Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2021/01696

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01856 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Жын хариуцагч Т Б ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/1458 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Т Б ХХК-ийн Баян-Өлгий аймаг дах салбарын захирлаар томилогдож, 5 сарын хугацаанд туршилтаар ажиллаж, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 329 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Х.Ж нь уг гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж ирсэн. Иймд Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1507 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасны дагуу Х.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг тушаалд дурдсанаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Тухайлбал, Нур төре ХХК-д Төв банкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээл олгосон, зээлийн хорооны шийдвэрт ямар нэмэлт нөхцөл заасан нь тодорхойгүй, тэтгэврийн зээлд нягтлан бодогч, ахлах теллер гарын үсэг зурж баталгаажуулдаг, гүйцэтгэх захирал гарын үсэг зурах шаардлагагүй. Мөн ажлын 8 цаг ажил тасалсан зүйлгүй, хариуцагчаас өгсөн цагийн бүртгэлийн баримт нь хуулбар, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Харин өөрийн салбарын ажилтнуудаас зээл авсан нь иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал, түүнээс биш албан тушаалаа ашигласан зүйл байхгүй. Мөн 2 зээлдэгчид бизнесийн 40 000 000 төгрөг олгосон зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх боловч ямар хүмүүст зээл олгосон нь тодорхойгүй, энэ нь хяналт шалгалтын тайлангаас харагдаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд тухайн үедээ гомдол гаргаагүй, зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэр хүндэд халдсан, хохирол учруулсан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Х.Ж гаргаагүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ж нь давтан болон ноцтой зөрчлийн аль алиныг гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр ажлын ирцээ бүртгүүлдэггүй нь ирцийн мэдээллээс харагдана. Ирцээ бүртгүүлсэн үедээ 2-3 цагаар хоцорч бүртгүүлдэг байсан үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1 заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн гэх зөрчил болж байгаа. Зээлтэй холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.5, 5.28.17, 5.28.28, 5.28.37 болон Т Б ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.5 заасан зөрчлийг гаргаж, хоёр ажилтнаараа нийт 24 200 000 төгрөгийн зээл гаргуулан авч хувьдаа ашигласан. 400 гаруй зээлдэгчийн 796 118 221 төгрөгийн тэтгэврийн зээлийг тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй олгосон. Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 зааснаар эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарна гэсэн байхад энэхүү заалтыг зөрчиж гарын үсэг зурахгүйгээр зээлдэгчид зээлийг олгосон байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.37 зааснаар зээл олгохын өмнөх шаардлага хангагдаагүй байхад зээлийг олгох зөвшөөрөл олгосон, зээл олгох зөвшөөрөл олгогдоогүй байхад гүйлгээ хийсэн гэх заалтыг зөрчсөн. Нур төре ХХК-д Төв зээлийн хорооноос зээл олгохоор шийдвэрлэсэн ч тухайн салбар нь нэмэлтээр тавьдаг шаардлагыг бүрэн хангаагүй байхад зээл олгох ёсгүй байдаг атал ашиг сонирхлын зөрчил гарган зээл олгосон. Мөн дотооддоо буюу салбарын ажилчдадаа хяналт шалгалт хийж шат дараалсан шаардлагыг тавих ёстой байтал ямар нэгэн шаардлагыг тавиагүй. Өөрийнх нь шууд удирдлага доор ажиллаж байсан ажилчид ажилдаа ирсэн явсан цагаа бүртгүүлээгүй 56 удаа, ажил тасалсан 76 удаа, хоцорсон 96 удаа гэх мэт, нийт 227 ирцтэй холбоотой зөрчилтэй байхад хяналт шалгалт хийж, шаардлага тавиагүй нь хяналт шалгалтын тайлангаас харагдаж байна. Т Б ХХК-ийн зээлийн хорооны журмын 2.3 зааснаар Орон нутгийн салбар тооцооны дарга нь орлон ажиллах ажилтныг томилох бөгөөд нийт зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг зөвшилцсөний үндсэн дээр салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан байхад 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд орлон ажиллах ямар нэгэн баримт, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй. Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 зүйлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарна гэж заасан байхад 2 зээлдэгчид 40 000 000 төгрөгийн зээлийг ямар нэгэн байдлаар баталгаажуулаагүй олгосон. Х.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1744 тоот тушаалаар сахилгын шийтгэл авсан байсан. Энэ сахилгын шийтгэлээр үндсэн цалинг 6 сарын хугацаатай, 20 хувиар бууруулсан бөгөөд тушаал хүчин төгөлдөр болж, цалин хөлснөөс нь суутгаад явсан. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан нь давтан зөрчилд хамаарна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Т Б ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Жад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Х.Жын нийт 24 удаагийн ирцийн бүртгэл хийгдээгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1, Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэвч шүүгч хариуцагч талаас ирүүлсэн тасалсан, хоцорсон цагийн бүртгэлийн цахим баримт-ыг нотлох баримтаар тооцож үнэлээгүй атлаа уг баримтад тулгуурласан Т Б ХХК-ийн хяналт шалгалтын тайлангийн 31-32 дугаар хуудсыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, Т Б ХХК-ийн Х.Жыг ажлаас халах үндэслэл болсон зээл олголттой холбоотой хэсгийг зөрчилд тооцсон нь хууль зүйн хувьд алдаатай байна. Учир нь тэтгэврийн зээлийг олгоход зээлийн хороо хуралдах шаардлагагүй, салбарын теллер олгодог. Баян-Өлгий аймгийн Т Б ХХК-ийн салбар нь 400 зээлдэгчид энэ төрлийн зээлийг олгосон нь хариуцагч компанийг хохироосон зүйл байхгүй. Иймд эдгээрийг зөрчил гэж үзэж ажлаас чөлөөлсөнтэй нь эвлэрэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудын маргааны үйл баримтад хамааралтай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Т Б ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, Т Б ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэх үндэслэл заан маргажээ. /1хх 1-2, 25/

 

Ажилтан Х.Ж нь ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1507 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолж, мөн өдрөө улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн /1хх1-3/ байхаас гадна хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тухайд маргаагүй байх тул анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/506, Б/1507 тоот тушаалууд /1хх 8, 14-15/, 329, 2394 дугаар хөдөлмөрийн гэрээнүүд, Х.Жын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1хх 5-7, 9-13, 228-231/ гэсэн баримтуудыг харьцуулан үнэлбэл, Х.Ж нь Т Б ХХК-ийн Баян-Өлгий салбарын захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж улмаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Хөдөлмөрийн хугацаагүй гэрээний дагуу тус салбарын захирлаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон.

 

Талууд дээрх үйл баримтын талаар болон ажилтан Х.Жад ажил олгогчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1744 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1507 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.28.1, 5.28.3, 5.28.5, 5.28.17, 5.28.28, 5.28.37, хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.3, 7.4.5, 7.4.17, 7.4.28, 7.4.37, Хүний нөөцийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлжээ. Тодруулбал, Ажилтан Х.Жыг Т Бны ажилтны ёс зүйн дүрэм-ийн 5.1.5-д заасныг зөрчиж 2 удаагийн үйлдлээр нийт 24 200 000 төгрөгийг банкны ажилтнуудын нэр дээр зээл гаргуулж авах замаар хувьдаа ашигласан, зээлдэгч Нур Төре ХХК-д 2020 оны 07 дугаар 24-ний өдөр 160 000 000 төгрөгийн бизнесийн зээл олгохдоо зээлийн дэд хороогоор өгөгдсөн нэмэлт шаардлагууд бүрэн биелээгүй байхад гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудсыг бөглөн зээл олгох зөвшөөрөл өгсөн, Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4-т заасныг зөрчин 400 зээлдэгчид 796 111 251 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо зээлийн гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулаагүй, 2 зээлдэгчид олгогдсон 40 000 000 төгрөгийн бизнесийн зээлийн гэрээнд салбарын захирал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй, Зээлийн хорооны ажиллах журмын 2.3-д заасныг зөрчин 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэл, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хорооны даргын ажлыг салбарын харилцааны ахлах менежер, тооцооны төв хариуцсан менежер нар даргалсан байх бөгөөд эдгээр өдрүүдэд эрх шилжүүлсэн тушаал гаргаагүй, ажил хүлээлцээгүй, шалгалтын хугацаанд 9 удаа өглөө, оройн аль нэг ирц бүртгүүлээгүй, 15 удаа өглөө, оройн ирц огт бүртгүүлээгүй, нийт 24 удаа ирцийн бүртгэл хийгдээгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан нь дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон, мөн сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1744 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20 хувь бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан талаар ажлаас чөлөөлсөн тушаалд дурьдсан. /1хх 14-15/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Т Б ХХК-ийн зүгээс Баян-Өлгий салбарт хийсэн шалгалтын нэгдсэн тайлан /1хх145-195/, талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Т Бны ажилтны ёс зүйн дүрэм зэрэгт үндэслэн дээрх тушаалд дурдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тус бүрд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх дүгнэлтээс анхан шатны шүүх хариуцагч талаас ирүүлсэн тасалсан, хоцорсон цагийн бүртгэлийн цахим баримт-ыг нотлох баримтаар үнэлээгүй атлаа уг баримтад тулгуурласан Т Б ХХК-ийн хяналт шалгалтын тайлангийн 31-32 дугаар хуудсыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, тэтгэврийн зээлийг олгоход зээлийн хороо хуралдах шаардлагагүй, салбарын теллер олгодог, 400 зээлдэгчид энэ төрлийн зээл олгосон нь хариуцагч компанийг хохироогүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/30 тоот Зээлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаас /1хх109-138/ үзвэл уг журмын 16.1.1-т зааснаар тэтгэврийн, тэтгэврийн хөнгөлөлттэй... зээлийн саналыг теллер болон харилцааны менежер боловсруулан ерөнхий нягтлан бодогч/ахлах теллерээр хянуулан нэгжийн захирлаар, тооцооны кассын хувьд ахлах теллерээр гарын үсэг зуруулж олгох талаар зохицуулжээ. Зөрчлийг тогтоосон тайланд ...бүх тэтгэврийн зээлийн гэрээг салбарын захирал хяналт тавьж, гарын үсэг зурж, тамга дараагүй, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд харилцагчтай байгуулсан... талаар дурдсан байна. /1хх 178/

 

Иймд анхан шатны шүүх захирал болох Х.Ж гарын үсэг зураагүй байхад, зээл олгохын өмнөх шаардлага хангагдаагүй байхад зээл олгосон нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.37, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.37-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь зөв байна. Энэ талаар гаргасан буюу үүний улмаас хариуцагч байгууллагад хохирол учраагүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих орхив.

 

Ажилтан ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол шаардаж маргаагүй юм. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч Х.Жын ажлын ирцийн бүртгэлийн талаарх хариуцагч талаас гаргасан баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаараа тайлбарлаж, улмаар ажил олгогчийн зүгээс хийж, ажилтнууд нь танилцсан хяналт шалгалтын тайлангийн дүгнэлтийг үндэслэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Мөн нэхэмжлэгч Х.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1744 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд уг сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад түүний хариуцаж буй Баян-Өлгий салбарт хийсэн шалгалтын нэгдсэн тайлангаар дээрх зөрчлүүд нь тогтоогдсон байна. Иймд шатны шүүх нэхэмжлэгч Х.Ж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхад давтан зөрчлүүд гаргасан, мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.3-т заасан ноцтой зөрчилд хамаарах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН