| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00798/И |
| Дугаар | 309/ШШ2025/00907 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 309/ШШ2025/00907
| 2025 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 309/ШШ2025/00907 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар “ ******* ” ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “ Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9 635 184.04 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: *******
Хариуцагч: *******, *******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07 сарын 17-ны өдөр ******* овогтой 6 500 000 төгрөгийн зээл олгосон. Гэвч тус зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй бөгөөд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй болно. 2025 оны 05 сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч нарын төлөх ёстой нийт өр төлбөр нь үндсэн зээлийн үлдэгдэл 8 445 288.03 төгрөг, үндсэн хүүний өр 1 093 676.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96 219.67 төгрөг, нийт 9 635 184.04 төгрөг юм. Хариуцагч нар нь өмнө нь авсан зээлээ төлөхгүй байж байгаад нэмж зээл аваад өмнөх зээлээ төлдөг байсан. Хүний мөнгө авчихаад өгчихөж болдоггүй юм уу. Халамжийн мөнгө ордог картаа надад өгчихөөд тэр картаа хаалгаад дахиад өөрсдөө өөр карт аваад мөнгөө авчихдаг байсан болохоор бид картнаас нь мөнгөө авч чаддаггүй байсан. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна, хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2024.07.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 9 635 184.04 төгрөг нэхэмжилжээ. Би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 2022.08.22-ны өдөр 630 дугаартай гэрээг ******* гэх хүнтэй 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь 2022.12.21-ний өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэ хугацаанд 2022.12.21-нээс 2023.04.14-ний өдрийг хүртэл 3 120 500 төгрөг төлсөн. Дахин 2023.05.16-наас 2023.07.06-ны өдөр хүртэл 1 173 000 төгрөг төлсөн. 2023.08.08-наас 2024.01.15-ны хооронд 5 425 000 төгрөг төлсөн. Гэтэл ******* -ын ажилтан намайг дуудан манайд хяналт шалгалт ирж байгаа юмаа гээд хоёулаа дахин гэрээгээ шинэчлэн хийе гэж дуудсан. Би гайхаад очтол танд хамаагүй хуучин гэрээгээ шинэчлэх гэж байгаа юм гээд 2024.07.17-ны өдөр шинэ гэрээ байгуулан 6 500 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй гэж тооцсон. Энэ мөнгийг миний дансанд оруулаад буцаагаад авсан тул би уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл надад зээл олгосон гэж хэдхэн сарын дараа мөнгө нэхэж байгаа нь луйвар гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх ээж маань 2022.08.22-нд зээлийн гэрээ байгуулж мөнгө аваад үүргээ хугацаа хэтрүүлсэн гэсэн ч төлж барагдуулсан. 2024.07.17-ны өдөр ээжийг дуудаад хуучин гэрээгээ шинэчлэхгүй бол болохгүй нь ээ манайд шалгалт ирэх гэж байгаа та нарт ямарч хамаагүй гэсэн юм байна. Тэгээд гэрээнд намайг хамтрангаар оруулж гэрээ байгуулсан. Энэ гэрээний 6 500 000 төгрөгийг миний ээж аваагүй. Ээжийн дансруу оруулаад л буцаагаад авсан. Мөнгө зээлж авсан зүйл байхгүй зөвшөөрөхгүй... гэж маргадаг.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээ /хм 5-р тал/, 2024 оны 07 сарын 17-ны Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хм 6-р тал/, Зээлийн гэрээ / хм-ийн 7-9-р тал/, дансны төлбөрийн хуваарь, ******* ******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хм-ийн 11, 44, 45,-р тал/, 2024 оны 07 сарын 17-ны өдөр Өргөдөл гаргах нь / / гэх өргөдөл, хариуцагч *******гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хм-ийн 47-65 тал/,
5. Хариуцагчаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: хариу тайлбар, *******гийн Депозит дансны дэлгэрэнгүй хууга /2024-07-01-ний өдрөөс 2025-08-24-ний огноотой 1 хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 635 184.04 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийг төлсөн, дансаар ороод буцаад гарсан тул зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдаанд гаргаж буй талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 9 049 345 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, 585 832 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч “ ******* ” хариуцагч нар нь 2022 оны 08 сарын 22-ны өдөр 3 500 000 төгрөг, 2023 оны 08 сарын 08-ны өдөр 4 800 000 төгрөг, 2024 оны 07 сарын 17-ны өдөр 6 500 000 төгрөгийг тус тус зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ, депозит дансны дэргэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “ ******* ” нь 2022 оны 08 сарын 22-ны өдөр хариуцагч *******гийн дугаартай дансанд 3 500 000 төгрөгийг өөрийн тоот данснаас *******д зээл олгов утгатайгаар, 2023 оны 08 сарын 08-нд мөн хариуцагч *******гийн дугаартай дансанд 4 800 000 төгөрөгийг мөн тоот данснаас *******д зээл олгов утгатайгаар, 2024 оны 07 сарын 17-ны өдөр тоот данснаас *******д зээл олгов утгатайгаар тоот дансанд тус тус шилжүүлжээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн тоот дансанд 2023 оны 08 сарын 08-ны өдөр 3 255 000 төгрөгийг “зээл төлөв” гэсэн утгатайгаар данснаас, 2024 оны 07 сарын 17-ны өдөр 5 798 700 төгрөгийг тоот данснаас нэхэмжлэгчийн тоот дансанд “зээл хаав” гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.
Хариуцагч тал 2022 оны 8 сарын 22-нд авсан зээл 3 500 000 төгрөгийг төлж байгаад үлдэгдэл 3 255 000 төгрөгийг 2023 оны 08 сарын 08-нд дахин 4 800 000 төгрөгийн зээл авч барагдуулсан байна. Дээрх хоёр зээлийн харилцаанаас хариуцагч нарын төлөх үлдэгдэл төлбөр 5 045 000 төгрөг үлдсэн байх ба 2024 оны 07 сарын 17-ны өдөр 6 500 000 төгрөгийг дахин зээлж энэ мөнгөнөөсөө 5 798 700 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан шилжүүлж өмнөх зээлүүдийн үлдэгдэл /2022, 2023 оны зээл/ 5 045 000 төгрөг, 2024 оны 07 сарын 17-ны өдрийн зээлсэн 6 500 000 төгрөгөөс 581 300 төгрөгийг төлсөн байна гэж үзэж 2024 оны 07 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 5 626 300 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
2024 оны 07 сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээг талууд бичгээр хийж сарын 3.9 хувийн хүүтэй байхаар тохиролцсон ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдох ба зээлийг авсанаас хойш буюу 2024 оны 8 сараас эхлэн 13 сар ашиглаж байх тул зээлийн хүү 5 626 300 төгрөгөнд сар бүр 219 426 төгрөг, 13х219 426=2 852 538 төгрөгийн хүү төлөх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 07 сарын 17-нд байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэж тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 07 сарын 17-ны өдрийн ЗГ1252130106000342 дугаартай гэрээгээр талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тохирсон ба зээлийн хүү сарын 3.9 хувь, гэрээний хугацаа 30 сар, нэмэгдүүлсэн хүү хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байх тул хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар буюу хариуцагч нар хариуцах үндэслэлтэй байна.
Түүнчлэн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож 2 852 538 төгрөгийн 20 хувь болох 570 507 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.
Иймд нийт үндсэн зээл 5 626 300 төгрөг, зээлийн хүү 2 852 538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 570 507 төгрөг нийт 9 049 345 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585 839 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байна.
Хариуцагч нар нь 2022 онд авсан зээлээ төлж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн талуудын хооронд 2022, 2023 онуудад олгогдсон зээлүүдэд хүү тооцоогүй болохыг дурдаж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-т зааснаар Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 169 112 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 9 049 345 төгрөгт ногдох 159 739 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү 9 049 345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ******* ” -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585 839 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 159 739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ