Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Чимгээ /РД:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Цэрэндагва /ШТЭҮД:

Нэхэмжлэгч: Т.Дамдинсүрэн /РД:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Эрдэнэ-Очир /ШТЭҮД:

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цэлмаа /Нийслэлийн Г

Маргааны төрөл: Газрын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Чимгээ, Т.Дамдинсүрэн, нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгч Ш.Чимгээгийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэлмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Чингэлтэй дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1500600577 дугаартай 700 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгаж шийдвэрлэхийг даалгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарт Чингэлтэй дүүргийн -р хороонд автогаражийн зориулалтаар 700 мкв газар эзэмших эрх өгч, 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0310538 тоот гэрчилгээг олгожээ.

2.2.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжаар газрын зориулалтыг “Үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламж барих” гэж өөрчилж, 5 жилийн хугацаатай олгосон.

2.3.2012 онд “Тасган” СӨХ-өөс нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж эхэлсэн ба тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хамтран газар эзэмшигч С.Батбаатар нас барсан тул тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өв залгамжлах асуудалтай холбоотой түдгэлзүүлсэн.

2.4.С.Батбаатарын өв залгамжлагч нарын хооронд маргаан үүсэж, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ГХ2019/00657 дугаар тогтоолоор Б.Баттөр, Т.Сүхбаатар, П.Загдсүрэн нар тэнцүү хэмжээгээр өв залгамжлах эрхтэй болж эцэслэн шийдвэрлэгдсэн.

2.5.Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өв залгамжлагч нар нь харилцан тохиролцож, Ш.Чимгээд эзэмших эрхийн шилжүүлэхээр болж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/4745 тоот албан бичгээр С.Батбаатарт ногдох эзэмшлийн газрыг Ш.Чимгээгийн эзэмшилд шилжүүлэн бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн боловч шийдвэрлээгүй.

2.7.Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд элэгний 6-р сегментээс хавдар авах мэс засалд орсон ба мэс засалд орохоос өмнө болон дараа нь удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон тул “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай хэмээн тайлбарладаг.

2.9. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 01-05/18 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг ...-т заасны дагуу хүсэлт гаргаагүй байх тул тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болсныг” мэдэгдсэн.

2.10. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй шалтгаанаа тайлбарлаж, хүсэлт гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлаар эс зөвшөөрсөн буюу газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” гэх хариуг өгсөн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр №03/2824 тоотоор “...Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн дүгнэлт гарсан байх тул шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн.

2.11. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад хандан 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/2824 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцүүлж, гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн.

2.12. Нэхэмжлэгч нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2025 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дүгээр сарын 18-ны өдрийн 4663 дугаар захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн, Ш.Чимгээ нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010.06.18-ны өдрийн 418 дугаар захирамжаар авто гаражийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших болж, улмаар 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 0310538 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ авсан билээ. 2025 оны 01 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг ирсэн бөгөөд уг бичигт "... Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргаагүй байх тул тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай мэдэгдсэн.

Уг мэдэгдэлтэй танилцсаны дараа, 2025 оны 01 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан, ямар шалтгаанаар хүсэлтээ хугацаанд нь гаргаж чадаагүй болохоо тайлбарлаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан. Гэвч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" №01-05/908 тоот албан бичгээр "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн эс зөвшөөрсөн буюу газар эзэмших эрхийг дуусгавар болгосон" байна гэсэн хариуг 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн.

Нэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа.

Нэхэмжлэгч бидний зүгээс захиргааны актыг эс хүлээн зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргад хандан хуульд заасан хугацааны дотор буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг хянан үзээд, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №03/2824 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "таны ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлаар 

хэлэлцүүлж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хусэлт гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж байна.

Хоёр. Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу С.Батбаатар болон Т.Дамдинсүрэн нарт Чингэлтэй дүүргийн -р хороонд автогараашийн зориулалтаар 700 м.кв болгон газрын хэмжээг томруулан 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2010.08.25-ны өдөр 0310538 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгосон.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх газрын зориулалтыг "Үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламж барих"-аар өөрчлөн, 5 жилийн хугацаанд барилга барихыг завшеерел олгосон байдаг. Үүний дагуу бүтэн 1 жил гаруйн хугацаанд тухайн барилгын зураг теслийг боловсруулах, техникийн нөхцөл зэргийг хөөцөлдөж, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах зэрэгт их хэмжээний хөрөнгө зарцуулан ажиллаж байсан бөгөөд уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 08 дугаар 25-ны өдөр дуусахаар байсан.

Гэтэл Чингэлтэй дүүргийн -р хороонд байрлах 4542 м.кв орон сууцны орчны газар ашиглах эрхтэй гэх “Тасган” СӨХ нь 2012 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэгч бидэнд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж эхэлсэн бөгөөд уг маргаан, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчид бид газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон.

Улмаар тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дээрх газрыг хамтран эзэмшигч С.Батбаатар нас барсан бөгөөд тухайн газрыг хэн өвлөх нь тодорхойгүй болсон тул, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 300 дугаар тогтоолоор өв залгамжлалтай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх хүртэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагaar түдгэлзүүлсэн юм.

Энэ хугацаанд нэхэмжлэгч нараас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хэд хэдэн удаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүхээр газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тул сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, мөн заавал газрын хамтран эзэмшигчийн хамтаар эсхүл өвлөгч нарын хамтаар хүсэлтээ гаргах шаардлагатай гэсэн хариуг өгдөг байсан.

Түүнчлэн газрын хамтран эзэмшигч, талийгаач С.Батбаатарын өв залгамжлагч нарын хооронд маргаан гарч, 2013-2019 оны хооронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байдаг бөгөөд үүний үр дүнд уг газрын 50 хувийг талийгаач С.Батбаатарын хууль ёсны 3 өв залгамжлагч болох төрсөн хүү Б. Баттер, төрсөн ээж аав Т.Сүхбаатар, П.Загдсүрэн нарт тэнцүү хэмжээгээр өв залгамжлах эрхтэй болохыг тогтоож, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ГХ2019/00657 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. 

Үүний дагуу талийгаач С.Батбаатарын хууль ёсны өв залгамжлагч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоорондоо харилцан тохиролцож, уг газрын эзэмших эрхийг төрсөн хүү болох Б.Баттөрийн төрсөн ээж, нэхэмжлэгч Ш.Чимгээд эзэмших эрхийг шилжүүлэхээр болсон байдаг.

Уг тохиролцооны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/4745 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн -р хороо, Тэнгис кино театрын ард байрлах, нэгж талбарын 4/0191 дугаарт бүртгэлтэй газрын талийгаач С.Батбаатарт ногдох эзэмшлийн газрыг Шаравын Чимгээгийн эзэмшилд шилжүүлэн бүртгэж...” гэж Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Ш.Чимгээ миний хувьд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон, талийгаач С.Батбаатарын хууль ёсны өв залгамжлагч нараас газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шилжүүлэн авах бүрэн эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд гэж үзэж байна.

Ийнхүү 2021 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин сэргэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0141 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 347 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй, хууль ёсны болох нь тогтоогдож, дүгнэгдсэн юм.

Гэтэл хариуцагч Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ зөрчиж, хуульд заасан эдгээр ажиллагааг хийлгүйгээр, дээр дурдсан бодит нөхцөл байдлыг анхаарч, шалгаж тогтоолгүйгээр, мен хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх", 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зэрэг зарчимд нийцэхгүй шийдвэрийг гаргаж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Тодруулбал "Тасган" СӨХ-оос нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж шүүхэд хандсан бөгөөд мөн газрын хамтран эзэмшигч С.Батбаатар нас барсны улмаас түүнд ногдох газрын талаарх өв залгамжлалын маргаан шийдэгдэхгүй, шүүхээр 10-аад жил үргэлжилсэн зэрэг шалтгааны улмаас тус газарт барилга, байгууламж барих буюу тус газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломж бололцоо гараагүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч биднээс үл хамаарах шалтгаанаар газраа зориулалтаар нь ашиглаж чадаагүй буюу "хүндэтгэн үзэх шалтгаан"-тай байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй ба мөн нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд элэгний 6-р сегментээс хавдар авах мэс засалд орсон ба мэс засалд орохоос өмнө болон дараа нь удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон тул энэхүү эрүүл мэндийн байдал мөн "хүндэтгэн үзэх шалтгаан" болно

Эдгээрээс үзэхэд дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь баримтаар нотлогдож байхад, мөн хариуцагч, төрийн албан тушаалтан буюу түүний харьяа төрийн захиргааны байгууллагын зүгээс шүүхийн маргаантай гэдэг үндэслэлээр хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй, шийдвэрлэхгүй байсан байхад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан хугацаа хэтэрсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Тодруулбал нэхэмжлэгч Ш.Чимгээгийн хувьд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өв залгамжлалын журмаар газрын хамтран эзэмшигчээр бүртгэх ажиллагааг төрийн захиргааны байгууллагын зүгээс огт хэрэгжүүлээгүй байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргах боломжгүй байсны зэрэгцээ газрын маргааны улмаас хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авдаггүй байсан, харин нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн тухайд мөн л шүүхийн маргаантай байсны улмаас түүний гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэдэггүй, боломжгүй гэж татгалздаг байсны зэрэгцээ хүнд өвчний улмаас хүсэлтээ гаргах боломжгүй байсан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1500600577 дугаар бүхий, 700 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгаж шийдвэрлэхийг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ

3.2.Нэхэмжлэгч Ш.Чимгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Дамдинсүрэн нэхэмжлэгтэй санал нэг байна. 2012 онд миний нөхөр нас барсан. Өвийн маргаан болж 2020 онд эцэслэж дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлийг барьж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ирсэн боловч 3 шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл зэргийг харгалзан миний нэрийг бүртгэж аваагүй. Удаа дараа хүсэлт гаргасан боловч янз бүрийн шалтгаан хэлж бүртгэж авдаггүй. Байцаагч нар нь удаа дараа солигддог. Мөн Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүссэн байгаа тул бүртгэх боломжгүй талаар хэлдэг. 2025 онд газрын хугацаа нь дууссан тул цуцлагдсан гэж мэдсэн. Т.Дамдинсүрэнтэй холбогдоход өвчтэй байгаа талаар мэдсэн. Яах талаар мэдэхгүй байтал Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй шүүхийн маргаан яригдаж байсан. 2025 онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас бичиг ирсэн. Тус бичигт газрыг цуцалсан талаар мэдэгдсэн байдаг. Миний бие өмгөөлөгч рүүгээ хэлж нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмшигчээр бүртгэхгүй байж байгаад газрын хугацаа дууссан талаар мэдэгдсэн байна гэж хэлсэн. Өмгөөлөгч минь Т.Дамдинсүрэнтэй холбогдож энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх талаар ярилцаж хамт нэхэмжлэл гаргасан. Яагаад мэдэгдэхгүй байж байгаад газрыг цуцалж байгаа талаар ойлгохгүй байна. Урьд өмнө нь газрын хугацаа цуцлах гэж байгаа талаар сануулж, тайлбар авах боломжтой байсан. Миний бие олон удаа очиж уулзахад янз бүрийн зүйл хэлж татгалздаг байсан. Гэтэл гэнэт газрын хугацаа дууссан гэх үндэслэлээр цуцалж байгаад гомдолтой байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Иргэн хүний хувьд намайг газар эзэмшигчээр бүртгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгээр намайг газар эзэмшигчээр бүртгэх талаар бичиг явуулахад бүртээгүй. Гэнэт газрын хугацаа дуусгаж, хүчингүй болгож байгаад гомдолтой байна. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Манай хүн 2012 онд нас барсан. Түүнээс хойш хүсэлт гаргаж байгаа. Хүсэлтээ байнга гаргаж байсан. Хүүхдийнхээ өмнөөс өнөөдрийг хүртэл явж байна. Гэтэл хариуцагч талаас хүсэлт өгөөгүй гэж хэлээд байгаа нь боломжгүй. Миний хүсэлт, миний гомдол шүүхээр явж байгаа. Шүүхээр шийдвэрлэгдэж дуусахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн хүсэлт өгсөн. Яаж тохиролцсон бэ гэхээр компани болон бүх зүйлийг өгсөн. Манайхаас зөвхөн газар авсан. Хүсэлт нь үүгээр илэрхийлэгдээд явж байгаа. Хариуцагч талаас цаас нэхэж байгаа боловч миний хүсэлтийг авахгүй байгаа. Миний бие 2012 оноос 2025 оны хооронд 13 жил хүсэлт гаргаад явж байгаа. Надад газрыг өгсөн. Би компанийг нь өгсөн. Миний хийж байгаа ажил буюу хүүхдийнхээ өмнөөс хүсэлт гаргаад явж байгаа. Эзэмшигч биш байна. Таны нэр байхгүй байна гэж хүсэлтийг хүлээж авахгүй байдаг. Өв залгамжлалаас хойш явж байна. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.3. Нэхэмжлэгч Ш.Чимгээгийн өмгөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Давхардуулахгүй тайлбар хэлье. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 418 дугаартай нийслэлийн Засаг даргын захирамжаар анх газрыг авто гараашийн зориулалттай хамтран эзэмшиж эхэлсэн. 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар захирамжаар газрын зориулалт өөрчлөгдөж үйлчилгээтэй орон сууц, конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх үүссэн. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл газар эзэмших эрхтэй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргах эрхтэй гэж хуульд заасан. Энэ үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхээ сунгуулахаар хандаж байсан. Хандах үед нь газар эзэмших эрх нь хууль бус тул хүчингүй болгуулъя гэх Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэг явж байсныг хариуцагч талын зүгээс мэдэж байсан тул өргөдлийг хүлээж авдаггүй байсан. Шүүхийн маргаантай байгаа учраас гэж авдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 02 дугаар сард гарсан нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг олгосон захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан байдаг. Энэ үндэслэлүүдээр өргөдлийг огт хүлээж авдаггүй. Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа сунгах асуудлыг шийдвэрлэх болно гэсэн байдалтай байсан. Дунд нь газрыг хамтран эзэмшигч байсан С.Батбаатар гэх хүн 2012 онд нас барсан. Өв залгамжлалын маргаан гарсан. Өв залгамжлалын маргаантай холбоотой Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Эцсийн байдлаар 2022 оны 5 сард Улсын дээд шүүхийн тогтоол гарч нэг мөр эцэслэж шийдвэрлэгдсэн. Өв залгамжлалын асуудлаар хамтран эзэмшигч байсан С.Батбаатарын 3 хууль ёсны өв залгамжлагч тогтоогдсон. Тус 3 хүн өв залгамжлалын асуудлаа эрх тэгш газрыг өмчлөх эрхтэй гэж тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан тохиролцож эвлэрэх байдлаар асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Үүний дагуу нэхэмжлэгч Ш.Чимгээд газрын өвлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ш.Чимгээгийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж, хариу мэдэгдэхийг даалгасан албан бичгийг 2020 оны 2 сард хүргүүлсэн байдаг. Гэтэл үүний дагуу өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй. 2020 онд албан бичиг явуулахад Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан гэдгээр хүлээж аваагүй. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаагүй. Шүүхийн маргаантай гэдэг байдал 2022 оны дундуур арилсны дараа очиж уулзахад газрын хамтран эзэмшигчтэй хамт ирэх шаардлагатай. Хамт ирж хүсэлтээ гаргаж байж сунгах асуудал шийдвэрлэгдэх болно. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг авч ирэх шаардлагатай гэх шаардлага тавьж өргөдлийг хүлээж авдаггүй. Шаардлагыг нь биелүүлэх гэхээр нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай. Газар эзэмших гэрчилгээний эх хувь нь нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнд хадгалагддаг. Ийм нөхцөл байдлын улмаас газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Гэтэл 2025 оны 01 сард дуусгавар болгосон гэх мэдэгдэл ирсний дагуу бүх нөхцөл байдлаа тайлбарлаж газар эзэмших эрхийг сунгаж өгөөч гэх хүсэлтийг нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгээс гаргасан боловч сунгах боломжгүй талаар татгалзсан шийдвэр гаргасныг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын баримтлах тусгай зарчим буюу зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл татгалзсан шийдвэр гаргахдаа нэгдүгээрт Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг барьдаг боловч тус заалтын дагуу хүсэлтээ гаргаагүй учир газар эзэмших эрх дуусгавар болсон гэдэг мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг дурдаж байгаа. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж хоорондоо зөрчилдөөнтэй зүйл байгаа. Газартай холбоотой бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас бүрэн тогтоогоогүй. Тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Манайхаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, даалгах  нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ шийдвэр дээр Т.Дамдинсүрэн, Ш.Чимгээ нарт газар эзэмших эрх дуусгавар болсныг зөвлөлийн хурлаар хэлэлцэж мэдэгдээд байгаа. Ш.Чимгээ сунгаж өгөөч гэж хүсэлтээ бичгээр гаргаагүй боловч хамтран эзэмшигч болох бүртгэл хийлгэх, газар эзэмших эрх сунгагдах ёстой гэсэн байр суурь илэрхийлэгдэж явж байсан гэдэг дээр хариуцагч маргаагүй гэж үзэж шаардлагаа тодорхойлж байгаа.  Ш.Чимгээгийн хувьд очиж байнга уулзаж хүсэлтээ тавиад явдаг байсан. Энэ хэргийн хүрээнд хариуцагчийн зүгээс огт ийм зүйл болоогүй гэдэг зүйл дээр маргаан байхгүй. Иймд нэхэмжлэгч нарт чиглэсэн татгалзсан шийдвэр гарсан гэж үзэж байгаа.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Нотлох баримтыг судлахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх, мөн хуулийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд сунгахаас татгалзсан шийдвэр нь нийцэхгүй байгаа нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир тайлбар хэлсэн. Газрын тухай хуулийг хамтад нь хэрэглэх боломжгүй. Нэг нь дуусгавар болгох, нэг нь хүчингүй болгох гэж байгаа. Хоёр тусдаа зохицуулалтыг хамт хэрэглэсэн нь хуульд үндэслэх гэдэг зарчимд нийцэхгүй байна. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх энэ шаардлагад хэрхэн нийцэхгүй байгаа вэ гэдэг нь ямар үндэслэлээр тогтоогдож байгаа вэ гэхээр нэгдүгээрт шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс газар бодит байдал дээрээ ямар байгаа вэ гэдэгт мэдэхгүй байна. Газар эзэмших эрх сунгах асуудал нь хэзээнээс тоологдох, хэзээ түдгэлзэж, түдгэлзсэний дараа хэзээнээс эхэлж тоологдох юм гэдэг ойлголт дээр төрийн захиргааны байгууллага тодорхой хариу хэлэхгүй байна. 2011 онд олгож 2016 онд сунгуулах хүсэлт гаргах боломжтой бол нэг өөр асуудал. Шүүхээс мөн тодруулж асуусан. Дунд нь 2 төрлийн захиргааны хэрэг, иргэний хэрэг явж хугацаа хойшлогдсон. Дунд нь захиргааны актын биелэлт түдгэлзсэн. Энэ мэт нөхцөл байдал байгаа дээр мэргэжлийн байгууллага хугацаа нь юу болж байна. Хугацаа нь тэр өдрөөс тоологдох болно гэдэг байдлаар нэхэмжлэгч нарт зайлшгүй хандаж урьдчилан мэдэгдэх ёстой байсан. Шууд мэдэгдэл хүргүүлж зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэж байгаа нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэг захиргааны байгууллагад байгаа. Хэрхэн яаж тогтоосон бэ гэдгээ шийдвэрийн үндэслэл болгосон баримт юу вэ гэхээр техникийн зөвлөлийн хурал гэж хэлдэг. Холбоотой баримт болох шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Ш.Чимгээг бүртгүүл гэж байгаа баримт дээр хэрхэн ажиллагаа хийсэн юм. Энэ баримтуудыг авч танилцсан уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Чимгээтэй холбоотой нэг зүйлийг тайлбарладаг. Шүүхийн шийдвэр дээр хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэдгийг зааснаас биш заавал бүртгэх гэсэн зүйл байхгүй гэж хэлдэг. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд 3 шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэр Монгол улсын нутаг дэвсгэрт заавал биелэгдэх зарчим үйлчилж байгаа. Шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгч Ш.Чимгээгийн нэр дээр газрын хамтран эзэмшигчээр бүртгэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгүүл гэдэг албан бичиг явуулсан. Тус албан бичгийн дагуу ямар нэгэн бүртгэсэн арга хэмжээ авагдаагүй. Үүнээс харахад нэхэмжлэгч Ш.Чимгээгийн хувьд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр газар эзэмших эрхтэй этгээд гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн хүндэтгэн  үзэх шалтгааны улмаас газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй нөхцөл байдал байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбар дээр хүндэтгэн үзэх шалтгаан гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан байдаг. Өнөөдрийн маргаанаар хариуцагчийн татгалзсан шийдвэрийн гол үндэслэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг цуцалсан  шийдвэр гараагүй гэж хэлж байгаа. Шийдвэрийн гол агуулга нь энэ биш. Хамгийн гол агуулга нь сунгах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй буюу Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан үндэслэл харагдаж байгаа. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу нэхэмжлэгч нарын хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай байсан гэдэг нь тогтоогдож байгаа тул захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.“ гэв.

3.4. Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны иргэн бөгөөд газар эзэмшигч Т.Дамдинсүрэн гэж хүн байна. Миний бие Нийслэлийн Засаг даргад 2009 онд өргөдөл гаргаснаар өөрийн оршин суух Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.7 га газар хүссэний дагуу газар эзэмших эрх олгосон. Тухайн үед маш их утаатай байсан тул Улаанбаатар хотын иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагаа орон даяар явагдаж байсан. Үүнтэй холбогдуулж миний бие барилгын инженерийн хувьд улс орондоо нэмэр болохын хувьд орон сууцны барилга барихаар төлөвлөж хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга баяртайгаар хүлээн авч Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Т.Билэгт сайшааж хэлэлцээр хийсэн. Тухайн үед Улаанбаатар хотын барилын төлөвлөлтийн төсөвт миний барих барилгаас 72 м.кв талбайг үнэ төлбөргүй авч эмзэг бүлгийн хүмүүст өгөхөөр тохиролцсон. Т.Дамдинсүрэн миний бие бүх хөрөнгө мөнгө, зөвшөөрлийг өөрийн хүч чадлаар бий болгосон. Нийслэлийн зүгээс надад дэмжлэг үзүүлж инженерийн шугам сүлжээтэй газар олгож барилга бариулахаар тохиролцож хотын захиргааны 26 инженер, техникийн бүрэлдэхүүнтэй комиссын хурал болж тухайн газарт барилга байгууламж барьж болох, болохгүй талын асуудлыг хотын захиргааны газрын албанаас тусгай томилогдсон хүмүүс асуулт асууж, хариулт авч барилга барьж болно гэсний үндсэн дээр 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар шийдвэрлэсэн. Газрын асуудлаа шийдвэрлэж дууссаны дараа тухайн газраа барилга барих гэж газрын ажил эхлэхэд тухайн оршин суугаа газрыг Тасган СӨХ нь Т.Дамдинсүрэн миний газартай давхацсан байна гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу 2011-2022 он хүртэл Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй шүүх хурал захиргааны хэргийн шүүх дээр явагдсан. Тус шүүх хурлаар Тасган СӨХ-ны нэхэмжлэлээр газар давхацсан гэх асуудал байхгүй байна. Газар дээр нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 4 хүний бүрэлдэхүүнтэй газрын албаны хүмүүсийг томилж шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр ямар нэгэн газрын давхцал байхгүй талаар акт гарсан. Тус актын дагуу захиргааны хэргийн шүүхээс давхцалгүй гэдгийг тодорхойлж. Надад газар олгогдсон байдал нь хууль ёсны дагуу бөгөөд ямар нэгэн эрхийн зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон. Т.Дамдинсүрэн миний бие 2020 оноос хойш элэгний хорт хавдрын улмаас элгэнийхээ тал хувийг нь тайруулсан. Хэвтрийн дэглэмтэй гэрээр эмчилгээ хийлгэж байсан. Гадагшаа гарч чадахгүй нөхцөл байдалтай байсан. Гадагшаа гарах юм бол өвчин сэдэрч болзошгүй тул байнгын хяналтад байж эмчлүүлэх нөхцөлтэй өнөөдрийг хүртэл явж байна. Энэ асуудал цаашдаад ч гэсэн үргэлжлэх магадлалтай гэж эмч нар зөвлөгөө өгсөн.  Энэ хугацаанд миний хамтран эзэмшигч С.Батбаатар нь 2012 онд нас барсан. Энэ хүнийг нас барсантай холбоотой өвийн асуудал 2 жилийн дараа нээгдсэн. Өвлөх эрхтэй холбоотой маргаан 2020 он хүртэл иргэний хэргийн шүүх дээр маргасан. Иргэний хэргийн шүүхээр маргаан явж хэн гэх хүн надтай хамтран эзэмшихээр болсон нь тодорхой болоогүй. 3 эзэмшигчтэй нь миний бие уулзаж чадаагүй. Цаг хугацаа алдсан зүйл байдаг. Хамтран эзэмшигч нас барсан тул өвийн маргаан гарсан. Мөн миний эрүүл мэндийн байдлаас шалтгаалж цаг хугацаа алдсан 2 шалтгаан байгаа. Газрын хугацаа дууссанаас хойш газар зохион байгуулалтын албанд удаа дараа очиж хүсэлтээ гаргасан. Гэвч өвийн асуудал нь иргэний шүүх дээр хянагдаж дуусаагүй байгаа тул 2016 онд дуусах газрын захирамжийг сунгаж өгөх боломжгүй.  Энэ асуудал шийдвэрлэсний дараа газрын асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. Маргаан бүхий газрыг авахдаа 2010 онд дуудлага худалдаа буюу тухайн үеийн төсөв сонгон шалгаруулах хуралдаанд оролцож 3,800,000 төгрөгийн төлбөр төлж газрыг авсан. Үүний дараа сар, жилээр нь тухайн газрын төлбөрийг төлж зөрчилгүй өнөөдрийг хүртэл явсан. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж нааштай хариу гаргах байх гэж итгэж явсан. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа очсоноос гадна хамтран эзэмшигчээ олж чадахгүйгээс болж хугацаа алдсан талаар хэлсэн боловч бидний хүсэлтийг хүлээж авалгүй Газрын тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэж газар цуцалсанд гомдолтой байна. Иргэн хүн төр засгаас олгосон газар дээрээ Газрын тухай хуульд заасны дагуу ямар нэгэн зөрчилгүй өнөөдрийг хүртэл барилга барих гэж явсан.  Тус хүсэл зорилгыг захиргааны байгууллагаас мохоож байна. Газрын инженерчлэл болон шугам сүлжээний техникийн нөхцөл олж авна гэдэг нь тийм ч амархан шийдвэрлэгддэг асуудал биш. Энэ талаар барилга барьдаг хүн болон инженер техникийн хүмүүс сайн ойлгох болно. Миний олон жилийн бүтээсэн их хөдөлмөр хүчийг газрын албаны эрхтэн, дархтай ямар ч үндэслэлгүйгээр захирамж гаргаж цуцалж байгаад явдалд гомдолтой байна. Миний хугацаа алдах болсон өвчний байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг харгалзан үзэж газрын хугацааг сунгаж, барилга барих хэвийн ажиллагаанд оруулж өгнө үү.

Газрын албаныхан ажлаа хийхгүй, иргэдэд үйлчлэх үйлчилгээгээ бүрэн дүүрэг үйлчилж чадахгүй байна. Өмнө нь өвчтэй, зовлонтой талаараа олон удаа хэлж байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзаж “таны асуудлыг ийм болголоо” гэж нэг удаа бичиг ирүүлсэн бол мэдэгдсэн гэж үзэх байсан. Хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй байсан бол зөвшөөр ойлгож болно. Хүнд өвчин зовлон тохиолдож болно. Надад өвчин зовлон тохиолдсон, Ш.Чимгээд нөхөр нь нас барсан. Надтай хамт газар эзэмшигч байсан учир өвийн асуудал тогтоох асуудал байсан. Энэ асуудлыг харж үзээд газар зохион байгуулалтын алба хүндэтгэн үзэх шалтаан байсан гэдгийг хуулийн заалт тавьж цуцлахаас өмнө шалтгааныг нь судлах ёстой байсан. Гэтэл нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Газрын тухай хуулийг барьж цуцаж байна. Бид Газрын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Захиргааны байгууллагаас даалгасан бүхий л үүрэг даалгаврыг биелүүлж байсан. Ном журмын дагуу зохих төлбөрийг нь төлөөд явсан. 10 гаруй жил шүүхийн маргаан явж маш их эдийн засгийн хохирол үүссэн. Бодит нөхцөл байдлыг харж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Иймд шүүх энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү“ гэв.

3.5. Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Газар зохион байгуулалтын албаны албан бичиг дээр дурдаж байгаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 гэх шаардлага дурдсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар шаардахын тулд газар эзэмшигч энэ талаар хүсэлт гаргах ёстой. Тухайн тохиолдолд газар эзэмшигч хэн бэ гэдэг асуудал яригдах болно. Анх газрыг 2011 онд авч үйлчилгээний зориулалттай 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг гэрчилгээ авсан. Т.Дамдинсүрэн, С.Батбаатар гэдэг хүмүүс хамтран эзэмшигчээр авсан. Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нар 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн өмнө өгөх үүрэг бий болохоор байгаа. Гэтэл 2012 оны 02 дугаар сарын 14-ны өдөр С.Батбаатар нас барсан. Үүнээс харахад газар эзэмшигч Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нар хамтран газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт дээрээ гарын үсэг зурж байж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах үр дагавар үүсэх ёстой. Гэтэл энэ цаг хугацаанаас хойш буюу 2012-2019 оны хооронд С.Батбаатарын өв залгамжлалын маргаан гарсан. 2019 онд Улсын дээд шүүхийн тогтоолоор маргаан дуусаж байгаа.  Шүүхийн шийдвэр гарснаар тухайн газрын эзэмших эрхийг Ш.Чимгээ өвлөн авахаар шийдвэрлэгдсэн. Ш.Чимгээ газар эзэмших эрхийг өвлөн авах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргахад хүлээж аваагүй байдаг. Улмаар нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан бичиг хүргүүлж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Чимгээг бүртгэж өгнө үү гэж албан бичиж явуулсан. Гэтэл газрын алба нь нөхөж бүртгэж өгөөгүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газрын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө газар эзэмшигч нар хүсэлтээ өгөх ёстой гэж тайлбарлаж байна. Цаг хугацаанд нь өгөх боломжгүй байсан. Нас барсан иргэнийг хүсэлт гаргах ёстой байсан гэдэг тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Т.Дамдинсүрэн ганцаараа хүсэлт гаргахаар хугацаа сунгахгүй. Хамтран хүсэлт гаргах ёстой тул газар сунгуулах хүсэлт өгөх бодитой бөгөөд хууль ёсны боломж байхгүй байсан. Иймд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасан үндэслэл бичсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс гаргаж байгаа шийдвэр нь 2 өөр үзүүртэй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан. Сунгуулаагүй учир цаашаа газар байхгүй гэж бичээд байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод байна. Хугацаа дууссан учир сунгаагүй, сунгаагүй учир газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй гэж 1 хамааруулж байгаа боловч тухайн албан бичгээрээ газар эзэмших эрхийн гэрчилгээг чинь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгож байна гэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу энэ хугацаагаар хүчингүй болгож байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай асуудлыг нийслэлийн Засаг дарга судалж үзсэн үү, үгүй юу?. Хүндэтгэн үзэх шалтгааныг тухайн тохиолдолд нийслэлийн Засаг дарга мэдэх ёстой. Яагаад гэвэл Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй маргаан дээр хариуцагч нь нийслэлийн Засаг дарга өөрөө явж байсан. Тасган СӨХ 2012 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 9 дүгээр сард Улсын дээд шүүхийн тогтоолоор дууссан. Үндсэндээ 10 жил газартай холбоотой маргасан. 10 жил газар маргаантай байсан тул зориулалтын дагуу эзэмшиж ашиглах боломж байгаагүй.  10 жил болсон нэг шалтгаан нь 2011 оноос 2019 оны хооронд С.Батбаатарын өв залгамжлалын маргаан үргэлжилж байсан. Энэ хугацаанд Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Шүүхийн маргаантай байгаад 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр маргаан дуусаж ямар нэгэн эрхийн зөрчилгүйгээр газраа эзэмших, ашиглах боломж нээгдэж байна гэдэг талаар нөхцөлийг нийслэлийн Засаг дарга мэдэж байсан. Мөн мэдэх боломжтой байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл үүсэж байна гэдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Т.Дамдинсүрэнд сонсох ажиллагаа хийх ёстой. 2 жил дараалан газраа ашиглаагүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэж лавлах ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар Т.Дамдинсүрэн тайлбарласан. Элэгний хорт хавдар гэх өвчнөөр өвчилж энэ хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан учир ямар нэгэн байдлаар газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломж байгаагүй. Хэрвээ энэ бодит нөхцөл байдлыг тогтоож шүүхийн маргаантай байсан, нэхэмжлэгчийн хүнд өвчтэй байсан гэдэг дээр сонсох ажиллагаа хийсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулж шийдвэр гаргасан бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёсгүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан нь байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг нөхцөлийг хэрэглэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх нийслэлийн Засаг даргад байхгүй. Мөн нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэр байгаа. С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарын өмчлөлийн буюу эзэмшлийн газар дээр С.Батбаатарын өв залгамжлагч Ш.Чимгээг бүртгэж авсны дараа Ш.Чимгээд сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Ш.Чимгээ болон Т.Дамдинсүрэн нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа. Гэтэл одоог хүртэл газар Т.Дамдинсүрэн болон талийгаач С.Батбаатар нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Захиргааны байгууллагаас гарсан шийдвэр нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гарсан байна. Иймд энэ байдлаар нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Т.Дамдинсүрэн тус шийдвэрээс өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт өгсөн байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгаж өгнө үү.

Татгалзаж байгаа үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар шийдвэр гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр захиргааны акт гаргах ёстой. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг акт гараагүй байна. Албан бичгийн хариу нь акт биш. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1-д заасан үр дагаварт хүрсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд актын биелэлт түдгэлзүүлсэн хугацаанд эрх олгосон хугацаа түдгэлзэх болно гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Цаг хугацааны хувьд тооцоолж үзэхэд 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаагаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ 2013 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 376 тоот захирамжаар актын биелэлт түдгэлзсэн. Тус захирамжийн биелэлт 2022 оны 9 дүгээр сард Улсын дээд шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарсны дараа дуусгавар болсон. Энэ хугацаанаас тоолж үзэхэд актын биелэлт түдгэлзүүлэх хүртэл хугацаа 1 жил 4 сарын хугацаа болж байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолоос хойш 3 жил 8 сарын хугацаа шинээр тоологдох болно. Энэ хугацааг тоолж үзэхэд 2025 оны 01 сард газрын хугацаа дуусах боломжгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт өгөөгүй гэдэг хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө гэж байгаа. 30 хоногтоо хүсэлтээ өгөх асуудал биш. 30 хоногоос өмнө хүсэлтээ өгч байвал 1 жилийн өмнө байна уу ? 120 хоногийн өмнө байна уу гэдэг нь хамаарахгүй. Т.Дамдинсүрэнгийн 2025 оны 1 сард өгсөн хүсэлт нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хүсэлтээ гаргаж өгсөн. Мөн хариуцагч нь хуульд заасан бичиг баримтыг нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн хүлээлгэж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар газрыг сунгах асуудал үүсэх болно. Иймд газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэлмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашийн зориулалтаар иргэн С.Батбаярт 380 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Үүний дараа С.Батбаатар болон Т.Дамдинсүрэн нар газрыг хамтран эзэмших тухай гэрээг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, Нийслэлийн Газрын албанд Т.Дамдинсүрэн нь хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн  дугаар хороонд автогараашийн зориулалтаар 700 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлэн 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0310538 газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500600577 дугаар бүхий 700 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц, конторын зориулалтаар Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01-05/18 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан хугацаа сунгах хүсэлт гаргасан.

Хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд хурлаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа сунгах хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан байна. Тус хүсэлтийн хариуг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №01-05/908 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргад 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг хянан үзээд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/2824 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг дарга хянан үзээд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргана" гэж заасан. Нэхэмжлэгч нар нь энэхүү хуулийн заалтыг зөрчиж, хугацаанд нь хүсэлтээ гаргаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан анх удаа маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нарын газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад "газар эзэмшигч нь газраа дараалан хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй" тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болно гэж заасан. 2010 онд автогараашийн зориулалтаар 700 м.кв газар эзэмшүүлж, 2011 онд зориулалтыг үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламж барих болгон өөрчилсөн боловч нэхэмжлэгч нар нь 2011 оноос хойш уг газарт барилгын ажил явуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж тайлбарласан байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  дугаар тогтоол буюу "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10 дах хэсэгт "хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" хэмээн тайлбарласан. Нэхэмжлэгч нар нь шүүхийн маргаан болон өв залгамжлалын асуудлаас болж газраа зориулалтаар ашиглаж чадаагүй буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа боловч, энэ нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хугацааг өөрчлөхгүй бөгөөд газрын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй. Мөн Т.Дамдинсүрэнгийн эрүүл мэндийн байдал нь 2020 онд үүссэн бөгөөд энэ нь газрыг 2015 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй байх хугацаанд хамаарахгүй.

3. Нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа боловч, Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлан шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр болно. Захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэн, газар эзэмших эрхийн хугацаа дууссан, зориулалтын дагуу ашиглагдаагүй зэрэг нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг болон 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл" нь нэхэмжлэгч нарын хүсэлтийг эс зөвшөөрсөн дүгнэлт нь газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нарын дурдсан шүүхийн маргаан болон хувийн нөхцөл байдал нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг сунгах эсвэл дуусгавар болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Захиргааны байгууллага нь зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэр гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 120 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашийн зориулалтаар С.Батбаатарт 380 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Үүний дараа С.Батбаатар болон Т.Дамдинсүрэн нар газрыг хамтран эзэмших гэрээг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Т.Дамдинсүрэн хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн  дугаар хороонд авто гараашийн зориулалтаар 700 м.кв болгож газрын хэмжээг нэмэгдүүлж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрчилгээг олгосон. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 257 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 77 дугаар бүхий 700 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Т.Дамдинсүрэн болон С.Батбаатар нарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0105/18 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай мэдэгдэл хүргүүлсэн. 2025 оны 01 сард нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан хугацаа сунгуулах хүсэлтийг анх удаа гаргасан. Хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах, хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  дугаар хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийг баримталж эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасан. Тус хүсэлтийн хариуг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргад 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг хянан үзээд 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 03/2824 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг нийслэлийн Засаг дарга нь хянан үзээд  дугаар хурлаар хэлэлцсэн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах гэж заасан. Нэхэмжлэгч нар энэхүү хуулийн заалтыг зөрчиж хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд анх удаагаа хүсэлтээ гаргасан. Маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэл болсон. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4, 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа боловч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан үзэл баримтлалаар шийдвэр гаргах бөгөөд хуульд заасан үндэслэл, бодит байдалд тохирсон шийдвэр гаргасан. Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснээр газар эзэмших эрхийн хугацаа дууссан, зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар тус маргаан бүхий газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Энэ нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг сунгах болон дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байгаа. Захиргааны байгууллага нь зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ холбогдох хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс 3 шатны шүүхийн шийдвэр гаргаж өгсөн. Үүнд 2018 оны 3218 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Батбаатар, Т.Дамдинсүрэн нарын 700 м.кв газрын С.Батбаатарын эзэмшлийн газрыг 3 хүний өмчлөлд буюу 116 м.кв газраар хувааж өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 заалтын 3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Тэнгис кино театрын ард байрлах нэгж талбарын дугаартай Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмших 700 м.кв газраас өмчлөгч С.Батбаатарт ногдох 2.1 хэсэг газрын өмчлөгч Б.Баттөр, н.Загдсүрэн, н.Сүхбаатар нарт тус бүр 1.3 хэсэг буюу тус бүрт нь 116 м.кв талбайг эзэмшүүлэхээр холбогдох газарт хүсэлтээ гаргах эрхийг тогтоох гэж заасан байгаа. Шүүхийн шийдвэр нь 2019 оны тогтоолоор гарсан. Холбогдох газарт хүсэлтээ гаргах эрхийг нь зааж өгсөн. Ш.Чимгээ нь С.Батбаатараас өвлөх эрхийн дагуу хүсэлтээ гаргах ёстой байсан боловч хүсэлтээ гаргаагүй учир Ш.Чимгээг газар эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Иймд Ш.Чимгээгийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөхгүй байна. Т.Дамдинсүрэн нь Тасган СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэг 2013 оноос 2022 оны хооронд маргаантай байсан. Энэ хугацаанд шүүхийн 346 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. 2022 оноос 2025 оны хугацаанд газар эзэмшүүлэх хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу гаргаагүй тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг үндэслэж тус хуулийн 39.1-д зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Дуусгавар болгохдоо нийслэлийн Засаг даргаас захирамж гаргахгүй 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ш.Чимгээ анхан шатны шүүхийн шийдвэрээр хүсэлт гаргах ёстой гэж тогтоосон. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, аж ахуй нэгж газар эзэмших хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан гаргах гэж хуульчилж өгсөн. Гэтэл Ш.Чимгээ нь газар эзэмших хүсэлтээ гаргаж өгөөгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хүсэлт гаргаж өгөөгүй гэдэг дээр маргадаггүй. Иймд газар эзэмшигч гэх үндэслэл байхгүй. Ш.Чимгээгийн эрх ашиг хөндөгдөхгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Т.Дамдинсүрэнгийн хувьд газар сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргах талаар зааж өгсөн. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар баримт бичгийг хавсаргаж өгөөгүй. Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болгосон. Т.Дамдинсүрэнгийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэл болгосон байна гэж хэлж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй. Т.Дамдинсүрэнгийн хувьд Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон учир сонсох ажиллагаа явуулахгүй мэдэгдэх хуудас хүргүүлдэг. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д 2025 оны 02 дугаар сарын 16-ны  өдөр хариу өгөхдөө газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна гэдэг үндэслэлээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тайлбарласан. Түүнээс биш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Чимгээ, Т.Дамдинсүрэн нар Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1500600577 дугаартай 700 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгаж шийдвэрлэхийг даалгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд, хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл болсон баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3.Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашийн зориулалтаар иргэн С.Батбаярт 380 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр С.Батбаяр нь дээрх газраа “Икслэндконстракшн” ХХК-д буюу захирал С.Батбаатарт Газар эзэмшүүлэх гэрээ-ээр үнэ төлбөргүй шилжүүлжээ. /Хэргийн 149-156 дахь тал/

3.1.Үүний дараа “Икслэндконстракшн” ХХК болон Т.Дамдинсүрэн нар газрыг хамтран эзэмших тухай гэрээг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулж /хэргийн 141 дэх тал/, Нийслэлийн Газрын албанд Т.Дамдинсүрэн нь хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар  иргэн Т.Дамдинсүрэн, С.Батбаатар нарт Чингэлтэй дүүргийн  дугаар хороонд автогараашийн зориулалтаар 700 м.кв болгон газрын хэмжээг томруулан 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 0310538 газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна. /Хэргийн 138, 139 дэх тал/

3.2.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц, контор” болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийнг 760 дугаар захирамжаар барилга барих зөвшөөрөл олгосон байх ба эдгээр үйл баримтууд нь “Тасган” СӨХ-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0141 дугаартай шийдвэрээр дүгнэгдсэн бөгөөд энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй. /Хэргийн 113-115, 175-180 дахь тал/

4.Тодруулбал 2012 онд “Тасган” СӨХ-өөс нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж эхэлсэн ба тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хамтран газар эзэмшигч С.Батбаатар нас барсан тул тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Харин маргаан бүхий актын үйлчлэлийг буюу биелэлтийг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс түдгэлзүүлсэн /хэргийн 189 дэх тал/ байх ба энэхүү захирамжийн хэрэгжилт нь уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

4.1.Өв залгамжлалын тухайд, маргаан бүхий газрыг хамтран эзэмшигч С.Батбаатарын өв залгамжлагч нарын хооронд маргаан үүсэж, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 001/ГХ2019/00657 дугаар тогтоолоор Б.Баттөр, Т.Сүхбаатар, П.Загдсүрэн нар тэнцүү хэмжээгээр өв залгамжлах эрхтэй болохыг тогтоосноор хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

4.2.Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өв залгамжлагч нар нь харилцан тохиролцож, Ш.Чимгээд эзэмших эрхийн шилжүүлэхээр болж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/4745 тоот албан бичгээр С.Батбаатарт ногдох эзэмшлийн газрыг Ш.Чимгээгийн эзэмшилд шилжүүлэн бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн боловч шийдвэрлээгүй байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4.3.Нэхэмжлэгч талаас “...газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 08 дугаар 25-ны өдөр дуусахаар байсан ... Гэтэл Чингэлтэй дүүргийн -р хороонд байрлах 4542 м.кв орон сууцны орчны газар ашиглах эрхтэй гэх “Тасган” СӨХ нь 2012 онд ... бидэнд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж эхэлсэн бөгөөд ... бид газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон...2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дээрх газрыг хамтран эзэмшигч С.Батбаатар нас барсан бөгөөд тухайн газрыг хэн өвлөх нь тодорхойгүй болсон тул ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагaar түдгэлзүүлсэн ... С.Батбаатарын хууль ёсны өв залгамжлагч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоорондоо харилцан тохиролцож, уг газрын эзэмших эрхийг төрсөн хүү болох Б.Баттөрийн төрсөн ээж, нэхэмжлэгч Ш Чимгээд эзэмших эрхийг шилжүүлэхээр болсон. Харин нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн тухайд мөн л шүүхийн маргаантай байсны улмаас түүний гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэдэггүй, боломжгүй гэж татгалздаг байсны зэрэгцээ хүнд өвчний улмаас хүсэлтээ гаргах боломжгүй байсан болно...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

4.4.Хариуцагч талаас “...Нэхэмжлэгч нарын дурдсан шүүхийн маргаан болон хувийн нөхцөл байдал нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг сунгах эсвэл дуусгавар болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Захиргааны байгууллага нь зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэр гаргасан” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

5.Нэхэмжлэгч Ш.Чимгээ нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх тухайд,

5.1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.” гэж,

5.2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх” гэж, 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 23.3-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж,

5.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх”, 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан.

5.4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрээр Ш.Чимгээ нарын нэхэмжлэлтэй хэрэг маргааныг шийдвэрлэхдээ түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож энэхүү шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болжээ.

5.5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед өв залгамжлагч нар нь харилцан тохиролцсоны үүднээс Чингэлтэй дүүргийн

 

 

 

-р хороо, Тэнгис кино театрын ард байрлах С.Батбаатарын хамтран эзэмших эрхтэй газрыг Ш.Чимгээ эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй болсон байх ба үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/4745 дугаар албан бичгээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо Тэнгис кино театрын ард байрлах нэгж талбарын 4/0191 дугаарт бүртгэлтэй С.Батбаатарт ногдох эзэмшлийн газрыг Шаравын Чимгээгийн эзэмшилд шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн бүртгэж хариу ирүүлэхийн мэдэгдье” гэж Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.

5.6.Өөрөөр хэлбэл, тухайн газрын өв залгамжлагч нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэл зориг, хүсэлтээ Газар зохион байгуулалтын албанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан илэрхийлсэн байна.

5.7.Иймд хэдийгээр Ш.Чимгээ нь албан ёсоор газар эзэмшигчээр бүртгэгдээгүй ч шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

6.Маргаан бүхий газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийн тухайд,

6.1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.“Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дараахь хэлбэртэй байна:12.1.4.шүүгчийн захирамж;”, 12.2.“Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

6.2.Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь өөрийн эзэмшил газрын хугацаа сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу гаргасан гэж шүүх үзлээ. Нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь, хугацаа сунгуулах хүсэлт болон түүнд хавсаргах материалуудын бүрдлийг хангаж газар зохион байгуулагчид өгсөн талаараа тайлбарлаж, хэрэгт зургийг нь хавсаргаж өгсөн байх ба зурагт авагдсан гэрчилгээний зүүн дээд буланд материалыг хүлээж авсан газар зохион байгуулагчийн нэр, утасны дугаарыг тавьсан байна. Түүнчлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01-05/908 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Тус албанд хандаж Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500600577 дугаар бүхий 700 мкв газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч судалж үзлээ.” гээд газар эзэмших эрх дуусгавар болсон талаар мэдэгдсэн байгааг үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн газрын эрхийн хугацаа сунгуулах хүсэлт, түүний бүрдлийг бүрэн гэж үзэж шалгаад хариу өгсөн гэж үзнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргах материалын бүрдэл дутуу байсан бол төрийн байгууллага, албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэхгүй, бүрдэл дутуу үндэслэлээр буцаах ёстой тул ийнхүү дүгнэв.

6.3.Татгалзлын үндэслэлийн хувьд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Т.Дамдинсүрэнд хаяглаж мэдэгдэл ирүүлсэн байх ба мэдэгдлийг агуулга нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаанд гаргаагүй тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон талаар байна.

6.3.1.Нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн нь уг мэдэгдлийг хүлээн авч даруй 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тайлбар бичиж өгсөн байх ба газрын маргаантай байсан, хамтран эзэмшигчийн өвийн маргаан байсан, ганцаараа газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэйгээ илэрхийлэхэд хамтран эзэмшигчтэйгээ хамт байх ёстой гэсэн учраас хугацаа алдсан гэх зэрэг нөхцөл байдлаа тайлбартаа дурдсан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 02 дугаар сарын 19-ний хариундаа “... хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцүүлэн тус хурлаас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтээ гаргаагүй, мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан тул эзэмших эрх дуусгавар болсныг мэдэгдье” гэжээ.

6.3.2.Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэл №5-ын хүснэгтийн 13-т “Шүүхийн шийдвэр дээр тухайн газрыг эзэмшүүлэх тухай тусгаагүй байх тул мөн газрын эрх дуусгавар болсон тухай мэдэгдэл хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн байх ба ингэхдээ нэхэмжлэгч нарт мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон актын биелэлтийг түдгэлзүүлсэн хугацааг харгалзаж үзээгүйгээс энэхүү шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй байна.

6.3.3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргаа нь үйл ажиллагаандаа ямар зарчим баримтлах талаар хуульчилсан, 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан байхад хариуцагчийн татгалзсан шийдвэр, түүний үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн агуулгатай байна.

6.4.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:” гэснээс үзвэл газар эзэмшигчид нь газрын эрх сунгуулах хүсэлтээ холбогдох материалыг бүрдүүлэн газрын албанд гаргах ёстой. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Ш.Чимгээ хугацаа сунгуулах хүсэлтэд гарын үсэг зураагүй, хүсэлт гаргахаар хүлээн авч шийдвэрлэдэггүй гэж тайлбарлах боловч нэгэнт өв залгамжлах эрхтэй болохыг дүгнэсэн газрын асуудлаар цаашид эзэмших хүсэл зоригоо хангалттай илэрхийлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргасныг нэхэмжлэгч Ш.Чимгээ нь газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэлтэй, ийнхүү эзэмшихийн тулд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

6.4.1.Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргах эрх өв залгамжлагч нарт байгаа талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн байх ба уг эрхээ хэрэгжүүлэхээр талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн хууль тогтоомжид заасан эрхийнхээ хүрээнд С.Батбаатарын өв залгамжлагч нар хоорондоо тохиролцсоны үндсэн дээр уг эрхийг Ш.Чимгээд шилжүүлсэн, Ш.Чимгээ газрыг үргэлжлүүлэн эзэмших хүсэлтэйгээ илэрхийлсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн албанаас газрын албанд түүний хүсэлтийг илэрхийлсээр байхад асуудлыг шийдвэрлээгүй газрын албаны эс үйлдэхүйн үр дагаварт нэхэмжлэгч Ш.Чимгээг буруутгах нь шударга ёсонд нийцэхгүй байна.

6.5.Түүнчлэн маргаан бүхий татгалзсан шийдвэрээр Газрын тухай хуулийн 39.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргаагүй шалтгаанаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх дуусгавар болсон гэж тайлбарлаж, татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

6.6.Тодруулбал хүчин төгөлдөр шүүхийн захирамжаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон шийдвэрийг буюу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 760 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба актын үйлчлэл түр зогссоноор нэхэмжлэгч нар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, арга журмаар эзэмших, ашиглах ямар ч боломж бололцоо байхгүй байжээ. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаа нь 1 жил 4 сар, түдгэлзсэн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс захиргааны хэрэг маргаан эцэслэсэн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанаас нэхэмжлэгч Т.Дамдинсүрэнгийн газрын албанд хүсэлт гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаа нь 2 жил 4 сарын хугацааг хооронд нь нэмбэл 3 жил 8 сарын хугацаа байх ба газрыг нэхэмжлэгч нарт 5 жилийн хугацаанд ашиглуулахаар олгосон тул нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

6.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа Монгол Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан тогтоолыг эш татаж “... Нэхэмжлэгч нар нь шүүхийн маргаан болон өв залгамжлалын асуудлаас болж газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа боловч энэ нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хугацааг өөрчлөхгүй бөгөөд газрын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй. Мөн Т.Дамдинсүрэнгийн эрүүл мэндийн байдал нь 2020 онд үүссэн бөгөөд энэ нь газрыг 2015 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй байх хугацаанд хамаарахгүй. ... Нэхэмжлэгч нарын дурдсан шүүхийн маргаан болон хувийн нөхцөл байдал нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг сунгах эсвэл дуусгавар болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй ...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

6.8.Учир нь Монгол улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

6.9.Энэ хэрэг маргааны тухайд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нэхэмжлэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалан гарсан шүүхийн маргаануудыг шийдвэрлэсэн хугацаа, нэхэмжлэгч Т.Дамдинсүрэн хүндээр өвдсөн хугацаа, түүнчлэн хэргийн оролцогчид дурдаж маргаагүй ч нийтэд илэрхий үйл баримт буюу дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын хугацаа ч хамаарахаар байхад ийнхүү Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг буруу тайлбарлан, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн хариуцагч захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр хууль бус байна.

6.10.Нэгтгэн дүгнэвэл, Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;” 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасантай хариуцагчийн шийдвэр нийцээгүй, бодит байдалд олон жил газраа эзэмшиж, ашиглаж чадаагүй нэхэмжлэгч нарын нөхцөл байдалд анхаараагүй, шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газартай холбоотой нөхцөл байдал шийдэгдсэний дараа ч газар эзэмших эрхийг үргэлжлүүлэн хэдий хугацаанд эдлүүлэх талаар тодорхой болгоогүй, гэрээ байгуулаагүй, үүнтэй холбоотой аливаа ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгч нар газрын албанд удаа дараа биечлэн очиж нөхцөл байдлаа тайлбарласан гэх боловч албан ёсоор асуудлыг нь шийдвэрлэдэггүй зэргээс нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн байх тул тэдгээрийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай гэж шүүх дүгнэлээ.

6.11.Дээр дүгнэсэнчлэн нэгэнт маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй бөгөөд ингэснээр олон жилийн шүүхийн маргааны дараа тэдгээрийн эрх сэргэх, шударга ёс тогтох үндэслэл болно гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

7.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

  1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 4.2.5 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Чимгээ, Т.Дамдинсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1500600577 дугаартай 700 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

  2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА