Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/706

 

 

 

 

       

 

     2024           06             20                                       2024/ДШМ/706

 

 

А.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Оргилбат,

шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ш-т холбогдох эрүүгийн 2111 01176 12475 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш-,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

Шүүгдэгч А.Ш- нь ***** ажиллаж байхдаа

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 15 удаагийн үйлдлээр нэр бүхий 15 хохирогчид нийт 607.159.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш-ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож их хэмжээгээр шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Ш-ын урьд цагдан хоригдсон 365 /гурван зуун жаран тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ш-аас нийт 462.466.500 /дөрвөн зуун жаран хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулан

Хохирогч нарт олгож, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, нэр бүхий иргэдийн гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш шалгагдаж байх хугацаанд яригдаж байсан асуудал юм. Иргэн Норовбанзад гэдэг хүний асуудлыг орхигдуулсан байна гэдгийг мэдүүлэг өгөхдөө ч тэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэлж байсан боловч мөрдөгч, прокурор, шүүх огт хүлээн аваагүй. Гэтэл Нын дүү иргэн Анхбаяр, түүний эхнэр Э нар 2023 оны 11 дүгээр сарын дундуур Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан байдаг. Ингээд тус цагдаагийн хэлтэст очиж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоолтой 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би танилцаж мэдсэн бөгөөд энэ үед Налайх дүүргийн шүүхэд хэрэг шилжсэн байсан. Тиймээс 241000149075 дугаар бүхий эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг Хан-Уул дүүргийн хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг 100 хувь бүрэн төлж барагдуулсан. Тус үйлдлийг нэгтгэж шийдвэрлэхгүй бол эрх зүйн байдал дордох, дахин шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсэхээр байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг анхааран үзэж нэгэнт илэрхий болсон хэргийн нэгтгэн шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

2015 оны Эрүүгийн хуулиар амьдралын эх үүсвэр гэдэг ойлголт бол өмнөх хуулиудад байгаагүй шинэ ойлголт. Тиймээс амьдралын эх үүсвэр гэдэг хуульчилсан ойлголтыг тогтоож ойлгоход туйлын хэцүү. Тухайн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд би Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гомдол хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилтай, өөрийн орлого, цалин хөлсийг тогтмол авч байсан. Мөн авсан цалин хөлс орлого маань амьдралын минь хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо цахим болон бэлэн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглодог байснаас болж дээрх нөхцөл үүссэн. Бусдаар амьжиргаагаа залгуулсан асуудал огт байхгүй гэдгийг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Ш-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд тус нотлох баримтын агуулга нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн 2410001490075 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хэрэгт гаргаж өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж хэргийг нэгтгүүлэх санал тавьсан. Учир нь А.Ш- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ бүлэг хэсэгт заасан хамгийн хүнд зүйл ангиар зүйчлэгдэн шалгагдаж байгаа төдийгүй Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан гэмт хэрэг нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 7.740.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэх зүйл ангиар яллагдагчаар татсан тул нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэх үндэслэлийг тавьсан. Мөн тус гэмт хэрэг нь 2022 онд үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан гэмт хэргүүдтэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэмт хэрэг зүйлчлэл, гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн шинжийг агуулж байх тул хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа болно.

Гэмт хэрэг зүйчлэлийн хувьд энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүхээс дүгнэсэн. Гэтэл А.Ш- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан талаараа мэдүүлдэг. Дээрх гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө орлогыг А.Ш- нь өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон талаар хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар А.Ш- нь хуульч мэргэжилтэй хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд байнга тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь тогтоогддог төдийгүй эрх бүхий байгууллагаас авсан баримт мэдээллээр тодорхой төрлийн хөрөнгө болгосон өөрийн эрхэлдэг бизнес ажил үйлчилгээнд ашигласан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэгтгүүлэхээр буцаах, хэрэв боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн оногдуулах ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад хэргийг нэмж нэгтгэх асуудлыг ярьсан. Уг асуудлыг шүүхээс яагаад шийдвэрлээгүй гэхээр энэ хэрэг 1 жил гаруй хугацаанд 6-7 удаа хойшилсон. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд дээрх хэргийг нэгтгэх гэдэг асуудал огт яригдаж байгаагүй. Гэм буруугийн шүүх хуралдаан явагдаж байх явцад энэ асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн эсхүл урьд өмнө нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон бол шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэх зарчмыг баримталж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй. Мөн ял шийтгэлийг хөнгөрүүлэх асуудал дээр хэлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэх үндэслэлийг анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн. Хэдийгээр шүүгдэгч А.Ш- нь цалин орлоготой байсан боловч дээрх гэмт хэргийг үйлдэж, олсон орлого болох 607.159.000 төгрөгөөс өмнөх хохирогч нарын хохирлыг өгөх байдлаар зөрүүлж төлж барагдуулдаг байсан нөхцөл байдал илэрсэн. Хохирогч нарын хүсэл сонирхлыг ашиглан тэднээс мөнгө шилжүүлэн авсан нь амар хялбар аргаар мөнгөтэй болох, амьдралынх нь хэвшил болсон байдаг. Хэрэгт авагдсан баримтаар энэ байдал нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Ш-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Ш- нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд “9911-тэй дугаар зарна”, “зуслангийн газар хямдхан зарна” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нэр бүхий 15 хохирогчоос 15 удаагийн үйлдлээр нийт 607.159.000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

А.Ш-аас 9911-тэй дугаар худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн талаарх хохирогч С.Б /1хх 16, 3хх 240/, Л.Б /1хх 100-102/, Б.О /1хх 167-168, 3хх 237/, Д.Б /2хх 110-111/, Б.М /2хх 163-164/, С.Б /5хх 91/,

мөн А.Ш-аас зуслангийн газар худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн талаарх Б.Ж /2хх 31-32, 34/, А.Б /2хх 60/, О.Б /5хх 110/, Л.А /5хх 124/, Б.М /5хх 135/, Б.Г /5хх 143/, Б.Цэцгээ /5хх 152/, Н.О /5хх 159/, Ц.А /5хх 196/,

 

гэрч Б.Э /1хх 18, 20-21/, Д.С /1хх 25/, Б.Б /1хх 43/, С.Р /1хх 175-176/, Г.Б /1хх 179-181/, Ж.Н/1хх 188-190/, Д.Б /2хх 35/, А.Д /2хх 62/, Б.Д /2хх 64/, Д.Б /2хх 116-117/, Б.Ү /2хх 171/, Ш.М /2хх 173/, А.М /3хх 242/, Б.С /3хх 244/, Ч.О /4хх 250/, С.П /5хх 66-67/, Д.С /5хх 114/ нарын болон А.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /4хх 53-54/,

 

А.Ш-ын банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хохирогч нар луу мөнгө шилжүүлсэн баримтууд /3хх 153, 239-241/, /7хх 3, 5, 7/, Д.С-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 164-167/, хохирогч, гэрч нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 113-114/, /2хх 84-88/, /3хх 168-174/, /5хх 111-112/, /5хх 121/, /5хх 129-132/, /5хх 140/, /5хх 149/, /5хх 160-161/, /5хх 180-181/ болон мөнгө шилжүүлсэн баримтууд /2хх 100, 145/, /5хх 59-62/, /7хх 6/, А.Ш-ын бусадтай мессежээр харилцсан талаарх баримтууд /1хх 115-124/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч А.Ш- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч А.Ш-ын “Хүний эрхийн Үндэсний Комисст хуваарилагдсан 9911-тэй дугаар буцаагдах гэж байна. Танай байгууллага ажлынхаа хэрэгцээнд авахгүй юм уу”Өөрийгөө болон ахыгаа “Мобиком” ХХК-иас 9911-тэй дугаар авч өгч чадна”, “Улс төрийн шугамаар олдож байгаа Ар гүнтэд байгаа газрыг өөрсдийнхөө хүмүүст хямдхан өгч байна” гэх зэргээр хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 15 хохирогчоос 607.159.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн ,хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Шүүгдэгч А.Ш- болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар “...бусдаас залилж авсан мөнгөө амьдралын эх үүсвэр болгоогүй, гэр бүлдээ зарцуулаагүй, харин мөрийтэй тоглоом тоглохдоо ашигласан учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү,  ... хэргийг нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Шүүгдэгч А.Ш-ын хувьд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 15 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн тоглоом тоглох хэрэгцээндээ зарцуулсан буюу тоглоом тоглож байнга уг үйлдлийг хийх гэсэн өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх гомдлын тухайд, А.Ш-т холбогдох хэргийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/394 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед /7хх 37-40 талд авагдсан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хэрэгт авагдаагүй байсан ба 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгснөөр шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял шийтгэж  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж байхаар заасан байна.

 

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.Ш-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН