Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******ийн О*******,

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, Г.Н*******, Т.М*******, Б.Б******* нарын хоорондын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар С*******, шатны ерөнхий шүүгч С*******ийн О*******т 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ачааллын нэмэгдэл урамшуулал нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэмэгдэл урамшууллын 937,440 төгрөгийг нөхөн олгох, С*******, шатны шүүхийн ерөнхий шүүгч С.О*******ийн 2025 оны эхний хагас жилд илтгэж шиядвэрлэсэн нийт хэрэг дээр тус шүүхийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчил хэргүүдийг нэгтгэн тооцож, 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ажлын ачааллын нэмэгдэл, урамшууллыг нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, Нэхэмжлэгч С.О******* миний бие С*******,******* шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ганцаараа ажилласан буй тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшууллыг сар бүр олгохоос татгалзсан ШҮүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны цалин урамшууллыг олгохыг хариуцагч байгууллагад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/1045 дугаар албан бичгээр Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт “... 2025 оны эхний хагас жилийн ажлын зохист ачааллыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн зохист ачааллаас хэтэрсэн шүүгчийн мэдээллийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын хамт хавсралт хүснэгтийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагт багтаан Статистикийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасны дагуу үнэн зөв гаргаж [email protected] цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Хугацаандаа үнэн зөв ирүүлээгүй тохиолдолд урамшуулал тооцож олгох боломжгүй болохыг анхаарна уу” гэх мэдэгдлийг хүргүүлсэн.

1.2. Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 231 тоот албан бичгээр “... С.О*******аас Шүүгчийн ачааллын нэмэгдэл урамшуулал нөхөн олгох, тооцуулахтай холбогдуулан хүсэлт гаргасныг хүргүүлж байна. Шийдвэрлэж хариу өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлсэн.

1.3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1228 тоот албан бичгээр “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/1045 дугаар албан бичгээр зохист ачааллаас хэтэрсэн шүүгчийн мэдээллийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын хамт 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөрт багтаан ирүүлэх, хугацаандаа үнэн зөв ирүүлээгүй тохиолдолд урамшуулал тооцож олгох боломжгүй болохыг мэдэгдсэн ... таны зохист ачааллаас хэтэрсэн ажлын ачааллыг нөхөн тооцох боломжгүйг мэдэгдье” гэсэн хариу өгсөн.

            1.4. С.О*******аас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар С*******, шатны ерөнхий шүүгч С*******ийн О*******т 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ачааллын нэмэгдэл урамшуулал нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэмэгдэл урамшууллын 937,440 төгрөгийг нөхөн олгох” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

1.5. С*******,******* шатны шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/116 тоот албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан “... Ерөнхий шүүгч С.О*******ийн өргөдлийг хүргүүлэв” гэсэн байх бөгөөд уг өргөдөлд “... Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2025 оны эхний хагас жилд зохимт ачааллаас давсан ачааллын урамгуулал олгохоос татгалзсанаас гадна давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн ачааллыг тооцохдоо зөвхөн илтгэж шийдвэрлэсэн хэргээр л тооцож, бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэргийг оруулж тооцохгүй байгаа нь ... нийцэхгүй байна. Иймд миний бие өөрийн болон адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүнд оролцож, шийдвэрлэсэн хэргүүдээ шүүн таслах ажлын ачаалалд оруулан тооцуулж, 2025 оны эхний хагас жилд хэтэрсэн ачааллын нэмэгдлээ олгуулахыг хүсэж өргөдөл гаргав ... Мөн эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны 40 хүртэл хувийг ... олгохыг хүсэж байна” гэжээ.

1.6. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1919 тоот албан бичгээр “... Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмын хүрээнд таны өргөдөлд дурдсан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг хүргүүлжээ.

            1.7. Нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “С*******, шатны шүүхийн ерөнхий шүүгч С.О*******ийн 2025 оны эхний хагас жилд илтгэж шиядвэрлэсэн нийт хэрэг дээр тус шүүхийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчил хэргүүдийг нэгтгэн тооцож, 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ажлын ачааллын нэмэгдэл, урамшууллыг нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, Нэхэмжлэгч С.О******* миний бие С*******,******* шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ганцаараа ажилласан буй тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшууллыг сар бүр олгохоос татгалзсан ШҮүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны цалин урамшууллыг олгохыг хариуцагч байгууллагад даалгах” гэж нэмэгдүүлсэн.

                       

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч С.О******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-аар орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн илтгэж шийдвэрлэсэн эрүү, зөрчил, иргэний хэргүүдийг нэгтгэн тооцох эсэх талаар зохицуулсан заалт байхгүй, энэ асуудлыг тодорхой зохицуулалгүй орхигдуулсан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 208 дугаар тогтоолын хавсралтаар давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бүтэн жилийн зохист ачааллын дээд хязгаарыг эрүүгийн 49, иргэний 95, зөрчлийн 110 хэрэг шийдвэрлэсэн байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хагас жилийн зохист ачааллын дээд хязгаарыг эрүүгийн 24,5 хэрэг, иргэний 47,5 хэрэг, зөрчлийн 55 хэрэг гэж тогтоосон бөгөөд энэхүү зохист ачааллаас хэтэрсэн тохиолдолд ачааллын нэмэгдэл урамшуулал олгодог.

Нэхэмжлэгч С.О******* миний бие 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүгийн 23, иргэний 5, зөрчлийн 7 хэрэг илтгэж шийдвэрлэсэн бөгөөд эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийг тус тусад нь тооцоход аль нь ч зохист ачааллаас хэтрээгүй үзүүлэлттэй байгаа болно. Хэдийгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолын хавсралтаар “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ыг баталж, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хагас жил тутамд нийт шүүгчдийн ажлын ачааллын нэмэгдэл урамшууллыг тооцож, олгож ирсэн боловч орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийг нэмж, нэгтгэн тооцдог эсэх нь тодорхойгүй, шүүгчийн бодит ачааллыг ямар аргачлалаар тооцож ирсэн, энэхүү аргачлалыг ямар эрх зүйн актаар баталж, тогтоосон, хэд гэсэн коэффициентоор үржүүлж, хувааж нэгтгэдэг нь тодорхой бус, энэ аргачлалынхаа талаар шүүгч нарт ямар ч мэдээлэл өгөлгүй, нууцалж ирсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.2.3 дахь заалт болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад тус тус зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж ажиллах ёстой. Мөн энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад зааснаар захиргааны үйл ажиллагаанд оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах эрхтэй байдаг.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, энэ зүйлийн 43.8 дахь хэсэгт “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 43.8 дахь хэсгүүдэд заасан журмыг зөрчиж, эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийг аль алиныг нь хянан шийдвэрлэдэг орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бодит ачааллыг тооцох аргачлалын талаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох шүүгч нарт огт мэдэгдээгүй, тухайн захиргааны байгууллагын албан ёсны сайт, пэйж хуудас, энгийн болон цахим шуудангаар хүргүүлэх болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дээр дурдсан зүйл, заалтуудын хэрэгжилт, хуулиар тогтоосон шаардлага, зарчмыг хангаж ажиллаагүй, тухайн байгууллагын холбогдох үйл ажиллагаа ил тод, нээлттэй бус байснаас нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж, хийсэн ажлынхаа цалин хөлсийг авах хүсэлтийг гаргахад нөхөн олгохоос татгалзсан бөгөөд энэхүү захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Тухайлбал: Орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бодит ачааллыг тооцох аргачлал буюу нийт шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийг “хэд” гэсэн коэффициентод хувааж, үржүүлэн нэгтгэдэг талаарх аргачлал, уг аргачлалыг баталсан эрх зүйн акт, холбогдох журам, заавар, хуралдааны тэмдэглэл зэрэг бичиг баримтуудын талаарх мэдээллийг надад мэдэгдээгүй, энэ талаарх мэдээллийг тухайн байгууллагын албан ёсны сайт, пэйж хуудас, ирүүлсэн бичиг баримтуудаас миний бие мэдэх боломжгүй байсан болно.

С*******, шатны шүүх болон тус шүүхийн Тамгын газарт энэ аргачлалын талаарх ямар ч бичиг баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлээгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс энэ нөхцөл байдлыг шалгаж, тодруулахыг хүсэж байгаа болно. Үүний улмаас миний бие 2025 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдээ нэмж нэгтгэхгүйгээр, тус тусад нь тооцоход зохист ачааллаас хэтрэхгүй байсан тул 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагаас өмнө шүүгчийн зохист ачааллаас хэтэрсэн мэдээлэл, зөвлөгөөний тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээгүй юм. Ийнхүү хугацаа хэтрүүлэх болсон шалтгаан нь нэхэмжлэгч миний буруугаас бус, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцох аргачлалынхаа талаарх мэдээллийг надад өгөөгүйгээс болсон, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын буруугаас миний бие хийсэн ажлынхаа цалин хөлсийг бүрэн гүйцэд авч чадахгүй хохирч байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаар тогтоолын хавсралтаар “Шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцох аргачлал”-ыг баталсан талаар нэхэмжлэгч миний бие 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн бөгөөд энэ аргачлалаар тооцож үзэхэд миний 2025 оны эхний хагас жилийн ажлын ачаалал зохист ачааллаас хэтэрсэн болох нь тогтоогдсон. Тодруулбал: Энэ аргачлалын 4.2.4 дэх заалтад зааснаар 2025 оны эхний хагас жилд илтгэж шийдвэрлэсэн хэргийн бодит ачааллаа тооцож үзэхэд:

A+B/1.9+C/2.3+D/10.4=23+5/1.9+7/2.3+0/10.4=23+2.63+3.04+0=28.67 болж, энэ нь эрүүгийн хэргийн зохист ачааллаас 4.17 хэргээр буюу 17 хувиар хэтэрч, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингаар тооцоход: 5,580,000 x 17% = 948,600 төгрөгийн нэмэгдэл, урамшуулал авахаар байна.

Дээр дурдсан аргачлалын талаар миний бие 2025 оны 06 дугаар сарын 24- ний өдөр мэдэж, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ, шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт, холбогдох мэдээлэл, зөвлөгөөний тогтоолын хамт хүргүүлэхэд эдгээр бичиг, баримтуудыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагаас өмнө ирүүлээгүй буюу хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нөхөн олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол улсын иргэн цалин хөлс авах эрхтэй” гэж, энэ зүйлийн 12 дахь хэсэгт: “Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд эдгээр Монгол улсын иргэний үндсэн эрхийн эрх зүйн баталгааг хангаж, хууль тогтоогчоос дараах хуулиудыг Улсын Их Хурлаас баталсан. Тодруулбал:

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 42.1.5 дахь заалт болон энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах болон хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй бол, ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх үүрэгтэй байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтад “Төрийн албан хаагч албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах нийтлэг баталгаагаар хангагдана” гэж тус тус заасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж хуульчилсан нь шүүгч ачааллын нэмэгдэл урамшуулал авах эрх зүйн үндэслэлийг хууль тогтоогчоос бүрдүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн ачааллын нэмэгдэл урамшуулал олгохоос татгалзсан шийдвэр нь дээрх хууль тогтоомжид заасанд нийцэхгүй, хийж гүйцэтгэсэн ажлынхаа цалин хөлсийг авах Үндсэн хуульд заасан эрхийг хууль бусаар хязгаарласан, хууль бус захиргааны акт болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах, эдийн засгийн баталгаа, мэдээллээр хангах зорилго, чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн атлаа “...2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн дотор мэдээллээ ирүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн” гэх хууль бус шаардлага, үндэслэлээр шүүгчийн 2025 оны эхний хагас жилийн ачааллын нэмэгдлийг олгохоос татгалзаж, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж, шүүгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл ямар ч ажил олгогч, ажилтны цалин хөлсийг тооцохдоо шаардагдах мэдээллээ ажлын 3 хоногт багтааж ирүүлэхгүй бол гүйцэтгэсэн ажлын цалин хөлсийг олгохоос татгалзах эрхгүй бөгөөд энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил болно. Иймд хариуцагч байгууллагын татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.О*******т 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ачааллын нэмэгдэл урамшууллыг нөхөн олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн илтгэж шийдвэрлэсэн хэрэг дээр өөрийн шүүхийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэргийн тоог нэгтгэн тооцож, шүүгчийн ажлын ачааллын нэмэгдэл, урамшууллыг нөхөн олгохыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолын хавсралтаар “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ журмын 2.1.2 дэх заалтад “Шүүгчийн ажлын ачааллыг тооцоход: шүүх хуралдааныг даргалах, илтгэх, хэрэг маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох ажиллагааг хамруулна” гэж, мөн энэ журмын 2.1.4-д “Адил шатны өөр шүүхэд хуульд заасны дагуу томилогдон шүүх бүрэлдэхүүнд оролцох ажиллагааг хамруулна” гэж тус тус заасан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн бодит ачааллыг тооцохдоо зөвхөн илтгэж шийдвэрлэсэн хэргээр тооцож, өөрийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэргийг оруулж тооцохгүй байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.1.2, 2.1.4-д заасанд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн баталсан журмаа зөрчиж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахгүй байна.

Нэхэмжлэгч С.О******* миний бие 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Эрүү, шатны шүүхийн иргэний 1 хэргийн, Хэнтий аймгийн Эрүү, шатны шүүхийн эрүүгийн 1 хэргийн шүүх бүрэлдэхүүн оролцож, адил шатны өөр шүүхийн нийт 2 хэргийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн.

Түүнээс гадна Хэнтий аймгийн Эрүү, шатны шүүхэд бүрэлдэхүүн дутуу, 2 шүүгч ажиллаж байгаагаас миний бие 2025 оны 9 сард нэг удаагийн явалтаар эрүү, иргэн, зөрчлийн нийт 20 хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож, хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Энэ мэтээр өөрийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэдэг хэргийг тоо цөөн биш байдаг тул илтгэж шийдвэрлэсэн хэргээс ялгамжтай байдлаар, бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэргийн тоог тодорхой коэффициентод хувааж, нэмж, нэгтгэн тооцох талаар захиргааны акт гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгахыг хүссэн болно.

Эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшууллыг сар бүр олгохыг даалгахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар С*******, шатны шүүх ерөнхий шүүгч, шүүгчийн нийт 4 орон тоотой ажиллахаар тус шүүхийн шүүгчийн орон тоог баталсан. Тус шүүхийн шүүгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, шүүгч О.Б нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Эрүү, шатны шүүхэд шилжин ажиллахаар томилогдсоноор С*******, шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөгдсөн бөгөөд тэдний сул орон тоог өнөөг хүртэл нөхөөгүй, удаа дараа сонгон шалгаруулалт зарласан боловч сонгон шалгаруулалтад орох хүнгүй жил гаруй хугацаа өнгөрсөн, цаашид ч багагүй хугацаагаар ганцаараа ажиллах магадлалтай байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь заалтад зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүхийг хүний нөөцөөр хангах үндсэн чиг үүрэгтэй боловч энэ чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас ерөнхий шүүгч С.О******* миний бие 1 жил гаруй хугацаанд тус шүүхэд ганцаараа ажиллаж, адил шатны өөр шүүхээс 2 шүүгч бүрэлдэхүүнд авч, эрүү, иргэн, зөрчлийн бүх хэргээ илтгэж, шүүх хуралдаанаа даргалан шийдвэрлэж, шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Миний бие тус шүүхэд ганцаараа ажиллаж байгааrаас чөлөө авах, өвдөх эрхгүй, ээлжийн амралтын хугацаанд ч хэрэг тасралтгүй хуваарилагдаж, амралтаа бүрэн эдэлж чадахгүй, хэрэг хянан шийдвэрлэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, энэ зүйлийн 57.2.3 дахь заалтад “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалтад “Төрийн албан хаагч албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах нийтлэг баталгаагаар хангагдана” гэж тус тус заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”-ын 2.2-д “Энэ журмын 2.1- д заасан түр орлон гүйцэтгэх хугацаа нь 6 сараас дээш үргэлжлэх бол түр орлон гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн 40 хүртэл хувийг түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид олгоно” гэж тус тус зааснаар давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалын 5,580,000 төгрөгийн цалингийн 40 хувиар тооцож, сүүлийн 12 сарын буюу 26,784,000 төгрөгийн цалин, урамшууллыг олгохыг хүсэж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, тайлбараа 9 хуудас дэлгэрэнгүй бичсэн, дэмжиж байгаа. Цаг хугацаа хэмнэх үүднээс агуулгыг нь товчхон ярья гэж бодож байна. Би хоёр үндэслэлээр хариуцагч байгууллагын татгалзлыг эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн.

1.Хариуцагч тал үндсэн нэмэгдүүлсэн урамшуулал олгохоос татгалзахдаа хугацаа хэтрүүлсэн асуудлыг ярьдаг. Хугацаа хэтрүүлсэн шалтгааны хувьд тухайн үед би ажил үүргээ гүйцэтгэж байсан. Надад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагаас өмнө холбогдох мэдээлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, албан тоотыг хүлээж авсан. Цаг хугацааны талаар мэдэж байсан. Би өөрийн ачааллыг тооцож үзсэн. Завхан аймгийн шүүх дээр миний хувьд зөрчил, эрүү, иргэний гэсэн гурван төрлийн хэрэг шийддэг байсан. Гурван төрлийн хэрэг тус бүр дээр аль аль нь зохист ачааллаасаа хэтрээгүй тоон үзүүлэлт гарсан. Үүнийг тухайн үед юу гэж ойлгосон бэ гэхээр 2023 оны 207, 208 тоот тогтоолоор зохист ачааллын хэмжээг баталсан. Үүнийг уншихад шүүгчийн бодит ачааллыг тооцох аргачлалыг нэгтгэж тооцдог гэсэн агуулгаар ойлгоогүй. Тус тусад нь тооцоход хэтрэхгүй юм байна гэдэг үндэслэлээр явуулаагүй. 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн бодит ачааллыг тооцох аргачлалыг баталж 06 дугаар сарын 24-ний өдөр тэр аргачлалыг эх хувиар нь манай шүүхийн тамгын газарт ирүүлсэн. Би өөрөө 24-ний өдөр хүлээж авч танилцсан. Тооцдог аргачлалаар нь шүүгчийн бодит ачаалал болон өөрийн ачааллыг тооцож нэмж нэгтгэхээр минийх 17 орчим хувийн ачааллын урамшуулал авах байдал харагдсан. Үүний дагуу би авах ёстой байсан гээд Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хүсэлтээ гаргасан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр татгалзсан. Би татгалзаж байгаа үндэслэлийг нь тайлбар дотроо бичсэн байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн ажил хөдөлмөрлөх эрхлэх эрхтэй, мөн хийсэн ажлынхаа цалин хөлсийг бүрэн гүйцэт авах эрхтэй гэж заасан байдаг. Цалин хөлс гэх ойлголтод нэмэгдэл урамшуулал хамаарч байгаа. Би хагас жил давсан ачаалалттай ажилласан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Журамд зааснаар ажлын 3 хоног дотор мэдээллийг ирүүлэх ёстой, ирүүлэхгүй бол олгохоос татгалзана гэсэн зүйл ярьж байна. Журам, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан тоот дээр ийм асуудлуудыг мэдэгдэх ёстой. Шүүгч нар үүнийг мэдэж байгаа. Ажлын 3 хоногийн хугацаа тогтоогоод олох ёстой цалинг олгохоос татгалзаж байгаа асуудал нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд заасан цалин хөлсөө авах Монгол Улсын иргэний эрхийг хязгаарлаж байгаа хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд үүнийг авах эрхтэй гэж бодож байна.

2.Аргачлалыг нэмж нэгтгэж гаргах талаар надаас гадна орон нутгийн нийт шүүгч нар мэдэхгүй байна. Би энэ талаар шүүгч нараас асууж байсан. Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн шүүгч нараас ямар аргачлалаар ачааллаа авдаг байсан вэ гэж асууж байсан. Ачаалалтай шүүгч нарын хувьд зохист ачааллаас эрүү эсвэл иргэн нь даваад гарсан байдаг тул давсан шүүгч нар мэдээ тайлангаа хугацаанд нь гаргаж явуулж, цалин урамшууллаа авдаг. Авдаггүй шүүгч нар ямар ч ойлголт байхгүй. Үүнийг нэгтгэдэг гэдгийг мэдэхгүй шүүгч нар байдаг. Бодит ачааллыг яаж тооцдог аргачлалаа Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Үүнээс болж шүүгчийн эрх ашиг хохироод явж байна. Эрх зүйн акт гаргаагүй. Үүнийг би хаанаас ч мэдэх боломжгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 тоот тогтоолоор баталсан журмыг би маш олон удаа уншиж байгаа. Хаана нь ч нэгтгэж тооцно гэдэг талаарх заалт, зохицуулалт энэ журам дээр байхгүй байна. 2023 оноос 2025 оны 07 дугаар сар хүртэл яаж аргачлалаа тооцдог талаар мэдэхгүй байна. Өөрсдөө тохироод нэмж нэгтгээд боддог байсан. Гэхдээ энэ аргачлалыг нийт шүүгч нартаа мэдэгдээгүй. Мэдэгдээгүй талаарх нотлох баримтаа бүрдүүлж өгсөн. Хэрвээ энэ аргачлалыг мэддэг байсан бол өнөөдөр энэ асуудалд ороод хохирохгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ маргаан үүсэхгүй байсан. Би нарийн хуулийн заалтыг нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой бичсэн байгаа тул нэг бүрчлэн унших шаардлагагүй байх гэж бодож байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 207 тоот тогтоол болон шүүгчийн бүрэлдэхүүнд оролцсон, бусад өөр шүүгчийн хэргийг шийдсэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон тохиолдолд хэргийн ачаалалд оруулж тооцохоор журамд заасан байдаг. Журмын хэрэгжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллаж чадахгүй байна. Би үүнийг гайхаж байна. 207 тоот тогтоолоор баталсан журмын аль заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл мөрдөж ажилладаг гэдгийг мэдэхгүй байна. Алийг нь мөрдөхгүй ажиллаж байгаа вэ? Нэг л журам үйлчилж байгаа. Хугацаа хэтэрсэн гэдэг дээр журмаа барьж болж байгаа бол бүрэлдэхүүнд оролцсон хэргийн тоог яагаад нийт шүүгч нартаа оруулж тооцдоггүй вэ? Тодорхой коэффициентоор үржүүлдэг үү эсвэл хуваадаг уу? Нэмж нэгтгэх боломж гарсан байгаа. Иргэний хэргийг 1,9 хувь гэсэн коэффициентод хуваагаад эрүүгийн хэрэгт шилжүүлж болж байгаа. Зөрчлийн хэргийг 2,3 хувь гэсэн коэффициентод хувааж байгаад эрүүгийн хэрэг рүү нэгтгэж болж байгаа. Үүнтэй адилхан бүрэлдэхүүнд оролцсон хэргийг 3 гэдэг коэффициентод хувааж байгаад нэмж нэгтгэж тооцох боломжтой. Захиргааны актыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. Коэффициентыг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдөө аргачлалаараа тооцож тогтоох байх гэж бодож байна. Энэ үндэслэлээрээ хоёр дахь шаардлагыг гаргасан.

3. 2024 оны 10 дугаар сараас эхлээд би шүүхэд ганцаараа ажиллаж байгаа. Манай шүүх шүүгчийн 4 орон тоотой. Д.Б шүүгч 2022 оны 12 дугаар сард тэтгэвэрт орно. О.Б шүүгч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг руу шилжин ажиллахаар томилогдсон. Би жил гаруй хугацаанд С шатын шүүхэд ганцаараа ажиллаж байгаа. Хувь хүн дээр ачаалал үүсэж байна. Бүх хэргээ нэгтгэж даргалж байгаатай холбогдуулаад Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд гарах цалин урамшууллын 40 хүртэл хувийн нэмэгдлийн цалин урамшууллыг авах хүсэлтэй байна. Сар бүр цалин дээрээ тооцоолон авахыг хүсэж байна. Энэ талаарх хүсэлтээ гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөл татгалзаж шийдсэн. Хэнтий аймгийн Давж заалдах шатны ерөнхий шүүгч хийж байгаа н.Г шүүгч жил гаруй ганцаараа ажилласан. Энэ хугацаандаа цалингийн 40 хувийн нэмэгдлийг авч байсан. Сэлэнгийн аймагт ажиллаж байгаа н.А шүүгч мөн адил авч байсан гэсэн. Шүүгч нар нэмэгдлээ авч байсан тохиолдлууд байгаа. Яагаад би ийм адилхан жишгээр авч болохгүй вэ? Нийт адилхан шүүгч нарт ийм байдлаар олгож болдоггүй юм уу? Зарим нь аваад, зарим нь авахгүй байна. Яагаад татгалзаад байдаг юм бэ гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “С*******, шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.О*******ийн 2025 оны эхний хагас жилд илтгэж шийдвэрлэсэн хэргээс зохист ачааллаас давсан хувиар тооцож, шүүгчийн ажлын ачааллын нэмэгдэл урамшууллыг нь нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл урамшууллыг нөхөн олгохыг даалгасан шийдвэр гаргуулах шаардлагын тухайд:

“Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 4.1-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн ажлын бодит ачааллыг улирал, эсхүл хагас жил бүрээр дараах байдлаар тодорхойлно:” гэж, 4.1.1-т “анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар тухайн шүүхийн шүүгчийн ажлын бодит ачааллыг улирал, эсхүл хагас жил бүрээр гаргасан мэдээг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн Ерөнхий зөвлөлд зөвлөгөөний тогтоолын хамт ирүүлнэ” гэж заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01/1045 дугаар албан бичгийг анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч нарт хүргүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2025 оны эхний хагас жилийн ажлын зохист ачааллыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, заасан хугацаанд шийдвэрлэсэн хэргийн тоо нь зохист ачааллаас хэтэрсэн талаарх мэдээллийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталгаажуулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагт багтаан Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлэх, хугацаандаа үнэн зөв ирүүлээгүй тохиолдолд урамшуулал тооцож олгох боломжгүй болохыг мэдэгдсэн. С*******, шатны шүүхээс дээрх албан бичигт шүүгчдийн зөвлөгөөнөөр баталгаажуулсан тоон мэдээлэл, хариуг Шүүхийн ерөнхий зөвлөлд заасан хугацаанд ирүүлээгүй.

Харин шүүгч С.О******* нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газраар дамжуулан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 231 дугаар албан бичгээр шүүгчийн ажлын ачаалал, нэмэгдэл урамшуулал нөхөн тооцуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар тус хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1228 дугаар албан бичгээр шүүгч С.О*******т мэдэгдсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын хүрээнд 2023 оны эхний хагас жилээс эхлэн шүүгчийн зохист ачааллаас хэтэрсэн ачаалал, нэмэгдэл урамшууллыг 5 удаа тооцож олгосон байна.

1. Тус журамд зааснаар шүүхийн Тамгын газар тухайн шүүхийн шүүгчдийн бодит ачааллыг гаргасан мэдээг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлэх зохицуулалттай. Үүний дагуу ирүүлсэн мэдээллийг Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн систем дэх тоон мэдээлэлтэй тулгаж үзэхэд нэхэмжлэгч 2023 оны эхний хагас жилд эрүүгийн хэрэг 6, зөрчлийн хэрэг 2, иргэний хэрэг 5 шийдвэрлэсэн байсан. Зөрчлийн 2.3 хэргийг 1 эрүүгийн хэрэгтэй, иргэний 1.9 хэргийг 1 эрүүгийн хэрэгтэй дүйцүүлж эрүүгийн хэрэгтэй нэмж нэгдсэн систем дэх хэргийн тоогоор бодоход хагас жилийн зохист ачааллаас 61.2 хувь бага байсан тул урамшуулал тооцогдоогүй.

2. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 222/3T2023/00013 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч С. О******* эрүүгийн хэрэг 5, зөрчлийн хэрэг 6, иргэний хэрэг 2 шийдвэрлэсэн гэж мэдээллийг шүүхийн Тамгын газраас нь ирүүлсэн. Үүнийг Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн систем дэх тоон мэдээлэлтэй тулгаж үзэхэд эрүүгийн хэрэг 4, зөрчлийн хэрэг 6, иргэний хэрэг 4 шийдвэрлэсэн байсан. Зөрчлийн 2.3 хэргийг 1 эрүүгийн хэрэгтэй, иргэний 1.9 хэргийг 1 эрүүгийн хэрэгтэй дүйцүүлж эрүүгийн хэрэгтэй нэмж нэгдсэн систем дэх хэргийн тоогоор бодоход хагас жилийн зохист ачааллаас 64.4 хувь бага байсан тул урамшуулал тооцогдоогүй.

3. С*******, шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 223/3T2024/00004 дүгээр тогтоолоор Ерөнхий шүүгч С.О*******ийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 6, зөрчлийн хэрэг 3, иргэний хэрэг 3 гэж мэдээ ирсэн. Үүнийг Хэргийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн систем дэх тоон мэдээлэлтэй тулгаж үзэхэд эрүүгийн хэрэг 6, зөрчлийн хэрэг 3, иргэний хэрэг 4 байсан. Зөрчлийн хэргийн 2.3 хэргийг 1 эрүүгийн хэрэгтэй, иргэний 1.9 хэргийг 1 эрүүгийн хэрэгтэй дүйцүүлж эрүүгийн хэрэгтэй нэмж нэгдсэн систем дэх хэргийн тоогоор бодоход нийт шийдсэн эрүүгийн хэргийн тоо 9.4 буюу хагас жилийн зохист ачааллаас 61.6 хувь бага байсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам” батлагдснаас хойш эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн ачааллыг эрүүгийн хэрэгт хөрвүүлэн нэгтгэн тооцох аргачлал өөрчлөгдөөгүй. Хагас, бүтэн жилээр шүүгчийн ачаалал тооцох, хэргийн мэдээ авахтай холбоотой асуудлаар тухай бүр зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. Мөн 2023 оны Нийт шүүгчийн 2 дугаар чуулганаар энэ асуудлыг тухайлан танилцуулж, шүүгч бүрд өгсөн тайлангийн номд аргачлалыг тусгасан.

Эрүүгийн болон******* шатны шүүхийн шүүгчийн зохист ачааллыг аль аль шалгуураар давсан буюу өөрөөр хэлбэл дагнасан шүүхийн шүүгчээс 2 дахин илүү ачаалалтай байж зохист ачаалалд орох тооцоолол хийгдэх боломжгүй нь илэрхий юм. Мөн 2023 оны эхний хагас жилийн шүүгчийн ажлын ачаалал тооцсоны дараа журам, ачаалал тооцсон тогтоолтой холбоотой анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нараас гомдол, саналыг авч нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байсан. Энэ үеэр Сүхбаатар аймгийн шүүхүүдээс санал ирүүлж байгаагүй.

Өөрийн ажиллаж буй шүүхийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчийн хэргүүдийг нэгтгэн тооцуулах тухайд:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-д заасан ачаалалд тооцох шалгуур үзүүлэлт тус бүрээр суурь судалгаа хийгдэж, нийт шүүгчийн зарцуулах цагийг гаргаж, үүнийг шийдвэрлэх хэргийн тоогоор зохист ачааллыг тооцсон. Энэ талаар хагас, бүтэн жилээр шийдвэрлэсэн хэргийн тоог авах албан бичиг бүрд дурдсан. Иймд бүрэлдэхүүнд орж шийдвэрлэхэд зарцуулах цаг нийт нийт ачаалал тооцох нийлбэрт орж тооцогдсон тул тусад нь ачааллын бүрэлдэхүүн болгох боломжгүй юм.

Албан тушаал хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшуулал олгох тухайд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “шүүгч гэж ... шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг” гэж заасан бөгөөд 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар шүүгч нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Нэхэмжлэгч нь шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор өөрт хуваарилагдсан хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгчийн үндсэн чиг үүрэг бөгөөд өөр шүүгчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан. Шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс хамаарахгүй тул хавсран гүйцэтгэсний цалин урамшуулал олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч гурван шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ гаргасан байна. Нэгт нэмэгдэл урамшуулал нөхөн олгох асуудлын талаар ярьж байна. Үүнийг журмын 4.1-д “тухайн шүүхийн тамгын газраас нь шүүгчийн зөвлөгөөний тогтоолын хамт мэдээллээ ирүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг албан бичгээр мэдээгээ ирүүлэх талаар Тамгын газарт хүргүүлсэн. Хэрвээ хугацаа хоцорсон тохиолдолд зөвлөгөөний тогтоолыг хүлээн авч урамшуулал олгох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар нэхэмжлэгч мэдсэн гэдэг агуулгаа дурдаж байгаа. Энэ талаар хамгийн гол нь мэдээгүй байсан гэдэг асуудлыг ярьж байна. С.О******* шүүгчийн тухайд бол 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зөвлөгөөний тогтоол, мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөгөөний тогтоол, 2023 оны эхний хагас жил гээд 3 удаагийн ачаалал тооцох дээр хэргийн мэдээгээ ирүүлж байсан. Тухайн үед ирүүлж байсан хэргийн мэдээлэлд нь эрүүгийн суурь 45,5-аас илүү иргэний суурь 104,5-аас илүү тоо байгаагүй. Тухайн үед эргүүлээд ачаалалд хүрээгүй гэж тооцогдоод явж байсан. Энэ журам анх 2023 онд батлагдсан. Энэ журамтай холбоотой аргачлал ажиллагаа, шүүгчийн ачааллыг тооцохтой холбоотой гомдол мэдээлэл байгаа эсэхийг бүх шүүхүүдэд хүргүүлж, нэгтгэж Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулж байсан. С*******,******* шатын шүүхээс энэ ачааллыг тооцох ажиллагаа, аргачлал, үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг ирүүлж байгаагүй. Хагас, бүтэн жилийн ачаалал тооцох бүх ажиллагаа дээр хэргийн мэдээгээ хэрхэн яаж ирүүлэх, хэрхэн яаж нэгтгэн тооцоолдог талаарх мэдээллийг Хэргийн хөдөлгөөн удирдлагын газраас зөвлөгөө мэдээллийг тухай бүр ханган ажиллаж байсан. 2023 оны эхний хагас жилийн ачаалал тооцогдсоны дараа нийт шүүгч нар цугларсан шүүгчийн чуулган дээр энэ талаарх мэдээллийг танилцуулж шүүгч бүрд хүргүүлсэн. Шүүхийн тайлан, ном мэдээлэл дээр аргачлал бүрийг хүргүүлж тооцох аргачлалыг дэлгэрэнгүй тавьж хүргүүлж байсан. Эрүү болон иргэний хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүхийн ачаалал тодорхой байгаа буюу 2023 оны 208 дугаар тогтоолоор тогтоосон байгаа. Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн тухайд бол эрүүгийн болон иргэний аль аль хэрэг нь зохист ачааллаас давсан байна. Өөрөөр хэлбэл дагнасан шүүхээс хоёр дахин илүү ачаалалтай байж ачаалал хүрнэ гэдэг ойлголт байх боломжгүй. Логикийн хувьд Нийслэлийн эрүүгийн болон иргэний шүүхүүдээс хоёр дахин ачаалалтай байж ачаалал хүрнэ гэж ойлгогдох боломжгүй. Аргачлалын хувьд шийдсэн эрүүгийн болон иргэний хэргийг нэгтгэн тооцох ажиллагаа хийгдэх нь өөрөө ойлгомжтой асуудал байна гэж харж байна.

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэлдэхүүнд орж шийдвэрлэсэн хэргүүдэд шийдвэрлэе гэж байгаа. 2023 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д “шүүгчийн ажлын ачааллыг тооцоход 8 ажиллагааг хамруулна” гэж заасан байдаг. Тус журмын 3.1-д “2.1-д заасан шүүгчийн ажлын ачаалал тооцох ажиллагаанд шаардагдах цагийн зарцуулалтыг судалж мэдээлэл бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор энэ 8 ажиллагаа тус бүрд зарцуулах цагийн судалгааг Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтарсан судалгааны баг хийж гүйцэтгэсэн. Шүүгчийн ярьж байгаа бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэхэд зарцуулагдах хугацаа нь энэ дээр суурь судалгаагаар орсон. Энэ 8 шалгуур үзүүлэлтийн судалгаа бүр орсон. Нийт зарцуулах хугацаа гарсны үндсэн дээр тухайн шүүгч шийдвэрлэвэл зохих хэргийн тоо гарч ирсэн. Ийм байдлаар шүүгчийн зохист ачааллыг тодорхойлсон. Нийт судалгаан дээр хамрагдаад энд зарцуулах хугацаа нь орсон тооцооллын үндсэн дээр 208 дугаар тогтоолоор батлагдаж байгаа. Энэ дотроо бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн хэргийг тусад нь гаргаж ирж шийдвэрлэх боломжгүй мэдээлэл байна. Энэ ачааллыг нэгтгэн тооцоолж шийдвэрлэж байсан гэдэг агуулгаар тухай бүрд нь албан бичгээр явуулахдаа хавсралт хүснэгтийн мэдээллийг тусдан хүргүүлж байсан.

Ажил хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшуулал олгох асуудлыг ярьж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгчийн үндсэн чиг үүрэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх юм. Нэхэмжлэгч шүүх бүрэлдэхүүн томилох тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор өөрт хуваарилагдсан хэргээ хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл өөр хэн нэгний хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй. Иймд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчийн үндсэн чиг үүрэг нь байгаа тул өөр ажил, албан үүргийг хавсран гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэх талаарх эрх бүхий байгууллагын холбогдох шийдвэр гарсан зүйл байхгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Энэ дээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн, орлон гүйцэтгэсэнтэй холбоотой цалин хөлсний асуудал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд тусгагдан зохицуулагдаагүй. Зөвхөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хязгаарлагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.О*******аас Шүүхийн еөрнхий зөвлөлд холбогдуулан

1.1. С*******, шатны ерөнхий шүүгч С*******ийн О*******т 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ачааллын нэмэгдэл урамшуулал нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэмэгдэл урамшууллын 937,440 төгрөгийг нөхөн олгохыг даалгах,

1.2. С*******, шатны шүүхийн ерөнхий шүүгч С.О*******ийн 2025 оны эхний хагас жилд илтгэж шийдвэрлэсэн нийт хэрэг дээр тус шүүхийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчил хэргүүдийг нэгтгэн тооцож, 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ажлын ачааллын нэмэгдэл, урамшууллыг нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах,

1.3. С*******,******* шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ганцаараа ажилласан буй тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшууллыг сар бүр олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны цалин урамшууллыг олгохыг хариуцагч байгууллагад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ

- орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийг нэмж, нэгтгэн тооцдог эсэх нь тодорхойгүй, шүүгчийн бодит ачааллыг ямар аргачлалаар тооцож ирсэн, энэхүү аргачлалыг ямар эрх зүйн актаар баталж, тогтоосон, хэд гэсэн коэффициентоор үржүүлж, хувааж нэгтгэдэг нь тодорхой бус, энэ аргачлалынхаа талаар шүүгч нарт ямар ч мэдээлэл өгөлгүй, нууцалж байсан хариуцагч байгууллагын буруугаас миний бие хийсэн ажлынхаа цалин хөлсийг бүрэн гүйцэд авч чадахгүй хохироосон,

- шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцохдоо зөвхөн илтгэж шийдвэрлэсэн хэргээр тооцож, өөрийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн хэргийг оруулж тооцохгүй байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.1.2, 2.1.4-д заасанд нийцэхгүй, Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн баталсан журмаа зөрчиж, хэрэгжилтийг нь хангаж ажиллаагүй,

- Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар С*******, шатны шүүх ерөнхий шүүгч, шүүгчийн нийт 4 орон тоотой ажиллахаар тус шүүхийн шүүгчийн орон тоог батлагдсан байхад Ерөнхий зөвлөл нь сул орон тоог өнөөг хүртэл нөхөөгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь заалтад заасан шүүхийг хүний нөөцөөр хангах үндсэн чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас ерөнхий шүүгч С.О******* миний бие 1 жил гаруй хугацаанд тус шүүхэд ганцаараа ажиллаж, чөлөө авах, өвдөх эрхгүй, ээлжийн амралтын хугацаанд ч хэрэг тасралтгүй хуваарилагдаж, амралтаа бүрэн эдэлж чадахгүй байна гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэлийн “2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ачааллын нэмэгдэл урамшуулал нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэмэгдэл урамшууллын 937,440 төгрөгийг нөхөн олгох” шаардлагын тухайд:

3.1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” төрийн албан хаагч гэж тодорхойлсон ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгох”-оор, 57.2.3-т “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс бүрдэх”-ээр заажээ.

3.2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.7-д “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж зааснаар шүүгчид олгох нэмэгдэл урамшууллыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлах бөгөөд мөн олгох үүргийг хуулиар хүлээсэн байна.

4. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч С.О******* нь хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд нэмэгдэл урамшуулал авах эрхтэй, хариуцагч нь хууль тогтоомжид заасан нэмэгдэл урамшууллыг олгох үүрэгтэй атал хариуцагч  Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1228 дугаар албан бичгийн тухайд нөхөн олгох боломжгүй гэж хуульд заагаагүй хугацаагаар хязгаарлаж татгалзсан нь хууль бус гэж дүгнэлээ.

5. Тодруулбал, С*******,******* шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 222/ЗТ2025/00003 дугаар “Шүүгчийн ажлын ачааллын мэдээллийг хэлэлцэх тухай” тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгч С.О*******ийн 2025 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн хэргийн тоо, судалгааг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх байдлаар гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын хавсралтад Эрүүгийн 23 хэрэг, Иргэний 5 хэрэг, Зөрчлийн 7 хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.О*******ийн нэгэнт хийж гүйцэтгэсэн ажил нь шүүгчийн бодит ачааллаас хэтэрсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгчийн ажлын ачаалалд олгох нэмэгдэл урамшуулал нь тухайн албан тушаалтны хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр тооцогдож байх тул хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэмэгдэл урамшууллыг олгох хугацаа тогтоох үндэслэлгүй, харин ачааллын судалгааг шүүхийн захиргаанаас байгууллагаас гаргуулж, ачааллыг тооцон олгох үүрэгтэй гэж үзнэ.

7. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1228 дугаар албан бичгийг хүчингүй болгож, С.О*******ийн 2025 оны эхний хагас жилийн нэмэгдэл урамшууллыг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэлийн “С*******, шатны шүүхийн ерөнхий шүүгч С.О*******ийн 2025 оны эхний хагас жилд илтгэж шийдвэрлэсэн нийт хэрэг дээр тус шүүхийн болон адил шатны өөр шүүхийн бүрэлдэхүүнд оролцож шийдвэрлэсэн эрүү, иргэн, зөрчил хэргүүдийг нэгтгэн тооцож, 2025 оны эхний хагас жилийн шүүгчийн ажлын ачааллын нэмэгдэл, урамшууллыг нөхөн олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шаардлагын тухайд:

8.1. Дорнод аймгийн Эрүү,******* шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/118 тоот албан бичигт “… тус шүүхийн эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй бөгөөд иргэний нэг хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцсон байна” гэж,

8.2. Хэнтий аймгийн Эрүү,******* шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 125 тоот албан бичигт “… манай шүүхийн иргэн, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд та оролцоогүй бөгөөд эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцсон байна” гэсэн байх бөгөөд хавсралтаар холбогдох эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг тус тус хүргүүлсэн байна. 

9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-т шүүгчийн ажлын ачааллыг тооцоход хамруулах ажиллагаануудыг нэрлэн заасны дотор нэхэмжлэгчийн маргаж буй ажиллагааг 2.1.2-т “... хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох”, 2.14-т “адил шатны өөр шүүхэд хуульд заасны дагуу томилогдон шүүх бүрэлдэхүүнд оролцох” гэж тус тус хамруулжээ.

10. Мөн журмын 4.1.3-т зааснаар “ажлын зохист ачаалал ба шүүгчийн ажлын бодит ачааллыг харьцуулах замаар ажлын ачаалал хэтэрсэн эсэхийг тодорхойлох” үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр заасан байна.

11. Гэтэл хариуцагчаас шүүгчийн ажлын ачааллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхын зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаар тогтоолоор “Шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцох аргачлал”-ыг баталсан боловч энэхүү аргачлалд зөвхөн хуваарилагдан шийдвэрлэсэн хэргийн тоогоор ачааллыг тооцохоор заасан, нэхэмжлэгчийн маргаж буй шүүх бүрэлдэхүүнд орж ажилласан ачаалал тооцогдохооргүй байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... зохист ачааллын хэмжээг тогтоохдоо өмнө хийгдсэн судалгаа, ажлын ачааллыг тооцсон баримтуудыг үндэслэсэн” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэнгүй.

13. Түүнчлэн дээр дурьдсан 207 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д “Дараах тохиолдлын аль нэг бүрдвэл Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн ажлын зохист ачааллыг өөрчлөх шийдвэр гаргана”, 3.6.3-т “шүүгчийн ажлын чиг үүрэг, хөдөлмөрийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон” бол гэж заажээ.

14. Тухайн тохиолдолд С*******, шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан 1 шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2 дахь шүүгч өөр шүүхэд шилжин томилогдсон, нийт 4 шүүгчийн орон тоотойгоор ажиллах шүүхэд нэхэмжлэгч ганцаараа ажиллаж, хуулиар олгогдсон хугацаагаар ээлжийн амралтаа эдлэх, өвчний болон бусад чөлөө авах боломжгүй ажиллах нөхцөл үүссэн байхад хариуцагч нь зохист ачааллыг өөрчлөх талаар аливаа шийдвэр гаргаагүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т “шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

15. Өөрөөр хэлбэл, С.О*******ийн хувьд С*******,******* шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр дангаар ажиллаж байгаа, тухайн шүүхэд ажиллаж байсан шүүгч О.Б өөр адил шатны шүүхэд шилжин ажилласан, мөн Ерөнхий шүүгч Д.Б өндөр насны тэтгэвэрт гарсан буюу шүүхийн хөдөлмөрийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон нөхцөл байдал бий болсон байхад хариуцагч нь шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй атлаа дангаар ажиллаж буй шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцож, нэмэгдэл урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх байгаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна.

16. Иймд хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь орон тоо дутуугаас тухайн шүүхийн бүх ажлын ачааллыг дангаар хариуцаж буй шүүгчийн ажлын ачааллыг бодитоор тооцох, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-д заасан ажлын ачаалалд оруулан тооцвол зохих ажиллагаануудыг тооцоолсны үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1919 дүгээр албан бичгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

17. Нэхэмжлэлийн “Нэхэмжлэгч С.О******* миний бие С*******,******* шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ганцаараа ажилласан буй тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт зааснаар эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны 40 хувийн цалин урамшууллыг сар бүр олгохоос татгалзсан ШҮүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, эзгүй байгаа шүүгчийн албан тушаал хавсарч ажилласны цалин урамшууллыг олгохыг хариуцагч байгууллагад даалгах” шаардлагын тухайд:

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл, шүүгчийн ажлын үндсэн чиг үүрэгт хамаарахгүй өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгүүлсэн тохиолдолд цалингийн нэмэгдлийг олгох зохицуулалтад хамаарна.

19. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн бүрэн эрхийн талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хуулиар тогтоосон шүүгчийн чиг үүргээс өөр албан тушаалын чиг үүргийг хавсран гүйцэтгэсэн нөхцөл байдал үүсээгүй гэж үзэхээр байна.

20. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь ажлын ачаалалд тохирсон цалин хөлс авах агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “...2025 оны эхний хагас жилийн ачааллын нэмэгдлийг нөхөн олгохыг даалгах” шаардлагыг хангаж, “...ачаалалд тооцвол зохих ажиллагааг тооцож, дахин акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж” шийдвэрлэснээр нэхэмжлэлийн үндэслэл хангагдсан, харин тухайн шүүхэд дангаар ажиллаж байгаа нь албан тушаал хавсран гүйцэтгэх ойлголтод хамаарахгүй тул “...хавсран гүйцэтгэсэн 40 хувийн нэмэгдэл урамшууллыг олгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.7, 70 дугаар зүйлийн 70.2.3, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О*******аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1228 дугаар албан бичгийг хүчингүй болгож, С.О*******ийн 2025 оны эхний хагас жилийн нэмэгдэл урамшууллыг нөхөн олгохыг даалгаж, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1919 дүгээр албан бичгийг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал зохих нөхцөл байдлуудыг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1919 дүгээр албан бичгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ