| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0813/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0864 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч : иргэн Т.Б*******,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,
Маргааны төрөл: Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Хяналт шалгалтын танилцуулгын тухай” 03/1******* дугаар албан бичиг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Т*******баяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.иргэн Т.Б*******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг “Техник технологийн албаны мэргэжилтнээр түр томилж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
3.Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “Үйлдвэрлэл техник борлуулалтын албаны нярав”-ын үүрэгт ажилд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсон байна.
4.Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу тус өдрөөс эхлэн “Хангамж борлуулалтын албаны улаанбуудайн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлжээ.
5.Харин С******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Б*******ыг тус аймгийн О******* сумын Засаг даргаар томилсон байна.
6.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “иргэн Т.Б*******ын гаргасан хүсэлтийн мөрөөр хяналт хийсэн тухай” дүгнэлтээр С******* аймгийн О******* сумын иргэн Т.Б*******ын гаргасан хүсэлт нь бүрэн үндэслэлтэй байх тул Т.Б*******ын Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажиллаж 52 сарын төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан гэж үзнэ, С******* аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1325 дугаар албан бичгээр Т.Б*******ыг дээрх хугацаанд төрийн албанд ажилласанд тооцох боломжгүй гэсэн шийдвэрлэлгүй байна гэж, С******* аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1325 дугаар албан бичигт хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн байгаад С******* аймгийн Засаг даргад анхааруулж, хуулийн зүйл заалтыг зөв сонгож хэрэглэхийг зөвлөв.” Гэжээ.
7.2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.Т*******аас Төрийн албаны зөвлөлд хандан “...С******* аймгийн Засаг дарга Н.Л******* нь О******* сумын Засаг даргаар Т.Б******* гэх төрийн албанд ажилласан жил хангахгүй хүнийг хууль бусаар томилсон. Т.Б******* нь Төрийн өмчит компанийн тариалан эрхлэлтийг дэмжих санд мэргэжилтнээр ажиллаж байсан нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор төрийн албанд ажилласан жилд тооцогдох үндэслэлгүй гэж үзэж байна...” гэх хүсэлтийг гаргасан байна.
8.Харин Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө*******т хандан “...Т.Б*******ыг төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгыг дахин хянахыг” хүссэн байна.
9.Нэхэмжлэгч Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Нэг.Төрийн албаны зөвлөлийн хууль бус дүгнэлтийн улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрх, хөдөлмөрлөх эрх тус тус зөрчигдөж буй тухайд,
Т.Б******* би 2012 оны 08 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх нийт 4 жил 4 сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д Техник технологийн албаны мэргэжилтэн, Улаанбуудай үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.Миний бие Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу өөрийн төрж өссөн, одоо амьдарч байгаа нутаг болох С******* аймгийн О******* сумын Засаг даргад нэр дэвшиж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас миний нэрийг дэвшүүлсэн боловч С******* аймгийн Засаг даргаас 2024 оны 03/1325 тоот албан бичгээр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд Улаанбуудай үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтэн төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахгүй тул Засаг даргад тавигдах “төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх” шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлийн дагуу намайг томилохоос татгалзсан байдаг.
Улмаар миний бие тус татгалзал хууль ёсны эсэх талаар, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д ажилласан хугацаа нь төрийн албанд ажилласан жилд тооцогдох эсэх талаар тус тус хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг Засгийн газар дахь хяналтын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт гаргасан байдаг.
Дээрх хүсэлтийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас С******* аймгийн Засаг даргын 2024 оны 01/1325 тоот албан бичгээр С******* аймгийн О******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ирүүлсэн татгалзалд хяналт, шалгалт хийж, “тухайн татгалзал нь хууль бус бөгөөд Т.Б*******ын 2012 оны 08 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д ажилласан хугацааг төрийн үйлчилгээний албанд тооцогдоно” гэж дүгнэлт гаргасан.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дээрх дүгнэлтийн дагуу С******* аймгийн Засаг дарга өөрийн татгалзлыг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 сарын 25-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар намайг С******* аймгийн О******* сумын Засаг даргаар томилсон.
Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр С******* аймгийн Засаг даргаас “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1134 дүгээр албан бичиг надад ирсэн ба тус мэдэгдэлд “Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан гэх үндэслэлгүй байгаа нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* албан бичгээр тогтоогдсон” гэж О******* сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн талаар танилцуулсан. Улмаар тус сонсох ажиллагааны хүрээнд С******* аймгийн Засаг даргаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр захирамжийг гарган, “Тогтохсүрэн овогтой Б*******ыг О******* сумын Засаг даргаар томилох тухай” 2024 оны 12 сарын 25-ны өдрийн Б/75 дугаар захирамжаа хүчингүй болгосон.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* албан бичгээр гаргасан дүгнэлт нь миний хөдөлмөрлөх эрх, төрийн албанд сонгогдох эрхийг тус тус зөрчиж байгаа төдийгүй цаашид төрийн албанд ажилласан жилийн туршлага шаардах бусад албан тушаалд томилогдох, төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл хөлс авах эрхэд маань хязгаарлалт тогтоож байна.
Иймд тус дүгнэлт нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болно.
Хоёр. Төрийн албаны зөвлөлд төрийн улс төрийн, төрийн үйлчилгээний албан хаагчийг томилох харилцаанд хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргах бүрэн эрх олдоогүй тухайд,
Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын чиг үүрэг, нутаг дэвсгэрийн харьяаллыг хууль болон түүнд үндэслэн гаргасан шийдвэрээр тогтоохоор заасан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.1.2.в-д тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн тусгай, төрийн захиргааны буюу зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
Гэтэл Төрийн албаны зөвлөл нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* албан бичгээр сумын Засаг даргын томилгооны асуудал буюу төрийн улс төрийн албан хаагчийн томилгооны асуудлаар хяналт, шалгалт хийн, дүгнэлт гаргаж хуулиар олгогдсон чиг үүргийн хамаарлыг зөрчсөн байна.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 1.4-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд шийдвэр гаргахдаа хамтын удирдлагын зарчмыг мөрдөж ажиллахаар заасан байна.
Гэвч төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* албан бичгээр гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн нэг гишүүн (Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.П) дангаар гаргаж, баталгаажуулсан байдаг.
Үүнээс үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* албан бичгээр гарсан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Гурав. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасан тухайд
Монгол Улсын засгийн газраас 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолыг Төрийн албаны тухай хууль (2002.06.28)-ийн 7.10, 9.2-т заасныг тус тус үндэслэн баталсан байдаг.
Тус тогтоолын 7 дугаарт хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн жагсаалын 8 дахь заалтад Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн нь төрийн үйлчилгээний албан хаагч байхаар заасан.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тухайд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд байгуулагдсан ба үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (2006.06.29), Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журмаар тодорхойлогддог байсан.
Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь “1/гадаадын зээл, тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч хадгалах, хатааж, цэвэрлэх технологийн шаардлагыг ханган борлуулж, сан бүрдүүлэх; 2/усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах, усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах, таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан үрийн болон хүнсний борлогдоогүй үлдсэн буудайг худалдан авах зориулалтаар сангийн хөрөнгийг зарцуулах” зэрэг төрийн үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан болно.
Иймд Тариалан эрхлэлтийг дэмжих санд миний хашиж байсан Техник технологийн албаны мэргэжилтэн, Улаанбуудай үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалууд нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжуудад заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байна.
Дөрөв. Төрийн үйлчилгээний албан хаагч мөн эсэхийг авч байсан цалингаар тогтоох үндэслэлгүй тухайд,
Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/2150 албан бичгээр дүгнэлт гаргахдаа Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг үл харгалзан “Т.Б******* нь төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод жишгээс өндөр цалин авдаг байсан, мөн түүнчлэн тариалан эрхлэлтийг дэмжих санг үүсгэн байгуулах тогтоолд аж ахуйн тооцооны зарчмаар ажиллахыг даалгасан тул төрийн үйлчилгээний байгууллага биш бөгөөд тус байгууллагын ажилтан төрийн үйлчилгээний албан хаагчид тооцогдохгүй” хэмээн дурдсан байдаг.
Төрийн албаны тухай (2002.06.28)-ийн 28.9-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэг тогтоох тухай” 332 дугаар тогтоолыг баталсан ба төсвийн захирагчид батлагдсан төсөвтөө нийцүүлэн тус тогтоолд тусгагдсан цалингийн доод жишгээс дордуулахгүйгээр төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг тогтоох эрх олгогдсон.
Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг 03/1******* албан бичгээр гарсан дүгнэлтийг хүчингүй болгож, Т.Б******* намайг 2012 оны 08 сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 4 жил 4 сарын хугацаанд төрийн албанд ажилласан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Б******* нь С******* аймгийн О******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны зөвлөлийн дүгнэлттэй холбоотой ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Хариуцагчийн зүгээс энэхүү дүгнэлтийг дүгнэлт биш. Нэмэлт мэдээлэл хүргүүлж дахин хянахыг хүссэн бөгөөд дүгнэлт хийсэн агуулга огт байхгүй гэж маргадаг. Тухайн дүгнэлтийг уншиж үзвэл хэд хэдэн дүгнэлт хийсэн агуулга тодорхой харагдах болно. Тухайлбал Т.Б*******т 820,000 төгрөгийн цалин олгосон нь төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамааралгүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан тушаалыг тус тогтоолын дагуу ангилал зэрэглэл тогтоогоогүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд төрийн байгууллага, албан газар гэсэн ангилалд хамаарахгүй гэсэн 3 үндэслэлээр дүгнэлтийг хийсэн байгаа гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Ийнхүү дүгнэлт хийхдээ Төрийн албаны зөвлөлөөс Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн гэдэг нь харагдах болно. Тухайлбал, Хөдөө аж ахуйн корпорацаас 03/914 дүгээр албан бичгээр тодруулга, баримт авсан. н.Т*******ын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийг 2 сар 4 хоногийн хугацаанд шийдвэрлэсний дараа дүгнэлттэйгээ хамт Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт албан бичиг хүргүүлсэн. Үүнээс харахад захиргааны акт гаргах ажиллагаа хийсэн гэдэг нь харагдах болно. Нөгөө талаараа Т.Б******* нь Төрийн албаны зөвлөлийн 03/1******* дугаар албан бичгээр дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийн дагуу сонсох ажиллагаа явагдсан. Сонсох ажиллагааг С******* аймгийн Засаг даргаас сонсох ажиллагаа зохион байгуулсан. С******* аймгийн Засаг даргаас Т.Б*******ыг чөлөөлөх захирамжийг гаргахдаа захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй тул Т.Б*******ыг Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгосугай гэж Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу захирамжаа гаргасан. Сонсох ажиллагаа болон захирамж хоёр нь салшгүй холбоотой. Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу сонсох ажиллагаа явагдсан. Түүний дагуу захиргааны акт гарсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа.
Төрийн албаны зөвлөлийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн талаар тайлбар хэлье. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулиар болон Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмээр зөвхөн төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагчийг томилж чөлөөлөх харилцаанд хяналт хийх, дүгнэлт гаргах бүрэн эрхийг хуулиар олгосон. Гэтэл Т.Б******* гэх хүн нь С******* аймгийн О******* сумын Засаг дарга бөгөөд улс төрийн албан тушаалд ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан гэх тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс өмнө нь ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаал дээр нь ч, одоо ажиллаж байгаа улс төрийн албан тушаалын томилгооны асуудал аль аль дээр нь дүгнэлт хийж захиргааны акт гаргасан. Түүгээр зогсохгүй дүгнэлт гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 1 гишүүн дангаараа шийдвэр гаргаж баталгаажуулсан. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар хамтын удирдлагатай байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар гаргахгүй гэх заалтыг ноцтой зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан чиг үүргийн хамаарлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдоогүй улс төрийн болон төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилох, чөлөөлөх харилцаанд дүгнэлт хийсэн. Мөн тус шийдвэрийг гаргахдаа нэг гишүүн дангаараа гаргасан. Тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Мөн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжил нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахтай холбоотой тайлбар хэлье. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.10, 9.2-д зааснаар төрийн захиргааны болох үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзаж Засгийн газар тогтоохоор Засгийн газарт эрх олгосон байдаг. Үүний дагуу Засгийн газрын зүгээс 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 354 дүгээр тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан. Тус тогтоолын 7 дугаар хавсралтаар төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан. Бусад хавсралт дээр төрийн үйлчилгээний болон шинжлэх ухааны, төрийн үйлчилгээний болон эрүүл мэндийн гэх мэт бусад төрийн үйлчилгээний байгууллага хамаардаг. Харин 7 дугаар хавсралтад тариалан эрхлэх дэмжих сан хамаардаг байсан. 7 дугаар хавсралтын 8 дахь заалтад “яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн төрийн үйлчилгээний албан хаагч байхаар заасан. Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн гэж заасан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тухайд үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, түүний хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмаар үйл ажиллагаа тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тариалан эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Тариалан хөгжүүлэх санхүүжилтийг олгох, санхүүжилт олох үндсэн чиг үүргийг Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яамны дэргэд харьяанд нь ажиллаж хэрэгжүүлдэг байгууллага. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний байгууллагыг нэр зааж тоочиж тогтоогоогүй. Шинжээр нь нийтлэг байдлаар нь тогтоож өгсөн. Тогтоолыг уншиж үзвэл төрийн үйлчилгээний байгууллагыг нэр заасан нэг ч байгууллага байхгүй. Нийтлэг байдлаар яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллага гэж заасан. Үүнд ямар нэгэн шинжлэх ухааны сан гэж нэр заасан зүйл байхгүй. Иймд энэ жагсаалтад тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж олдохгүй. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс тус жагсаалтад тариалан эрхлэлтийг дэмжих сан болон түүний мэргэжилтнийг нэр заагаагүй байна гэж илтэд мушгиж тайлбарладаг. Иймд төрийн үйлчилгээний албан тушаалыг нийтлэг шинжээр нь тодорхойлж заасан гэдэг нь Засгийн газрын тогтоолоос тодорхой харагдах болно. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийг цалингийн доод жишгээр цалин авч байгаагүй. Түүнээс өндөр цалин авсан учир төрийн үйлчилгээний албан хаагч биш гэдэгтэй нь холбоотой тайлбар хэлье. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэж Засгийн газар тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газар доод жишиг, доод хэмжээг батлахыг хуулиар эрх олгосон. Үүний дагуу Монгол улсын Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 323 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоол баталсан. Тус тогтоолоор төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг хамтад нь тогтоож өгсөн. Хавсралт тус бүрээр тус тусдаа тогтоосон. Үүний агуу төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн дээд хэмжээг тогтоож өгсөн. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс энэ хэмжээгээр цалин авах ёстой байсан. Үүнээс илүү авсан байгаа тул хамаарахгүй гэж тайлбар өгдөг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан хаагчдын цалинг тогтоосон байдлыг хэрэгт авагдсан баримтаас харж үзвэл тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан хаагчдыг цалинг тогтоохдоо Монгол улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолыг үндэслэл болгож тогтоож байсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал цалин тогтоох шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар баталсан. Тушаалаа батлахдаа Засгийн газрын тогтоолыг үндэслэж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал яагаад цалинг нь өндөр тогтоосон бэ гэдэг асуулт гарч ирэх болно. Үүн дээр хариулт авахын тулд Төсвийн тухай хууль руу орох зайлшгүй шаардлагатай. Төсвийн тухай хууль 2011 онд батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.17-д зааснаар тусгай сангийн захирал нь төсвийн шууд захирагч байна гэж зааж өгсөн. Төсвийн шууд захирагч нь ямар бүрэн эрхтэй вэ гэдгийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааж өгсөн. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаартаа багтаан ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхтэй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал нь төсвийн шууд захирагчийн хувьд Засгийн газраас тогтоосон доод жишгээс дордуулахгүйгээр өөрийнхөө төсөвтөө багтааж Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан хаагч нарын цалинг тогтоох эрхтэй. Үүнийхээ дагуу цалинг нь доод жишгээс нь дордуулахгүйгээр тогтоосон байдаг. Төсвийн шууд захирагч гэж ярьж байгаатай холбоотой өмнө нь ярьсан яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллага гэж байгаа. Төсвийн байгууллага гэдэгтэй холбоотой нэмэлт тайлбар хэлье. Захирал нь төсвийн шууд захирагч байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан төсвийн байгууллага гэдэг нь тодорхой харагдах болно. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрэм дээр заасан сангийн хөрөнгийн эх үүсвэр дээр төсвөөс санхүүжилт авах нь тодорхой харагддаг. Үүгээр юу хэлэх гэж байгаа вэ гэхээр Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд дурдсан байсан Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг нь бүрэн няцаагдах болно. Улсын төсвөөс санхүүжилт авч байгаа. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдэг нь өөрийн үйл ажиллагаанаас бүрэн санхүүждэг хуулийн этгээдийг хэлдэг. Төсвөөс хамаарахгүй. Төсвийн шууд захирагчтай байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хуулийн этгээдтэй холбогдох зохицуулалтаар явдаг. Компанийн эрх зүйтэй ойролцоо бөгөөд ялгаатай. Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрийн үйлчилгээний албан хаагч биш гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь бүрэн няцаагдах болно. Төрийн албаны зөвлөлийн төрийн үйлчилгээний албан тушаалтан биш гэж дүгнэж байгаа үндэслэл нь хуулийг явцуу утгаар нь тайлбарласан, илт мушгиж тайлбарласан үйлдэл болохоор тодорхой харагдах болно. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр гарсан дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
...Иргэн Э.Т*******аас 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1190 дугаар албан бичигтэй холбоотой тайлбар, зөвлөмж хүссэн өргөдлийг ирүүлсэн.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн иргэн Т.Б*******ын гаргасан хүсэлтийн мөрөөр хяналт хийсэн тухай хяналт шалгалтын танилцуулгыг дахин хянаж үзэх хүсэлтийг ирүүлсэн. Одоогоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын тус албан бичгийн хариу ирүүлээгүй бөгөөд хяналт шалгалтыг дахин хийсэн талаар мэдээлэл байхгүй байна.
Иргэн Т.Б*******аас 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03/2046 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгыг дахин хянаж үзэх хүсэлтийг хүргүүлсэн тул Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хандаж, хяналт шалгалтын танилцуулгын талаар хариу авахыг зөвлөсөн хариу албан бичиг өгсөн.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичиг нь дүгнэлт хийсэн агуулгагүй бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүгнэлтэд нэмэлт мэдээлэл хүргүүлж, хяналт шалгалтын танилцуулгыг дахин хянаж үзэхийг хүссэн агуулгатай. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас манайхаас хүргүүлсэн албан бичгийн дагуу хяналт шалгалтын тайланг өөрчлөх эсэх талаар эцсийн хариуг авах нь зүйтэй байна.
Нэмэлтээр төрийн үйлчилгээний байгууллага ангилалд тооцох хуулийн зохицуулалтын хүрээнд тайлбарлавал:
Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Буудай” санг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болгон зохион байгуулж, аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг “Төрийн өмчит үйлдвэрлэлийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна” гэж, 15.2 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус заасан тул “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар нь төрийн байгууллага, албан газар гэсэн ангилалд хамаарахгүй.
Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ” гэж, 28.6 дахь хэсэгт “Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, 28.6.4 дэх заалтад “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч” гэж заасан нь Засгийн газраас төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг тогтоохоор хуульчилсан байна.
Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын цалингийн доод жишгийг тогтоох тухай” 332 дугаар тогтоолын Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишигт хамгийн бага нь TY-1-1-д 371016 төгрөг, хамгийн өндөр нь TY-12-3-т 790516 төгрөг байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Т.Б*******т 820000 төгрөгийн цалин олгохоор баталсан байгаа нь Засгийн газраас тогтоосон жишиг цалингаас өндөр байгаа тул төрийн үйлчилгээний албанд хамаарахгүй байна.
Tөрийн албаны тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг баталсан. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д гүйцэтгэх захирал, дэд захирал зэрэг албан тушаал байгаа нь Засгийн газраас баталсан төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд нийцэхгүй байна.
...Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн гэдэг нь төрийн албанд байгаа Засгийн газрыг дэмжих үйл ажиллагаа хэрэгжүүлдэг талаар хэлж байгаа. Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх байгууллагыг бүтнээр нь авч үзвэл түүний орон тоо дээр захирал гэсэн орон тоо байгаа. Захирал гэдэг орон тоо нь Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэл дотор байхгүй. Зөвхөн нэг мэргэжилтэн гэж бичсэн байгаагаар нь хамааруулж энэ байгууллага төрийн үйлчилгээний байгууллага гэж хэлж болохгүй. Үүнтэй адил төрд олон тооны аж ахуйн тооцоотой байгууллага байгаа. Мөн төрөөс санхүүжилт авдаг төрийн ангилал зэрэглэлээр цалин авдаг байгууллага байгаа. Тэд нарыг төрийн өмчит буюу төрийн алба хашсан байна гэдгээр тооцож байгаа. Иймд Т.Б*******ыг Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Маргаан бүхий акт болох Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй буюу эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэж харьяалан шийдвэрлэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэжээ.
2.2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Э.Т*******аас Төрийн албаны зөвлөлд хандан “...С******* аймгийн Засаг дарга Н.Л******* нь О******* сумын Засаг даргаар Т.Б******* гэх төрийн албанд ажилласан жил хангахгүй хүнийг хууль бусаар томилсон. Т.Б******* нь Төрийн өмчит компанийн тариалан эрхлэлтийг дэмжих санд мэргэжилтнээр ажиллаж байсан нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор төрийн албанд ажилласан жилд тооцогдох үндэслэлгүй гэж үзэж байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.
3.Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Хяналт шалгалтын танилцуулгын тухай” 03/1******* дугаар албан бичгээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө*******т хандан “...Т.Болбаатарт 820 000 төгрөгийн цалин олгосон нь төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамааралгүй, ...“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн албан тушаалыг энэ тогтоолын дагуу ангилал, зэрэглэлийг тогтоогоогүй, ...”Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь төрийн байгууллага, албан газар гэсэн ангилалд хамаарахгүй. Иймд Б*******ыг төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгыг дахин хянах...”-ыг хүссэн байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг “Техник технологийн албаны мэргэжилтэн”-ийн албан тушаалд түр томилж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “Үйлдвэрлэл техник борлуулалтын албаны нярав”-ын үүрэгт ажилд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилжээ.
5.Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу “Хангамж борлуулалтын албаны улаанбуудайн үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг.
6.Улмаар нэхэмжлэгчийн дээр дурдсан албан тушаалыг хашиж байсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцон С******* аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар тус аймгийн О******* сумын Засаг даргаар томилжээ.
7.Харин С******* аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар О******* сумын Засаг даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг О******* сумын Засаг даргаар томилсон Б/75 дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримт авагдсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 57 дугаар зүйлийн 57.8-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.
9.Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “Буудай” санг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болгон зохион байгуулж, “аж ахуйн тооцоо”-ны зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.
10.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолыг баталсан, уг тогтоолын хавсралтаар “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийн 9 дэх баганад ТҮ-6-д 1/Нийгмийн ажилтан, их эмч, орчуулагч, инженер, биологич, химич, физикч, 2/Яамны эрхэл асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын зохион байгуулагч, 3/Засаг газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн, техникч, газгенераторч, ус цаг уур орчны ажиглагч, 4/Үндэсний төв архивын микрофильмийн техникч, микрофиш, фильмийн хальс боловсруулагч, сэлбэн засаг, сан хөмрөгийн эрхлэгч, уншлагын танхимын эрхлэгч, архивч-операторч, архивч-эх бэлтгэгч, 5/Биеийн тамир, спортын байгууллагын дасгалжуулагч, 6/Биеийн тамир, спорт, соёл, урлаг, амралт, хүүхэд, залуучуудын зэрэг төсвийн байгууллагын багш, арга зүйч зэрэг мэргэжилтнийг тус тус хамааруулжээ.
11.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, дотоод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 332 дугаар тогтоолоор баталсан байх бөгөөд уг тогтоолын хавсралтаар Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн дотоод жишигт албан тушаалын “ТҮ-6” дугаар зэрэглэлийн цалингийн сүлжээний шатлалын 1-т 496 912 төгрөг, 2-т 500 784 төгрөг, 3-т 510 623 төгрөг, 4-т 535 584 төгрөг, 5-т 563 430 төгрөгөөр байхаар тус тус тогтоосон байна.
12.Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажилтан албан хаагчдын албан тушаалын цалин”-гийн 6 дахь баганад нэхэмжлэгч Т.Б******* нь “Улаанбуудайн үйлвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн” буюу 820,000 төгрөгийн цалин олгохоор тогтоосон байх бөгөөд энэ нь төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамаарахгүй байна.
13.Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь төрийн байгууллага, албан газрын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй захиргааны байгууллагын шинжийг агуулаагүй байна.
14.Иймд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй талаар дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.
15.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 66.1.6-т “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж,
-Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх”, 3.1.2-т “Хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх хүрээнд”, 3.1.2.в-д “төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх”, 4.5-т “Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Бүрэн эрхийнхээ хүрээнд албан даалгавар, зөвлөмж гаргаж болно. Зөвлөлөөс гаргасан шийдвэрт Зөвлөлийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заасан.
16.Маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 03/1******* дугаар албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж заасныг үндэслэн гарсан ба тухайн албан бичгийг хүчингүй болгсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
17.Тухайлбал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Т.Б******* нь 2012-2016 оны хооронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд Техник технологийн албаны мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Үйлдвэрлэл техник борлуулалтын албаны нярваар тус тус томилогдон ажиллаж байсан холбогдох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажилласныг төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамаарахгүй гэж дүгнэсэн нь холбогдох хууль, журамд нийцсэн байна гэж дүгнэлээ.
18.Учир нь Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлого, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулалт, томилгоо нь хуульд нийцсэн эсэхийг хянан шалгаж, зөрчил гаргасан бол зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгөх эрхтэй бөгөөд тухайн хяналт шалгалтыг хийсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарч байна.
19.Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийг томилсон үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн нь захиргааны байгууллагын зөрчил гаргаж томилсон буруутай нөхцөл байдлыг тогтоосон ажиллагаа байх бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил арилгах үүднээс гаргасан шийдвэр /албан бичиг/ нь хуульд нийцжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичиг хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т тус тус баримтлан иргэн Т.Б*******ын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1******* дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтийг бүхэлд хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ