүүрт нь орж өгчихөөд баярлалаа гэж хэлсэн. Бид гурав 0,33 граммтай нэг шилтэй архи аваад дэмий юм ярингаа архиа уусан. Ж.Б ах ганц татсан. Хүмүүс дэлгүүрээр үйлчлүүлж л байсан. Тэгээд Ж.Б ахтай жоохон маргаж эхлээд Б-ыг түлхэж хаалгаар гаргасан. Мөн намайг заамдаж шатнаас доош нь буулгаж дугтарч унагаасан. Тэгсэн Ж.Б ах намайг газар унагаад элэг хэсэгт өшиглөөд нүүр рүү өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. Тэгээд миний 2 шүд унасан. Тэгэхэд Б буцаж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан. Ж.Б манай хадам эгчтэй гэрт орж ирээд ах нь шүдийг чинь хийлгэж өгье гээд манай тэнд эмч байсан гээд настай хөгшин дээр очиход түр 2 шүд 90,000 төгрөгөөр хийж өгсөн. Тэгээд хотод нэг шүд нь хугарсан, 2 нь угаараа унасан байна гээд үүдэн шүдийг 3,000,000 төгрөг, араа шүдийг 2,000,000 төгрөгөөр хийлгэж өөрөө тооцоогоо төлсөн. Энэ хүн өөрийгөө өмөөрч худал мэдүүлэг өгч байна. Би гомдолтой байна. Би сэтгэл санаагаараа хохирч байна. Би хоол ундаа ч идэж чаддаггүй хэцүү байдаг гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Танхайрсан асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаагүй гэдэг дээр прокурортой санал нэг байна. Зодуулахын өмнөх үйл явдал камерын бичлэгт тодорхой харагддаг. Архийг нь булааж авч ууж дуусангуутаа дахиж булааж авч уугаад байгаа үйл явдал харагддаггүй. Олон нийтийн газарт танхайрсан, байгууллагын үйл ажиллагаа алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэсэн талаар хохирогчийн зүгээс шүүгдэгчийн зүгээс зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад өгөөгүй, шалгуулах хүсэлт гаргаагүй. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гараар бичсэн хүсэлт өгсөн. Үүнийг шалгаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн шалгаж тогтоосон гэж өмгөөлөгчөөс үзэж байна.

Гадаа сүүдрэвчинд байсан хүүхдээс болон хамт байсан Б-аас гэрчийн мэдүүлэг авсан. Б байгаагүй гэж огт яригдаагүй. Дэлгүүр дотор хамт байсан бичлэг байгаа. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт аавыг чинь хүн зодоод байна гээд хохирогч Ж.Ба-ийн хүүхдэд хэлсэн. Тэгээд хүүхэд нь эгчийг нь дуудаж цагдаад дуудлага өгсөн гэдэг. Тэр хүүхэд тухайн үед гадаа юу болсон, хэн нь хэнийгээ хэдэн удаа өшиглөснийг тодорхой харсан. Энэ нь нотлох баримтаар үнэлэгдэх ёстой.

Хохирлын асуудлын хувьд 9,689,000 төгрөгийн шүд хийлгэсэн нь өндөр үнэтэй байна гэсэн утгатай гомдлыг гаргаж байна. *** гэдэг эмнэлэгтэй гэрээ байгуулсан. Мөн хохирогчийг анхан шатны хуралдаанд шүдгүй ирсэн гэж яриад байна. Анхан шатны хуралдаанд хохирогч хот яваад гэрээ хийгээд, урьдчилж мөнгийг нь төлдөг учир мөнгөө төлчихөөд ирлээ. Урд талын 3-н шүд эрүүний ясанд суулгадаг гээд резватай төмрийг суулгаад эдгэрэлт нь гайгүй бол хэд хоногийн дараа юм уу, хэдэн сарын дараа шүдээ суулгадаг юм байна гэж харуулж байсан. Гэтэл ерөөсөө ямар ч шүдгүй байсан, өмнө нь ч шүдгүй байсан гэж байгаа нь шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэж байна. Зөвхөн одоо гаргаж өгч байгаа баримтууд бөгөөд шүүх хуралдааны дараа дахин шүдний эмнэлэг дээр очиж уулзсан. Энэ хооронд мөн бензин шатахууны болон бусад зардлууд гарч байгаа. Үүнийг иргэний журмаар сүүлд нь нэхэмжилнэ гэж бодож байгаа. Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний тодорхой хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэйгээр тогтоосон. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Ж.Ба-ийн хувьд 3-н шүд нь унасан, хөдөлмөрийн чадвараа 10% алдсан талаар шинжээчийн дүгнэлт байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** багт байрлах *** гэх өөрийн хүнсний дэлгүүртээ сууж байсан. Тухайн өдөр Ж.Ба, Ч гэх 2 хүн согтуу орж ирээд лангуун дээрээс архи шүүрч аваад задалж, агсам согтуу тавиад байхаар нь би гар гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед дэлгүүрт үйлчлүүлэгч, хүүхдүүд олон байсан. Ярьж хэлж байгаа зүйлийг нь анзаарахгүй хүмүүст үйлчилж байсан. Нэг харсан чинь ахиад архи руу явж байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс гар гэхэд Ч гарч, Ж.Ба би чамайг ална, архиар чинь цохиж ална, оронд чинь хутгалж ална гээд над руу дайраад байсан. Би тэгж ярьж хэлээд байгаа хүнд алуулахгүй, эд материалаа эвдлүүлэхгүй гэж бодоод гадагшаа гаргасан. Гадаа гэрч гээд байгаа хүүхэд байгаагүй. Ж.Ба-тэй хамт явж байсан хүн л байсан. Тэгээд 4-н цагийн дараа хүний шүд унагаасан байна гэж намайг цагдаа дээр дуудсан. Тухайн үед хавар байсан болохоор би зав муутай, хөдөө мал руугаа яваад энэ хэрэгт анхаарал тавьж, өмгөөлөгч авч чадаагүй. Тэгээд явсаар шүүх хуралдаан болсон. Тухайн үед юу хэлж ярих учраа ч олоогүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүдээ хийлгээгүй байхад хийлгэсэн гэж шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Ж.Ба яагаад надад удаа дараа агсам тавиад байгааг би ойлгодоггүй. Манай оюутан болон арван жилийн хүүхдүүд маань дэлгүүртээ сууж байхад аав чинь муу хүн гээд агсам тавьсан байсан. Мөн эхнэрийг маань дэлгүүртээ сууж байхад танай нөхөр чинь их муухай хүн гэж агсам тавьсан байсан. Тэгээд намайг дэлгүүртээ сууж байхад орж ирсэн нь 4 дэх удаагаа болж байна. Одоогоос 10 гаран жилийн өмнө манай аавынх нэг жороо морио алдсан юм билээ. Тэр жороо морийг нь Ж.Ба *** сумын наадамд унаж явсан гэсэн. Түүнийг манай ах таниад авсан гэдэг. Тэгээд намайг манай ахтай андуурч агсан тавиад л байдаг. Тиймээс л өс хонзон санадаг байх. Иймд прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би Ж.Ба-ийг цохиогүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байсаар байхад түүнийг шалгаж тогтоогоогүй. Шүүгдэгч ямар нэгэн шалтгаангүй хэн нэгэнд халдсан, танхайрсан зүйл байхгүй. Үндсэн хуульд заасан өөрийнхөө орон байрны болон эд хөрөнгийн халдашгүй байдлыг хамгаалсан. Ингэхдээ хохирогчийн шүдийг хугалж гэмтээсэн гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын гол үндэслэл болгож байгаа. Гэтэл тэр гэрч тухайн үед тэнд байсан эсэхийг тогтоосон баримт байхгүй. Манай ангийн хүүхдийн аав гэж мэдүүлдэг ч бодит байдалд нийцэх эсэх нь асуудалтай. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт тухайн үед дэлгүүрт байсан, хүмүүс хоорондоо ноцолдож, түлхэж гаргасан. Ж.Ба ах өмнө нь ойчсон байсан гэдэг. Мөн хохирогч Ж.Ба Б-ыг түлхэж гаргачхаад дараа нь намайг барьж авч гаргасан гэж сая мэдүүлж байна. Гэтэл энэ хэргийн хөдөлшгүй гэрч насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт танихгүй хүнийг гаргачхаад дараа нь Ж.Ба ахыг хойноос нь чирч гаргасан гээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд илэрхий зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тогтоогоогүй байна гэж үзэж байна. Олон нийтийн газар хүний эд хөрөнгөд халдсан хүнд ямар арга хэмжээ нь тодорхойгүй. Хохирогч дэлгүүрт ороод архи худалдаж аваад дор нь архи задалж уусан гэж өөрөө ярьж байгаа. Гэтэл шүүгдэгчийн мэдүүлгээр өөрсдөө архинаас нь шууд орж ирээд авсан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байсан эсэх, гэм буруутайгаар энэ хүнд хохирол учруулсан эсэхийг ялгаж тогтоох ёстой.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч шүд хийлгээгүй, унасан хэвээрээ байсан. Гэтэл шүд хийлгэсэн гэж шүүх дүгнэсэн. Зүгээр гарын үсэгтэй баримтаар дүгнэсэн. Эдгээр баримтууд нь хэнээс, ямар зорилгоор, ямар эх үүсвэрээр шилжүүлсэн гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаас тогтоох боломжгүй. Голомт банк гэснээс өөр юу ч харагдахгүй байгаа. Хүн орлого олсон бол тэр эх үүсвэрээ тогтоох ёстой. Гэтэл 9,600,000 төгрөгийг өр тавиад архи ууж явдаг хүн хаанаас, ямар эх үүсвэрээр эмчилгээний зардлаа төлсөн гэдэг нь тогтоогдоогүй. Эмчилгээ хийлгэсэн бол нотлох баримтаа бүрдүүлээд гэм хорын хохирлыг тооцно. Гэтэл хийлгээгүй шүдийг хийлгэсэн байна гэж үзэж байгаа нь буруу. Эмнэлгийн лавлагаа мэдээлэл байдаг ч утсан дээрээс харчихаад ингэж болохгүй.

Хэрэгт дутуу хийгдсэн ажиллагааг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын хувьд баримтыг үндэслэн шүүх тогтоох ёстой. Энэ хүмүүс өмнө нь нэг нэгнийгээ таньдаг байсан. Ж.Б хохирогчийн нүүр лүү нь өшиглөсөн зүйл байхгүй, миний хөлөөс зуурчихсан болохоор хөлөө тавиулах гэж татсан гэдэг. Дэлгүүрт дотор болон гадаа камер байгаа. Ямар нэгэн эргэлзээгүй баримтаар хүнд ял оногдуулах ёстой.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс давж заалдах шатны шүүхэд ... хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан гэм хорын хохирлын тоо, хэмжээ нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн гэрч Л.Б-ы мэдүүлгээр хохирогч Ж.Ба олон нийтийн газар танхайрсан нь нотлогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Ж.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах 60-н айлын орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг *** дэлгүүрт 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20-н цагийн орчим Ж.Ба-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гадагш хөөж гаргахдаа шатнаас түлхэж унаган газар унасан байх үед нь нүүр рүү нь өшиглөж 2 шүдний бүрэн хугарал, 1 шүдний уг хэсгийн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Дэлгүүр дотроос бид хоёр хөөгдөөд гадагшаа гарсан Бо ч цуг гарсан үүдэнд Ба, Бо хоёр зууралдаад үлдсэн би ч гэр рүүгээ орчихсон гэртээ ороод 5-10 минут болоогүй байхад Ба араас залгаад Ч ахаа Бо намайг зодчихлоо гэж хэлсэн. Би гадагш гараад очсон чинь Ба-ийн шүднүүд нь унаад нүд нь хөхөрсөн цустайгаа холилдоод байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... тухайн өдөр би Өвөрхангай аймгийн *** сумын *** багт байрлах нутгийн хүмүүсийн хэлж сурснаар 60 айлын орон сууцны хойд талын 2 дугаар орцны үүдэнд сууж байсан. Баруун зүүн хойд талд байдаг дэлгүүр дотроос дэлгүүрийн эзэн эрэгтэй, манай нөгөө ангийн хүүхдийн аав Ба ах бас нэг танихгүй эрэгтэйн хамт 3 хүн гарч ирсэн. Дэлгүүрийн эзэн эрэгтэй Ба ахын доош түлхэж унагаасан. Миний танихгүй нэрийг нь мэдэхгүй ахыг дэлгүүрийн эзэн ах чирээд доош буулгасан. ... Ба ах түлхүүлж газарт унаад арай босоогүй байхад дэлгүүрийн эзэн эрэгтэй Ба ахын нүүр хэсэгт 1 удаа, дараа нь гэдэс хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Ба ахтай хамт явж байсан эрэгтэй түрүүлээд яваад орсон. Би Ба ахыг ойроос харсан чинь 2 гартаа нэг нэг ширхэг шүд барьчихсан байсан, бас амнаас нь цус гараад нүд нь гэмтчихсэн байсан. 60 айлын орон сууцанд дэлгүүр ажиллуулдаг ах тэнд удаж байгаа бараг мэдэхгүй хүн гэж байхгүй, зүс хараад шууд л танина гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 хуудас/,

Хохирогч Ж.Ба-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... намайг дэлгүүр дотор  удаа нүүр хэсэгт дараа нь намайг чирч гадагш гаргаад түлхэж унагаагаад нүүр хэсэгт  удаа дэвсээд, 3-н шүд мулталсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/

Хохирогч Ж.Ба-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн ...намайг дэлгүүрээс гаргаад нүүр гэдэс рүү нэг нэг өшиглөсөн. Гэтэл миний шүд хугараад амнаас цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 98-106 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 214 дугаартай ... Ж.Ба-ийн биед дээд эрүүний 11,21 дүгээр шүдний бүрэн хугарал, 22 дугаар шүдний цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд мөн тохирсон байна.  

Хохирогч Ж.Ба-ийн биед дээд эрүүний 11, 21 дүгээр шүдний бүрэн хугарал, 22 дугаар шүдний хугарал гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүдэндээ инплант суулгац хийлгэн эмчилгээнд 9,500,000 төгрөгийг төлсөн нь эмчилгээ хийлгэх зөвшөөрлийн хуудас, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон. Хохирогч нь олон нийтийн газар танхайрсан байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, дээрх агуулгаар шүүгдэгчийн үйлдэл нь үгүйсгэгдэх үндэслэл болохгүй байгаа учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.