| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00107/И |
| Дугаар | 318/ШШ2025/00505 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2025/00505
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймаг, сум, дугаар баг, дугаар байрны тоотод байрлах, регистрийн дугаар , Д ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Зт холбогдох,
Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь Зүүнговь сумын нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2018 оноос хойш эрхлэн явуулж байна. Халаалт нийлүүлэх үнэ тарифыг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан түүнийг мөрдөн ажилладаг. Ингээд 2018 онд батласан 1300 төгрөгийн үнэ тарифийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор төсөвт байгууллагад борлуулах дулааны үнэ тарифыг 2192 төгрөгөөр шинэчлэн баталж, Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6282-т бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн. Ингээд үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч болох төсөвийн 5 байгууллагуудад тариф шинэчлэн тогтоосон тогтоолыг албан бичгээр 2023 оны 7 дугаар сард хүргүүлсэн. 2023-2024 оны халаалтын жилийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэрэглэгч байгууллагуудтай шинэчилж хийсэн. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс төсөвт үнэ тарифийг нэмэгдүүлсэнээр төсөвт өгөөгүй гэдэг үндэслэлээр одоог хүртэл зөрүүг өгөхгүй байгаа. Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн үүргийг дурдсан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх хэсэгт хэрэглэгчийн үүргийг эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөхөөр хуульчилсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно" гэж заасан ба үүнийг мөрдөх ёстой. Гэтэл Зүүнговь сумын Ерөнхий боловсролын ахлах сургууль дагаж мөрдөөгүйгээс болж дулааны төлбөрийн зөрүүг авч чадахгүй байна. Иймд Зээс 12,601,185 төгрөг гаргуулж манай ХХК-д олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Зийн эрхлэгч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д ХХК-аас нэхэмжилсэн 12,601,185 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 ;euggj сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны дотор төсвийн тодотголд оруулж төсев суугдаж ирсэн тохиолдолд төлж барагдуулах болно. Одоогоор төлөх боломжгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Зийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Увс аймгийн Зт холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн З нь нэхэмжлэгч Д ХХК-ийн Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Д ХХК-аас нэхэмжилсэн 12,601,185 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны дотор төсвийн тодотголд оруулж төсев суугдаж ирсэн тохиолдолд төлж барагдуулах болно гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Увс аймгийн З нь нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Увс аймгийн З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,569 төгрөгийн тал хувь болох 108,284.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 108,284.5 төгрөг, хариуцагч Увс аймгийн Зээс 108,284.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны дотор төсвийн тодотголд оруулж төсөв суугдаж ирсэн тохиолдолд төлж барагдуулахыг хариуцагч Увс аймгийн З хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 108,284.5 төгрөг, хариуцагч Увс аймгийн Зээс 108,284.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, 108,284.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ