Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/705

 

 

 

 

       

 

     2024          06             20                                        2024/ДШМ/705

 

 

Б.Б-, Ц.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баяр-Эрдэнэ,

яллагдагч Ц.Б-гийн өмгөөлөгч Б.Бүжингоо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/85 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн 2304000000102 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

 

2. Б-,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Багануур дүүргийн, *** тоот хашааны гадна, Б.О-ь болон түүний эцэг Ц.Б- нартай “хашаанд хог хаялаа” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан хийх явцдаа Б.О-ийг өөрийнх нь найз Г.А-ын чихийг хутгаар зүсэж гэмтээсэнд нь дургүйцэн толгойн зүүн хэсэгт банз модоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны зулгаралт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Ц.Б- нь мөн өдөр, мөн газар Б.Б- болон Г.А-, Э.Батхуяг нартай “хашаа руу хог хаясан, хаяагүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан хийх явцдаа Б.Б-ыг хүү Б.О-ын толгойд модоор цохиход нь дургүйцэн газарт байсан архины шилийг авч Б.Б-ын толгойн ар хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “толгойн ар хэсэгт язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Б-, Ц.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”-д холбогдох хэрэгт өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “Нэг хэрэгт хэргийн талаар эсрэг ашиг сонирхолтой оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хамааруулна. Б.Б-, Ц.Б- нарыг хэргийн талаар эсрэг ашиг сонирхолтой гэж үзэхгүй. Иймд өмгөөлөгч заавал оролцуулах шаардлагагүй” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, яллагдагч Ц.Б-д холбогдох хэргийн хохирогч нь Б.Б-, Б.Б-од холбогдох хэргийн хохирогч нь Ц.Б-н өргөмөл хүү Б.О-ь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Б-н өргөмөл хүү С.О- нар тогтоогдсон тул яллагдагч Ц.Б-, Б.Б- нарыг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна. Гэтэл яллагдагч Б.Б- нь өмгөөлөгчтэй байхад яллагдагч Ц.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байна. /1хх 227-228/

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 32.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах эрхтэй ба мөрдөгч нь хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлж, хэргийн материалыг танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Хоёрдугаар хавтас хэргийн 188 дугаар хуудаст авагдсан баримтад “өмгөөлөгч Ж.Цэцэгээтэй **** утсаар холбогдоход хэрэг тусгаарласан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийн материалтай прокурорын шатанд танилцана гэсэн болно” гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарт хэргийн материалыг танилцуулсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь бичиг үсэг мэдэхгүй учир өмгөөлөгчтэй нь хамт хэргийн материалтай танилцуулах ёстой. Хэргийн материалтай танилцуулахаар дуудахад өмгөөлөгчгүй, ганцаараа ирдэг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд хэргийн материалтай танилцах боломж нөхцөлөөр хангасан. Хэргийн материалтай танилцах нь түүний эрхийн асуудал” гэж тайлбарлажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгосон өмгөөлөгч тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол тухайн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын явцад хийгдэх шүүхийн хэлэлцүүлэгт шүүх, прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болно” гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь бичиг, үсэг мэдэхгүй, өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаар бол прокурор, мөрдөгч нь томилогдсон өмгөөлөгчийг оролцуулж болохоор хуульчилсан.

3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8-д “энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг”-т сэтгэцийн шинжилгээ хийнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/27 дугаартай тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасан. Нэгдүгээр хавтас хэргийн 45-48 дугаар хуудаст авагдсан хохирогч Б.Б-ын мэдүүлэгт сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн. Харин нэгдүгээр хавтас хэргийн 41-42 дугаар хуудаст авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ын мэдүүлэгт сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “Энэ хэрэг нь эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт Б.Б-од холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь хүн нас барсан хэрэгтэй холбогдуулан сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Одоо Б.Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн” гэж тайлбарлажээ. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн аль ч тохиолдолд сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэй талаар хуульчилсан тул хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг хангаагүй гэж үзэж байна.

4. Эрүүгийн хуульд зааснаар шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Яллагдагч Ц.Б- нь эрүүл мэндийн хувьд хавдар өвчтэй гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Эрүүл мэндийн байдал нь яллагдагчийн хувийн байдалд хамаарах тул энэ талаар тодруулах шаардлагатай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан. Хоёрдугаар хавтас хэргийн 154, 158 дугаар хуудаст авагдсан мөрдөгчийн тогтоолд “иргэний нэхэмжлэгчээр Батжаргалын Мөнхжаргалыг” тогтоож, Б.Мөнхжаргалаас иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авч, ажиллагаа явуулжээ. Иргэний нэхэмжлэгчээр Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг тогтоож, иргэний нэхэмжлэгч байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байтал тус хэлтсийн даргаар ажилладаг Б.Мөнхжаргалыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй байна гэх үндэслэлүүдээр Б.Б-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Багануур дүүргийн прокурорт буцааж, яллагдагч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.Б-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Баяр-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокуророос Ц.Б- нь Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Б- нь Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч...” гэж хуульчилсан байхад шүүх Б.Б-од холбогдох хэргийн хохирогч Б.О-ь нь яллагдагч Ц.Б-н өргөмөл хүү бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч нь мөн Ц.Б-н өргөмөл хүү С.О- хэмээн ойлгомжгүй дүгнэлт хийж, хэн нь хэнтэй, ямар харилцан эсрэг сонирхол үүссэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн яллагдагч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар харилцан эсрэг сонирхол буюу өөрийн үйлдлийг үгүйсгэсэн, өөр бусад этгээдээс шалтгаалсан хэмээн маргаагүй, мөн яллагдагч Ц.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулахгүй хэмээн мэдүүлсээр байхад шүүхээс түүний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...өөрийгөө өмгөөлөх, ...”, 2 дахь хэсэг “...өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана..” гэж заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, ...өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, 3 дахь хэсэгт “...хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ...” гэж тус тус хуульчилсан. Хуулийн дээрх заалтын дагуу мөрдөгчөөс эрүүгийн 2304000000102 дугаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- болон түүний өмгөөлөгч нарт мэдэгдэж, хэргийн материалтай танилцах нөхцөлийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бүрдүүлсэн. Мөн хэрэгт хяналт тавьж буй прокурор 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- болон түүний өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцах талаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ж.Цэцэгээтэй мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон бөгөөд өмгөөлөгч Ж.Цэцэгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх талаар мөрдөгчид мэдэгдээгүй, тухайн ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцох боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч томилон оролцуулах үндэслэлгүй учир шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хэмээн хохирогчийн эрхийг хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт гаргаагүй, энэ талаар мэдүүлэг өгөөгүй учир түүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үйл баримтын талаар дурдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцээгүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно”, мөн хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасан ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн Хорин долоодугаар бүлэгт заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт. байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, сэтгэцийн эмгэг судлалын тусгай, эсхүл бусад эмнэлэгт байлгах, эсхүл түүнийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүх яллагдагчийн эрүүл мэндийг тодорхойлсон баримт нь хувийн байдал буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзнэ хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй. Яллагдагч Ц.Б-н биеийн эрүүл мэндийн талаарх баримт нь хэргийн бодит байдлыг тогтооход саад болохуйц бус бөгөөд шаардлагатай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар холбогдох баримтыг шүүхэд гарган өгөх эрхээ эдлэх, энэ ажиллагааг шүүх хурлын явцад нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж хуульчилсан байхад шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/85 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ын өмгөөлөгч Д.Цолмон прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Б- Б.Б- нар нь харилцан эсрэг сонирхолтой гэх дүгнэлт үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь хэрэг шүүхэд шилжин иртэл хэргийн материалтай танилцаж чадаагүй байсан нь үнэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаараа мэдүүлсэн байдаг. Ц.Б- нь шүүх хуралдаанд оролцохдоо шүүгчийн болон бусад хүмүүсийн яриаг сонсохгүй байсан. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр талийгаач бусдад зодуулсны дараах оношилгоог хийсэн Багануур дүүргийн эмнэлгийн рентген оношлогооны техник нь шаардлага хангахгүй байсан нь илэрхий байх ба талийгаач нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бусдад зодуулснаас хойш гавал тархины хүнд гэмтэл авсан байх шинж илэрч байсан нь гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдоно. Хэргийн нөхцөл байдал ийм байхад талийгаачид үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй. ...” гэжээ.

 

Яллагдагч Ц.Б-гийн өмгөөлөгч Б.Бүжингоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч..." гэж хуульчилсан байхад шүүх Б.Б-од холбогдох хэргийн хохирогч Б.О-ь нь яллагдагч Ц.Б-н өргөмөл хүү бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч нь мөн Ц.Б-н өргөмөл хүү С.О- хэмээн ойлгомжгүй дүгнэлт хийж, хэн нь хэнтэй, ямар харилцан эсрэг сонирхол үүссэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ" гэжээ. Яллагдагч Б.Б- нь Ц.Б-н өргөмөл хүү болох Б.О-ын биед хохирол учруулсан асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд, Б.Б- Б.О-ын биед халдсаны улмаас Ц.Б- нь өөрийн хүү Б.О-ыг өмөөрч Б.Б-ын биед халдаж үүний улмаас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Яллагдагч Ц.Б- болон Б.Б- нар нь хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүддээ харилцан эсрэг сонирхол илэрхийлсэн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд яллагдагч Б.Б-, Ц.Б- нарыг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагчид гэж үзэх үндэслэлтэй байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Б- нь харааны бууралтын улмаас цаасан дээр бичигдсэн зүйлийг унших чадамжгүй бөгөөд хүмүүсийн хоорондын харилцан яриаг шүүх хуралдааны танхимд ялгаж сонсож ойлгох чадамжгүй байсан. Ц.Б- нь харааны бууралт болон сонсголын бууралтынхаа талаар эмнэлгийн байгууллагаар үзүүлж оношлуулсан баримт одоогоор байхгүй хэдий ч өмгөөлөгч надаас хууль зүйн туслалцаа авах үед хараа, сонсголын бэрхшээл нь мэдэгдсэн. Ц.Б-н сонсгол бууралтын тухайд өмгөөлөгчийн ажлын өрөөнд харилцан ярилцаж байхад чанга дуугаар ярих яриаг сонсож байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдааны танхимд яригдаж байгаа яриаг сонсохгүй байгаа талаар тухайн үед өөрөө хэлсэн. Миний үйлчлүүлэгч Ц.Б- нь өөрт холбогдох хэргийн материал ямар баримтууд цугларч бэхжүүлэгдсэн талаар огтхон ч мэдээгүй байсан бөгөөд энэ талаар өмгөөлөгч надад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө мэдэгдэж, өмгөөлөгч би түүнд хавтас хэргийн материалыг уншиж танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн- 1.1-д “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;..” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана" гэж, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй" гэж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах боломжгүй бол түүний зөвшөөрснөөр бичгээр асуулт тавьж, мэдүүлэг авч болно" гэж тус тус заасан. Яллагдагч Ц.Б- нь хараа болон сонсголын бэрхшээлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хуульд заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан байна. Ийм байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Б-н орчуулагч, хэлмэрчийн туслалцаа авах эрхийг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй тохиолдол байтал өмгөөлүүлэх эрхийг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Ц.Б-н хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд эсэргүүцлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-, Ц.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад, мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Б.Б-, Ц.Б- нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд тус тус нийцнэ.

 

Шүүгчийн захирамжид заасан Б.Б-, Ц.Б- нар нь харилцан эсрэг сонирхолтой гэх асуудлын тухайд, хэд хэдэн яллагдагч, шүүгдэгч нар нь гэмт хэргийг нэгдмэл санаа зорилгоор, зохион байгуулалттай, бүлэглэн, үйлдлээрээ нэгдэн хамтран оролцож, хэргийн үйлдэл оролцооны талаар маргаж байгаа тохиолдолд тэдгээрийг харилцан эсрэг сонирхолтой гэж үзнэ.

Дээрх хэргийн хувьд прокуророос Ц.Б- нь Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Б- нь Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх ба хэн нь хэнтэй, ямар харилцан эсрэг сонирхол үүссэн талаар дүгнэлт хийгээгүй, яллагдагч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар харилцан эсрэг сонирхол буюу өөрийн үйлдлийг үгүйсгэсэн, өөр бусад этгээдээс шалтгаалсан хэмээн маргаагүй байна. Мөн яллагдагч Ц.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулахгүй, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө хэмээн мэдүүлэг өгчээ. /1хх 55-56, 59-61/

 

Хохирогчид хэргийн материал танилцуулаагүй гэх асуудлын тухайд, мөрдөгчөөс эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- болон түүний өмгөөлөгч нарт 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, хэргийн материалтай танилцах нөхцөлийг бүрдүүлсэн байх ба мөн хэрэгт хяналт тавьж буй прокурор 2024 оны 04 дүгээр сарын 04, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- болон түүний өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцах талаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан /1хх 188, 3хх 3-4/ байх тул шүүхээс яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй байна. Уг ажиллагааг шүүхийн шатанд хохирогч, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулах арга хэмжээг авч, эцэст нь оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх замаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь “...О-ь нас барсантай холбоотой сэтгэцэд учирсан сэтгэл санааны гэм хорын хохирлоо нэхэмжилнэ. ...” гэж мэдүүлсэн байх ба /1хх 42/ харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт гаргаагүй, энэ талаар мэдүүлэг өгөөгүй байна.  2 дугаар хавтас хэргийн 187 дугаар талд “...“Б.О-ь 41 настай эрэгтэй гавал тархины гэмтэл оношоор гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн...” талаарх баримт авагджээ.

 

Яллагдагч Ц.Б-н хувийн байдал буюу эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхээ эдлэх, энэ ажиллагааг шүүх хурлын явцад нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

 

Мөн шүүгчийн захирамжид заасан иргэний нэхэмжлэгч тогтоохтой холбоотой асуудлаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, тус байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.Б-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/85 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.Б-од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН